Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Б.Н, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овогт Батсүхийн Х, Чоно долоо овогт Батжаргалын Н нарт холбогдох 1729001110007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х, Б.Н нар нь бүлэглэн, шунахай зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хархан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлаж байсан ”Руншинь Шан” ХХК-ийн эзэмшлийн 17-52 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 11-54 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн машины чиргүүлийн 4 ширхэг дугуйг хулгайлж, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: ”Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, холбогдох баримтууд /хх-н 12-18 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянцэцэгийн: ”...Б.Ууганцэцэг гэж тухайн үед хөтчөөр ажиллаж байсан эмэгтэй компанийг төлөөлж энэ хэрэгт оролцож байсан. Б.Ууганцэцэг нь ажлаасаа гарсан тул намайг энэ хэрэгт төлөөлүүлэхээр компаниас томилсны дагуу би мэдүүлэг өгч байна. Үнэлгээний тайлан болон шинжээч томилсон тогтоолтой танилцлаа. Манай компанийн хохирол бүрэн барагдсан тул хэн нэгнээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Т.Баярмагнайн: ”...2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө би 07 цаг 30 минутад босоод нөгөө 11-54 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээ тойрч хартал чиргүүлийн арын 4 ширхэг дугуйг нь тайлаад хулгайлчихсан байсан. Тэгээд би энэ талаар цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ц18-2 дугаартай үнэлгээчний: “...Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуйны үнэлгээг өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 1,200,000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэсэн тайлан /хх-ийн 33-40 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Хы яллагдагчаар өгсөн: ”манай гэрээс зүүн тийш кабин нь шатсан нүүрсний машин замын хажууд олон хоносон. Тэр үед Цагаан хадны узелээр машины дугуй худалдаж авна гэсэн зар явж байхыг сонссон. Тэгээд тэр машины чиргүүлийн дугуйг хулгайлах санаа анх төрсөн. Тэгээд 12 дугаар сарын 13-ны өдөр Нын хамт нэг шил архи хувааж ууж байхдаа дугуй хулгайлах санааг хэлж, унтаж байгаад үүрээр босож шатсан машины чиргүүлийн 4 дугуйг тайлж аван гэртээ хураагаад унтсан. Маргааш өглөө нь цагдаа нар ирж нөгөө 4 дугуйг хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн: “...Цагаан хаданд найз Хы хамт гэр түрээслэн амьдардаг байсан. Нэг орой Х өглөө нэг ажил байгаа шүү гэж хэлсэн. Би ямар ажлыг нь лавлаж асуугаагүй. Тэр машины чиргүүлээс 4 ширхэг дугуйг тайлж аваад гэртээ авчирч хураасан. Өглөөгүүр цагдаа нар ирээд дугуйг хурааж аваад бид хоёрыг саатуулаад шалгаж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-н 51 дүгээр хуудас/,

Б.Хы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-58 дугаар хуудас/,

Б.Хы гурван талаас харуулсан зураг /хх-н 59 дүгээр хуудас/,

Б.Хы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61 дүгээр хуудас/,

Б.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60 дугаар хуудас/,

Б.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66 дугаар хуудас/,

Б.Нын гурван талаас харуулсан зураг /хх-н 64 дүгээр хуудас/,

Б.Х, Б.Н нарын харилцах банк дахь дансны хуулга, лавлагаа /хх-ийн 72-84 дүгээр хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 87 дугаар хуудас/,

“Руншинь Шан” ХХК-ийн тодорхойлолт /хх-н 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Х, Б.Н нар нь бүлэглэн, шунахай зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хархан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлаж байсан ”Руншинь Шан” ХХК-ийн эзэмшлийн 17-52 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 11-54 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн машины чиргүүлийн 4 ширхэг дугуйг хулгайлж, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хархан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт байрлаж байсан ”Руншинь Шан” ХХК-ийн эзэмшлийн 17-52 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 11-54 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн машины чиргүүлийн 4 ширхэг дугуйг бүлэглэн хулгайлах үйлдлийг шүүгдэгч нар нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

 

Иймд шүүгдэгч Б.Х, Б.Н нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/-н сарын хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/-н сарын хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.Х, Б.Н нар хохиролд 4 ширхэг дугуйг буцаан өгсөн, хохирогч “Руншинь Шан” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянцэцэгийн ”...Манай компанийн хохирол бүрэн барагдсан тул хэн нэгнээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  Б.Х, Б.Н нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монголмууд овогт Батсүхийн Х, Чоно долоо овогт Батжаргалын Н нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

- шүүгдэгч Б.Хд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/-н сарын хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг,

- шүүгдэгч Б.Над хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/-н сарын хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Х, Б.Н нар нь тэнсэгдсэн 6 /зургаан/-н сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай. 

4. Шүүгдэгч Б.Х, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Руншинь Шан” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Х, Б.Н нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Х, Б.Н нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН