Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 13

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч С.Ж- Хохирогч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-т холбогдох 1823000000008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд 1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт оршин суух хаягтай, урьд нь Завхан аймгийн Шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Сартуул овогт С-ийн Ж.

Шүүгдэгч С.Ж- нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Сартуул овогт С-ийн Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутагт байрлах Баруун бүсийн худалдааны төв дотор “өвсний мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Д.Б-тэй маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь С.Ж-т зодуулсан гэж мэдүүлсэн хохирогч Д.Б-гийн “ 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө... Ж- эхнэртэйгээ орж ирээд өвсний үлдэгдэл мөнгөө авмаар байна гэтэл манай эхнэр танайх жаахан өвс өгсөн... одоо танайд мөнгө өгөхгүй гээд маргалдсан... би түй май гэж хэлсэн. Тэр үед Ж- над руу дайраад миний завьж руу гараа хийгээд хойш нь түлхсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч А.Алтанцэцэгийн “ Маргалдаж байхад Ж- манай нөхрийг согтуу пизда гэхээр нь манай нөхөр май чи гэж хэлсэн.Тэгээд тэр хоёр барьцалдаад Ж- нь манай нөхрийн нүүрнээс нь базаад завьжнаас нь зуураад цусыг нь гоожуулсан...” гэсэн мэдүүлгээр, Д.Б-, С.Ж- нарыг зууралдсан байхад нь салгаж холдуулсан талаар мэдүүлсэн гэрч Г.Э-ын “... Б- ах нэг залуутай зодолдсон бололтой нүүрнээс нь цус гарчихсан байдалтай маргалдаад зогсож байсан... Тэгээд дахиад зодолдох гэхээр нь би очоод Ж- гэдэг хүнийг татаад тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлгээр болон Н.И-ын мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч С.Ж-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 201820045 дугаартай шинжээчийн “ Иргэн Д.Б-гийн биед баруун хацрын төвгөр, зүүн шанаанд зулгаралт гэмтэл, доод эрүүний зүүн 3 дугаар шүдний 4 дүгээр зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Д.Б-гийн биед учирсан баруун хацрын төвгөр, зүүн шанаанд зулгаралт гэмтэл, доод эрүүний зүүн 3 дугаар шүдний 4 дүгээр зэргийн хөдөлгөөн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч С.Ж- нь худалдаж авсан өвснийхөө үнийг төлсөнгүй, урдаас салаавч гаргалаа гэсэн хувийн сэдэлтээр хохирогчийг буруутган улмаар хохирогчийн нүүрэнд гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. С.Ж- нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч С.Ж-ын иргэн Д.Б-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд С.Ж-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Д.Б- нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч С.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. С.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт С-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Ж-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 / дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Ж-т оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Ж- 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч С.Ж-т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн Samsung S-2 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5/ 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ