Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч ******* /цахим/, *******

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* /цахим/

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2022001320103  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ы *******, Монгол улсын иргэн 1979 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 44 настай, дээд боловсролтой, эрх зүйч, нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД: /,

Шүүгдэгч: овогт гийн , Монгол улсын иргэн 1974 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Дундговь аймгийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн сумын тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:/

Шүүгдэгч *******, ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх гэх газраас 2020 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласны улмаас хүрээлэн буй орчинд 181.194.410.19 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн сумын байгаль хамгаалах санд 5.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний      хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 86.797.205 төгрөгийг, шүүгдэгч *******өөс 91.797.205 төгрөгийг тус тус гаргуулан Дундговь аймгийн сумын байгаль хамгаалах санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч ын 4.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б гийн 12.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ын 1.320.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Булгийн гэх газар битүүмжилсэн жонш гэх чулуун овоолгыг /98 овоолго гэх/ хураан авч улсын орлого болгон, шүүгдэгч *******, ******* нарын төлөх хохиролд хувь тэнцүүлэн зарцуулж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаар тогтоолоор ******* намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх гэх газраас олборлосон жонш гэх цагаан саарал өнгийн чулуунаас дээж авч жонш мөн эсэхийг тодорхойлуулахаар дүгнэлт гаргуулсан. Геологийн төв лабораторийн шинжээч , нар тус тусдаа дүгнэлт гаргахдаа 2020.10.29-ний өдрийн шинжилгээгээр элемент нь 30.13 %, 2021.06.18-ны өдрийн шинжилгээгээр элемент нь 13.72% гэсэн дүгнэлт гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1."ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж хуульчилсан.

Шинжилгээний дүгнэлтээр шинжээчид тавьсан “жонш” мөн үү гэсэн асуултад огт хариулаагүй. Шинжилгээгээр элемент нь 30.13%, 13.72%-тай гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан. Эндээс харахад дээрх элементтэй жоншны агууламж бүхий шороо нь өөрөө ашигт малтмал мөн эсэх, монгол улсын нэршил нь юу болох, энэхүү шороо, чулуунаас өөр ямар ямар элемент илэрч байгаа болох, жонш гэж ямар элементтэй болох талаар тодорхойлсон, нотолсон зүйл хэрэгт байхгүй. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг хангаж байгаа гэж үзэх нь эргэлзээтэй.

Мөрдөгчөөс 2022.01.26-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, 93 овоолго бүхий 1860 тн жонш гэх цагаан саарал өнгийн чулуу мэт зүйлийн үнэлгээг гаргуулахаар томилсон. Ашид билгүүн ХХК-ний 2022.02.05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр дээрх 1860 тн жонш гэх цагаан саарал өнгийн чулууг үнэлэхдээ Геологийн төв лобаротарын шинжилгээний дүгнэлтийн элемент нь 30.13% агууламжийг үндэслэж, 1 тн-ыг 35.000 төгрөг үнэлсэн. Энэ нь хэт нэг талыг барьж үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Энэ жонш гэх цагаан саарал өнгийн чулуунаас 2 удаа дээж авсан, нэг нь 13.72% агууламжтай байхад, үүнд огт дүгнэлт өгөөгүй. Зах зээлийн үнэлгээг хэт өндөр, нэг талыг баримталж. 30.13% агууламжийг үндэслэж үнэлсэнд гомдолтой байна. Яагаад ингэж үнэлэх болсон, энэхүү жонш гэх цагаан саарал өнгийн чулуунд агууламж 2 өөр байхад яагаад хамгийн их агууламжийг үндэслэж үнэлгээ гаргах болсон талаар Ашид билгүүн ХХК-ний шинжээч Жамъяангаас шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. 93 овоолго бүхий жонш байгаа эсэх, энэ нь 1860 тн гэдэг нь эргэлзээтэй юм.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч аас "олборлосон жоншны үнэ 65.100.000 төгрөг, шинжээчийн зардлыг нэхэмжилж” байна гэж мэдүүлсээр байтал шүүхээс улсын яллагчийн тайлбарт үндэслэл хохиролд 181.194.410 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулсан гэх сумын 1-р багийн нутаг гэх газар дээр сүүлд нөхөж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосны дагуу одоо ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. “Глобал энвайрон" ХХК-ний Хүрээлэн буй орчинд учирсан хохирол"-ын үнэлгээгээр техникийн болон биологийн нөхөн сэргээлттэй холбоотой зардал 12.052.600 төгрөг гэж гарсан. Энэ зардал 2 дахин нэмэгдэж 12.052.600*2= 24.105.200 төгрөгөөр хүрээлэн буй орчинд учирсан хохирлын үнэлгээ үнэлэгдэж байгаа. Иймээс энэхүү зардлыг нийт хохирол болох 181.194.410 төгрөгөөс багасгаж, хасч өгнө үү.

Миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж ******* надад оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Энэхүү шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, хууль ёсны үнэлэлт дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэн эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа ба Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл "ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь дээрх хэрэгт авагдсан хэргийн бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байхаас гадна “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасантай нийцэхгүй, гэмт хэрэгт гэм буруутайг нотолж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, хэрэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь ******* нь “...хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэсний аль хэсэгт нь бүлэглэн оролцсон нь тодорхойгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд *******ын хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэлд *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамласан нь хуульд нийцээгүй, хэрхэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйлдэлд нь хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, гэм буруутай нь нотлогдохгүй, тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нотолбол зохих байдлыг тогтоосноор хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоосноор гэмт хэргийн нийгмийн аюулын түвшин багасгах буюу ихэсгэх, хэргийн зүйлчлэл болоод ялын бодлогод шууд нөлөөлдөг тул хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн гүйцэт шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 4-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно”, 7.2 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид, яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус хуульчилсан.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг ******* нь ашиг малтмал хууль бусаар хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, уг гэмт хэрэгт хэрхэн оролцсон, оролцсон бол хэрхэн оролцсон, хэрхэн бүлэглэн үйлдсэн, хор хохирлыг хэн учруулсан зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасан билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй...” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т: “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээ гарч байх тул шүүгдэгч *******өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл “ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн 20220001320103 тоот хэргийн шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл “ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох...” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар, санал байхгүй гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон. Энэ зүйл ангид тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэн хайх ажиллагаа явуулсан бол гэсэн объектив талыг барьсан байсан. Гэтэл Дундговь аймгийн сумын гэх газраас авсан жоншны агууламж бүхий цагаан саарал бүхий жонш 2 агууламжтай байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад шинжээч томилоод үүнийг жонш мөн байна уу биш байна уу гэдэгт дүгнэлт хийхэд шинжээч үүнд жонш гэж хариулж чадахгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1-т ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж заасан. Шинжээчийн зүгээс үүнийг эрдэс гэж ч хэлээгүй, яг юунд хэрэглэгдэх гэж байгаа 30.13, 13.7 хувийн агууламжтай цагаан саарал өнгийн шороог Ашид Билгүүн ХХК үнэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн халдлагын зүйл нь жонш мөн юм уу, биш юм уу гэдэгт анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцэж оролцсон. Ашид Билгүүн ХХК-аас гаргасан үнэлгээтэй бид санал нийлэхгүй байгаа. Нэг газраас 2 дээж авагдахад 2 өөр агууламж гарсны заавал хамгийн өндөр агууламжтайг бариад нэг тооныг 35.000 төгрөгөөр үнэлж байгаа нь хохирлын үнэлгээ хэт өндөр гарсан. Мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг бариад нотлох баримтыг цуглуулсан. Жоншийг үнэлж байгаа юм уу, жоншны агууламж бүхий шороог үнэлж байгаа юм уу гэдэг талаар лавлах гэж тусгай мэдлэгтэй Жамъян гэдэг хүнээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөрөө нэхэмжлэх эрх бүхий субъект юм. сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж орж ирсэн Засаг даргын тамгын газрын дарга Амгаланжаргал Ашид Билгүүн ХХК-аас үнэлсэн 65.000.000 төгрөгөөр хохирлыг гаргуулах саналыг гаргасан. Гэтэл шүүхээс хохирогч хэдийгээр 65.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ч гэсэн ингэж гаргах боломжгүй гээд 101.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ямар шинж чанар, үзүүлэлтийг нь үнэлээд 1 тооныг 35.000 төгрөг гэж үнэлж байгаа юм. Жонш 70, 80 хувиас дээш үнэлэгдэж байж жонш гэдэг зүйлийг агуулдаг юм байна гэж бодсон. Гэтэл 35-тай шороо юм уу, түгээмэл тархацтай юм уу, цаашдаа үүнийг юунд ашиглаж борлуулах боломжтой эсэх нь тодорхойгүй байхад юуг үндэслэж 35 гэж байгаа юм бэ. Тэр газарт давхцуулаад Скайтайм гэдэг компанид ашигт малтмал ашиглалтын лиценз олгосон. Гэтэл биологийн болон техникийн нөхөн сэргээлттэй холбогдуулж шинжээчээс 12.000.000 төгрөгөөр үнэлгээ хийгдсэн. Байгаль орчин хамгаалах тухай хуулиар 2 дахин үржигдээд 24.105.200 төгрөгөөр үнэлэгдсэн. Тэр газарт зөвшөөрөл өгөх нь тодорхой эвдэгдсэн газар байгаа юм. Ийм учраас хохирлоос дээрх мөнгөн дүнг хасаж тооцож өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн нэхэмжилж байгаа 65.000.000  төгрөгөөр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Агууламж нь 2 өөр гарч байхад хэт өндрөөр нь үнэлж байгаад манай зүгээс гомдолтой байна. *******ын ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдал зэргийг үндэслээд  торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоно гэдэг үйлдлийг хангаж байгаа юу. Ашигт малтмал гэж тодорхойлж байгаа 30,71 хувийн агууламжтай шороо маань өөрөө жонш мөн юм уу, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1-т заасан эрдэнэсийн хуримтлал мөн үү гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн тунгаан шийдэх байх гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мэргэжлийн мэдлэг бүхий хүмүүс үнэлгээ гаргасан. Агууламж бүхий шороо гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ингэж гардаг юм байна лээ. Тэр газарт тусгай зөвшөөрөл байхгүй гэдгийг мэдсээр байж *******, ******* нар нь ашигласан. Нэг нь засаг дарга нь, нөгөө нь байгаль орчны байцаагч байсан. Тэр газарт жонш байсан гэдгийг мэдэж байж ашиг олохын төлөө ухсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахад энэ нь жонш биш шороо байсан гэдэг зүйлийг ярьдаг. Шинжээчийн 01/22 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Давж заалдах шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Шүүх шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилж, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэснийг зөрчиж, шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ******* нь тухайн  ашигт малтмалыг худалдан борлуулж, ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын үйлдлийг гэрчүүд дараах байдлаар мэдүүлжээ. Тухайлбал:

           Гэрч “Би 2020 оны 03 дугаар сарын 07-нд томилогдоод ирж ажиллахад энэ баруун урд шороо гаргасан байдалтай, нэг экскаватор харагддаг байсан Хэзээнээс эхэлж ухсаныг нь сайн мэдэхгүй байна. Намайг ирж ажилласнаас хойш ухаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй, хааяа нэг улаан өнгийн Хово цагаан өнгийн портер явж байгаа харагддаг байсан. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр их том ачааны машин ирчихсэн, түчигнээд юм ачаад байх шиг байсан. Олон гэрэлтэй машин байсан, ачааны машин байсан байх. Яг тэр үед нь овоон дээгүүр машин яваад байсан. Хэн гэдэг хүн жонш олборлосон талаар мэдэхгүй байна" гэж ” /1хх-172/,

Гэрч “Манай найз Б 2020 оны 03 дугаар сарын эхээр Дундговь аймгийн сумын нутагт жоншны уурхай дээр гал тогоо бариад өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Энхбаяр. Б бид гурав  дугаартай автомашинтай энэ газарт ирсэн. Энэ уурхай дээр байсан экскаваторыг Энхбаяр жолоодоод олборлолт хийх гэсэн чинь экскаватор нь эвдэрсэн. Экскаваторын эзэн Одбаяр гэх хүн өөрийнхөө цагаан өнгийн автомашинтай оператор гээд нэг залуутай ирсэн. Тэгээд экскаватороо янзлаад байж байхад сумын цагдаа ирсэн. Тэгээд эндээс бөөнөөрөө явсан” гэж /1хх-197-198/,

Гэрч Б. “Би ******* гэх хүнийг танина. Нэг удаа харж байсан. О гэдэг хүнийг Улаанбаатар хотоос 2020 оны 03-р сарын сүүл үед Дундговь аймгийн сумын хойд хэсэгт урьд өмнө нь ухагдсан байсан газарт ирэхдээ танилцсан. Би 2019 оны 12 дугаар сард  утасны дугаартай Б гэдэг хүнээс  улсын дугаартай улаан өнгийн ХОВО маркийн автомашиныг 60.000.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Тэгээд би хотод ажилд явж байгаад ажилгүй болоод сул зогсолт хийсэн. Тэгээд байж байтал 2020 оны 03 дугаар сарын 10-ны үед миний танил ах Т над руу 99258433 дугаарын утсаар залгаад Дундговь аймгийн сумын нутагт Ховоны ажил байна гэж надад хэлсэн. Т надад газар шорооны ажил гэж хэлсэн. Би ямар ажил байгааг нь тодруулж асуулгүй шууд сумын нутагт ирсэн. Анх ажил хийх газарт ирэхэд тэр газарт нэг Монгол гэр, нэг ковш, зүүн талаасаа ухсан ам, тус амны хоёр талд нь шороо гаргаж асгасан байсан. Тухайн үед тэр газарт ******* гэдэг хүн цагаан өнгийн дунд оврын жийп маркийн автомашинтай ирж надтай уулзсан. Би *******аас ажил чинь хэзээ эхлэх юм бэ гэж асуухад ******* надад хандаж хэд хоногоос эхэлнэ, түр хүлээчих гэж хэлсэн. Би ******* гэдэг хүнийг энэ газрыг хариуцаж байгаа гэж ойлгоод Улаанбаатар хот руу явж ажил эхлэхээр нь буцаж ирэхээр болсон. Тэгээд би тэр газраа машинаа үлдээгээд замын унаа олоод Баянжаргалан сум руу хүргүүлээд тэндээсээ Говьсүмбэрээр дайрч Улаанбаатар хот руу явсан. Миний  дугаарын утас руу 2020 оны 04 дүгээр сарын дундуур нэг хүн залгаад би хойд айлын чинь хүн байна, уурхай дээрээс юм алга болоод байна шүү, техникээ хараарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн найз Гийг очоод юм хараад байж бай гэж хэлээд өөрийнхөө айфоне маркийн гар утсаа өгөөд явуулсан. Г тэр газарт миний хово маркийн автомашиныг хараад байж байгаа. Автомашины сарын хөлс дунджаар 6-7 сая төгрөг байдаг болохоор *******тай тэр талаар яриагүй. Тэр газарт ирэхэд овооны зүүн талаас нь зам гаргаж их хэмжээгээр шороо олборлоод уурхайн амны хоёр талд асгасан байсан. Би ирээд газар шорооны ажил хийгээгүй. Надад Н гэдэг хүн ажиллах уу гэж санал тавьсан. ******* гэх хүнээс 12.000.000 төгрөг нэхэмжилнэ. Одоо 26-22 УНН улсын дугаартай автомашин байхгүй" гэж /1хх-201-202, 209/,

Гэрч “2020 оны 02 дугаар сарын дундуур ******* нь над руу утсаар залгаад намайг урьд өмнө нь том оврын тээврийн хэрэгсэл ачаанд явуулдаг байсныг мэдэж байсан болохоор экскаватор, норд бенз байна уу гэж сурсан. Би  утсаар таньдаг хүмүүс рүүгээ ярьж үзээд эргэж холбогдъё гэж хариу хэлсэн. Тухайн үед манай эхнэрийн талын хадам ах О, хүргэн дүү Б нар хувьдаа техник хэрэгсэлтэй байсан, гадаа хүйтэн байсан тул ажилгүй байгаад байсан. Би эхлээд Бтэй *******ыг 2020 оны цагаан сарын дараа холбож өгсөн. Би *******ын утсыг Бд, Бийн утсыг *******д өгсөн. Тэгээд өөрсдөө холбогдоорой гэж хэлээд орхисон. Тэрнээс хойш 7 хоногийн дараа би О ахтай ярихад “Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байна, экскаватороо аваад Улаанбаатар хот руу буцах гэж байна, шал дэмий энд ирээд шатлаа” гээд ярихаар нь би *******ын надад хэлсэн ажлын саналыг О ахад хэлсэн. Тэгэхэд “би буцаж явна, юун сайн юм, эндээс ойрхон юм байна" гэж хэлж байсан. Тэгээд би О ахад *******ын утасны дугаарыг өгсөн. Тэгээд хоорондоо холбогдоод ажлаа яриарай гэж хэлсэн. ******* хөдөө жоншин дээр ажил байгаа. Бичиг цаасыг нь хөөцөлдөөд дуусч байгаа. Тэгж байтал дулаараад таарах байх гэж ярьж байсан. Би лавшруулж асуугаагүй, өөрсдөө учраа ол гэж хэлээд орхисон. 2020 оны 03 дугаар сарын дундуур *******тай утсаар ярихад ажил арай эхлээгүй байна гэж ярьж байсан. Өөрийнхөө үндсэн ажлаа хийгээд байж байна гэсэн өөр зүйл  яриагүй ******* нь эхэндээ надад хүмүүс олж өгөөч гэж хэлэхдээ хамгийн гол нь урьдчилгаа өгч чадахгүй шүү гэж хэлж байсан. О, Б нар надаас хөлсний тухай асуулгаж байсан. О, Б хоёр хоёулаа зээлээр техникээ худалдаж аваад түрээсээр ажиллахаар суманд очоод, ямар нэгэн ажил хийлгүйгээр тэндээ эвдэрсэн. Одоо энэ хүмүүс техник хэрэгслээ түрээсээр авсан хүмүүстээ зээлийн мөнгөө төлж чадахгүйд хүрч маргаан үүсээд байгаа гэж /1хх-210-213/,

Гэрч "Анх манай найз Б энэ үйл явдал болохоос өмнө нь над руу утсаар залгаад ачаа ачих машин байна уу гэж сурсан. Тэгтэл миний тухайн үед барьж байсан rap утас руу ачаа тээвэрт явдаг хүн мөн үү гэж нэг хүн надаас асуусан. Тэгээд би тэр хүнд унаа олж өгье гээд тэр өдрөө сум руу найз Бийн хамт явсан. суманд очоод байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзсан. Байгаль орчны байцаагч Б бид хоёрт сумаас хойд зүгт байдаг жонш ачих газрыг зааж өгсөн. Тэр байгаль орчны байцаагч цаашаа нэг хүн рүү ачаа ачихад асуудалгүй биз дээ гэж яриад байсан. Би одоо бодоход ******* гэдэг хүнтэй яриад байсан болов уу гэж бодож байна. Ингээд тэр өдрөө би Говьсүмбэр аймгаас жонш ачих унаа дуудсан. Би энэ үйл явдлыг хууль бус гэдгийг мэдээгүй. Орой нь сумаас хойд зүгт олборлосон байсан жоншийг нь ачих гэтэл цагдаа ирсэн. Ингээд хууль бус үйл ажиллагаа гэдгийг мэдсэн. Б бид хоёр найз. гэдэг хүнийг Б бид хоёр суманд тосож уулзаад жонш ачих газрыг зааж өгөхөд нь таньдаг болсон. ******* гэдэг хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй" гэж /1 -р хх-ийн 218/,

Гэрч “Он cap өдрийг нь санахгүй байна. Би гэртээ байж байсан чинь манай найз ******* манай гэрт цаг нэлээд орой болсон байхад ирээд сумаас хойшоо Булгийн урд талын ам ороод ирье гэсэн. Би тэр үедээ ямар шалтгаанаар явах гэж байгааг нь ойлгоогүй, зөвшөөрөөд өөрийнхөө  улсын дугаартай цэнхэр өнгийн  маркийн автомашинтай явсан. Тэгээд тэр газарт очиход, тэр газарт 3 том ачааны автомашин, 1 ковш ирчихсэн байсан. миний машинаас буугаад тэр ачааны автомашин. ковшны жолоочтой уулзаад байсан. Би авто машинаа Булгийн элстий гэх газарт барьсан байсан 2 монгол гэрийн баруун талд нь байрлуулаад. ийг хүлээгээд машин дотроо унтаж байтал гэнэт цагдаа ирээд машины цонх тогшоод намайг бичиг баримтаа өг гэсэн. Би бичиг баримтаа өгсөн. Цагдаа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тэр газарт цагдаа нар ирээд шуугиан болоод байхаар нь энэ мөдгүй юм байна гэж бодоод ийг тэр газартаа үлдээгээд сум руу буцсан. ямар нэгэн хөлс өгөөгүй. Автомашинд 10 литр бензин хийсэн. Найзын гуйлга байсан болохоор нь явсан юм” гэж /1хх-233-234/,

Гэрч “Би 2020 оны 01 сараас 04 дүгээр сарын хооронд Дундговь аймгийн сумын 1-р багийн нутаг "Хөх овоот” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Титан бамбай ХХК-ны харуул хамгаалалтын албаны даргаар ажилласан. Одоог хүртэл ажиллаж байна. Би 2019 оны 04 дүгээр сараас хойш энэ газарт харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байна Намайг энэ газарт ирэхэд энэ газар эвдэгдээгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын үед эвдэгдэж эхэлсэн. Манай нэг ажилчин уурхай дээр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад алга болоод, тэр харуулыг эрж хайж байхад овоон дээр нэг шар өнгийн экскаватор молдок ажиллуулж байсан. Гэхдээ тэр газрыг нэг их эвдээгүй байсан. 2020 оны эхэн үед цагаан сарын үеэр би нэг хамгаалагчаа дагуулаад Баянжаргалан сум руу явж байхад замд трайлер дээр шар өнгийн экскаватор ачаад сумын чигт явж байсан. Би харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад манай хамгаалалтын бүсийн баруун талаар улаан хүрэн өнгийн ланд 80 маркийн автомашин яваад байдаг байсан. Тэр газарт нэг шар өнгийн ковш, улаан өнгийн хово, шар өнгийн экскаватор байсан. Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын үед тэр орчмоор явахад байсан" гэж /1хх-241-242/,

Гэрч “Миний охины  дугаарын данснаас *******гийн *******ын  дугаарын дансанд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 22 минутад Ж жоншны үнэ гэх утгатай 3.500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь үнэн. Би хийлгэсэн 2020 оны эхээр би БНХАУлс руу жонш, тээвэрлэх, худалдахад нь зуучилж өгч байсан. Тэгж байхад ******* нь надтай утсаар холбогдоод ;,та жонш гаргаж байгаа гэсэн, мөнгөний туслалцаа үзүүлээч, бичил уурхайн нөхөрлөлөөр дүгнэлт хөөцөлдөж байгаа, нөхөрлөлийн юм бүтээж байж өгнө шүү” гэж хэлсэн. Хариуд нь би *******д “чи ажлаа бүтээгээд мөнгөөр нь өгч болно, заавал би жонш авах шаардлагагүй" гэж хэлсэн Тэгээд би Ё *******ын дансны дугаарыг нь аваад охиндоо өгсөн. Манай охин *******д 3.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 100.000 төгрөгийн гүйлгээг санахгүй байна. Би охиндоо хэлж шилжүүлсэн байх ******* нөхөрлөлөөр жонш олборлоно, ЗГ-ын 151-р тогтоолын дагуу дүгнэлт гаргуулна гэж надад ярьж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар сумын төвд тааралдахад таны мөнгийг өгч чадахгүй байна, яана аа гэж хэлж байсан” гэж /2хх-3-5/ тус тус мэдүүлсэн байна.

Ийнхүү дээрх гэрчүүд *******ыг ашигт малтмал олборлосон болохыг гэрчилснээс гадна гэрч ын “' сумаас тухайн газарт бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авхуулж дүгнэлт гаргуулахаар хүсэлт ирүүлсэн. Ингээд аймгийн ИТХ-ын шийдвэрээр сумын Э гэдэг нэртэй газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Үүний дараа ИТХ-ын тогтоолын дагуу миний ажил үүргийн хувиараар ашигт малтмал газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1/1085 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгийг явуулснаас хойш Ашигт малтмал газрын тосны газраас Э гэдэг газарт бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт ирээгүй” гэсэн  /2хх-17/ мэдүүлгээр тэрээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэдэг нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар “*******тай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй" гэсэн гомдол, тайлбар гаргасан байх боловч шүүгдэгч *******ийн үйлдлийг гэрчүүд дараах байдлаар мэдүүлжээ. Тухайлбал:

Гэрч “Би гэдэг хүнийг ер нь бол огт таньдаггүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын эхээр суманд их хэмжээний жонш борлуулж чадахгүй байгаа сураг сонсоод сураглаж байгаад таньдаг болсон. Тэр үедээ би үнэхээр борлуулж чадахгүй байгаа жонш байгаа бол борлуулж өгөөд дундаас нь ашиг олъё гэсэн бодолтойгоор урьд өмнө нь суманд ажиллаж байсан Даваадорж ахтай уулзаад " суманд таньдаг хүн байна уу, тэнд борлогдохгүй байгаа жоншны сураг сонслоо, та эзэн нь ямар хүн байдаг юм бол сураглаад өгөөч" гэж гуйсан Д ах надад “байгаль орчны байцаагчаас нь асуугаад өгье, тэр мэдэж байж магадгүй” гэж хэлсэн. Тэр үедээ Д ах сумын байгаль орчны байцаагч бололтой хүнтэй утсаар яриад "наана чинь борлогдохгүй байгаа жонш байгаа юм уу, тэрний эзэн нь ямар хүн байна гэж асуусан. Тэгтэл тэр хүн Д ахад “асуудалгүй, миний мэдэх хэдэн машин байгаа би өөрөө борлуулчих гэсэн борлогдохгүй байна” гэж хэлсэн. Д ах тэр хүнд хандаж "манай дүү жонш борлуулж өгч болно шүү гэж байна" гэж хэлсэн. Тэгтэл утасны цаанаас “өө тийм үү, миний утасны дугаарыг өгчхөөч” гэсэн. Тэгээд би Д ахаас салаад сумын байгаль орчны байцаагч гэдэг хүнтэй утсаар яриад "наана чинь хэр хэмжээний жонш байгаа юм бэ сорьц нь хэд вэ, яг мэдэж байгаа хүн нь та юм уу” гэж асуусан. Тэгэхэд тэр байгаль орчны байцаагч “надаас гадна нэг хүн байгаа, яг бүх жонш биш ээ, би авах ёстой 3.4 машин жоншоо л борлуулъя, миний авах ёстой хувийг борлуулаад өгөөч” гэж хэлсэн. гэдэг хүн "жоншны сорьцыг нь мэдэхгүй байна. Өөрөө хүрч ирээд үз" гэж мадад хэлсэн. Би өөс “ачих болбол унаа тэрэг чинь байгаа юм уу” гэж асуухад "унаа тэрэг байхгүй, ачих техник нь байна" гэж хэлсэн. Би тэр үедээ жонш борлуулж дундаас нь мөнгө олох ажлын саналаа найз Бд хэлсэн. Бд хэлэхдээ “тэр газарт ачих ковш байгаа гэнэ, чи ачих унаа олох уу” гэж хэлсэн. Ингээд би найз Бын хамтаар сум руу гарахаасаа өмнө тэй утсаар яриад “аймгаас гарч байна, хаана очих уу" гэхэд “ сумын төв дээр хүрээд ир ирэхээр чинь сумаас хойш байдаг газрыг зааж өгье, газар нь ойрхон” гэж хэлсэн. Ингээд сумын төв ороод Б бид хоёр өд хандаж “тэр жонш чинь зөвшөөрөлтэй, ямар ч асуудалгүй юм байгаа биз дээ" гэхэд "за итгэхгүй байгаа бол би та нарын дэргэд найзтайгаа ярья, энэ зөвшөөрөлтэй жонш байгаа юм, манай найз гаргасан юм, би тэр хүнтэйгээ ярья” гэж хэлээд утсаар нэг хүн рүү залгасан. Тэгээд чанга яригч дээр нь тавиад "за ах нь авах ёстой юм аа авлаа шүү, борлуулж өгөх гээд хүмүүс ирсэн байна, нөгөө ах хүү рүүгээ ярьчих, намайг авах юм аа авах гэж байгаа гэж хэлчхээрэй” гэсэн. Утасны цаанаас нэг хүн "тэгээ тэг та авах юм аа ав гэж хэлсэн. Ингээд би найдвартай юм байна гэж итгэсэн. Ингээд тэй хамт сумаас хойд зүгт байдаг жонш байгаа гэсэн газарт очиход үнэхээр уурхай хэвийн явагдаж байгаа гэмээр их хэмжээгээр жонш гаргасан. техник хэрэгслүүд байсан. Тэгээд тэнд байсан жоншийг нь үзэхэд агууламж бага байсан. Гэхдээ нэг ирсэн юм чинь ажлаа гүйцээе гээд сүлжээнд гарч зогсоод Говьсүмбэр аймгаас ачааны автомашинууд дуудсан. Говьсүмбэрээс машин дуудаад жонш ачих гэтэл цагдаа нар ирэхээр нь гайхсан. Би юун цагдаа нар ирчхэв гэж өөс асуухад надад юу ч хэлэхгүй, машинаа дотроосоо цоожлоод сууж байсан. Тухайн үедээ согтуу байсан. Би тухайн газарт ирсэн цагдаа нартай уулзахад энэ газарт байгаа жонш хэрэгт хураагдсан гэж сонссон. Тэгээд би цагдаа нарыг дагаад суманд очсон. Байгаль орчны байцаагчийг маргааш нь эрүүл болсон хойно нь уулзаад ямар учиртай юм бэ, юу болоод байгааг нь асуухад харин тиймээ хэрэгт хураагдсан жонш байсан юм аа гэж хэлээд надаас зугтаагаад байсан” гэж /2хх-25, 28-30/,

Гэрч  “2020 оны 04 дүгээр сард Б манай гэрийн гадаа ирж уулзсан. Б надаас суманд олборлоод гаргасан жонш байгаа юм байна, суманд таньдаг хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би өөрийн таньдаг гэдэг хүн рүү утсаар яриад “танай сумаас хойд зүгт 20 гаран км зайд гаргасан жонш байдаг юм уу байдаг бол аймгаас хүн хүрээд очиж үзэж болох юм уу гэж асуухад надад болно гэж хэлсэн. Тэр үед Б миний хажууд машин дотор сууж байгаад миний яриаг сонсож байсан. Тэгээд тэй ярьсан миний яриаг ойлгоод ийн утасны дугаарыг надаас аваад явсан" гэжээ /2хх-33-34/

Ийнхүү мэдүүлснээс үзвэл *******тэй уулзах талаар ярьсан, шүүгдэгч ******* нь гэрч , , нарт өөрийн авах ёстой жоншоо худалдах гэж байгаа талаар ярьсан, хууль бусаар олборлолт явуулж гаргасан жонш байгаа газрыг өөрөө дагуулан явж зааж өгсөн, улмаар бусдад зарж борлуулах зорилгоор ачуулах гэсэн идэвхтэй үйлдлийг хийж байсан нь гэрч , , , нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон гэх шүүхийн  дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх дээрх мэдүүлгүүдээс гадна хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10/, Эд зүйлийг хураан авсан тухай мөрдөгчийн тайлбар, санал тэмдэглэл /1хх 14-15, 17/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-19/, Утасны ярианд дүн шинжилгээ хийсэн тэмдэглэл /1хх-52-53/, Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Глобал энвайрон" ХХК-ний №09/20 тоот "Хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 329.994.410.71 төгрөг болно" гэх дүгнэлт /2-р хх-ийн 36-55/, Геологийн төв лабораторийн инженер ын “дээжийн сорьц 30.13” гэх дүгнэлт /2-р хх-ийн 61-62/, Геологийн төв лабораторийн инженер ийн "дээжийн сорьц 13.72” гэх дүгнэлт /2-р хх-ийн 74-75/, Байгаль орчны үнэлгээ. зөвлөгөөний "Глобал энвайрон” ХХК-ний №01/21 тоот “... 20220001320103 тоот хэрэгт хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг тооцох зорилгоор 2020 оны 04-р сарын 10-ны өдөр тухайн эвдэгдсэн газарт хэмжилт болон, дроны зураглал авч  эвдэрсэн газрын бодит хэмжээг тогтоосон болно. Харин 2019 онд эвдэгдсэн эсэхийг сансрын зургаар тодорхойлох боломжгүй болно. Учир нь эвдсэн газрын хэмжээг 7413 м2 байгаа нь сансрын зураглалаар тогтооход хэт бага талбай тул тодорхойлох боломжгүй юм. Дээрх 1-р асуултын хариултаар сансрын зургаар тодорхойлох боломжгүй болох тул цаашид 2,3,4-р асуултад хариулахгүй боломжгүй болно” гэх нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 80-84/, сумын үнэлгээний комиссын 2021.06.07-ны өдрийн актад DAEWOO DOOSAN 300LCV маркийн улбар шар өнгийн экскаватор 55.250.000 төгрөг, 26-22 УНН улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн автомашин- 51 000.000 төгрөг, XG953IIIL маркийн шар өнгийн авто ачигч ковш-52.000.000 төгрөг, 83-06 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai porter маркийн автомашин 9.350.000 төгрөг” гэжээ. /2-р хх-ийн 88-89/, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-622/2909 дугаартай “ Цагаан саарал өнгийн цагаан чулуу,. хэмжих нэгж-тн тоо хэмжээ-1860, нэгжийн үнэ төгрөг-35.000, нийт үнэ төгрөг-65.100.00” дүгнэлт /2-р хх-ийн 239-241/, Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Глобал энвайрон ХХК-ний №01/22 тоот Хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 181.194.410.31 төгрөг болно” гэх дүгнэлт /3-р хх-ийн 6-16/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 151, 153/, Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон талаар дүгнэлт хийснийг үндэслэл бүхий байна гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь агуулгын хувьд *******ийн үйлдэлд тохирох эсэхэд маргаантай байдал үүсгэж, тухайн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын үндэслэл болсон байна. Учир нь ******* нь ашигт малтмалыг хайх, олборлох үйлдэлд оролцсон оролцоо байгаа эсэх нь тодорхой бус харин олборлосон ашигт малтмалыг худалдан борлуулсан идэвхтэй үйлдэл байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд үүнд ашигт малтмалыг ашигласан гэж үзэх нь хуульд нийцэх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн гэм буруутайд тооцсон хэсгийг дээрх байдлаар түүний үйлдэлд нийцүүлэн дүгнэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн  хууль зүйн дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж дүгнэв.

Шүүхээс *******, ******* нарын анх гэмт хэрэг үйлдсэн байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол өндөр бөгөөд ялын биелэлт болон хохирол төлөгдөх нөхцөлийг бодитой байлгах, зарим шүүгдэгчийн хувьд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай шүүгдэгч *******ын гомдлыг хангаж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ын гомдол үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтын “... ашигт малтмал хайх олборлох гэсний дараа ашиглах гэж нэмэх, 2 дугаар заалтын , 10000  гэснийг 5400 гэж, 10.000.000  гэснийг 5.400.000 гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ