| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0008/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 11
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Б.Г- Хохирогч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 1723001000005 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-ийн доод хэсгийн **-** тоотод оршин суудаг, улсаас явсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овогт Б-ийн Г, Регистрийн дугаар: /ИЭ********/, Шүүгдэгч Б.Г- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Н.Б-ын 14 ямааг хулгайлж, 580000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б Г нь 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн Агьтийн ам гэх газраас Н. Баатарын 14 тооны ямаа хулгайлсан хэргийн үйл баримт нь ямаагаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Н.Б-ын “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр... малаа тоолоод үзтэл 14 тооны ямаа дутсан чинь Өлийн дөрөлжийн баруун талаас нүүсэн Ганаа гэдэг айлын малнаас 11 тооны ямаа олдсон бууриас нь нэг ямааных нь толгой олдсон гэж надад хэлсэн...Манай малчин харж байгаад л алга болчихсон гэж байсан. Ямаа алга болохоос өмнө нэг явган хүн шөнө хотонд нь явж байгаад манай малчинг хувцасаа өмсөөд гараад ирэх хооронд нь алга болчихсон гэсэн. Хүнээс авсан ямаанууд байсан болхоор нэг эвэрийг нь улаан шар өнгийн будгаар тал будаад нэг эвэрийг нь бөгжлөөд будчихсан байсан. одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. 11 ямаагаа Г гэх залуугийн хотноос авсан, миний үлдсэн 3 ямааг бэлэн мөнгөөр төлж өгсөн ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Мөнх-Очирын “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ямаагаа тоолоод үзтэл 14 тооны ямаа дутсан байхаар нь хамгийн ойрхон байсан Өлийн дөрөлж гэх газар байсан Ганаа гэдэг айлын малд шүүхээр очих тэднийх нүүгээд явчихсан байсан. ... Ганаагийн нүүдлийг олохоор явж байхад Яруугийн голын дээд талд мал нь явж байхаар нь шүүж үзтэл 11 тооны ямаа тэдний малд нийлсэн байсан. Тэгээд Ганаагийн малыг хариулж явсан 2 хүүхдээс манай 11 тооны ямаа хэзээ хаанаас нийлсэн талаар асуухад бид 2 мэдэхгүй Ганаа гэдэг айлын малыг тууж яваа гэж хэлсэн... Би өдөрт малаа дагаж явдаг болохоор өдөр алга болно гэж байхгүй... Шөнө дүүгийнхээ гадаа хэвтүүлээд хонуулчихдаг байсан... Хонь үргэлээ гээд манай дүү нэг шөнө гарахад нэг явган хүн үзэгдээд алга болчихлоо гээд бид хоёр хувцасаа өмсөөд мотоциклтой яваад хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Баяржаргалын “ ... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр айлын мал харж байсан Мөнх-Очир гэгчтэй тааралдаад манай малаас хэдэн ямаа дутаад байна. хамт хайлцаад өгөөч гэхээр нь Өлийн дөрөлжийн баруун талаас нүүсэн айлын малд шүүхээр хойноос нь явсаар Яруугийн гүүрний дээд талд хар зам дээр явж байсан малд очиж ямааг нь шүүхэд баруун талын эврийн угийг нь улаан шараар зүүн эвэрийн дундуур улаан шар будгаар бөгжилж будсан 11 эм ямаа олж авсан. Тэгээд тэр малыг тууж явсан хүүхдээс хэн гэдэг айлын мал юм гэтэл сургуулийн бололтой эрэгтэй хүүхэд Ганаа гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчүүд болох Б.Төрболд, Г.Бүтэнбаяр нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Гантулгын үйлдлийн улмаас хохирогч Н.Б-т 580000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн. Шүүгдэгч Д.Г нь хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Б-т учруулсан хохирлоо төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Г- нь бусдын малыг нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Гантулгыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй. Шүүгдэгч Б. Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өндөрийнхөн овогт Базарсүрэнгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын 14 тооны ямааг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Г-ын хуваарьт хөрөнгөнөөс 450.000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны бог малыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА