| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0015/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/19 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/19
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогтой Ц.С-т холбогдох эрүүгийн 1827000000006 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хужирт оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С овогтой Ц.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 01-06 тоотод хохирогч Ц.С-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2017 оны 12 дугаар сарын 27-ны орой би гэртээ байж байтал манайд Ц.С орж ирсэн. Би тухайн үед манай гэрт унтаж байсан Бөгөө шарыг босгох гээд дуудсан юм. Бөгөө шар босоогүй. Би Бөгөө шарыг босгох гэсэн чинь танайд хүн унтаж болдоггүй юм уу гээд С хэлэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь С намайг барьж авсан бид хоёр хоорондоо барилцаад авсан. С намайг гэрийн баруун талын орон дээр унагааж дараад дээрээс нүүр хэсэг рүү гараараа цохиод миний үүдний нэг ширхэг шүдийг цөм цохиж унагаасан. Ц.С миний нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Шүд рүү гараараа 1 удаа цохиж миний үүдэн шүднээс 1 ширхэг шүд унагаасан. Би тухайн үед гэрт унтаж байсан Бөгөө шарыг сэрээх гэсэн чинь тэр сэрэхгүй байсан. С танай гэрт хүн унтаж болдоггүй юм уу гээд бид хоёр хоорондоо маргалдаад Ц.С намайг зодсон. Би түүнийг дийлэхгүй байсан. Надад Ц.С-т зодуулсанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Ш.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд өглөө нь тэднийхээс босоод явсан. Намайг унтсаны дараа Сгийн гэрт С орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан гэж С надад хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө би Сгийнд хоночихоод босоод ирсэн чинь Сгийн эхнэр Цэрэнханд өчигдөр чамайг унтсаны дараа С гэрт орж ирээд Стэй маргалдаад нэгийгээ хутгалчихсан гэж байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад С Сг цохисон чинь С С-ыг хутгалсан бололтой юм яриад байсан. Ц.С-ийн үүдэн шүднээс 1 ширхэг шүд унасан гэсэн тэрийг нь С маргалдаж байхдаа цохиж унагаасан гэсэн. Би тэр хоёрын маргааны талаар хараагүй учраас нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч О.Цэрэнхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэр хоёр барилцаж аваад Ц.С манай нөхрийг гэрийн баруун талын орон дээр дарж унагаагаад дээрээс нь цохисон. Тухайн үед би та хоёр болиоч гэсэн чинь тэр хоёр салсан. Тэгсэн манай нөхөр миний шүдийг цохиод унагачихлаа гээд шүдээ бариад босоод ирсэн. Тэр хоёр зодолдож байгаад салсаны дараа манай нөхөр миний шүдийг унагаачихлаа гээд шүдээ бариад босоод ирсэн. Ц.С манай нөхрийг орон дээр дарж унагаагаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэр үед манай нөхрийн дээд эрүүний шүднүүдээс нэг ширхэг шүд унасан байсан. мөн баруун талын нүд нь хөхрөөд хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №42 тоот актын:
1. Ц.С-ийн биед тархи доргилт, дээд эрүүнд нэг шүдний үгүйрэл, баруун чамархай, хацар хэсэгт зулгаралт, цус хуралт, хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдана.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.С-ын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 01-06 тоотод хохирогч Ц.С-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №42 тоот актын “...1. Ц.С-ийн биед тархи доргилт, дээд эрүүнд нэг шүдний үгүйрэл, баруун чамархай, хацар хэрэгст зулгаралт, цус хуралт, хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдана. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Сын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Ц.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг №бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй Ц.С-ын эзэмшлийн 3 000 000 төгрөгийн үнэлгээ 700 м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогтой Ц.С-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.С нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ц.С-ын эзэмшлийн 3 000 000 төгрөгийн үнэлгээ 700 м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА