Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 308/ШШ2025/00097

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 308/ШШ2025/00097

Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, ** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Дь аймаг, С сум, * дүгээр баг, С.Дын **-* тоотод оршин суух, Б овогт Оийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19**оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, УБТЗ-ын харьяа, С т хт ү ажилтай, Д аймаг, С сум, * дугаар баг, Г з гудамж, *** дугаар байр, *-* тоотод оршин суух, Б овогт Бгийн Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан

Хариуцагч: Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Алгирмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Б хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний хувьд хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргасан учир нь хүүхэд гадуур ямар ч хариуцлагагүй, хараа хяналтгүйгээр архи ууж, хулгай хийгээд, тамхи татаад яваад байгаа сурагтай байгаа учраас өөрийн асрамжид авах саналтай байна. Ээж нь хүүхдэд анхаарал халамж тавьсан зүйл байхгүй байна. Би ер нь хүүхэдтэйгээ уулзаагүй байгаа. Хүүхэд санал дээрээ аавтай хааяа уулздаг, аав намайг загнадаг, аавтай 1 сар байсан гэх мэт худал хэлсэн байна. Надтай хамт нэг жил хамт байсан. Энэ хугацаанд ямар ч гадуур тэнэх элдэв асуудал гаргаж байгаагүй. Ээж нь аваад явснаас хойш янз бүрийн юм сонсогдоод байгаа. Ээж нь хүүхдээ асуудал гаргаад байгааг надад хэлж зүрхлэхгүй байгаа. Ер нь энэ талаар надтай ярилцахгүй, хүүхэд уулзуулахгүй байгаа. Иймд би хүүхдээ өөр дээрээ авах бодолтой байна.

-Б.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож хамт амьдарч байгаа. Түүний хоёр дагавар хүүхэд нь миний хүүхдийг шоглох, хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг байх. Б.Б хүүхдэд анхаарал тавихгүй зөвхөн хүүхдийн тэтгэлгийн мөнгө л авах санаатай байна.

-Би эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, хүүгээ өөрийн асрамжид авч анхаарал тавих хэрэгтэй байна. Тэжээн тэтгэх, сурч боловсроход дэм болох үүднээс өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд нэхэмжлэгч О.Бт хууль эрх зүйн туслалцаа үзүүлж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчөөр оролцож байгаа гол шаардлага бол нэхэмжлэгч нь бичиг, үсэг мэдэхгүй учраас хууль зүйн шаардлагаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн хувьд хүү Хг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт хавсаргагдсан бүхий л нотлох баримт тайлбарыг шинжлэн судлагдаж дүгнэлдлээ. О.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нөхцөл байхгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн хувьд ардаа ам бүл олуулаа буюу нөхөр, дагавар 2 хүүхдийн хамт амьдарч ам бүлийн тоо нэмэгдсэн юм байна. Тэгэхээр энэ том болсон хүүхдүүдийн хоорондын харилцаа, уялдаа холбоо, зан төлөвшил ямар хэм хэмжээнд үнэлэгдэж, дүгнэгдэхийг анхаарах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл О.Бийн хувьд хариуцагчийг хүүхдийн төлөвшил, хүмүүжил, сурлага, сахилга батад ерөөсөө оролцохгүй байна. Хариуцагчид тэтгэмж л хэрэгтэй өөрөөр бол суурь хүмүүжил огт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь огт оргүй зүйл биш байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд ээжийнхээ гэрт байдаг байхдаа нэг жилийн хугацаанд хүүхдээ өөрийн асрамжид байлгасан гэж байна. Гэтэл нэхэмжлэгч эхний тайлбартаа 1 сар гэж байснаа дараа нь шүүгчээс асуухад 2 сар гэж нөхцөл байдлыг бүрхэгдүүлж байна. Ер нь Бгийн дагавар охин буюу эгч нь Хтай тайлбар нийлэмж муу болохоор аавындаа очсон нөхцөл байдал харагдаж байна. Мөн одоо хамтран амьдарч байгаа нөхрийн дагавар охины хувьд Хгаас 1 эгч буюу бараг үе тэнгийн шилжилтийн насны хүүхдүүд байгаа юм. Гэтэл ийм шилжилтийн насны хүүхдүүд нэг дор амьдарна гэдэг ямар нөхцөл байдалд, яаж боломж бололцоотой, тав тухтай нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг бодож үзэх нь шаардлагатай юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тал бүрээс нь үнэлж, дүгнэж шийдэх нь зүйтэй юм. Хүүхдийн саналын хувьд хүүхэд хэдийгээр ээжийнхээ асрамжид байх хүсэлтэй гэж байгаа боловч аав намайг болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлэхээр загнадаг гэсэн нь энэ ч бас хүүхдийн чин санааны чин сэтгэлийн үг гэдгийг эргэцүүлж бодох нь зүйтэй. Нөгөө талаас эхийн хувьд хүү, эцэг хоёрын хоорондын харилцааг ийм хатуу хандлагаар тасалж болохгүй. Ямар ч харилцаа холбоогүй болгоно гэдэг бол хуульд харш шүү гэдгийг онцолж хэлмээр байна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ бичсэн байсан. Хүүхдийг ингэж үндэслэлгүй гүтгэж болохгүй. Одоо хүүхэд маань 15,16 хүрсэн учраас учир байдлаа мэдэж хэний асрамжид байхаа өөрөө мэдэж байгаа. Миний хувьд эмээ дээрээ очихоор бол хэлээд явж байгаарай гэж хэлдэг. Гэтэл өөрөө л үгүй, ярихгүй гээд явдаггүй. Миний хувьд өдий том болсон хүүхдээ ингэ, тэг гэж шахаж шаарддаггүй. Нэхэмжлэгч надтай нэг жил явсан гэж яриад байна. Тухайн үед манай хүүхэд 2024 оны 11 сарын сүүлээр яваад 1 сар болж байсан. Тэр үед нэхэмжлэгчийн ээж нь над руу хотоос хүүхдүүд ирсэн, олуулаа хэцүү байна гэж утсаар ярихаар нь тэгвэл явуулчих гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа хүүхэд маань өөрөө над руу утсаар ярихдаа ээж би гэртээ ирсэн байна. Та намайг ирээд авчхаач гэхээр нь 12 дугаар сар өнгөрөөж очиж авсан. Үүнээс хойш манай хүүхэд дахиж очоогүй. Энэ хугацаанд бол эмээ дээрээ очихоор бол үнэн учраа хэлээд яваарай гэдэг. Манай хүүхэд надаас юу ч нуудаггүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алгирмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүхдээ өөрийнхөө хүсэлтээр аавтайгаа хамт нэг жил амьдарсан гэдэг. Гэтэл хүүхэд өөрийнхөө шүүхэд өгсөн хүүхдийн саналдаа би аавындаа 1 сар амьдарсан. Аавындаа дахин очих сонирхолгүй, ээжтэйгээ амьдрах хүсэлтэй байна гэдгийг илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч хүүхдийг худал ярьж байна. Надтай нэг жил амьдарсан, ээж нь үг зааж өгсөн гэж ярьж байна. Гэтэл хүүхэд одоо 14 насанд хүрчихсэн өөрийн тав тухтай газрыг сонгох эрхтэй. Өөрөөр хэлбэл худал яриад байх шаардлагагүй насанд хүрсэн хүүхэд юм. Бгийн хувьд Д аймгийн Н э ажиллаж байгаад одоо УБТЗ-д ажиллаж сарын 2,000,000 төгрөгийн орлоготой. Одоогоор бол өөрийн гэсэн унаа машинтай боломжийн амьдардаг. Гэтэл О.Бийн хувьд түц буюу 20 мкв талбайтай газарт амьдардаг гэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцөл боломж тааруу, өвөлдөө ажил хийдэггүй, зундаа орлоготой гэдэг талаараа ярьсан. Үүнээс үзэхэд үнэхээр хүүхдийг хажуудаа аваад амьдрахад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хөгжил боломж нөхцөл бүрдсэн, эрүүл аюулгүй, тайван, орчинд амьдрах уу гэдгийг анхаар үзэхээр байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хэдий хүүхэд ааваас тусдаа амьдарч байгаа боловч аав хүний хувьд төрсөн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байгаа болон хүүхдийн тэтгэлэг төлөөгүйгээс гадна өмсөж зүүх, эдэлж хэрэглэх нөхцөл бололцоог хангаж өгдөггүй. О.Б нь хүүхдийн боловсрол хүмүүжилд санаа тавьж сургууль соёл, багштай нь уулзсан зүйлгүй эмээгийнх нь үгээр л ээжийг нь зөвхөн буруутгасан байдалтай байна. Нэхэмжлэгч тайлбартаа мөнгө гуйдаг гэж байна. Гэтэл хүүхдэдээ нэгжний мөнгө өгчхөөд мөнгө өгдөг, хүүхдээ халамжлаад яваад байна гэж ойлгож болохгүй байх гэж бодож байна. Иймд хүүхдийнхээ төлөө сэтгэл санаа тавьж халамжилдаггүй гэж үзэж байгаа учраас өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эх Бгийн асрамжид хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, 0000****** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-2/, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-3/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/,Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-4/, Цагдаагийн газрын албан бичиг /хх-6/, шүүхийг шийдвэр /хх-7-12/, С сумын *-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-4,6/,

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-20/, тайлбар /хх-22/, УБТЗ-ын С т хийн тодорхойлолт /хх-26/, хүсэлт /хх-27/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх-28-29/, хүүхдийн тэтгэлгийн тооцоо /хх30-31/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-35-36/,

Шүүхээс: Хариуцагчийн хүсэлтээр хүүхдээс санал авсан /хх-23-24/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-25/,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч О.Б хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.Үүнд:

... хүүхэд гадуур ямар ч хариуцлагагүй, хараа хяналтгүйгээр архи ууж, хулгай хийгээд, тамхи татаад яваад байгаа сурагтай байгаа учраас өөрийн асрамжид авах саналтай байна. ... Би ер нь хүүхэдтэйгээ уулзаагүй байгаа. Хүүхэд санал дээрээ аавтай хааяа уулздаг, аав намайг загнадаг, аавтай 1 сар байсан гэх мэт худал хэлсэн байна. Надтай хамт нэг жил хамт байсан. Энэ хугацаанд ямар ч гадуур тэнэх элдэв асуудал гаргаж байгаагүй. Ээж нь аваад явснаас хойш янз бүрийн юм сонсогдоод байгаа. Ээж нь хүүхдээ асуудал гаргаад байгааг надад хэлж зүрхлэхгүй байгаа. Ер нь энэ талаар надтай ярилцахгүй, хүүхэд уулзуулахгүй байгаа. Иймд би хүүхдээ өөр дээрээ авах бодолтой байна.

-Б.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож хамт амьдарч байгаа. Түүний хоёр дагавар хүүхэд нь миний хүүхдийг шоглох, хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг байх. Б.Б хүүхдэд анхаарал тавихгүй зөвхөн хүүхдийн тэтгэлгийн мөнгө л авах санаатай байна.

-Би эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, хүүгээ өөрийн асрамжид авч анхаарал тавих хэрэгтэй байна. Тэжээн тэтгэх, сурч боловсроход дэм болох үүднээс өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

3.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:

Хүүхдийг ингэж үндэслэлгүй гүтгэж болохгүй. Одоо хүүхэд маань 15,16 хүрсэн учраас учир байдлаа мэдэж хэний асрамжид байхаа өөрөө мэдэж байгаа. Миний хувьд болд эмээ дээрээ очихоор бол хэлээд явж байгаарай гэж хэлдэг. Гэтэл өөрөө л үгүй, ярихгүй гээд явдаггүй. Миний хувьд өдий том болсон хүүхдээ ингэ, тэг гэж шахаж шаарддаггүй. Нэхэмжлэгч надтай нэг жил явсан гэж яриад байна. Би тэгж хүүхдэдээ худлаа хэлэхийг хэлсэн юм байхгүй. Эгч нь хичээлээ хийсэнгүй гэж загнах асуудал байдаг байх. Манай хүүхэд нэг жил байгаагүй. 2 сарын хугацаанд л байсан байх. Тэр үед нэхэмжлэгчийн ээж нь над руу хотоос хүүхдүүд ирсэн, олуулаа хэцүү байна гэж утсаар ярихаар нь тэгвэл явуулчих гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа хүүхэд маань өөрөө над руу утсаар ярихдаа ээж би гэртээ ирсэн байна. Та намайг ирээд авчхаач гэхээр нь 12 дугаар сар өнгөрөөж очиж авсан. Үүнээс хойш манай хүүхэд дахиж очоогүй. Энэ хугацаанд эмээ дээрээ очихоор бол үнэн учраа хэлээд яваарай гэдэг. Манай хүүхэд надаас юу ч нуудаггүй гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Б.Б нар нь хамтран амьдарч байх хугацаандаа төрүүлсэн байна.

Б.Б хүү Хг өөрийн асрамждаа авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлж байгаа.

Мөн түүнчлэн эцэг хүн үүргээ биелүүлэхэд хүүхдийн хаана оршин сууж байгаагаас үл хамаарч эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болох шалтгаан болохгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эх Б.Бгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ