| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0578/З |
| Дугаар | 128/ШШ2024/0787 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.П*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д*******, Э.Г*******
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б*******э, Б.О*******
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Г*******
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*******, Э.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******э, Б.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Хэргийн үйл баримтын талаар:
1.1.Нэхэмжлэгч Б.П******* нь "Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх"-ээр маргаж нэхэмжлэл гаргасан.
1.2.Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дугаар тушаалаар " ...Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П******* нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.8, 2.3.10 дахь заалтад заасны тус тус зөрчсөн тул 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, "цагдаагийн ахмад" цолыг хураасугай" гэжээ.
1.3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1841 дугаар албан бичгээр "...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд Таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна",
мөн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар албан бичгээр "...гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага захиргааны актад гомдол гаргах 30 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд Та бүхэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэдгээ нотолсон баримтыг Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байх тул гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сэргээх боломжгүй" гэх хариуг тус тус өгсөн.
1.4.Хүсэлт гаргагч иргэн Б.П*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******ас тус шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний дугаар захирамжаар Б.П*******ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна.
1.5.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/5606 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч Б.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Нэхэмжлэгч Б.П******* нь 2015 онд Хууль сахиулах их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2015 онд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр, 2015-2018 онд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн офицероор, 2018-2019 онд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр, 2019-2022 онд Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр цагдаагийн ахмад цолтой ажиллаж байсан.
Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй ба нэхэмжлэгчийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь Заамар сумын 3 дугаар багийн нутагт орших гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,” 37.1.2 дахь хэсэгт “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,” мөн хуулийн 37.1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх,” мөн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.8, 2.3.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тушаалаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан тухай мэдэгдэх хуудасны хуулбарыг танилцуулж, цагдаагийн албанаас халсан.
Түүнчлэн, Захиргааны ерөнхий тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно." гэж зааснаар ажлаас халсан тушаалыг надад гардуулаагүй тул мэдэгдсэнд тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалыг албан ёсоор гардуулаагүй, зөвхөн мэдэгдэх хуудасны хуулбарыг өгсөн.
Мөн нэхэмжлэгчийг албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон буюу бусдыг хууль бусаар ашигт малтмал олборлуулсан гэж үзээд цагдаагийн албанаас халсанд гомдолтой байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож үл болно" гэж заасан.
Нөгөөтээгүүр Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно", 80.1.1 дэх хэсэг "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн" 80.2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд цол, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглож, албаны үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг түр хураан авна", 80.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасан хуулийн зохицуулалт байсаар байхад шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдаагийн албанаас халсан.
Харин Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Э.П нь албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон.
Улмаар нэхэмжлэгч Э.П******* нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаар албан бичгээр “... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн" гэсэн хариу ирүүлсэн тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин гомдол гаргасан боловч мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаар албан бичгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” үндэслэлээр хүлээн аваагүй.
Тиймээс нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх ашиг, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн дугаар захирамжаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 30 хоногоор сэргээсэн.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Нэхэмжлэгчийн хувьд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа алдаа дутагдал, ёс зүйн зөрчил ямар нэгэн байдлаар гаргаж байгаагүй. Гэтэл тухайн аймгаар албан шалгалт явуулж нэхэмжлэгчийг үүрэгт нь ажлаас халсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн биелүүлэх гэж заасан байдаг. Мөн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн эрх ашигт захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх “, 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлд 2.1.1, 2.1.3, 2.3.8, 2.3.10-д заасныг зөрчсөн гэж үзээд Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дүгээр тушаалыг гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар тухайн тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй. Гардуулаагүй учраас нэхэмжлэгчид мэдэгдсэнд тооцохгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хариуцагчийн зүгээс албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал олгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг хийсэн гэм буруутайд үл тооцож болно гэж заасан байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно. Мөн 81.1.1-д зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн 80.2-т заасны дагуу цагдаагийн алба хаагчийн албан тушаалын бүрэн эрх, түдгэлзүүлсэн тохиолдолд цол, дүрэмт хувцас, албаны үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсгийг хураан авч, 80.1, 80.2, 80.3-д заасны дагуу тухайн үед нэхэмжлэгчийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлж тухайн нөхцөл байдлыг шалгах боломжтой байсан.
Гэтэл гэм буруутайг тогтоогүй байхад шууд цагдаагийн албанаас халсан. Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дүгээр тогтоолоор Б.П******* нь энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй, энэ хэргийн гэрч болох нь тогтоогдсон. Уг хэрэг шийдвэрлэгдсэний дараа шүүхэд хандаж, Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн дугаар захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа сэргэж гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар тухайн зөрчилд оролцсон үйл явдал байдаггүй. Иймд албан тушаалд нь эгүүлэн томилуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэсэн үндсэн шаардлагыг гаргаж байна.
Албаны шалгалтын үйл явц болох хэрэгт байгаа баримтаар тухайн гэмт хэрэг, үйл явдал болсон үед Б.П*******ын хувьд томилгоогүй байсныг хавтаст хэргээр тогтоогдоогүй. Тухайн үйл явдлыг ярихын хувьд ярьсан. Тухайн үед Б.П*******ын гэрт цагдаагийн алба хаагч байсан В.Б санал тавихад татгалзсан. Жижүүртэй байх хугацаанд тухайн хяналтын цэг дээр ямар нэгэн байдлаар дуудлага мэдээлэл ирээгүй байдаг. Хэрвээ тухайн хяналтын цэгт ямар нэгэн байдлаар дуудлага мэдээлэл ирэхэд цагдаагийн байгууллагын тоо бүртгэлийн журамд заасны дагуу гэмт хэргийн дуудлага мэдээлэл бүртгэхгүй, эсвэл дуудлага ирсэн учраас бүрэлдэхүүн гарч байна гэж цааш ямар нэгэн байдлаар тухайн алба хаагчид, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэнд мэдээлсэн зүйл байдаггүй. Б.П*******ын хувьд тухайн үйл явдалд ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй. Зөвхөн тухайн албан шалгалтыг үндэслээд халсан нь хууль бус. Хэрэв тухайн үйл ажиллагаанд Б.П*******ын хувьд оролцсон байсан бол эрүүгийн гэмт хэрэгтэн болох байсан. Б.Э хувьд бусдын өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээхгүй нь тодорхой. Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн тухай хариуцагчийн төлөөлөгч хэллээ. Нэхэмжлэгчийн зүгээс Авлигатай тэмцэх газрын шийдвэр эцсийн байдлаар шалгаад дуусах хүртэл түдгэлзүүлэх боломжтой байсан. Гэтэл сонгох боломжийг нь олгохгүйгээр цагдаагийн албанаас халсан нь хууль зөрчиж байна. Иймд өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
"Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П******* нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь Заамар сумын 3 дугаар багийн нутагт орших гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.8, 2.3.10 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад зааснаар цагдаагийн албанаас халсан.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.", 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заасан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрээр тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:" гэж зохицуулжээ.
Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан өөрийн эрх ашгийг нь хөндсөн гэж үзэж буй захиргааны актыг мэдсэн атлаа гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлүүлэлгүй өдийг хүрсэн байна. Иймд Б.П*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
" Ашигт малтмал хууль бусаар олборлогдсон гээд байгаа газар нь Төв аймгийн Заамар сумын нутаг багт уул гэдэг газар юм. Тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 3 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд хамгаалалтад авагдсан. Тухайн газар нь алтны илэрц ихтэй газар юм. Уг газарт тал талаас нутгийн ард иргэд болон бусад аймаг сумдаас иргэд хүрч ирж хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаад ирсэн учраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар түр хяналтын цэг байгуулаад тухайн газрыг хамгаалалтад авсан. уул гэдэг газар орчим Заамар сумын цагдаагийн хэлтсийн хариуцсан газар нутагт харьяалагддаг газар юм. Б.П*******ын тухайд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар ёс зүйн сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд заасныг баримтлан энэ албанаас халсан шалтгаан нь цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Энэ гэмт хэрэг эрх зүйн зөрчилтэй тэмцдэг тусгай чиг үүрэгтэй байгууллага. Цагдаагийн байгууллагын ажилчид цагдаагийн албанд орж ажиллахдаа Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж шударгаар ажиллахаа илэрхийлж тангараг өргөж албан үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл Б.П*******ын хувьд уул гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох хүсэлтэй иргэдтэй үгсэн хуйвалдсан. Ашигт малтмал олборлуулахаар цагдаагийн ажилтнууд нэгдэж хууль бус үйл ажиллагаанд нь оролцсон. Үүнийг мэдсээр байж удирдах дээд албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан шударга бус үйл явдалтай эвлэрэхгүй байх хэм хэмжээнүүдийг зөрчсөн үйлдэл гаргасан.
2022 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд нэхэмжлэгч Б.П******* болон холбогдох албан хаагч нарт холбогдох албан шалгалтыг цагдаагийн байгууллагаас явуулсан. Тус шалгалтаар гэх ууланд Б.Э, жижүүрийн офицероор ажиллаж байсан Б.П******* болон цагдаа, жолооч В.Б, Т.Д нарын хууль бусаар алт олборлох, ашиг олох зорилгоор бусадтай үгсэн тохирч тус аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн хамгаалалтад байсан газар шөнийн цагаар 2 экскаватор оруулсан байдаг. Тухайн үйлдэлд нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн байдаг.
Тухайн алба хаагчдын үйлдлийн улмаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1-д заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэгдэж, 22 сая төгрөгийн хохирол учирсан. Хууль бусаар ашигт малтмал олборлосон хүмүүсийн хэрэг шалгагдаад шийдэгдээд явж байгаа байх. Энэ гаргасан ёс зүйн зөрчлийн талаар үгүйсгэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл холбогдох захиргааны актаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бол 30 хоногийн дотор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд энэ маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш жил гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргасан. Энэ нь сая дурдсан хууль тогтоомжуудыг зөрчсөн учраас шүүх энэ хэргийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П*******аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан "Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд Б.П*******д шийтгэл ногдуулсан Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалыг дараах үндэслэлээр бодит нөхцөл байдалд дүгнэлт хийн дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр
1.1.Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаарт тушаалыг нэхэмжлэгчид албан ёсоор гардуулаагүй, зөвхөн мэдэгдэх хуудас явуулсан,
1.2. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэн цагдаагийн албанаас халсан нь үндэслэлгүй гэж маргасан.
2.Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1141 дүгээр тушаалаар /2х.х-25/ Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.П*******ыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураах шийтгэл ногдуулсан байна.
3.Төв аймаг дахь Цагдаагийн газраас Заамар сумын 3 дугаар багийн нутагт орших гэх ууланд Б.П******* болон бусад нэр бүхий цагдаагийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шөнийн цагаар 2 экскаватор ашиглан хууль бусаар газар ухуулсан үйлдэлд холбогдуулан албаны шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд явуулсан.
4. Уг албаны шалгалтын хүрээнд Д.П*******аас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан цагдаагийн хошууч Г.Ж өгсөн илтгэх хуудаст "...цагдаа жолооч В.Б ... дуудлага мэдээлэл ирвэл хэлээд өгөөч гэхээр нь үгүй гэсэн чинь гараад явсан", шалгалтын явцад авсан тайлбарт "...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ... би жижүүрийн мөрдөгчөөр гарах ээлж таарсан ... В.Б ярьж эргүүл шалгалт гарвал хэлээрэй гэсэн..." гэх боловч 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б.П******* жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаанд дурдсан асуудлаар дуудлага мэдээлэл ирсэн талаар бүртгэгдээгүй.
Харин 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 15 минутад "... ууланд эксаватор ажиллаж байна..." гэх дуудлага ирсэний дагуу цагдаагийн алба хаагч нар уг газарт очиж ажилласан байна.
5.Дээрх албаны шалгалтын талаар Төв аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45/01-70 дугаар танилцуулга дүгнэлтийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхдээ "...Д.П******* нар ... ууланд алт олборлох зорилгоор 2 экскаватороор ухуулсан үйлдэл тогтоогдож байна" гэж дүгнэн, албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлжээ.
6.Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1-175 дугаар танилцуулга, дүгнэлтээр дээрх зөрчилд холбогдсон цагдаагийн албан хаагчдыг авилгатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах, цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар санал гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.П*******ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.3.8, 2.3.10 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр албанаас халжээ.
7.Дээр дурдсан асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 45/01-70, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1-175 дугаар танилцуулга, дүгнэлтэд дурдагдсан цагдаагийн албан хаагчдаас Б.Э, В.Б нарт Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн байна.
8.Б.П******* нь уг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаагүй бөгөөд тус хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт "... 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн хэлтсийн хуваарьт томилгооны дагуу жижүүрийн мөрдөгчөөр 24 цагийн хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн. ... мэдээлэл хүлээн авагч ...Ш.О надтай хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид нь цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын албанд 1 цаг тутамд нөхцөл байдлын мэдээг утсаар өгч байсан. миний үүрэг гүйцэтгэж хоносон 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагаас 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн хооронд дээрх постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид нөхцөл байдал тайван гэх мэдээг өгсөн.тэгээд миний хувьд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өглөө дараагийн гарах жижүүртэй ээлж хүлээлцэн ээлжээс бууж амарсан..." гэсэн нь шийтгэх тогтоолд тэмдэглэгджээ.
9.Хариуцагчаас Б.П*******ыг буруутгасан дээр дурдсан үйл ажиллагаанд оролцсон гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй байхад Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.”, 82 дугаар зүйлийн 82.1-т “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: 82.1.1-т “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 дүгээр тушаалаар батлагдсан /2024 оны А/194 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ Цагдаагийн албаны ёс зүйн дүрмийн 2.1.1-т "...хууль тогтоомж, ...дээд шатны байгууллага албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах захирагдах ёсны зарчмыг баримтлах", 2.1.3-т "... хууль тогтоомж, ... байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах, 2.3.8-т "албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, ... бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй байх", 2.3.10-т "цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх" гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
10.Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.2-т "Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дэс дараалал харгалзахгүйгээр оногдуулна.” гэж заажээ.
11.Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:
81.4.1.сануулах;
81.4.2.албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
81.4.3.албан тушаал бууруулах;
81.4.4.цагдаагийн цолыг бууруулах;
81.4.5.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.”, сахилгын шийтгэлийг ногдуулахаар зохицуулсан байна.
12.Харин мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална:”, 82.1.1-т “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;” буюу “ноцтой” зөрчсөн тохиолдолд цагдаагийн албанаас халах шийтгэл ногдуулахаар заасан байтал хариуцагчаас Д.П*******ын гаргасан ямар үйлдлийг “ноцтой” зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй, зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, түүний өмнө ажилласан байдал, хувийн байдал зэргийг сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзээгүй нь буруу болжээ.
13.Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно:”, 81 дүгээр зүйлийн 81.8-т “Цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулж болно.” гэсэн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шууд цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Д.П*******ын гаргасан зөрчилд тохироогүй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
14.Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож үл болно", Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана.” гэж заасныг үндэслэл болгон Б.П*******ыг цагдаагийн албанаас халсан Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаалыг Д.П*******ын гаргасан зөрчлийн шинж байдалд нийцүүлэн дахин шийдвэрлэх хүртэл хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд Д.П*******ын зөрчилд тохируулан шийтгэл ногдуулах эсэх асуудлыг дахин шийдвэрлээгүй тохиолдолд Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаал хүчингүй болох үр дагавар үүсэхийг дурдах нь зүйтэй.
16.Төв аймаг дахь цагдаагийн газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдуулан албан шалгалт явуулсан албаны шалгалтын материалыг танилцуулсан тэмдэглэл /х.х-170/, “албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулах саналтай байгааг урьдчилж сонсгосон сонсох ажиллагааны тэмдэглэл /х.х-174/, албанаас халсан тушаалыг Б.П*******д хүргүүлсэн мэдэгдэх хуудас /х.х-6/ зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг гардуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.
17.Хариуцагчаас Д.П*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл тогтоогдсон гэж маргах боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/Ш32024/ дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн тул энэхүү Захиргааны хэргийг үүсгэн шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 14 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг тус тус баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар Б.П*******д сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр тушаал хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Б.АДЪЯАСҮРЭН