Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02336

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/02656 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан засварын зардал болон ажлын хөлсөнд 6 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, түрээсийн гэрээний үүрэгт 9 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б-тай тохиролцон 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Драгон худалдааны төвийн 1 давхрын Наран зоогийн газрыг сарын 4 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Ингээд тухайн газар зоогийн газрын зориулалтаар ашиглах тул засвар шаардлагатай болсон. Засварын материалын зардал 5 000 000 төгрөг болсон ба үйл ажиллагаа явуулж эхлэх үед замын хөдөлгөөн хаасан шийдвэр гарч хөл хөдөлгөөнгүй болсон. Замын хөдөлгөөн нээхэд мөн ажлаа эхлүүлсэн чинь Д.Б- нь сар бүрийн түрээсээ байнга урьдчилж нэхэх, хамгаалагч нараараа хаалга хаалгах зэргээр дарамталж эхэлсэн. Гэрээ байгуулах талаар хэлэхээр шууд эхэлж мөнгөө урьдчилж төл гэсэн шаардлага тавих болсон. Мөн бусдад түрээслүүлэхээр зар тавих, хүн дагуулан орж ирээд үзүүлэх зэрэг зүй бус үйлдлүүд гарган үйл ажиллагааг маань доголдуулах болсон. Анх тохиролцохдоо сар сардаа түрээсээ авна гэсэн боловч одоо урьдчилж түрээс нэхдэг болсон. Байгаа мөнгөө өг 8 000 000 төгрөг өг гэж удаа дараа дарамтлаад эхэлсэн. Цайны газрыг түрээслэхээ зогсоож, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хаалгаа бүрэн хаасан. Миний бие нь энэ хүнтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй ч түрээсээ төлөөд, засвар үйлчилгээ хийгээд явж байсан байтал одоо хүний газрыг тохижуулж өгөөд, өөрөө хөөгдөн хохирох болоод байгаа тул Д.Б-гаас материалын зардал 5 000 000 төгрөг, засварын ажлын хөлс 1 100 000 төгрөг, нийт 6 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг биш харин сарын 6 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Мөн ямар нэгэн байдлаар Б.О-ийг дарамтлах, хугацаанаас нь өмнө түрээсийн төлбөр нэхэх, гэрээ байгуулахаас татгалзсан зүйл огт байхгүй. Харин Б.О- болон түүний нөхөр нь бусдад ломбард ажлуулах зорилгоор түрээслэх гэж байсан обьектыг зоогийн газраар ажиллуулна, бид яг ийм газар хайж байсан юм, бид энэ газрыг түрээслэх хүсэлтэй байна, бидэнд мөнгө байгаа гэх зэргээр ярьж гуйсаар байгаад түлхүүр аваад явсан юм. Гэвч Б.О- болон түүний нөхөр нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь өгөхгүй хоцроож, хойшлуулж өгөхийг байнга гуйж, одоо яг өгнө гэх зэргээр хариуцагч Н.Б надад худал хэлдэг байсан бөгөөд түрээсийн гэрээн дээр огт зурахгүй байсан. Сүүлдээ үйл ажиллагаа нь хэвийн явж байсан хэдий ч түрээсийн төлбөрийг бүр өгөхөө больсон. Хариуцагч Д.Б-гийн зүгээс түрээсийн төлбөрөө төлөөч, ирээд гарын үсэг зураад гэрээгээ байгуулж баталгаажуулаач гэх хүсэлт, шаардлагыг бусдаар дамжуулан, өөрөө ч маш олон удаа хэлсэн байдаг. Сүүлдээ утсаар ярих болгонд худал хэлж түрээсийн төлбөрийг нэг нэгэн рүүгээ түлхэж, нэг бол манайх машинаа зарж байгаа удахгүй өгнө гэх зэргээр байнга худал хэлсээр ирсэн. Би түрээсээ нэхэж очдог, байсан, дарамталсан зүйл байхгүй, одоо тус газар өөр байгууллага үйл ажиллагаа явуулж байна, дотор нь байсан нэхэмжлэгчийн эд зүйлийг бүрэн хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь тухайн обьектыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны хүртэл 30 хоног, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 30 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 9 хоног нийт 69 хоног түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байсан. Ийнхүү үйл ажиллагаа явуулж байнгын орлого олж байсан хэдий ч түрээсийн төлбөрийг бараг л огт төлөхгүй байсан. Нийт 13 800 000 төгрөг төлөхөөс ердөө 4 000 000 төгрөг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Драгон төвийн хүнс барааны захыг түрээслэн авч дамжуулан түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу ажилладаг билээ. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50 м.кв талбайг Өндөр гэх нэртэй ломбардад түрээслүүлэхээр харилцан тохиролцож маргааш нь орно гэж байтал миний таньдаг Бат-Од гэх залуу би танай байрлалд зоогийн газар ажиллуулах санаатай байр олж чадахгүй байсан юм. Энэ байраа та надад өгчих гэж гуйсаар байгаад Өндөр ломбардыг болиулж оронд нь орохоор болсон. Ингээд Бат-Одын эхнэр гэх Б.О-тэй гэрээ байгуулахаар болсон. Гэвч Б.О- нь гэрээ байгуулахаас зайлсхийсээр өдийг хүрч ийм байдалд хүрлээ. Ийнхүү нэг сарын төлбөрийг 6 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож тэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч түрээслэн авсан эхний сараасаа түрээсийн төлбөрөө хоцроож асуудал дагуулах болсон. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээгээ байгуулаад 6 000 000 төгрөгөө аваад ир, тэгээд гэрээгээ бичгээр байгуулж гарын үсгээ зурцгаая гэсэн боловч за гэж гараад ирэхдээ 2 500 000 төгрөг аваад үлдсэнийг нь дараа нь өгье гэсэн. Ингээд түрээсийн төлбөрөө өгөхгүй, байнга нэхүүлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 69 хоног манай байранд үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан. Гэвч энэ хугацаанд нийт 13 800 000 төгрөгийн төлбөр төлөхөөс 4 000 000 төгрөг төлж үлдэгдэл 9 800 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд Б.О-ээс үлдэгдэл түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зоогийн газрыг анх согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй болохоор паб, кафе чиглэлээр ажиллуулахаар ярилцаж байсан ба тусгай зөвшөөрөлтэй учраас 6 000 000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж байсан. Гэтэл улсын онцгой комиссын шийдвэрээр паб ажиллах боломжгүй болсон ба согтууруулах ундааны зүйл худалдаалах тусгай зөвшөөрөл гараагүй. Тиймээс зоогийн газрын зориулалтаар ажлуулах болсон бөгөөд түрээсийн төлбөр сарын 4 000 000 төгрөг байхаар тохиролцсон түрээсийн төлбөрт нэхэмжлэгчээс нийт 4 000 000 төгрөг өгсөн бөгөөд түрээсийн үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бүрэн зогсож, гэрээг цуцалсан тул энэ хүртэл хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Хариуцагч сарын түрээсийн төлбөрийн 6 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бид 4 000 000 төгрөгөөр тохиролцсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-д холбогдох 6 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн дагуу Б.О-ээс 4 933 333 төгрөг гаргуулж Д.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4 866 667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 112 550 төгрөг, хариуцагчаас төлсөн 171 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Н.Одгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 93 883 төгрөг гаргуулж Д.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр шудрага бус, хэт 1 талын эрх ашигт тулгуурласан шударга бус гарсанд гомдолтой байна. Хариуцагч Д.Б- нь гэрээ байгуулахгүй байгаа болон анх тохирсноос илүү мөнгө нэхэх болсон зэргээс шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл шүүгч хариуцагч тал түрээсийн төлбөрөө нэхэн гэрээг цуцалсан хэмээн хэт нэг талыг барин дүгнэсэн нь шудрага бус байна. Мөн гэрээ байгуулсан болон цуцлагдсан хугацааг нэхэмжлэгч тал гэрээ 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэж маргадаг гэжээ. Бидний зүгээс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн мөнгөний урьдчилгаа хийсэн ба хариуцагчтай 15 хоногийг засварын хоногт тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд засвар үйлчилгээ дуусаж үйл ажиллагаа эхэлсэн талаар хэлдэг. Гэтэл шүүгч өөрийн үзэмжээр 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэж буй нь учир дутагдалтай байна. Хариуцагчийн зүгээс хууль гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс маргаан гарч, гэрээ цуцлагдсан байна гэж шүүгч дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн анх тохирсон гэрээний дүнгээс давсан түрээсийн төлбөр буюу 4 000 000 төгрөгөөр тохирчихоод 6 000 000 төгрөг нэхэмжилсэн, үйл ажилла.аа эрхлэх боломжийг хязгаарлан хаалга үүд хаалгасан, үйл ажиллагаа зогсоосон зэрэг үйлдлүүдийг огт харж үзэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд ихэд гайхаж байна. Мөн хөлсөлж авсан эд хөрөнгийг засаж сайжруулахдаа түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсан нь тоггоогдоогүй гэж дүгнэжээ. Гэтэл үүн дээр зөвхөн хариуцагч Д.Б-гийн надаас зөвшөөрөл аваагүй гэх үгээр л дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдлыг бодитоор харах боломжгүй болгосон. Үүнээс үүдэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэх боломжийг хязгаарласан дүгнэлт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан засварын зардал болон ажлын хөлсөнд 6 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээний үүрэгт 9 800 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зоогийн газар түрээслэхээр харилцан тохиролцож, хариуцагч Д.Б- нь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, /18073/, Москвагийн гудамж, Драгон худалдааны төвийн 1 давхарт байрлах Наран нэртэй зоогийн газрыг нэг сарын 4 000 000 төгрөгөөр түрээслүүлэх, нэхэмжлэгч Б.О- нь тус газрыг зоогийн газрын зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.О- нь түрээсийн зүйлийг зоогийн газрын зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагджээ. Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие тус зоогийн газарт 5 000 000 төгрөгийн засвар хийсэн, мөн ажлын хөлсөнд 1 100 000 төгрөг, нийт 6 100 000 төгрөг зарцуулсан боловч хариуцагч Д.Б- нь хугацаанаас нь өмнө түрээсийн төлбөрөө нэхэх, хамгаалагч нараар хаалга хаалгах зэргээр хүндрэл учруулж, түрээслэхээ больсон тул 6 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол хариуцагч татгалзалдаа түрээсийн зүйлийг өмнө нь зоогийн газрын зориулалтаар ашиглаж байсан тул засвар хийх шаардлага байгаагүй, мөн ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч Б.О-д хүндрэл учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар, буцаан шаардах эрхэд хамаарах түрээсийн гэрээний зүйл болсон эд хөрөнгийг засварлахад гарсан зардлаа шаардах эрхтэй боловч талууд түрээсийн зүйлийг хүлээлцэхдээ акт үйлдээгүй, анх ямар байдалтай байсныг засвар хийж өөрчилсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн баримтууд болон гэрэл зургууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна тус баримтуудад үндэслэн, нэхэмжлэгч Б.О-ийг түрээсийн зүйлд 5 000 000 төгрөгийн засвар хийж, бусдад 1 100 000 төгрөгийн ажлын хөлс төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журамд нийцүүлэн нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд түрээсийн гэрээ байгуулагдсан болон цуцлагдсан цаг хугацааны талаар талууд маргаж байх боловч 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцож, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан баримтыг хариуцагч нь шүүхэд гаргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түрээсийн гэрээ байгуулагдсан болон цуцлагдсан цаг хугацааг дээрх хугацаагаар тооцох нь зүйтэй.

 

Иймд 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 50 хоногийн түрээсийн төлбөр 6 666 650 төгрөг /4 000 000 сарын түрээс : 30 хоног = 133 333, 133 333 х 50 хоног = 6 666 650/-ийн үүрэг нэхэмжлэгч Б.О-д үүссэн байна. Үүнээс нэхэмжлэгч Б.О- нь 4 000 000 төгрөгийг хариуцагч Д.Б-д төлсөн болох нь Улаанбаатар хотын банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд нийт 6 666 650 төгрөгийн үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дах хэсэгт зааснаар үүссэн бөгөөд төлсөн 4 000 000 төгрөгийг хасвал 2 666 650 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

167 167.1.2- заасныг :

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/02656 дугаа шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гаас 6 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-ээс 2 666 650 төгрөг гаргуулан, хариуцагч Д.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 7 133 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 112 550 төгрөг, хариуцагчаас төлсөн 171 750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ээс 57 616 төгрөг гаргуулан, хариуцагч Д.Б-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 ах зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ