Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 

2023 оны 06 сарын 13-ны өдөр              Дугаар 2023/ДШМ/22                                  Өвөрхангай аймаг

 

Т.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

Прокурор Д.Алимаа /Цахимаар/       

Шүүгдэгч Т.Г

Нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Т.Гд холбогдох эрүүгийн 2327000120030 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Хархорин сумын 3 дугаар цэцэрлэгт бага бүлгийн багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дамий тайж овгийн Т.Г /РД:...../,

Т.Г нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 3 дугаар цэцэрлэгийн байранд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хохирогч Д.Бг унтаж байхдаа “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Дамий овгийн Т.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Дамий тайж овгийн Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дамий тайж овгийн Т.Гг сургуулийн өмнөх насны боловсролын багшийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд сургуулийн өмнөх насны боловсролын багшийн эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийг хадгалагдах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд шүүх хурал 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад орохоор байсан боловч тухайн үед иргэний хэргийн шүүх хуралтай байсан өмгөөлөгч Г.Гандөшийг хүлээж 10 цаг 20 минутын орчим шүүх хурал эхэлж шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч талын өмгөөлөгч шүүх хуралдаанд хоцорч орж ирсэн. Өөр шүүх хуралтай байсан гэсэн. Шүүгч хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Багшлах эрхийг хассан болохоор давж заалдах гомдол гаргасан. Миний багшлах эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Г нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ггийн гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдааныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийг хүлээж эхлүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч буюу шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэг талын эрхийг ноцтой зөрчсөн нь шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэх үндэслэл болохгүй. Иймд гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Т.Ггийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Т.Г нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 3 дугаар цэцэрлэгийн байранд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хохирогч Д.Бг унтаж байхдаа “орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Намайг очоод авах үед охин Буяндалайгийн духны аль нэг талдаа тодоос тод хөхөрсөн байхаар нь би Т.Г багшийг дуудаад асуухад надад хэлэхдээ “тоглоомоо барьж гүйж байгаад унаад барьж байсан тоглоомондоо духаа цохчихсон гэж хэлсэн. Тухайн үед би багшийнх нь хэлсэн үгэнд итгээд л охиноо аваад гэр рүүгээ явсан. ...Гэртээ очсоны дараа 18 цагийн орчимд охин суултуур дээр сууж бие засаад бөгсийг нь арчих гэтэл өгзөг хэсэгтээ нилээн ягаарч, 2 бондгор гүвдрүү үүссэн байсан тул багш Т.Г руу залгаж хэлтэл багш нь ирсэн. Ингээд Т.Г багш ирээд уучлаарай миний буруу би туслах багш маань байхгүй ганцаараа байхдаа бухимдаад алгадчихсан юм, багш нь чихэр авч өгье гээд доромжлоод байхаар нь үнэхээр гомдсон. Хүүхдийг маань ингэж зодчихоод эвээр биш ийм үг хэлсэнд доромжилж байгаа юм шиг санагдсан. Ингээд би эмнэлэгт үзүүлье гэтэл миний өөрийн утас дугараад аваад ярих гэтэл Т.Г багш хүнтэй битгий ярь гээд утсыг маань булааж аваад өгөхгүй байсан юм. Тэгээд би Т.Г багшийг орхиод хүүхдээ аваад эмнэлэг рүү явж үзүүлсэн. ...Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө охиноо хувцаслахдаа хувцсыгнь солиход ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ тиймээс цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Багшлах эрхийг нь хасаж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 29-32 дугаар хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай: “...Үзүүлэгч Д.Бгийн биед тархи доргилт, дух, хэвлий, баруун зүүн өгзөг хэсэгт цус хуралт хүзүү хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өнгө шинж байдлаараа шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт/хх-ийн 14-15 дугаар хуудас/,

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 64 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Д.Бн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Гг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Г нь “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон боловч 10 цаг 20 минутын орчим эхэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн бөгөөд шүүгч хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, мөн  миний багшлах эрхийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/114 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Т.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй явуулахаар товлосон боловч шүүх хуралдаан тус өдрийн  10 цаг 10 минутад эхэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаан товлосон цагаасаа 10 минут хэтэрч эхэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл болохгүй буюу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болохоор хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Гд торгох ял оногдуулан уг ял дээр эрх хасах ялыг нэмж оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон  давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.