Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00138

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00138

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-н  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02573 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А-нхариуцагч “ШГТ” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбартаа Миний бие “ШГТ” ХХК-тай 2018.10.12-ны өдөр 19/10/157 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.  “ШГТ” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг орон сууцны барилгыг барьж байсан бөгөөд тус орон сууцны барилгын зургийг миний төрсөн дүү Б. Б гүйцэтгэж байсан юм. Б.Б нь миний орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлсэн ба тухайн үед би орон сууцтай болох үүднээс мөнгөө хуримтлуулж, нийтдээ 25 000 000 төгрөгтэй болсон байсан. Дүү маань Цагаан орд хотхоны А блокын орон сууцнаас худалдан авах санал тавьж, орон сууцны урьдчилгаа төлбөрт цуглуулсан мөнгөөрөө төлбөрөө хийж, үлдсэн төлбөрт барилгын зургийн ажлын хөлснөөс тооцоо хийж, төлбөр гүйцэтгэх санал тавьсныг би дуртай хүлээн зөвшөөрсөн. Би Б.Б-д гэрээ байгуулсан өдрөө 25 000 000 төгрөгийг бэлнээр өгснийг дүү маань компанийн касст төлсөн байсан. Би дүүдээ орон сууцны үлдсэн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн ба түүнийг төлөх графикийг ч бид хоорондоо тохиролцсон юм. Ингээд миний бие Цагаан орд хотхоны, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. “ШГТ” ХХК-тай 2018.10.12-ны өдөр 19/10/157 дугаартай, Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа гэрээний 2.1-д зааснаар Цагаан орд хотхоны А 33,7 м.кв талбайтай,1 өрөө орон сууцыг тус гэрээний 3.1-д тохиролцсоны дагуу 20,83 м.кв талбайн 1м.кв-ийн үнийг 1 200 000 төгрөгөөр тооцон 24 996 000 төгрөг, 12,86 м.кв талбайн 1м.кв-ийн үнийг 1 800 000 төгрөгөөр тооцон 23 148 000 төгрөг, орон сууцны нийт төлбөр нь 48 148 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөх графикийн дагуу гэрээ байгуулсан өдөртөө буюу 2018.10.12-ны өдөр 25 000 000 төгрөгийг бэлнээр төлж, 23 148 000 төгрөгийг Б.Б-н Хан-Уул дүүргийн байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төсөл боловсруулсан төлбөрөөс төлөхөөр тохиролцсон.

Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээнд тохиролцсоны дагуу гэрээний 1.1-д заасан 2019.12.30-ны өдөр хүртэл орон сууцны барилгын ажил дуусахыг хүлээж байсан. ШГТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн Цагаан орд хотхоны А блокын орон сууцны барилга тохирсон хугацаанд ашиглалтад ороогүй ба 2020 оны 4 дүгээр сард ашиглалтанд орсон. Б.Б тус хотхоны барилгын зургийн ажлыг гүйцэтгэж, барилга Б.Б зурсан зургийн дагуу баригдаж, ашиглалтад орсон.

Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 6.2-т заасныг үндэслэн орон сууцандаа орохыг хүсэхэд ШГТ ХХК ямар ч үндэслэлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан ба орон сууцыг өгөхгүй гэсэн хариултыг хэлсэн. Б.Б- зурсан зургийг ОБЕГ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ гээд зохих байгууллагууд бүгд зөвшөөрч баталсан. Энэ зургийн дагуу барилга баригдсан. Гэрээнд гарын үсэг зурсан Г.Х “ШГТ” ХХК-ийн борлуулалтын менежер 1001 дугаар бүхий реалтор гэдэг тэмдэгийг эзэмшиж, Орон сууц захиалгаар бариулах гэрээнд гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан.

Г.Х нь зөвхөн маргаж байгаа гэрээнд гарын үсэг зурсан биш харин тус компанийн орон сууц худалдах, бусдын өмчлөлд шилжүүлэх бүхий л гэрээнд гарын үсэг зурдаг ажилтан юм. Гэрээ байгуулсан учраас Б.А-н бэлнээр төлсөн 25 000 000 төгрөгийг “ШГТ” ХХК-ийн кассын орлогын ордероор 2018.10.12-ны өдөр компани хүлээж авсан. Б.А-г гэрээ хийхээс өмнө нь ч, дараа нь ч орон сууц худалдан авахыг хүссэн олон иргэн, хуулийн этгээд Г.Х тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд үзэж, Орон сууц захиалгаар бариулах гэрээг хийсэн байдаг. Б.Б миний бие тохирсон ёсоор шинэ барилгын зургийг нь зурж өгсөн, тохирсон ажлын хөлснийхөө урьдчилгааг авсан, барилгаа барихад захиалагчийн хяналт тавьж өгсөн, барилга эхлүүлэх, бариулах үед ч олон байгууллагад хандаж, ажлыг нь бүтээхийн төлөө ажилласан, эцэст нь зургийн ажлын хөлснийхөө зарим хэсэгт орон сууц өгөх гэрээгээ биелүүлэхийг хэдэн cap царайчлан харж утас цохисон, үүдийг нь сахисан, эцэст нь өгөхгүй гэдэг үг сонсоод шүүхэд хандсан юм. Миний бие нэхэмжлэлд дурьдсан Хан-Уул дүүргийн цогцолборын зургийн архитектороор ажилласныг Монгол улсын Үндэсний архивт хадгалагдаж байгаа Хан-Уул дүүргийн буюу Цагаан орд хотхоны А, Б блокын барилгын зураг хэмээх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар гэрчлэх болно. Б.Агэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, захиалсан орон сууцны төлбөрийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэсэн байхад орон сууцыг миний өмчлөлд өгөхөөс үндэслэлгүй татгалзаж, ШГТ ХХК гэрээний үүрэгээ биелүүлэхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын орон сууцны өмчлөгчөөр Б.А тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагад орон сууцыг бүртгэхэд шаардлагатай баримт бичгийгБ.Анадад бүрдүүлж өгөхийг “ШГТ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А нь хариуцагчийг хуульд заасны дагуу төлөөлөх албан тушаалтантай буюу захирал Д.Э-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулаагүй тул уг орон сууцыг өгөхгүй. Харин Б.А-н дүү Б.Бнь тус компанид архитектороор ажиллаж байхдаа өөрийн давуу байдлыг ашиглан эгчдээ туслаж тус гэрээг байгуулсан байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй тул үндэслэлгүй бөгөөд зураг төсөл зохиогч буюу зураг төсөл боловсруулсан нь Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу ШГТ ХХК бөгөөд харин Б.Б-д архитекторын хувьд зураг зурсны төлбөрийг төлж байсан болно. Б.Б нь тухайн барилгын зураг төслийг зохиогч болон зураг төслийг боловсруулаагүй тул 2018.10.12-ны өдрийн 19/10/157 дугаар гэрээний 3.2.-т заасан төлбөрийг захиалагч төлсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Компанийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д зааснаар хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхтэй байхад Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг иргэн Б.Ар-тай 2018.10.12-нд байгуулсан миний үйлдэл нь хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн нь хууль бус тул хууль бус гэрээг үндэслэн шаардлага гаргах эрх Б.А-д байхгүй. “ШГТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Э гэдгийг Б.Бмэдэж байсан бөгөөд захирал зөвшөөрөөгүй нөхцлийг захирал зөвшөөрсөн мэтээр надад ойлгуулж, гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Ер нь бол нийтэд зарласан м.кв-ын үнээр эсхүл захиалагчтай гүйцэтгэх захирал харилцан тохирч тогтоосон үнийн хүрээнд, итгэмжлэлийг үндэслэн миний бие нь бусадтай гэрээ байгуулдаг тул тэдгээр гэрээтэй холбоотой нэг ч маргаан үүсээгүй болно. Гэтэл захиралтай огт тохироогүй нөхцлөөр Б.Бнь гэрээ байгуулсан явдал нь тухайн компанийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил юм. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ байгуулагдаагүй хэмээн үзэж, орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан ШГТ ХХК-ийн захирлын үйлдэл хуульд нийцэж байгаа. Нэхэмжлэлийг хянан хэлэлцээд гаргах шүүхийн шийдвэр нь иргэн миний эрх, үүрэгт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзал байхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1.-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокын.А-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн нэхэмжлэгчид өгөхийг “ШГТ” ХХК-д даалгаж,  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 398 690 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 398 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Ань 1001 дугаартай реалтор Г.Х 2018.10.12-нд байгуулсан 19/10/157 тоот “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г үндэслэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байгаа үндэслэл компанийг төлөөлөхгүй этгээдтэй гэрээ байгуулсан тул зөвшөрөхгүй хэмээн хууль зүйн талаас тайлбарлаж байгааг шүүх хууль зүйн талаас нь үгүйсгэж чадахгүй байна.  Дүү Б.Б-хаа ажлын хөлсийг 19/10/157 дугаар гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөрт төлөгдсөн гэж байгаа. Гэвч ажил гүйцэтгэсний зохих хөлсийг барилгын төлбөрт тооцое гэсэн ажил гүйцэтгэх гэрээг Б.Бнь компанитай байгуулаагүй бөгөөд компанийн ажилтны хувьд цалин хөлсөө бүрэн бүрэн авч байсан тул орон сууцны төлбөрийг Б.Б төлөөгүй уг төлбөр бүрэн төлөгдөөгүй орон сууцыг бусдад хүлээлгэн өгөх боломжгүй гэдгийг мөн л хууль зүйн талаас нь үгүйсгэж чадахгүй байна.  3.Шүүх “... дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төслийг Б.Б нь боловсруулж зохих байгууллагуудаар баталгаажуулан “ШГТ” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байна хэмээн дүгнэсэн. Гэтэл Б.Б нь “зохих байгууллагуудаар баталгаажууллаа” ямар ч ажил хийгээгүй бөгөөд ажил хийснийг нь нотлох баримт хэрэг дотор байхад нотлогдож байна хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Харин архитекторын хувьд зураг зурсан ажлын хөлсөө авч байсан ба алдаатай зургийн төлөө компани хариуцлага хүлээсэн. Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээн авахаас татгалзсан ч энэ талаараа ямар нэгэн шийдвэр огт гаргаагүйгээс гадна. алдаагаа засах боломжийг надад олгож, энэ талаар шүүгч захирамждаа заах үүрэгтэй байхад хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “ШГТ” ХХК-д  холбогдуулан Хан-Уул дүүргийн тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгуулахаар  шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 36/

 

Талууд  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19/10/157 тоот гэрээ байгуулж, “ШГТ” ХХК нь Хан-Уул дүүргийн, 33,7 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар барих, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 48 148 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулахад 25 000 000 төгрөгийг төлөх, үлдэх 23 148 000 төгрөгийг Б.Б-ын Хан -Уул дүүргийн 2 дугаар хороо байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах төлбөрт тооцож төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна. /хх 5-7/

 

Зохигч 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19/10/157 тоот гэрээгээ “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ” гэж нэрлэсэн ч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж  анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

 Гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжлэгч 25 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлжээ. /хх 8/ Үлдэгдэл 23 148 000 төгрөгт  Б.Б Хан-Уул дүүргийн 2 дугаар хорообайрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төслийг боловсруулж хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 53-66 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн.

Нэхэмжлэгч талыг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэх тул хариуцагч нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар сууцыг  өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Мөн Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар сууцтай  холбоотой, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг худалдан авагчид гаргаж өгөх үүрэгтэй.

 

“ШГТ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани нь нэг гишүүнтэй Б.Энхбаяр нь тус компанийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдсон. /хх 11/

 

Б.А “ШГТ” ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээнд “ШГТ” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Э биш, борлуулалтын менежер Г.Х гарын үсэг зурсан байх бөгөөд Г.Х нь тус байгууллагад борлуулалтын менежерээр ажиллаж байсан болох нь гэрчийн мэдүүлэг, Г.Х 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй. /хх 48, 81-82, 89, 103/

 

Г.Х-д Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/10/157 дугаартай гэрээг Б.А-тай байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй боловч “ШГТ” ХХК-ийн орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээнд компанийг төлөөлж борлуулалтын менежер, борлуулалтын албаны дарга албан тушаалтай ажилтнууд гарын үсэг зурж, гэрээг байгуулдаг, орон сууц захиалагч нарт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үед тус компанийн захирлаас улсын бүртгэлийн байгууллагад гэрээтэй хамт итгэмжлэлийг хүргүүлдэг байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ./хх 5-7,48, 103/

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд, төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

             

                  ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

             

      Ш.ОЮУНХАНД