Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 89

 

С.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 903 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1084 дүгээр магадлалтай, С.Хт холбогдох 1808031960953 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт С.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна, мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн хуулийн дагуу анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй учраас шүүх хохирогчийг заавал оролцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч хохирогчийг зайлшгүй оролцуулах хүсэлтийг амаар болон бичгээр гаргаагүй тул шүүх өөрийн санаачлагаар хохирогчийг дуудан оролцуулах боломжгүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх нь хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай гэж өөрсдөө дүгнэлт гаргаж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг ноцтой зөрчсөн байна. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна гэсэн ч давж заалдах шатны шүүхээс хохирогчийг дуудаж оролцуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул С.Хыг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч С.Хт холбогдох хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргаж, шүүгчийн туслах шүүх хурлын товыг хэргийн оролцогчдод 3 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэлгүй 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийг оролцуулан шүүхийн цагаатгах тогтоол гарсан. Хохирогч Батбилэг шүүхийн цагаатгах тогтоолыг шуудангаар хүлээн авч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хэлэлцээд шүүх хохирогчийн эрхийг эдлүүлээгүй зөрчсөн байна гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлал үндэслэлтэй. Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гомдолд “хохирогч ирээгүй нь шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй” гэж дурдсан байгаа. Хохирогч шүүх хуралдаанд ирэх эсэх нь өөрийнх нь асуудал, харин тов мэдэгдэх ёстой байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Хт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.Хыг 2018 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, "Залуус” хорооллын гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Бийн эзэмшлийн 19-14 УНХ улсын дугаартай “Тоёота Харриер" загварын тээврийн хэрэгслийг үзүүртэй зүйлээр зурж гэмтээн бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “С.Хын бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол болох автомашины эвдрэлийг засварлахад гарах шууд зардал 170,000 төгрөг нь Эрүүгийн хуулиар тогтоогдсон хэмжээнд хүрэхгүй учраас түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, С.Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх С.Хт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд “Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсныг ноцтой зөрчсөн үндэслэлээр 903 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Хт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх хохирогчид шүүх хуралдааны зарыг мэдэгдээгүй, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан талаар магадлалд дурдсан үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, 1084 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт учирсан эд хөрөнгийн хохирлыг тогтоохдоо түүний автомашины эвдэрсэн буюу ир үзүүртэй зүйлээр зурагдсан урд буфер, хойд буфер, зүүн урд крыло, баруун урд крыло, баруун хойд крыло, баруун урд хаалга зэрэг эд ангийг бүхэлд нь үнэлэхгүйгээр, түүнийг засварлахад гарах нийт 690.000 төгрөгийн зардлыг дотор нь 170.000 төгрөгийн шууд зардал, мөн 520.000 төгрөгийн шууд бус зардал хэмээн ангилсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг гэсэн ойлголтод тус тус хамаарах эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1084 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                 

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН