Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

Х.Ганзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор М.Алтанцэцэг /цахим/

Яллагдагч Х.Ганзориг

Яллагдагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ганзоригт холбогдох 2210007100533 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Үнэстий овогт Хөсрийн Ганзориг, Монгол Улсын иргэн 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 5б-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэн хянан харгалзаж байсан /РД:3Ю76040110/.

Шүүгдэгч Х.Ганзориг нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 19 дүгээр байрны гадаа байсан иргэн Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн “Хино-700” маркийн машины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Х.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганзориг нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ганзоригоос 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цэрэнтогтоход олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Цэрэнтогтохын нэхэмжлэлээс 500000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 600000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Ганзориг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Цэрэнтогтоход 500000 төгрөг төслөн болохыг тус тус дурдаж, Х.Ганзоригт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвэр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

          Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч Х.Ганзориг нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Их тойруугийн 19 дүгээр байрны гадна байсан иргэн Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн “Хино-700” маркийн автомашины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

          Тус прокурорын газраас яллагдагч Х.Ганзориг нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буман залуус хорооллын зүүн талд байсан А.Нямхүүгийн эзэмшлийн 52-03 УБИ дугаартай Тоёото Hino маркийн автомашины 2 ширхэг 150а аккумлятор хулгайлж нийт 574.500 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлахдаа машин механизм ашигласан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 2210007100533 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татагджээ.

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх эрүүгийн 2210007100533 дугаартай хэрэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэхгүйгээр тус тусад шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлэхээр хуульчилсан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим зөрчигдсөн” гэсэн дүгнэлт хийж Х.Ганзоригт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

         Уг хэрэг тус прокурорын хяналтад байгаа бөгөөд Үнэстий овгийн Хөсрийгийн Ганзоригийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

         Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Хэргийг нэгтгэхгүй тус тусдаа шийдсэн нь яллагдагчийн эрх  зүйн байдлыг дордуулсан, шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах дүгнэлтийг дэмжиж оролцож байна гэв.

Яллагдагч Х.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар байхгүй гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн. Хэргийг прокурорын газраас шилжүүлсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын газарт хэрэг үүссэн үйл баримт тогтоогдсон учраас Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулаад хэргийг нэгтгэе гэсэн захирамжийг шүүгч гаргасан. Хойшлуулсан хугацаанд хэрэг нэгтгэгдэж ирээгүй. Хэрэг нэгтгэх асуудал прокурорын шатанд хийгдээгүй учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг удаа 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Ахиж хойшлуулах боломж байхгүй байсан учраас хэргийг шийдвэрлэсэн. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 145 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нь шударга ёсны зарчмыг жинхэнэ утгаар нь зөрчиж байна. 2023 оны 01 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. Дүүргийн прокурорын газрын дүгнэлтийг татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй. 2022 оны 10 сард нэгтгэгдээд шийдсэн бол эдлэх ялаа эдлээд гараад ирэх байсан. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 145 дугаар шийдвэр гарснаар хүний эрх зөрчсөн асуудал байхгүй. Эрх бүхий албан тушаалтны алдаанаас болж энэ хүний эрх зөрчигдсөн.  Прокурорын дүгнэлтийг татгалзах нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Хөсрий овогтой Ганзоригийн талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот дүгнэлт ирүүлснийг хянан хэлэлцэв.

           Прокурорын дүгнэлтэд ...Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эрүүгийн 2210007100533 дугаартай хэрэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэхгүйгээр тус тусад нь шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулах буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлэхээр хуульчилсан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим зөрчигдсөн” гэсэн дүгнэлт хийж Х.Ганзоригт холбогдох хэргийг буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. ...Х.Ганзоригийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд ... тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

           Прокурорын дүгнэлтийг хянан үзээд давж заалдах шатны шүүх хүлээн авахаар тогтов.

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн удаа дараагийн шүүх хуралдаанаар Х.Ганзоригийн хэргийг хэлэлцсэн байх бөгөөд урьд үйлдсэн хэрэгтэй нь нэгтгэн шийдвэрлүүлэх нь хүний эрх ашигт нь нийцэх тухай үндэслэлийг заан захирамжилжээ.

           Иргэдийн эрх ашгийг дээрдүүлнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэнийг анхааран үзэхийн гадна нэгэнт шат шатны шүүхээс хэргийг нэгтгэн шийдвэрлэхийг шаардсан шүүхийн шийдвэр гарсан байх тул хууль болоод шүүхийн шийдвэрийг хэн аль нь дагаж мөрдөх үүрэгтэй.

           Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг шүүх хүлээн авахаар тогтов.

           Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэлтийг хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин мөрдөлт явуулах болсон тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлгийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн гэсэн заалт шаардлагыг баримтлан шийдвэрлэсэн болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                           Ш.ТӨМӨРБААТАР

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.

 

 

 

 

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР