| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00064/И |
| Дугаар | 316/ШШ2025/00122 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 316/ШШ2025/00122
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 316/ШШ2025/00122 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн З******* сум * дугаар баг, өв-* тоотод оршин суух хаягтай гэх, Ц******* овогт Г******* Г******* /РД: **********/-ын нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Төгс-Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх өгсөн тайлбартаа:
... Миний бие 1989 оны 6 сараас эхлэн ах Г******* овогтой П******* суурьт туслах малчин саальчнаар Шын ТАА-д ажиллаж байгаад 1992 оны өмч хувьчлалаар мал хувьчлалд авч 1992 ондоо нөхөр Б******* овогтой С******* гэрлэн хувийн малаа маллаж өнөөг хүртэл амьдарч байна.
Манайх 2002 он хүртэл Ш сумын нутаг дэвсгэрт амьдарч байсан тул Ш сумаас ирж мал тоолдог байсан. 2002 онд нүүж С******* сумын 1 дүгээр багийн газар нутагт амьдарч эхэлснээс хойш С******* сумын 1 дүгээр багаас ирж мал тоолдог байсан тухайн жилүүдэд мал тоолж байсан А данс архивт устсан гэх тул намайг Сэлэнгэ аймгийн Шын тэжээлийн аж ахуйд 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хувьчлагдах хүртэл хугацаанд саальчнаар, 1992-2000 он, 2005-2009 онуудад хувийнхаа малыг маллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн С******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Г.Г******* нь Сэлэнгэ аймгийн Шын тэжээлийн аж ахуйд 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Шын тэжээлийн аж ахуйн 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, түүний 1-рт ... ажилд орохыг хүссэн Г******* овогтой Г*******г 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс саальчнаар томилсугай... гэх бичвэр бүхий тэмдэглэл, гэрч Б.Г*******гийн ... Г.Г******* нь сургуулиа төгсөөд эцэг эхийн хамт Шын тэжээлийн аж ахуйд саальчин, малчнаар ажиллаж байсан. Улмаар 1992 онд хувьчлал болж мал хувьд очсоноор түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байгаа... гэх тодорхойлолт, гэрч Д.М, Ч.С нарын ...Г.Г******* нь хувьчлагдах хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн тэрээр 1992 оноос 2000 он, 2005 оноос 2009 онуудад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба гэрчүүдийн тодорхойлолтоос өөр баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тухайлбал нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлж чадаагүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд Г.Г*******г Сэлэнгэ аймгийн Шын тэжээлийн аж ахуйд 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц******* овогт Г******* Г******* /РД: *************/-г тухайн үеийн нэршлээр Сэлэнгэ аймгийн Шын тэжээлийн аж ахуйд 1991 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ