| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 128/2024/0509/З |
| Дугаар | 128/ШШ2024/0826 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т*******
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ч*******
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийн ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусад тооцуулах, анхны өмчлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч /хуучнаар ******* ХХК/ Ц******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийн ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусад тооцуулах, анхны өмчлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариу өгч, нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх нь анх 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үүсэж, ******* ХХК-ийн хөрөнгөөр бүртгэгдсэн байсан. Д.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-ийг Ш.Төөс 80 хувийг 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгөөр, Б.Ааас 20 хувийг 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр тус тус худалдаж авсан.
Ингээд ******* ХХК-ийг 100 хувь худалдан авсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-аас ******* ХХК-ийн 41 тоот хүсэлт хүргүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-руу шилжүүлсэн.
Дараа жил нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгөө ******* ХХК-ийн дүрмийн санд бүртгүүлсэн, гэсэн ч хожим Ш.Т өөрийг нь оролцуулалгүй бүртгүүлсэн гэж татгалзаж гомдол гаргасан учир 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тоот дүгнэлтээр дүрмийн сангийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүртгэл хүчингүй болсны үр дагаварт ******* ХХК-аас ******* ХХК-руу Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлсэн.
Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Улсын байцаагчийн шийдвэрээр дахин 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байна.
Тухайн шийдвэрт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасныг 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр хангахгүй шийдвэрлэснийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Дээрх хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулсан бүртгэл нь ******* ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн зүгээс дүрмийн санг 1 сая төгрөг байсан өөрийн ******* ХХК-ийн хөрөнгөөр 218,728,900 төгрөгөөр нэмэгдүүлж, 219,728,900 төгрөг болгосон үйл явдал ба үүнийг 30 хувийн хувьцаа эзэмшигчийн зүгээс эс зөвшөөрч, гомдол гаргасан тул бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тухайн хувь нийлүүлсэн хөрөнгөд бүртгүүлсэн 218,728,900 төгрөгийн 100 сая төгрөг нь дээрх ******* дугаар үл хөдлөх хөрөнгө юм. Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэхэд тухайн үед хөрөнгө хүлээн авагч ******* ХХК-ийг иргэн Д.Д миний бие 60 хувь, Ш.Т 30 хувь, Б.А 10 хувийг тус тус эзэмшдэг байсан.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-иас 14 тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.2 дахь хэсгийг баримтлан/ ******* ХХК-иас 41 тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлийг зөрчиж / тус тус хүсэлт гаргасан байгааг 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг зөрчиж Улсын бүртгэгч бүртгэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Тодруулбал ******* ХХК-аас 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу гурван хувьцаа эзэмшигчтэй ХХК-ийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авсан байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, 47.2 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлүүдийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийн ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* ХХК-аас ******* ХХК-руу шилжүүлсэн буюу ******* ХХК-иас 41 тоот илт хууль бус хүсэлтийг үндэслэн шилжүүлэн авсан бүртгэлийг илт хууль бусад тооцож, анхны өмчлөгч ******* ХХК-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анх 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-д үүсмэл хөрөнгөөр анх бүртгэсэн. Үүнээс 6 жилийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-ийг Ш.Төөс 80%-ийг, Б.Ааас 20%-ийг тус тус Д.Д худалдаж авсан. Үүний дараа худалдах, худалдан авах гэрээ хийснээс жил орчмын дараа буюу ******* ХХК-ийг 100% өөртөө авсны дараа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-аас 14 тоот хүсэлт, ******* ХХК-аас 41 тоот хүсэлтийг тус тус хүргүүлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-аас Лансын Хишиг ХХК-д бүртгүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь тухайн хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-аас Лансын Хишиг ХХК-д бүртгэсэн. Ийм үйл явдал болсон байна. Маргаж байгаа гол үндэслэл нь 2016 оны 12 дугаар сар буюу тухайн үйл явдал болох үед Лансын Хишиг ХХК-ийн хувьцааг Д.Д 60%, Ш.Т 30%, Б.А 10%-ийг тус тус эзэмшдэг байсан буюу бусад хувьцаа эзэмшигч нарыг оролцуулахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлсэн үйл явдал нь илт хууль бус бөгөөд дээрх илт хууль бус хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн газар, хуулийн этгээд хооронд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгосон үйл явдлыг илт хууль бус тооцуулах, үүний улмаас анхны өмчлөгч буюу дээрх хүсэлтийг гаргахаас өмнө байсан ******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагчийн зүгээс хариу тайлбарт дурдахдаа 2016 оны тухайн үйл явдал буюу тухайн бүртгэлийг хийхэд аль аль талаас нь 1 хувьцаа эзэмшигч байсан учраас хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэсэн гэдэг зүйл ярьж байна. Тухайн нөхцөл байдалд Лансын Хишиг ХХК нь 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 хувьцаа эзэмшигчтэй болсон байсан. Бид Монгол Улсын Үндсэн хуулиар өмчлөх эрх гэдэг нь бол туйлын эрх юм. 1992 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуульд иргэний өмчлөх эрх гэдэг зүйлийг хамгаалсан. Гэтэл өмчлөх эрхийн талаар ямар ч тодорхой шийдвэр, тушаал байхгүйгээр хуулийн этгээд хооронд үл хөдлөхийг шилжүүлж байгаа энэ үйл явдлыг илт хууль бус гэж үзэж байгаа юм. 2016 онд бүртгэх ёсгүй бүртгэлийг бүртгэсэн гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн газар мэдүүлэг гаргагч этгээдүүдийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаагүй, зөвхөн өмнө нь өгсөн хүчингүй болсон бүртгэлийн баримт, дүрмийг үндэслэж хүчин төгөлдөр бус шийдвэрээр улсын бүртгэлд бүртгэж илт хууль бус шийдвэр гаргаж ******* ХХК-аас Лансын Хишиг ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтыг илт хууль бус гэж үзэж байна.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо гудамж, тоот үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн этгээд Лансын Хишиг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлэг, хуулийн этгээд Лансын Хишиг ХХК-ийн өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн Лансын Хишиг ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичиг, Лансын Хишиг ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр, ******* ХХК-ийн захирлын тушаал, Лансын Хишиг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Лансын Хишиг ХХК-ийн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн байна.
Дээрх эд хөрөнгө нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Дээрх баримтуудаас харахад мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч /хуучнаар ******* ХХК/ Ц******* ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусд тооцуулах, анхны өмчлөгч ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2.******* ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 440 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлж, ******* ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн.
2.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ******* ХХК-ийн хувьцааг Д.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ш.Төөс 80 хувийг 160,000,000 төгрөгөөр, Б.Ааас 20 хувийг 50,000,000 төгрөгөөр худалдан авч ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Энэ нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлт орсон байна.
2.4.******* ХХК болон ******* ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо гудамж, тоот үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ Лансын Хишиг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Сгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлэг, Хуулийн этгээд Лансын Хишиг ХХК-ийн өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичиг, Төв Магис ХХК-ийн Лансын Хишиг ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичиг, Лансын Хишиг ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр, Төв Магис ХХК-ийн захирлын тушаал, Лансын Хишиг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Төв Магис ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Лансын Хишиг ХХК-ийн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг хавсарган өгсөн байна.
2.5.Улсын бүртгэлийн байгууллага дээр дурдсан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Лансны хишиг ХХК-д шилжүүлэн бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн.
3.Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцуулах, анхны өмчлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
4.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг нэрлэн заасны дотор 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт угаасаа тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэлгүй байсныг ойлгохоор, түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заасан нь эрх зүйн хувьд ялгаатай ойлголт юм.
Тодруулбал, илэрхий алдаатай, тухайн актыг гаргах эрх зүйн үндэслэлгүй, тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч хууль бус болох нь тогтоогдох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгодог.
5.Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх нөхцөл, өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй.
6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтээр “... ******* ХХК-иас ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 05, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон...” бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр энэхүү бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хариу өгчээ.
7.Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө", 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй гэж заасанд нийцсэн талаар эрх бүхий байгууллага шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс маргаагүй.
8.Иймд маргаан бүхий бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бусад тооцох үндэслэлгүй байх тул “... Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсгийг үндэслэн илт хууль бусад тооцуулах, анхны өмчлөгч ******* ХХК-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, “... Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусад тооцуулах, анхны өмчлөгч ******* ХХК-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН