Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн 1729001000003 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр  сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 09-04а тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Тээл овогт  Жаргалын Авирмэд /РД:ЙЮ87092833/

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р баг, 30-06 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Хан хөгшин овогт Галсандондовын Үнэнбат  /РД:ЙЮ88083174/  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Авирмэд нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг нүүрс тээврийн замын 102-103 дахь км-т байрлаж байсан 36-38 БЧ дугаарын чиргүүл бүхий Нордбенз маркийн 86-40 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Г.Үнэнбаттай бүлэглэн 5 ширхэг дугуй, 1 ширхэг кабин халаагч, 120 литр дизель түлшийг хулгайлж бусдад 3,202,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Үнэнбат нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг нүүрс тээврийн замын 102-103 дахь км-т байрлаж байсан 36-38 БЧ дугаарын чиргүүл бүхий Нордбенз маркийн 86-40 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Ж.Авирмэдтэй бүлэглэн 5 ширхэг дугуй, 1 ширхэг кабин халаагч, 120 литр дизель түлшийг хулгайлж бусдад 3,202,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

Эд зүйл, баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-24-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 121-р хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай үнэлгээнд “ Норд бенц автомашины 5 ширхэг дугуйг 2,250,000 төгрөг, 2 ширхэг аккумляторыг 360,000 төгрөг, кабин халаагч 180,000 төгрөг, 120 литр түлшийг 222,000 төгрөг, дугуйн торцовыг 15,000 төгрөг, машины хөгжим 70,000 төгрөг, холбогч утас 25,000 төгрөг, буржгар шланк 15,000 төгрөг, астартер 65,000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэсэн  албан бичиг /хх-ийн 42-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Эрдэнэбулганы өгсөн : ”...Манай компанийн нэр дээр явдаг 86-40 улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, кабин халаагч, банкинд байсан түлш зэрэг зүйлсийг хулгайлаад аваад явчихсан байсан учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Манай компанийн хулгайд алдагдсан эд зүйлийг олж өгч тусална уу? өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Шүүгдэгч Ж.Авирмэдийн яллагдагчаар өгсөн: “...Би найз Г.Үнэнбатын хамт нүүрс тээврийн замын 102 дахь км-т дугуй засвар гагнуурын ажил хувиараа эрхэлж байсан юм. Би хот руу амарч яваад эргээд иртэл манайх руу ордог гарц гармыг хаачихсан /маршрутын бус замыг цэгцлэхээр/ дугуй засвар гагнуурын ажил төрөл муу болчихсон байсан. Тэгээд банкны мөнгө төгрөгөнд шахагдаад мөнгө олох хэрэг гарсан. Манайхаас хойно нэг эвдэрсэн машин 10 гаран хоног эзэнгүй байгаад байна гэдгийг мэдээд 2017 оны 11 дүгээр сарын 27 билүү 28-ны шөнө Үнэнбатын 86-73 ӨВА дугаартай Портер машинаар бид хоёр явсаар эвдэрсэн машин дээр очоод 5 ширхэг дугуй, 2 аккумлятор, 120 литр дизель түлш, кабинд нь сул байсан статер, кабин халаагч зэргийг нь хулгайлж авч машин дээрээ ачаад хойшоо яваад Төмөрөө гэдэг хөдөөний айлын илүү гэрт нуусан. Тэгээд маргааш өдөр нь Ханбогд сумын цагдаад баригдаад хулгайлсан юмнуудаа хураалгасан. Үнэнбат бид хоёр хоорондоо ярилцаж байгаад хулгай хийх талаар ярьж тохирсон. Хэн нэг нь түрүүлж санаачилсан зүйл байхгүй...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/

Шүүгдэгч Г.Үнэнбатын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн найз Авирмэдтэй бүлэглэн нүүрс тээврийн замын хажууд эвдэрсэн зогсож байсан нүүрсний машины 5 дугуй, нэг шинэ статер, 120 литр түлш, кабин халаагч зэргийг хулгайлсан. Хулгайлсан зүйлсээ миний өөрийн 86-73 ӨВА улсын дугаартай Портщр машины тэвшин дээр ачаад хойшоо 5 орчим км-т очиж Төмөрөө гэдэг айлын бага гэрт нь нуусан. Тэгээд буцаад өөрсдийн гэрт ирсэн. Манай гэр замын 102 дэх км-т байсан. Авирмэд бид хоёр тэнд дугуй засвар ажиллуулдаг байсан юм. Маргааш нь цагдаад баригдаад хулгайлсан зүйлсээ гаргаж хураалгасан. Авирмэд бид хоёроос өөр хулгайд оролцсон хүн байхгүй. Хоёулаа ярилцаж байгаад хулгай хийсэн. Хэн нэг нь түрүүлж санаачилсан зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-н 55-57-р хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ж.Авирмэдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58-61-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Авирмэдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 71-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарын гурван талаас нь харуулсан зураг, /хх-ийн 66-67, 76-77-р хуудас/,

Шүүгдэгч Г.Үнэнбатын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58-61, 68-75-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл, дансны хуулга, зээлийн гэрээ /хх-ийн 85-109, 115-117-р хуудас/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ж.Авирмэд нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг нүүрс тээврийн замын 102-103 дахь км-т байрлаж байсан 36-38 БЧ дугаарын чиргүүл бүхий Нордбенз маркийн 86-40 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Г.Үнэнбаттай бүлэглэн 5 ширхэг дугуй, 1 ширхэг кабин халаагч, 120 литр дизель түлшийг хулгайлж бусдад 3,202,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Үнэнбат нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг нүүрс тээврийн замын 102-103 дахь км-т байрлаж байсан 36-38 БЧ дугаарын чиргүүл бүхий Нордбенз маркийн 86-40 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Ж.Авирмэдтэй бүлэглэн 5 ширхэг дугуй, 1 ширхэг кабин халаагч, 120 литр дизель түлшийг хулгайлж бусдад 3,202,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.  

Иймд шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарыг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн материалд хохирогч О.Эрдэнэбулган нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 124 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ж.Авирмэд, Г.Үнэнбат нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тээл овогт Жаргалын Авирмэд, Хан  хөгшин овогт Галсандондовын Үнэнбат нарыг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д  зааснаар шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Авирмэд, Г.Үнэнбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА