| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0157/З |
| Дугаар | 128/ШШ2024/0830 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ч*******
Yэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н*******
Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б*******
Гуравдагч этгээд: Ж.Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э*******, нэхэмжлэгч Х.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Х.Ч*******ийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэжээ.
1.2.Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг ... томилсон шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар тус тус Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлсэн байна.
1.3.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа:
“2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалт орж нийт ,20 оноог авсан тул тус албан тушаалд томилогдох үндэслэлийг хангасан.
Дээрх шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилуулахаар нэр дэвшүүлж, уг албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эд санал болгосон.
Тус салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 12.10-д заасан шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг холбогдох байгууллагуудаас нь авч нэр дэвшигчдийг томилсон шийдвэрийн хамт 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дотор ирүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эд мэдэгджээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангаагүй тул 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилж, томилсон шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлэхийг дахин хүргүүлсэн байдаг.
Гэтэл Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь өнөөдрийг хүртэл тогтоолын хэрэгжилтийг хангаагүй намайг томилсон шийдвэрийг гаргахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгч миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөөр байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хууль бус эс үйлдэхүйн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж, гомдол гаргасан ба миний гомдлын хариуг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15/03 дугаар албан бичгээр “... Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан оролцогч Х.Ч******* таны салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор томилуулахаар нэр дэвшүүлж, тогтоолыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн юм.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/2060 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж болон иргэн Ж.Б*******гийн гаргасан гомдол маргааны асуудлаар Нийслэл дэх салбар зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, ... ******* дугаар тогтоолыг хэвээр үлдээж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт чиглэл болгохоор шийдвэрлэсэн. Салбар зөвлөлөөс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилж, томилсон шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлэх тухай дугаар албан бичгийг хүргүүлсэн хэдий ч тогтоолыг хэрэгжүүлээгүй байна" гэж хариуг өгсөн.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дээрх хариугаар нэхэмжлэгч миний гомдол шийдвэрлэгдэж, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг
сонирхол хамгаалагдах нөхцөл бүрдсэн боловч хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хууль бус эс үйлдэхүй гаргаж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилох шийдвэрийг гаргахгүй эрх, ашиг сонирхлыг маань зөрчсөн хэвээр байна.
Би тухайн байгууллагад 2005 оноос хойш 20 жил ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр гаргаж, сонгон шалгаруулалтын дагуу би ,2 оноогоор томилогдох болсон. Түр орлон гүйцэтгэгч Н.С, Э.Н нар шалгалтад ороогүй. Ж.Б******* бид 2 шалгалтад орсон. Би өрсөлдөгчөө давуу байдлаар ялсан. Иймд хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилсон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Х.Ч*******ийг томилохоор санал болгосон Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ******* тоот тогтоол нь үндэслэлгүй учраас томилохгүй байгаа юм гэсэн агуулга байхгүй. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаан 3 шатаар шийдэгдсэн. Одоо Ж.Б*******гаас гадна 2 хүн яриад байна. Н.С, Э.Н 2 хоёулаа түр орлон гүйцэтгэгч. Сонгон шалгаруулалт хуулиараа явагдах боломжгүй, сонгон шалгаруулалт явагдаагүй үед төрийн үйлчилгээний албыг тасралтгүй явуулах үүднээс сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгэгч томилоод явж байсан. Э.Нгийн иргэний хэргийн маргаан байгаа гэж тайлбарлаад байна. Хэрвээ байгаа бол хариуцагч болон гуравдагч этгээдүүд үүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөөд энэ талаар тайлбар хэлэх хэрэгтэй. Гэтэл энэ талаар нэг ч баримт байхгүй байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад үзэхэд 2 зүйл маш тодорхой болж байна. Нэгдүгээрт томилохыг хариуцагчид даалгаад байгаа ажлын байран дээр Нийслэлийн салбар зөвлөлөөс албан ёсоор сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд оролцсон. Эдгээрээс нэхэмжлэгч Х.Ч******* шалгарч тэнцсэн. Х.Ч*******ийг санал болгохоор хариуцагч эс үйлдэхүй гаргаж томилохгүй татгалзаад байгаа нөхцөл байдал үүсэж байна.
Татгалзаж байгаа процессыг харахаар эхлээд Нийслэлийн салбар зөвлөл санал болгох А/506 дугаар тушаал явуулаад байхад томилохгүй болохоор нь тогтоолын хэрэгжилтийг ханга гэсэн албан бичиг хүргүүлэхээр томилохгүй, ямар ч хариу өгөөгүй. Гэтэл Х.Ч******* томилж өгнө үү гэж хандахад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/121 дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлдэг.
Үүнээс томилохгүй байгаа эс үйлдэхүйн үндэслэлийн агуулгыг олж харж байгаа юм. Үүнд нь Ж.Б******* сонгон шалгаруулалттай холбоотой маргаан үүсгээд явж байна. Уг маргааны явцад актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан тул Х.Ч*******ийг томилж чадахгүй байна гэдэг хариу өгдөг. Ж.Б*******гийн хэргийг хянан шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага үүсээд Ж.Б*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Х.Ч******* гуравдагч этгээдээр орж маргаан үргэлжлээд явсан. Бид тэвчээртэй хүлээсэн. 3 шатны шүүхээр явж дууссан. Уг захиргааны хэрэг дууссаны дараа хариуцагчийн албан тоотоор Х.Ч*******т өгөөд байгаа, томилж чадахгүй байгаа шалтгаан арилсан. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаан Ж.Б*******, Х.Ч******* нарын хооронд л өрнөсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа эс үйлдэхүй үргэлжилсээр байна. Эдгээр нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагч томилохгүй байгаа эс үйлдэхүйтэйгээ холбоотой хариу тайлбар гаргаж өгөхгүй байгаа. Яагаад гэвэл шалтаг болгох үндэслэл байхгүй. Өгдөг ганц зүйл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлье гэсэн зүйл хэлдэг.
Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн албаны ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхээр нэг мөр мухарлагдаад шийдвэрлэгдсэн энэ хүрээнд П.Эы хуулиар хүлээсэн үүргийг биелүүлж, сонгон шалгаруулалтын үр дүнд томилогдсон А/******* дугаар тогтоолоор санал болгосон Х.Ч*******ийг уг албан тушаалд томилохыг даалгасан шийдвэрийг шударгаар гаргаж, нэхэмжлэгчийн хохирсон эрхийг сэргээж өгнө үү.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Иргэн Х.Ч*******ийн шүүхийн маргаанаас гадна Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд байсан иргэн Э.Нгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан, тус төвийн дарга байсан иргэн Ж.Б*******гийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороогоор орсон захирамж гарсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл өгсөн. Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд гурван иргэний маргаан анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэг албан тушаал дээр гурван хүн байх боломжгүй юм” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1.Гуравдагч этгээд Ж.Б*******гийн өмгөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал дээр нийт 4 иргэний асуудал яригдаад байна. Нэгдүгээрт Э.Н нь шүүхийн шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн газрын даргаар томилогдсон. Гэтэл дахиад Ж.Б******* мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаал дээр томилогдохоор шүүхийн маргаантай байгаа. Мөн Х.Ч******* маргаантай байгаа. Мөн н.С гэж хүн байгаа юм. Тухайн энэ хэрэг маргааныг хянан хэлэлцэхэд зайлшгүй эдгээр иргэдийн эрх ашиг хөндөгдөж таарна. Энэ хүмүүс дараа нь бидэнд мэдэгдэхгүй Х.Ч*******ийг томилсон байна гэж маргаан үүсэх байх гэж бодож байна. Тиймээс энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул шүүх хуралдааныг хойшлуулаад бие даасан гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг захиргааны хэргийг үүсгээд хэлэлцэж байх хугацаанд Ж.Б******* тухайн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалттай холбоотойгоор шүүхэд маргаан үүсгэсэн. Тухайн хэрэг маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байсан учраас Х.Ч*******той холбоотой тухайн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжгүй байсан талаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуг Х.Ч*******т илэрхийлсэн байна. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Яагаад гэвэл тухайн хүнийг албан тушаал томилох болон сонгон шалгаруулалттай холбоотой маргаан байсан учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй. Тухайн нөхцөл байдал 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б*******гийн хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцэхээс татгалзсанаар маргаан дууссан юм. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш Х.Ч******* Нийслэлийн эрүүл мэндийн газарт тухайн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх талаар хандаагүй. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын эс үйлдэхүй гэж үзэхэд хүндрэлтэй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас тухайн үед анх хүсэлт гаргахад шүүх дээр маргаан явж байгаа учраас биелүүлэх боломжгүй байгаа талаар хариу тайлбар өгсөн. Энэ маргаан дууссан байхад нэхэмжлэгч өөрөө Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Ч*******оос Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргажээ.
2.1. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад нийт ,20 оноогоор тэнцэж тус албан тушаалд томилогдох үндэслэлийг хангасан.
2.2.Дээрх шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эд хүргүүлсэн.
2.3.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд намайг томилсон шийдвэрийг гаргахгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан.
3.Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “... Эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд тавигдах мэргэжлийн индексийг 0912 анагаах ухаан, 0917 уламжлалт анагаах ухаан, 0988 нийгмийн эрүүл мэндийн мэргэжил эзэмшсэн хүнийг мэргэжлийн шаардлага хангаснаар тооцох”-оор шийдвэрлэсэн байна. /х.х 128-131/
3.1.Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай комиссын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тайланд “...эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон 26 иргэнийг сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцсоны дотор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцсон Х.Ч******* ,2 оноогоор 1 дүгээрт, Ж.Б******* нь ,4 оноогоор 2 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн” гэжээ. /х.х 132-134/
4.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилуулахаар нэр дэвшүүлж,тус зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт түүнийг томилохыг санал болгон хүргүүлж, 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн дугаар албан бичгээр тогтоолын хэрэгжилтийг хангахыг даалгажээ. /х.х 8-10/
5.Хариуцагчаас Х.Ч*******ийг томилохгүй байгаа шалтгаанаа “...Ж.Б******* сонгон шалгаруулалттай холбоотой маргаан үүсэж, маргааны явцад актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан...” гэж тайлбарлах боловч Ж.Б*******гийн нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШЗ2024/0346 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2024/0084 дүгээр тогтоолоор хүчингүй болсон. /х.х 44-46, 114-118/
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолын биелэлтийг шүүх түдгэлзүүлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, уг акт хэвийн үйлчлэлтэй хэвээр үлдсэн тул шүүх түдгэлзүүлснээс биелүүлэх боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
6.Түүнчлэн тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0175 дугаар шийдвэрээр Ж.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2024/0084 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Ж.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр болжээ.
7.Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Х.Ч*******ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолыг хуульд нийцсэн гэдгийг тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь Х.Ч*******ийг томилохоос татгалзаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
8.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.,” 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.”, 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно.”,
27 дугаар зүйлийн 27.1.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”
27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно.” гэж заасныг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга зөрчиж, Х.Ч*******ийн томилохоос үндэслэлгүйгээр татгалзсан нь тогтоогдож байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Ч*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Ч*******ийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохгүй байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Ч*******ийг уг албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Ч*******ийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохгүй байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Ч*******ийг уг албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН