Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

 

2023 оны 06 сарын 13-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/23                                 Өвөрхангай аймаг

 Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор М.Мөнхтайван

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа

Шүүгдэгч Г.Б

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг  оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн  2226003940336  дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19.. оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн удирдлага мэргэжилтэй, Монголын Цахилгаан холбооны Өвөрхангай аймгийн салбарт борлуулалт үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ..... оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Бузуу овогт Г.Б /РД:...../,

Г.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон супермаркет” нэртэй хүнсний дэлгүүр орчимд байрлах хатуу хучилттай авто зам дээр ..... улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн авто замын явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Б мөргөж зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

Г.Б-гийн үйлдлийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Буузуу овогт Г.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 1393200 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гаас 4473019 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  П.Пын нэхэмжилсэн 6387219 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 521000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон супермаркет” нэртэй хүнсний дэлгүүр орчимд байрлах хатуу хучилттай авто зам дээр ..... улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн авто замын явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Б мөргөж зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 2023/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 2023 оны 02 сарын 17-ний өдрийн 08 дугаартай магадлалыг гаргасан. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн дахин анхан шатны шүүх хуралдаан хийж 2023 оны 05 сарын 02-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 4,473,019 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Пд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримтууд дотор нотлох баримтын шаардлага хангаагүй маш олон баримт байсан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан  учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлоно, эрүүл мэндэд учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бух зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэсэн заалтад хамаарахгүй зардлуудыг хүртэл бүгдийг нотлох баримтын шаардлага хангасан. Иргэний хуулиар шаардах эрхтэй зардлууд гэж дүгнэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай болон хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иргэний хуулийн 510 дугаар заалт нь хүний эрүүл мэндэд биш, эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах шаардах эрх байхаар хуульчилсан.

Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 17-ний өдрийн 08 дугаартай магадлалд заасан “....гэх мэт хохирлууд нь заавал тухайлсан баримт шаардахгүйгээр хэрэгт авагдсан бусад баримтаар тухайн зардал хохирогчоос гарсан болох нь тогтоогдож байхад....” гэсэн дүгнэлтийг шийдвэртээ тодорхойлон бичиж нотлох баримтын шаардлага хангаагүй, иргэний хуулиар шаардах эрх үүсээгүй зардлуудыг бүгдийг нотлох баримтын шаардлага хангаж байна. Уг хохирол нь бүгд гэмт хэргийн улмаас учирсан байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т  заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байвал гэснийг зөрчиж байна.

Шүүгдэгч Г.Бд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн өндөр ял буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг хүнлэг энэрэнгүй байх, хууль ёсны байх зарчим болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Бд торгох ял оногдуулан, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй болон Иргэний хуулиар шаардах эрхгүй хохирлуудыг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П давж заалдах гомдлуудад гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Б.Хандмаа хохирол төлөхгүй гэж байгаа нь хүн чанаргүй хуулиа дээдэлдэггүй хүн юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Энэ хэргийн улмаас миний ахуй амьдралд учирсан хохирол бүхнийг нэхэмжлээгүй. Би хамгийн тоймтой хэсгийг нь нэхэмжилсэн. Миний учирсан хохирлыг анхан шатны шүүх бодитой гаргасан гэж үзэж байна. Хамгийн гол нь миний хүү бүх насаараа гэмтэлтэй амьдрах болж байхад Б.Хандмаа өмгөөлөгч үл тоож байгаад гомдолтой байна. Г.Бд оногдуулсан ял шийтгэлийн хувьд миний хохирлыг төлөөд өгчихвөл надад хүнийг хатуу чанга шийтгүүлэх хүсэл эрмэлзэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шаардлага хангаагүй хохирлын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж шүүгдэгчээс гаргуулахаар, мөн шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан 2022 оны 10 дугаар 10-ны өдрийн 611 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн зүүн хөлийн тавхайн зурагт нэгдүгээр хурууны хоёрдугаар шивнүүр, дунд хэсгээр ташуу хугарсан зөрүүгүй далд хугарал байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 дугаартай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч дүгнэлтдээ 2.3.1-т заасан гэж хүндэвтэр гэмтлийн заалтыг бичсэн боловч түр хугацаагаар гэж бичсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т удаан хугацаагаар гэж заасан. Тийм учир удаан хугацаагаар болон түр хугацаагаар гэж ноцтой зөрүүтэй бичсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол хөнгөн зэрэгт хамаарна. Түр хугацаа гэдгийг харахаар хөнгөн гэмтэл юм шиг, 2.3.1-т заасан гэдгийг нь харахаар хүндэвтэр гэмтэл юм шиг эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байна. Энэ гэмт хэргийн онцлог нь гэмтлийн зэргээс хамаарч зүйлчлэгддэг. Хүндэвтэр гэмтэл гэж тогтоогдсон учир Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэрвээ хөнгөн гэмтэл гэж гарсан бол гэмт хэргийн шинжгүй, Иргэний хуулиар гэм хорын хохирлыг төлүүлэх ёстой байсан. Анхан шатны шүүх үүнийг анзаарахгүй шийдвэр гаргасан байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.17-д доод мөчдийн гэмтэл нь ямар байвал гэмтлийн ямар зэрэгт хамаарах гэдгийг хүснэгтлээд биччихсэн байгаа. Түүний 17 дугаар хэсгийн 115-т эрхий хурууг угийн үеэр нь болон улны шивнүүрийн түвшинд тайрсан бол хөдөлмөрийн чадвараа 10 хувь алдсан гэж үзнэ. Мөн журмын 2.4.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвараа бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан бол хөнгөн зэрэгт хамаарна. Харин мөн журмын 2.3.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тус тус заасан. Иймд  1 дүгээр хурууны хоёрдугаар шивнүүр ясны дунд хэсгээр зөрүүгүй далд хугарал гэх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэж үзэхээр байна.

Хохирлын талаар хохирогч тайлбартаа хохирлоо төлөөгүй гэж хэлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаан болж завсарлаад, шүүгч шийдвэрээ гаргахдаа хохирол 4-н сая гаран төгрөг төлөхөөр шийдвэр гарлаа гэхэд шүүгдэгч Г.Б машинаа зараад хохирлыг нь төлөх үү, 5 хоногийн завсарлага авахад машин нь зарагдах болов уу үгүй болов уу гээд ярьж байсан ч шүүгч шийдвэрүүдээ уншаад хохирол төлөх завсарлага авах завдал олгохгүй эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ хэл гэсэн. Нэгэнт алх цохисон учир бид хоёр хохирол төлөх завсарлага авъя гэж хэлэх боломжгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзэлгүйгээр орхигдуулж, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж Г.Бг гэм буруутайд тооцсон учир Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шинжээч томилуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэв.

Прокурор М.Мөнхтайван шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу Г.Бгаас нийт 4,473,019 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Пд олгохоор шийдвэрлэсэн. Уг 4 сая төгрөгт багтаж байгаа зардлууд нь яалт ч үгүй Г.Бгийн буруутай үйлдлээс болж хохирогч Баясахмөнхийн эрүүл мэнд хохирсноос үүссэн зардлууд гэж үзэж байна. Тиймээс гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байх. Шүүгдэгч 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, торгох ял оногдуулах нь зүйтэй гэсэн тайлбар хэлж байна. Үүнийг логикоор бодоод үзэхээр хохирлын төлбөрийг төлж чадахгүй байж торгох ял авмаар байна гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулахгүй байхад торгох ял оногдуулах боломжгүй гэж үзээд анхан шатны шүүх торгох ялаас өөр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Миний хувьд хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан мөнгөө гаргуулахыг хүсч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд эдийн засгийнхаа гомдлыг ярьж байна. Давж заалдсан гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт шууд эмчилгээний зардлаас бусад зардал хохиролд хамаарахгүй гэсэн агуулгатай зүйлийг ярьж байна. Хохирогч нарын ахуйн нөхцөл байдал энэ хэргээс болж өөрчлөгдсөн. Хөдөө амьдардаг байсан хүн аймагт ирээд, байр түрээслээд, өвөл байсан учир түлш гээд олон зардал гарсан. 10-н өдөр тасралтгүй шархаа боолгоход дандаа такси хөлсөлсөн. Арвайхээр суманд таксины билет олгодог такси гэж нэг ч байхгүй. Нөхцөл байдал ийм байсаар байхад баримтгүй гэдэг. Ингэж болохгүй. Энэ хүн хүүхдээ харахын оронд ажил хийвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ашиг олж л таараа. Эдгээр нөхцөл байдлууд байгаа учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд миний үйлчлүүлэгч гомдолтой байна. Ял шийтгэлийн хувьд хүнийг заавал хүндээр шийтгэнэ гэсэн зүйл байхгүй. Хохирлыг төлчихвөл өөр асуудалгүй байна гэж ярьж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.            

Г.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон супермаркет” нэртэй хүнсний дэлгүүр орчимд байрлах хатуу хучилттай авто зам дээр ..... улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн авто замын явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч Ч.Б мөргөж зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  ...Би энэ хэрэгт гомдолтой байна. Хүү минь авто осолд орсноос болж хүүгийн эрүүл мэнд болон хүүгээ асарч байгаа ээж надад эдийн засгийн ихээхэн хохирол учирсан. Тухайн үед сумандаа байсан. Аргаа бараад аймгийн төвд айлын гэр түрээсэлж өвлийн улирал байсан тул түлээ түлш бэлдэх зардал зөндөө гарч багагүй хугацаа өнгөрсөн. Баярмаа нэг ч удаа утсаар ярьж дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. 6387219 төгрөг нэхэмжилж байгаа. Холбогдох баримтууд хэрэгт авагдсан. Энэ бүгдийг гаргуулж авах хүсэлттэй байна. Миний эдийн засгийн хохирлыг барагдуулж өгвөл надад бас хүнийг уучлах сэтгэл байна. Шүүгдэгч өөрийгөө өрх толгойлсон эмэгтэй гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн энэ хүн өндөр цалинтай алба хашдаг сэхээтэн хүн байна лээ. Би ч мөн ялгаагүй өрх толгойлсон эмэгтэй. Хэрвээ би ийм хүсэлт гаргаагүй байсан бол хүүхдийн мэдээж ойр зуурынхаа хэрэгцээг хангаж ажиллаж амьдарч байх байсан. Гэтэл амьжиргаатай холбоотой нэмэлт зардал гарахаар мэдээж амьдралд хүрэлцэхгүй хүнд байна. Нэгэнт хүүхэд минь эрүүл мэндээрээ хохирсон учраас би бол гомдолтой байна гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.... Би тухайн өдөр өөрийн эмээ болох Чимэгээ гэх хүнтэй хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв талбай орох гээд 09:00 цагийн үед хоёулаа алхаж явж байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Орхон дэлгүүрийн зүүн талд байдаг засмал замаар эмээгийн хамт явган хүний цагаан зураасаар гарч байтал намайг араас нэг машин хурдтай хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд намайг мөргөсөн гэх машины жолооч эмэгтэй хүн бууж ирээд намайг загначихаад яваад өгсөн гэх мэдүүлэг, /хх-ийн 39- 40-р хуудас/

Гэрч Ц.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2022 оны 9 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед би өөрийн ач Ч.Б-ийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв талбай орох гээд алхаж байсан. Тухайн үед бол ач бид хоёр “Орхон” супермаркетын зүүн талд байдаг засмал замаар уруудан алхаж байсан. Тэгээд бид 2 зам гарах гээд явган хүний гарцаар зам гарах гэж явсан. Эхлээд бол урдаас болон хойноос ирж байгаа машин харагдахгүй байсан. Тэгээд Ч.Б надаас түрүүлээд засмал замаар гарч байтал гэнэт хойноос нь нэг цагаан өнгийн автомашин гарч ирээд мөргөх шиг болсон. Тэгээд Ч.Б газар унасан. Би араас нь очоод Ч.Б зүгээр үү гэхэд зүгээр гээд байсан. Тэгээд бид 2 талбай ороод байж байтал барагцаагаар 2 цагийн дараа Ч.Б надад миний хөл өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед бол жолооч нь автомашиныхаа цонхыг онгойлгоод Ч.Б бид хоёрыг болгоомжтой явахад яадаг юм гэж хэлчихээд шууд яваад өгсөн. Тухайн автомашин ямар нэгэн байдлаар дуут дохио, сигнал дуугаргаагүй шууд хүрч ирээд мөргөх шиг болсон гэх мэдүүлэг, /хх-ийн 53-54-р хуудас/

Шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 63, 65-66-р хуудас/

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай Техникийн шинжээчийн “........ улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1- д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-р хуудас/

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 611 дугаартай “...Үзүүлэгч Ч.Б-ийн биед зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ялсны зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-н 24-26-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 2, 12-р хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Буузуу овогт Г.Бг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийж, Г.Б-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Хандмаа нь ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол хөнгөн зэрэгт хамаарна. Түр хугацаа гэдгийг харахаар хөнгөн гэмтэл юм шиг, 2.3.1-т заасан гэдгийг нь харахаар хүндэвтэр гэмтэл юм шиг эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 4473019 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Пд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримтууд дотор нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байхад Иргэний хуулиар шаардах эрхтэй гэж дүгнэн шүүгдэгчээс гаргуулахаар нь шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгчид тухайн зүйл заалтад заасан хамгийн хүнд ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 611 дугаартай ...Үзүүлэгч Ч.Б-ийн биед зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба дээрх дүгнэлтийг үндэслэлгүй дүгнэлт  гэж үзэх боломжгүй. Дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан, гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар байна.  

            Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримт болох эмчилгээний зардал, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлс зэргийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон                                      

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.