Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 685

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, “Н*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамжийг бүхэлд нь, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/55 дугаар захирамжийн “Н*******”СӨХ-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Н*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н*******гийн ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/55 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, “Н*******” СӨХ-ны гэрчилгээг хууль бусаар олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Иймд дээрхи нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамжийг бүхэлд нь, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/55 дугаар захирамжийн “Н*******”СӨХ-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Нэхэмжлэлийг “Н*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал бөгөөд тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №2 дугаар тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Н******* гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Н*******” СӨХ-ны нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар “Н*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Н*******д тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.4-д заасныг баримтлан “Н*******” СӨХ-ны нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамжийг бүхэлд нь, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/55 дугаар захирамжийн “Н*******”СӨХ-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан “Н*******” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

ШҮҮГЧ                                      Д.ОЮУМАА