Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

 

2023 оны 06 сарын 21-ний өдөр                                             Дугаар 2023/ДШМ/25                                                      Өвөрхангай аймаг

С.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                           Прокурор Д.Ганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Л.Батжав, Ж.Нарантуяа, Б.Билгүүн,

           Шүүгдэгч С.Э,

                                            Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр С.Э-д холбогдох эрүүгийн 2026000590230 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Э, РД: /......./,

С.Э нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 42-01 тоотод эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлд нь байсан иргэн А.Б-г байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Чонс овгийн С.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс: Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2026000590230 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Чонс овгийн С.Эг цагаатган, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 01 ширхэг халаадны бүс, 01 ширхэг алаг эрээн олс, 01 ширхэг даавууны хэлтэрхий, гутлын үдээс, 01 ширхэг хүрэн өнгийн дэвтэр, 01 ширхэг ногоон өнгийн дэвтэр, 01 ширхэг цэнхэр эрээн өнгийн дэвтэр зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Э нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдаж, цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Түвшинтөр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баярчимэг нь эрүүгийн 2026000590230 дугаартай С.Эд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2026000590230 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Чонс овгийн С.Эг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

С.Э нь 2018 оноос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... дугаар багийн нутагт, хүнс барааны зах дотор байрлах Түшиг худалдааны төвийн 1 давхарт байрлах өөрийн эзэмшлийн алт, мөнгөн эдлэл худалдаалдаг лангуун дээр худалдагчаар ажиллаж эхэлсэн А.Б-г 2019 оны 09 дүгээр сард “орлого оруулсангүй” гэсэн шалтгаанаар хөл рүү нь өшиглөсөн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “миний эд хөрөнгийг зарж, үрээд дуусгачихлаа” гэсэн шалтгаанаар хөл рүү нь өшиглөх зэргээр зодсон, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцаатай байх хугацаандаа “орлого хийхгүй байна, миний эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэсэн шалтгаанаар сэтгэл зүйн байнгын дарамтад байлгасан, энэ нөхцөл байдал нь А.Б-г гарцаагүй амиа хорлоход хүргэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ын “...Түшиг төвийн лангуунд суух хугацаандаа Э гэх эзэнд нь их дарамтлуулж байснаас амиа хорлоход хүрсэн байх гэж бодож байна. Надад цагдаа дээр шалгагдаж байна лангууны юмнуудыг ломбардад тавьчихсан чинь шалгуулаад байна. Мөнгө олмоор байна гэж нэг удаа ярьсан. Би очих уу гэхэд одоохондоо яах юм энд ирээд бөөн хэрүүл дундуур гэж хэлсэн. Надтай Э хүүхэн дарамтлаад хэцүү байна, цалин хөлс өгөхгүй байна гэж 2019 оны 11 дүгээр сард ярьж байсан. Манай охин ер нь л цалин өгөхгүй байна гэж 2019 оны 8 сард аймагт ирэхэд л хэлж байсан. Би яадаг юм ажлаасаа гараач гэж хэлэхэд Э хүүхэн гаргахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын “... 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 01 цагийн үед Э эгч намайг гэртээ ганцаараа унтаж байхад нөхөртэйгөө орж ирсэн. ...ээжийг асуухаар нь найзуудтайгаа гадуур яваа гэхээр элдэв янзаар хэлж аашилж загнадаг болохоор ээж эхлээд очиж яваа шүү намайг эмнэлэгт хүн харж байгаа гээд хэлчихээрэй гэхээр нь эмнэлэг дээр байгаа гэж би хэлсэн. Тэгээд Э эгч ээж рүү яриад хаана байгаа юм байгаа газар чинь очоод алаад хаячихна шүү хурдан орлогын мөнгө тушаагаадах гэж ярьсан. Тухайн үед 01 цаг 20 минутын үед байсан. Тэгээд 5 минут орчим болоод ээж гэрт ороод ирсэн. Тухайн үед Э эгч ээжийн утсыг орон дээр ил орхиод явсныг нь кодыг нь гаргуулаад утсыг нь үзэх гээд машин руугаа орсон. Тэр үед ээж зөрж орж ирж таарсан. Ээж орлогын мөнгийг нь тушаана гээд гараад явсны дараа Э эгч гэрт ороод ирсэн. Ээж ч удаагүй буцаад ороод ирсэн. Ээж яасан бэ хө гээд ороод иртэл нөхөр нь босонгуутаа шууд үсдэж аваад багалзуур шахаж орны толгойг мөргүүлсэн. Э эгч хөлөөрөө өшиглөж цохиод байхаар нь би ээжийг зодохыг болиулах гээд ээжийг тэвэрсэн тэгээд ээж та нарт алуулж байхаар өөрийнхөө амийг хорлочихсон дээр гээд хутга авсан. Батсайхан ахын найзууд гээд хоёр хүн хамт байсан, тэр хоёр нь тал талаас нь бариад ээжийн хутгыг нь тавиулах гээд оролдсон. Тэр үед Э эгч хутганы үзүүрт гараа зүсүүлсэн тэгээд ээж за би хутгыг нь тавилаа гээд иртэй хэсэг болон иш хоёроос нь хоёр гараараа барьсанаа тавьсан. Тэр хутга ир муутай хутга байсан. Тэгээд хутга тавьсаны дараа Э эгч цагдаа дуудаад цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаад Э эгч энэ залилангийн хэрэгтнийг баривчил одоо даруйхан авч яв гээд байсан. Тэгээд хоёр хоногийн дараа Э эгч урьд нь лангуун дээр нь суудаг байсан Дашка эгчтэй нэг танихгүй портерын эзэн гэх ахтай ирээд гэр дотор лангууны барааны ломбардны бичиг хайж хөшигний хоолой авдар энд тэндгүй юм ухаад байсан. ... 2 модон шинэ ор, том дэлгэцтэй зурагт, жимс холигч, хөлдөөгч, ээжийн ээмэг бөгжний хэрэглэл, том сур, морины модон хусуур, хусууртай адилхан нэг зүйл, том урт ташуур, цахилгаан дрилл зэргийг аваад явсан. Дараа ирэхдээ би танай байшин дотор байгаа юмнуудаас авна гээд Э эгч хэлж байсан. Эд зүйл ачсаны дараа ээжийг Энхтуяа хамт яв, ...... дээр тооллого хийнэ гэхэд яах юм одоо хүн амьтан ороод ирвэл нүдний булай болно. Би гэрийн юмыг янзалъя гээд үлдсэн. Маргааш ирээрэй гээд явсан. Э эгч их ааштай чамайг сууснаас хойш орлого орохоо болилоо гэж их загнаж хараадаг байсан. Лангуун дээрээ ирэх болгондоо ээжийг загнадаг, ээжийг ганц нэг хувцас авахаар чи энийг юугаар авсан юм, миний мөнгөнөөс идэж авсан уу чамд мөнгө байхгүй ш дээ хаанаас юугаар мөнгийг чи олдог юм гэж хэлдэг байсан. Э эгч цалингаа сар сард нь өгдөггүй байсан, хэрэгтэй үедээ ээж гуйж авдаг бусад үед 2-3 сар болж байж цалин өгдөг байсан. 2019 оны 09 дүгээр сарын 30 билүү 31-нд намайг хичээлд явах гээд 12 цагийн үед ээжийн ажил дээр очиход ээжийг лангуун дээрээ сууж байхад Э эгч хүрч ирээд өчигдөр орлого олоогүй байна гээд хөл хавь руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд ээжийг лангуу бузарлаад хаясан гээд аашлаад байсан. Тэгээд би гараад явсан. Ээж өмнөөс нь хэрэлдэж маргаагүй” гэсэн мэдүүлэг,

гэрч У.М-ийн “... С.Э нь тухайн үед Буянжаргалыг миний хамаг юмыг зараад үрчихлээ гээд загнаж зандарсан бухимдсан байдалтай байсан..” гэсэн мэдүүлэг,

гэрч П.Д-ын “...Энхтуяа өшиглөсөн гээд хөл гар нь энд тэнд хөхөрсөн харагдсан... хэд хоногийн дараа орой 20-21 цагийн үед “гэрээслэл бичсэн байсныг Э булаагаад явчихлаа, та аваарай” гэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг

гэрч П.Б-ийн “...Би Эгийн юмыг ломбардад тавьчихсан байсан чинь ломбардын бичиг харчихаад муудалцсан тэгээд цагдаад өгчихсөн гэсэн зүйл хэлсэн. Буянаагаас “Болороо эгчээ би гэрээслэл бичсэн чинь Э булаагаад авчихлаа, түүнийг аваарай” гэсэн зурвас ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч А.Б-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Батсайхан, Энхтуяа хоёр охин Баасандуламын нүдэн дээр зодсон гэж надад хэлсэн. Тэрнээс хойш ч байнга дарамттай байсан гэж анх ирэхэд хэлж байсан, надтай хамт алга болох орой очиход хүртэл бараагаа тулгаж байхдаа энэ хаачихсан юм гээд хөл рүү нь өшиглөсөн, мөр рүү нь цохиж байсан. Намайг ирэхэд зүүн хөлийн дотор шилбэний булчинд хөхөрсөн байсан. Яасан юм гэхэд Энхтуяа өшиглөсөн гэж хэлж байсан. Ер нь их дарамттай байна ингэж байхаар үхдэг юм билүү гэж ирсэн даруйд хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

2020 оны 01 дүгээр сарын 30-нд бичив гэсэн “Гэрээслэл” зэргээр тодорхойлогдож байна.

Эд хөрөнгө, албан тушаал, эдийн засгийн хувьд хамаарал бүхий харилцаатай байсан А.Б-г өөрийнх нь эд хөрөнгийг зарж үрсэн, хэрэглэсэн зүйлийнхээ өрийг төл гэсэн байдлаар байнгын дарамтад байлгасан нь сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл болсны дээр мөн бие махбодод хүч хэрэглэн халдан зодсон, эд хөрөнгийг нь өр төлбөртөө суутгаж авсан зэрэг үйлдлүүд нь амиа хорлох шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр амь хохирогч А.Б-г өөрийн эд хөрөнгийг ломбардад тавьсан гэдгийг мэдсэн үеэс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдөр амиа хорлож нас барах хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхэд Б.Б-ынх нь дэргэд цохих, зандрах, аашилж загнах, удаа дараа мөнгөө нэхэж дарамталж байсан мөн гэрийн эд хогшлыг нь очиж ачиж явсан, нөхөр А.Б-дээ С.Э өшиглөсөн гэж хэлж байсан, их дарамттай ингэж байхаар үхдэг юм билүү гэж гэж ирсэн даруйд хэлж байсан...гэж насанд хүрээгүй гэрч Б.Б болон гэрч А.Б нараас мэдүүлсэн зэрэг нь “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх”гэмт хэргийн объектив талын шинж болох “байнга” гэдэг хэвшмэл буюу давтамжтайгаар хохирогчийн эсрэг чиглэсэн бие махбодод сэтгэл санаа, эдийн засаг, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан үйлдэл эс үйлдэхүйг хийсэн болох нь тогтоогдож байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй. Гэтэл шүүх С.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бусад нотлох баримтуудын агуулга, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэсэн заалтад хамаарч, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолоор С.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Энэхүү цагаатгах тогтоолд прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй буюу яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд /11 баримт дурдсан/ хэрэгт авагдсан нотлох баримтууд бүхэлдээ түүнийг дээрх зүйл ангид заасан гэм буруутай гэдгийг нотлохгүй байна. Цаашлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан.

Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд гэмт хэргийн заавал агуулагдах гол шинжийг эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1,2-т мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсан байдаг бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг.

Гэтэл Прокурорын байгууллагаас шилжүүлсэн С.Эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шалгасан боловч С.Э нь талийгаач А.Б-г ямар байдлаар эрхшээлдээ байлгаж байсан гэж үзэж байгаа албан тушаалын байдлаар юм уу, бусад нөхцөл байдлаар юм уу хүчирхийлсэн, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх үйлдэл нь ямар цаг хугацаанд хэрхэн яаж үйлдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 02-ны хооронд /5-6 хоног байгаа/ яллагдагчийн ямар идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж үзэж байгаа, хэрхэн, хэдий хугацаанд эрхшээлдээ байлгаж байсан гэдгийг тогтоогоогүй буюу гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн нотлоогүй байдаг.

Мөн байнга, гарцаагүй гэх ойлголтыг хэрхэн ойлгож хэрэглээд энэ гэмт хэргийн шинжийг нотлоод байгаа талаар яллах дүгнэлт, гэм буруугийн дүгнэлтэд дурдаагүй, хэрэгт нотлогдоогүй байдаг.

Байнга гэдгийн 3 буюу түүнээс дээш удаа буюу хэвшмэл байдлаар гарцаагүй гэдэг ойлголтыг өөр арга замаар зайлуулах боломжгүй тулгарсан нөхцөл байдал гэж Монгол улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, хууль зүйн судалгааны бусад баримтуудад тайлбарласан байдаг. Гэтэл эдгээр шинжүүд нь тухайн хэрэгт огт нотлогдохгүй байгаа.

Мөн амь хохирогч хэзээ нас барсан байдлыг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоогоогүй 02 дугаар сарын 02-ны өдөр эсхүл 02 дугаар сарын 07-ны өдөр эсхүл хэрэг хаасан тогтоолд дурдсанаар 02 дугаар сарын 09-ний өдөр гэсэн, амиа хорлох оролдлогуудыг хэзээ хийж байсан болон үүнийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт мэдэгдэж шалгаж байсан боловч хууль сахиулах байгууллагын зүгээс үүний эсрэг ямар арга хэмжээ, хэзээ хэрхэн авч байсан нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд ч байдаг.

Харин амь хохирогч шүүгдэгч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа, хамтран ажиллах гэрээний харилцаа байсан гэдэг нь нотлогдож байгаа ба анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан заасан ажиг олгогч ажилтан нартаа тавьж буй хууль ёсны, зүй ёсны шаардлагыг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэж төсөөтэй хэрэглэж гэм буруутайд тооцуулах гэж дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан байдгийг анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч С.Эг гэм буруутай гэдгийг тогтооход эргэлзээтэй, нотлогдохгүй нөхцөл байдлууд байсан учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны байх хэргийн бодит байдлыг тогтоох, хүний халдашгүй байх эрхийг хангах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруугүйд тооцох зэрэг үндсэн зарчмуудад нийцүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Эг эд хөрөнгө, албан тушаал, эдийн засгийн хувьд хамаарал бүхий харилцаатай байсан Буянжаргалыг өөрийн эд хөрөнгийг зарж үрсэн, хэрэглэсэн зүйлээ төл гэх байдлаар байнгын дарамтад байлгасан, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд байлгасан, мөн бие махбодид нь хүч хэрэглэн зодсон, эд хөрөнгийг нь өр төлбөртөө суутгаж авсан зэрэг үйлдлүүд нь хохирогчийг амиа хорлох шалтгаан нөхцөл болсон гэж прокуророос дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амь хохирогч Буянжаргалыг өөрийнхөө эд хөрөнгийг ломбардад тавьсан гэдгийг мэдсэн цаг үеэс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл буюу амиа хорлож нас барах хүртэлх хугацаанд цохих, зодох, зандрах, аашилж загнах, удаа дараа мөнгөө нэхэж дарамталж байсан. Мөн гэрийнх нь эд хогшлыг нь ачиж явсан. Хохирогч нөхөр Баярцэнгэлдээ С.Э өшиглөж байсан гэж хэлж байсан ба их дарамттай, ингэж байхаар үхдэг юм бил үү гэж хэлсэн талаар насанд хүрээгүй гэрч Баасандулам болон гэрч Баярцэнгэл нараас мэдүүлсэн байдаг. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив талын шинж нь байнга, хэвшмэл буюу давтамжтайгаар хохирогчийн эсрэг чиглэсэн, бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, эрх чөлөө, халдашгүй байдалд нь халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн болох нь тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн шалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт,  бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн талаар өөрийн дотоод итгэлээр үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоох үүрэгтэй.

Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийлгүйгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив талын шинж нь байнга хүчирхийлсэн, дарамталсан, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан. Гэм буруутай этгээдийн үйлдлийн үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Тухайн нөхцөл байдалд С.Э амь хохирогчийг зодсон, цохисон, орлого бага байна гэж зандардаг, мөнгө олж өг гэж удаа дараа шаардаж насанд хүрээгүй хүүхдийн дэргэд зодож цохих үйлдэл гаргаж байсан. Зарж борлуулах боломжтой эд хөрөнгүүдийг нь гэрээс нь ачиж явсан зэрэг идэвхтэй үйлдлүүд нь өөрөө тухайн хүнийг сэтгэл санааны байнгын айдас түгшүүрт хүргэж, сэтгэл санааны хүчирхийлэлд оруулсны улмаас амь хохирогч нь амиа хорлох нөхцөл байдалд хүрсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсон учир прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эсэргүүцлийн гол үндэслэл болсон нотлох баримтууд буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, насанд хүрээгүй гэрч Б, М, Д нарын мэдүүлгээр С.Эд холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг мөн гэж эсэргүүцэл бичсэн. Прокурорын дурдсан нотлох баримтуудын хүрээнд энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би зодож байсныг бол хараагүй, ажил явдлын үеэр хүнээс сонссон зүйлээ ярьсан. Дангаараа мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Түшиг худалдааны төвд 2018 оноос хойш ажиллаж байсан бөгөөд ажиллаж эхэлснээсээ хойш ямар зан харилцаатай, яаж ажиллаж байсан гэдэг нь гэрч Д, Б, А, Д нарын мэдүүлгээр тогтоогдсон. Энд ямар нэгэн дарамтын шинжтэй, зодсон, цохисон, дарамталсан, амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал тогтоогддоггүй.

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зодсон, цохисон зүйл байхгүй гэдэг нь Ц, Ц, Б гэх хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдож байна. Зодсон гээд байгаа насанд хүрээгүй гэрч Б мэдүүлэг дээрх мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. Насанд хүрээгүй гэж Б нь төлбөр тооцоог эд хөрөнгөдөө суутгаад булааж авсан гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгт талийгаачийн зүгээс бичиж өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан. Ямар ямар эд зүйл өгсөн гэдгээ бүгдийг нь жагсаагаад биччихсэн. Эд зүйлийг нь авахад хамт байсан Б наад хүн чинь өөрөө л эд хөрөнгөө зөөж гүйгээд байсан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан, зодсон, цохисон, гэрийг нь нэгжсэн асуудал байхгүй гэж мэдүүлдэг. Тэгэхээр энэ мэдүүлгээр тухайн асуудал үгүйсгэгдэж байна.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь авч үзэхээр С.Э дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Прокурорын бичсэн 5-н гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг мөн байна гэж үзсэн нь тухайн хүнийг буруутгах үндэслэл болохгүй. Тухайн мэдүүлгүүд нь бусад эх сурвалж болон гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй. Хохирогч тав хоногийн хугацаанд хэнтэй, яаж уулзсан, ямар харилцаатай байсан, ..... худалдааны төвд тооцоо дутсан асуудлаар бичиг баримтаа тулгахдаа ямар харилцаатай байсан гэдэг талаар гэрчүүд хангалттай мэдүүлсэн. Талуудын хооронд үүссэн харилцаа олон нийтийн газар болсон. Тухайн зүйлийг мэдсэн этгээдүүд энэ хоёрын хооронд ямар нэгэн дарамталсан, хэл амаар доромжилсон шинжтэй харилцаа байгаагүй гэдэг талаар хангалттай мэдүүлэг өгсөн.

Энэ гэмт хэрэг нь 2 буюу түүнээс дээш удаа, олон удаа үйлдэл нь давтагддаг. Тухайн халдсан үйлдлүүд нь хоорондоо гэмт хэргийн шинж агуулсан байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тасралтгүй үргэлжилсэн хугацаанд үргэлжилдэг зэрэг үйлдлүүд дээр нь хариуцлага хүлээлгэж байгаа гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал юм. Гэтэл энэ гэмт хэргийн шинжийг тав хоногийн хугацаанд байсан гэж үзээд байгаа. Тав хоногийн хугацаанд хохироосон гээд холбогдох хүмүүсийг нь шалгаж, гарын үсэг дээр шинжээч томилж, холбогдох баримтуудыг цуглуулаад үзэхээр энэ нөхцөл байдал тогтоогддоггүй. Гарцаагүй амиа хорлоход хүргэсэн байх гэдэг нь амиа хорлохоос өөр нөхцөл байдалд хүрэхээс өөр гарцгүй байх ёстой. Гэтэл энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудад 200 сая төгрөгийн хохирлыг амь хохирогч С.Эд учруулсан. Амь хохирогчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хариуцлага хүлээнэ гэдэг айдас тодорхой хэмжээнд байсан. Энэ гэмт хэргийн улмаас тодорхой хэмжээний хариуцлага хүлээнэ, тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлнө гэсэн айдас сэтгэхүйтэй байсан. Мөн дээрээс нь Бадамжаргал гэх хүний мэдүүлэгт бэлгийн замын халдварт өвчний улмаас амиа хорлох үйлдэл гаргаж байсан, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал нь хүнд туссан талаар хэлдэг. Үүнийхээ улмаас хохирогч амиа хорлох нөхцөл байдал үүсгэсэн юм биш үү. С.Эгийн үйлдлүүдийг шалгаж үзэхээр энэ нөхцөл байдал нь үгүйсгэгдээд байдаг. Амиа хорлоход гарцаагүй нөхцөл байдалд хүргэсэн гэх шинж байхгүй. Прокуророос албан тушаалын хувьд хамаарал бүхий харилцаатай байсан гэдэг. С.Э ямар нэгэн байдлаар албан тушаал хашдаггүй. Буянжаргал, С.Э нарын хооронд бараа бүтээгдэхүүн зараад түүнийхээ тодорхой хувийг авах гэрээ хэлцэл байгуулагдсан. Энэ хэлцлийнхээ үндсэн дээр тухайн харилцаанд орж байсан. Мөн талийгаачийн хувьд 18-н насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай хүн. Үнэхээр урт хугацааны дарамтад байсан бол эрх бүхий байгууллагад мэдэгдээд шалгуулах боломж байсан. Энэ нөхцөл байдалд байсан тухайгаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй байсан. Дэвтэр дээрх үнийн дүнгүүдийг харахаар сард 1500000-2500000 төгрөгийн орлого олж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд цалин өгөхгүй, өлсгөсөн, цангаасан нөхцөл байдал байхгүй. С.Эгийн хувьд талийгаачийг ямар нэгэн байдлаар тарчлаах шинжтэй, хууль бусаар цагдан хориогүй, тодорхой орох, гарах эрхэд нь халдаагүй, хязгаарлаагүй, эд хөрөнгө захиран зарцуулах, өмсөж зүүх, худалдаж авах эрхэд нь халдаагүй. Энэ хүн чөлөөтэй эд хөрөнгөө захиран зарцуулж, эд хөрөнгөөрөө эд зүйл худалдаж авч байсан гэдэг нь дансны хуулгаар бүрэн нотлогдоно. Уг гэмт хэргийг байнгын гутаан доромжилсон, тарчлаан зовоосон, эд хөрөнгийн хувьд эрхшээлдээ байлгасан зэрэг нөхцөл байдал тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд С.Э-н үйлдэлд ямар ч гэмт хэргийн шинж агуулаагүй тул  цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Учир нь эсэргүүцлийг бичихэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна. Б.Түвшинтөр прокурорын эсэргүүцэлд 03 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол гэсэн байна. Энэ хэрэгт цагаатгах тогтоол гарсан. С.Э гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 03 дугаар сарын 25-ны өдрийн цагаатгах тогтоол яагаад 03 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол болчихдог юм. Баярчимэг гэх прокурор эсэргүүцэл бичсэн гэж байгаа. Шүүх хуралдаанд улсын яллагчаар орсон хүн нь Б.Түвшинтөр. Тэгтэл Баярчимэг гэх прокурор прокурорын эсэргүүцэл бичсэн гэдэг нь ойлгомжгүй. Прокурорын байгууллагын тухай хуульд прокурорын эрх зүйн хэлбэр буюу тогтоол шийдвэр, эсэргүүцэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангана гэсэн шаардлагыг мөн ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлд заасанд анхаарлаа хандуулна уу гэж хүсэж байна. 34.7 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан, өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан яллана гэж заасан. Өнөөдөр гомдол биш эсэргүүцлийн тухай ярьж байна. Тухайн үед Б.Түвшинтөр прокурор Ерөнхий прокурорын тушаалаар шилжсэн бол дээд шатны прокурор буюу Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар эсэргүүцэл бичих ёстой байсан. Энэ нь Прокурорын тухай хуулийн 31.4, 39.1 дүгээр зүйлүүдэд заасныг ноцтой зөрчиж байна.

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн гэдгээ прокурор тайлбарлаагүй. Үүнийг эсэргүүцэлдээ хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг дурдаж хэлсэн болохоос цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдгийг тодорхой тусгаж оруулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд зааснаар С.Эг албан тушаалтан гэж үзээд байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан, субъект биш гэдэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Тав хоногийн хугацаанд хохирогчийг байнга дарамталсан гэдэг асуудал хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн байнга гэсэн шинжийг хуульчилсан. Байнга гэх шинж нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Тухайн 5 хоногийн хугацаанд манай үйлчлүүлэгч доромжилсон, тамлан зовоосон, хууль бусаар хорьсон гэх асуудал байдаггүй. Энэ гэмт хэргийн байнга гэх шинжийг үгүйсгэж байгаа объектив талын нотлох баримтуудыг дурдаад хэлэхэд 39 дүгээр хуудсанд авагдсан Д.С-н мэдүүлэг, 53-54 дүгээр хуудас Д-ын мэдүүлэг, гэрч Д, Б, М, Ц, Б, Б, Ц, А нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдал гэмт хэргийн шинж, шалтгаан нөхцөлийг онолын хүрээнд тайлбарлаж байна. Гэхдээ энэ гэмт хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүх нотлох баримтуудаар хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргээгүй, объектив, субъектив шинж үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-д эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн гэж хуульчилсан. Яллах дүгнэлтэд дурдсан, яллагдагчаар татах тогтоол зөрүүтэй байгаа ч гэсэн энэ хүнийг байнга хүчирхийлсэн үү гэвэл үгүй, доромжилсон уу гэвэл үгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шөнийн цагаар ирээд доромжилсон, ална шүү гэж хэлсэн асуудал нь найз нөхдийн харилцаатай байсан учраас, гэрт нь орох эрхтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар доромжилсон асуудал тогтоогддоггүй. Харин ч эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг. Энэ хэргийн улмаас 3 жил 5 сарын хугацаанд үнэхээр шаналж, зовж, эмэгтэй хүний хувьд зүдэрсэн. Зодсон нөхцөл байдал хамааралгүй, нотлох баримтаар үгүйсгэгддэг. Яллах дүгнэлт ч хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй. Энхтуяа хохирогчид цалингаа ч өгч байсан гэдэг нь дансны хуулгаар нотлогддог. Тэр байтугай шагнал өгч байсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч С.Эг яллах дүгнэлтдээ 14-н нотлох баримтаар гэм буруутай гэж үздэг. Тэр бүхнийг тухайн үед нь бүгдийг нь няцаасан. Энэ удаа эсэргүүцэлдээ 6-н зүйлээр шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ын мэдүүлгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж нотлох гээд байдаг. Н.Ань 2019 оны 11 дүгээр сар, 2019 оны 08 дугаар сард зодсон, гаргадаггүй, мөнгө өгөхгүй гэж мэдүүлдэг. Гэтэл улсын яллагч энэ асуудлыг ярихдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш амь хохирох хүртэлх хугацаандаа эд хөрөнгийн дарамт, эрхшээл, хүчирхийлэлд байсан гэж яллах дүгнэлт болон эсэргүүцэлдээ бичсэн. Тэгэхээр Н.А-ын мэдүүлэг цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд орохгүй. Мөн ерөөсөө харсан зүйл байхгүй сонссон гэдэг. Тэгэхээр үүгээр гэмт хэрэг гэж нотлохгүй. Насанд хүрээгүй гэрч Баасандуламын мэдүүлэг байдаг. Мэдээж эхийгээ алдсан хүүхдийн хувьд сэтгэл зүйн дарамт, хүнд хэцүү байсан байх. Тийм учраас янз янзын мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Хэдийгээр хууль сануулсан ч гэсэн ч энэ үйл баримт Батсайхан, Цэдэнсодном болон бусад хүмүүсийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тийм учраас 01 дүгээр сарын 27-ны өдөр зодсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хүчирхийллийг байнга үйлдсэн байхыг шаарддаг. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цохисон тухай асуудал ярьсан болохоос 28, 29, 30, 31, мөн оны 02 дугаар сарын 01, 02, 03, 04-ний өдрүүдэд зодсон тухай баримт энэ хэрэгт нэг ч байхгүй. Тэгэхээр байнга хүчирхийлэл үйлдсэн тухай асуудал Б-ын мэдүүлгээр яллах талын баримт биш гэж үзэж байна.

М-ийн мэдүүлэгт С.Э нь Б-г миний хамаг юмыг үрчихлээ гэж загнаж зандарсан, бухимдсан байдалтай байсан гэсэн гэж байгаа. Нөгөө зодсон, цохисон, хүчирхийлснийг хараагүй, байнга буюу удаа дараа гэдгийг нотлохгүй байна. Д мөн ижил хөхөрчихсөн явсан, мөн гэрээслэлийг Э булаагаад авчихлаа та аваарай гэж хэлсэн. Гэрээслэл бичсэн нь үнэн. Гэрээслэлийг аваарай гэж хэлсэн болохоос биш намайг зодлоо, байнга хүчирхийллээ, бие махбодын болон сэтгэл зүйн дарамтад оруулсан гэж мэдүүлээгүй. Гэрч Б-ийн мэдүүлэгт Б эгчээ би гэрээслэл бичсэн чинь энэ хүн булаагаад авчихлаа, гэрээслэл аваарай гэсэн зурвас ирсэн гэдэг. Зурвас л ирсэн байна. Зодсон, цохисон, байнга хүчирхийлсэн тухай мөн гарцаагүй байдлаар амиа хорлохоор шийдлээ гэсэн зүйл энэ мэдүүлэгт байхгүй. Тийм учраас энэ гэрээслэл мөн нотлохгүй. Баярцэнгэлийн мэдүүлэгт дарамттай байсан, ингэж байхаар үхдэг ч юм бил үү гэж хэлж байсан л гэдэг. Түүнээс цохисон зодсонг бол хараагүй, үзээгүй. Хамгийн сүүлийнх нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бичив гэсэн гэрээслэлдээ тодорхой бичсэн байдаг. Магадгүй хохирогчийн амиа хорлох болсон шалтгаан нь гэр бүлийн харилцаа, эд хөрөнгө, сэтгэл зүйн дарамт зэрэг олон зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэрээслэлд С.Эд гомдож байгаа тухайгаа хэлсэн байдаг. Гомдох гомдохгүй нь тэр хүний л асуудал. Гэхдээ энэ гэрээслэл нь энэ хүнийг албан тушаал, эд хөрөнгийн эрхшээлдээ байлгасныг, хүчирхийлэлд байнга оруулдаг байсан тухай нотлохгүй. Мөн гарцаагүй амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдлыг нотлохгүй. Тэрхүү 6-н баримт нь буруу шийдсэн буюу энэ гэмт хэргийг нотлохгүй. Энэ гэмт хэрэг нь өөрөө эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас байнга хүчирхийлсэн, дарамталсан, зодсоны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн байх шинжийг тодорхойлсон. Эд хөрөнгийн хувьд амь хохирогч хамааралтай байгаагүй. Энэ хүн өөрөө тусдаа гэр оронтой, эд хөрөнгөтэй, малтай, өөрөө тусдаа данстай, дансаараа гүйлгээ хийдэг. Амь хохирох хүртэл нөгөө дансанд нь 12 сая төгрөг бэлэн байсан байдаг. Энэ хүн С.Эгаас эд хөрөнгийн хувьд хамааралгүй. Мөн албан тушаалын харилцаа ерөөсөө байхгүй. Үүнийг би хамтран ажиллах гэрээ байна гэж харж байна.

Хөдөлмөрийн харилцаа бол тогтмол ажлын байранд тогтоосон цалин хөлстэй байх ёстой. Уг харилцаан дээр хөдөлмөрийн харилцаа байгаагүй. Тийм учраас хөдөлмөрийн харилцааг нотлох ажил, албан тушаал, тушаал шийдвэр, нийгмийн даатгал, татвар юу ч байхгүй. Хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болдог. Түүнийгээ ч дурдсан байдаг. Алтан эдлэл зарах юм бол 5 хувийг, мөнгөн эдлэл зарах юм бол 10 хувийг нь авахаар тохиролцоод, энэ мөнгөө суутгаад явсан байдаг. Тийм учраас прокурорын яллах дүгнэлтдээ дурдсан эд хөрөнгө болон албан тушаалын хувьд эрхшээлдээ байлгасан гэдэгт орохгүй байна. Хүний амь хохирсон харамсалтай зүйл болсон. Гэхдээ ямар шалтгаанаас, хэн буруутай вэ гэдгийг тогтоох нь хамгийн чухал асуудал. Тийм учраас хуулийн байгууллагууд энэ асуудлыг 4 дэх жилдээ шалгасан гэж ойлгож байгаа. Амиа хорлоно гэдэг өөрөө төвөгтэй асуудал. Хэний буруутайгаас гэдгийг нь тогтооход хэцүү. Гэхдээ тогтоох нэг шинжийг байнга болгочихсон. Хорин долооны өдөр зодсон, цохисон тухай нэг л зүйл байдаг. 28 ,29, 30, 31-нд огт тийм асуудал байхгүй. Тэгэхээр нөгөө удаа дараа нь байхгүй. Улсын яллагч харин амаараа буюу өөрийнхөө хий төсөөллөөрөө хүнийг яллаж, төсөөллөөрөө дүгнэлт хийж байна. 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн гэж хэлсэн гэдэг. Гэтэл нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Тэр нь байхгүй бол энэ гэмт хэргийн шинж байхгүй болно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогч амиа хорлох үйлдлийг гурван удаа хийсэн байна. Гурван удаа хийсэн үйлдэлд нь хориглох зүйлийг С.Э хийсэн байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.Э амь хохирогч нар зовлон жаргалаа хуваалцдаг маш сайн найзууд байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоод байгаа ээжээс нь илүү амь амьдралын хувьд холбоотой, бие биеэ дэмжиж ирсэн хүмүүс байсан. Тийм учраас амиа хорлох оролдлого болгонд нь С.Э л байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншаад, судлаад үзэхэд эд хөрөнгийн улмаас зодсон цохисон гэж ярих гэж байгаа бол 01 дүгээр сарын 27-ны өдрийн асуудал байдаг. Тэрнээс өмнө 2 удаа хохирогч амиа хорлох оролдлого хийсэн. Амь хохирогч өөрөө гэр бүлийн гадуур харилцаатай өөр хүнтэй явдаг байсан, түүнээсээ болж нөхөртөө дарамтлуулдаг тухай байгаа. Мөн нөхөр нь буюу хамтран амьдрагч байсан Баярцэнгэл нь бас гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Үүнээсээ болоод сэтгэл гутралд орсон, үүний улмаас амиа хорлох тухай ярьж байсан гэдэг нь мөн хавтаст хэрэгт байгаа. Тийм учраас энэ 2 оролдлого дээр шөнийн 2 цагт талийгаач дүү рүүгээ биш, ээж рүүгээ биш, ах руугаа биш ганц С.Э руу залгасан. С.Э төрсөн дүүг нь дуудаад амиа хорлохыг нь болиулж байсан. Амиа хорлоё гээд гэрээслэл бичээд олс бэлдчихээд нөхөр гэх хүнтэйгээ цуг ирж байхад нь чи амиа хорлож болохгүй гээд олс болон гэрээслэлийг нь булааж аваад Энхтуяа цагдаа дуудаж өгч байсан. Тэгэхээр Энхтуяа хохирогчийг амиа хорлоход хүргэж байгаа хүн мөн үү. Яг үүний өмнө 01 дүгээр сарын 27-ны өдөр бас л амиа хорлох тухай асуудал яригдаад цагдаад дуудлага өгсөн. Харамсалтай нь энэ цагдаагийн шалгах асуудал биш гээд тэмдэглэл үйлдээд зөрчлийн хэрэг нээхээс татгалзаад зүгээр явуулчихсан. Өөрөөр хэлбэл энэ хүн ломбардад тавьсан эд зүйл нь илэрсэн 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө амиа хорлох оролдлого хийгээд байсан байна. Гэр бүл, эдийн засгийн зэрэг олон зүйлүүд байсан байна. Түүнийгээ даван туулах чадваргүй, боломжгүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан дээр нь 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдын эд зүйлийг завшсан гэх үйлдлийг мэдсэн үйлдэл орсон. Энэ гэмт хэрэгт шалтгаант холбоо болон бусад зүйлээр тогтоогдож байна. Хамгийн гол зүйл нь миний харж байгаагаар гэрээслэл дээрээ хохирогч өмнөх 2 удаагийн амиа хорлолт мөнгөнөөс биш, гэр бүлийн харилцаа, бусад зүйлээс болж амиа хорлох оролдлого хийж байсан бол хохирогч 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдын эд хөрөнгийг завшсан гэх С.Эгийн цагдаад гомдол гаргаснаар ял эдэлнэ гэж ойлгосон. Ял эдлээд ахиад хохирлоо төлнө гэж ойлгосон. Тэгэхээр өөр гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээхээс зайлсхийж амиа хорлох үйлдэл хийсэн гэж бодож байна. Өөр гэмт хэрэгт хариуцлага хүлээхээс зугтаж амиа хорлосон. Тэрийгээ гарцаагүй байдалд хүрлээ, би ял эдэллээ гэсэн. Мөн би амиа тэдээр үнэлнэ гэдэг нь С.Эд хохирол өгөхгүй гэж байгаа. Би чиний эд хөрөнгөөс цөм авна гэж байгаа нь би чамд мөнгө төлөхгүй гэсэн агуулгаар хэлж байна. Тэгтэл тэр хүний өөр гэмт хэргийн улмаас хариуцлагаа хүлээхгүй гэж зугтаж амиа хорлосон үйлдэлд С.Э буруутгаж болохгүй. Ийм л нөхцөл байдал байгаа. Прокурорын ярьдаг ганц зүйл бол Баасандуламын мэдүүлэг. Тэр дээр 2 гэрч тухайн зодох, цохих зүйл болоогүй гэдгийг хэлэхээс гадна хохирогч нөгөө завших гэмт хэргээр цагдаад шалгагдаж байхдаа би ямар нэгэн байдлаар гэмтээгүй, зодуулаагүй, надад хохирол учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэдгээ хэлсэн байдаг. Ийм учраас эд хөрөнгө, албан тушаалын байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг байнга дарамталж хүчирхийлсэн, түүний улмаас амиа хорлосон гэж үзэн дээрх 6-н баримтаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд байнгын гэх шинж байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор яллах дүгнэлтдээ болон эсэргүүцэлдээ амь хохирогч Буянжаргалыг эд хөрөнгө ломбардад тавьсан гэдгийг мэдсэн үеэс эхлэн 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд насанд хүрээгүй гэрч Баасандуламын дэргэд цохих, зандрах, аашлах, загнасан гэдэг. Тийм зүйл байхгүй нь нотлох баримтуудаар тогтоогддог. Уг гэмт хэргийн шинж болон байнга гэх шинж нь байхгүй учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай цагаатгах тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Прокурорын зүгээс гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй учир хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тухайлбал хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт агуулагдах шинжүүдийг тодорхой заасан. Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гэж заасан. Гэтэл уг гэмт хэргийн шинжийг хэрэгт огт нотлоогүй. Яллах дүгнэлтэд дурдсан баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар гэмт хэргийн шинж бүрэн нотлогдохгүй байна гэж үзэж байгаа. Л.Батжав, Б.Билгүүн, Ж.Нарантуяа өмгөөлөгч нартай санал нэг байна. Хэргийн цаг хугацааны хувьд ч тэр бусад байдлаар гэмт хэргийн шинжийг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. Хуульд зааснаар тухайн шүүгдэгчийн прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанд явагддаг. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар гэм буруутайд тооцох эсэх асуудал яригдах учраас нотлох баримтуудаар бүрэн нотлогдохгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байгаа учир цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй. Үүнийг Эрүүгийн хуульд амиа хорлох нөхцөл байдалд хүргэхдээ ямар ямар нөхцөл байдлууд зааж өгсөн гэдэг нь тодорхой. Эд хөрөнгө, албан тушаал, тэр хүнтэй хамаарал бүхий бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга доромжилсон, зодсон гэж байгаа. Энэ дээр албан тушаалын болон бусад нөхцөл байдал гэдгийг би юу гэж ойлгож байна вэ гэхээр буруутай этгээдийн удирдлагад шууд захирагдан ажиллаж байсан, эсэргүүцэл үзүүлбэл ажилгүй, цалингүй, орлогогүй, амьдрах аргагүй болох вий гэж байнга эмээхийг ойлгож байгаа. Амаржаргалын гэрчээр өгсөн мэдүүлэгт чи яагаад ажлаасаа гардаггүй юм бэ гэхээр энэ хүн гаргахгүй, цалин өгөхгүй өрөнд орчихоод байна гэдэг. Аргаа барахдаа цалингаа авахаараа өрөө төлье гээд юм ломбардаж эхэлсэн гэсэн үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн доромжилсон, зодсон гэх асуудал яригддаг. Энэ асуудлын хүрээнд хэл амаараа гутаан доромжилдог, бие мах бодод нь халдсан байхыг ойлгож байгаа. Хууль тогтоогч нар энэ зүйлийг тодорхой бичсэн. Зодсон асуудлыг байнгын шинжгүй байна гэж анхан шатны шүүх үзээд байгаа. Нэгдмэл гэмт хэрэг дээр сэтгэл санаа болон бие мах бод хоёроор заавал нэгдэнэ. Хоёр удаа зодсон үйл баримт тогтоогдож байна. Гурав дахь удаагийн зодсон нь тогтоогдохгүй байгаа учир байнгын гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл гараагүй үзэж байна. Учир нь гэрт нь шөнийн цагаар ороод ямар их дээрэлхлээ. Ороод зодоод, үсдээд, чирээд, аргаа бараад амиа хорлох үйлдэл гаргасан. Маргааш өдөр нь гэрт нь мөн очоод чи муу гуйлгачин юу юм бэ? гээд гэрт нь байсан хэрэгтэй хэрэггүй, үнэ болох бүх зүйлийг ачиж явсан. Энэнээс илүү гутаан доромжлох, энэнээс илүү ямар үйлдэл шаардлагатай юм. Хүүхдийнх нь мэдүүлэгт аргаа бараад аав гэртээ иртэл битгий ачаач гэхэд танай нөхөр ирчихвэл ачуулахгүй шүү дээ гээд юу яриад байгаа юм гээд ачаад явсан үйл баримт хэргийн материалд байгаа. Сая Б.Билгүүн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй л гээд байх шиг байна. Энэ гэмт хэрэг таслан зогсоогдсон буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдахыг өмгөөлөгч нар мэдэж байгаа байлгүй дээ. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг орхие.

Тамлан зовоосон гэдгийг хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчсөн, хүсэл зоригийг хясан боогдуулсан, үг яриа, үйлдэл хөдлөлөөрөө тэсвэрлэхэд бэрх нөхцөл байдалд хүргэснийг ойлгоно гэж байгаа. Үнэхээр ямар байдалд хүргэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талийгаачийн өөрийнх нь гэрээслэлд надад үнэхээр хэцүү байна, яах учраа олохгүй байна гэсэн байдаг. Бодит байдал дээр хэргийг аваад үзэхээр хамт байсан гэрч охин шөнийн цагаар гэрт орж ирэхэд нь балмагдаж айсандаа ээж нь найз нөхөдтэйгөө гарахын оронд би эмнэлэгт байна гэж хэлээд өгөөч гээд гуйгаад зогсож байхав. Энэ нөхцөл байдлыг хармаар байна. Тухайлбал айлган сүрдүүлсэн, чи хурдан ирэхгүй бол ална шүү гэж сэтгэл зүйн дарамтад оруулж байсан байна. Эдгээр нөхцөл байдлууд хавтаст хэрэгт хангалттай тогтоогдсон. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Сая өөр гэмт хэргийг халхавчлах, нуун дарагдуулах, ял шийтгэл авах зорилгоор амиа хорлох нөхцөл байдалд хүрсэн байх боломжтой гэж ярьж байна. Гэрт нь орж ирээд зодоод, тэр нөхцөл байдлаас нь болоод би амиа хорлолоо гэснийг юу гэж ойлгоод байгаа юм. Маргааш нь очоод эд хөрөнгийг нь ачиж яваад, дээрмийн шинжтэй юм шиг үйлдэл хийгээд, нөгөө хүн нь сандарсандаа гарын үсэг зурснаараа энийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд байгаа болохоос нөхцөл байдал, агуулгыг харах юм бол маш эвгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол гарахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэдэн цаг уйлж шүүхийн танхимд суусныг мэдэж байгаа байх. Ийм учраас би энэ шүүх хуралдаанд ормооргүй байна гэдэг. Иймд энэ хэргийн агуулга, нөхцөл байдлыг бодитоор дүгнэж өгнө үү гэж хүсч байна. Учир нь цагаатгах тогтоолын гол үндэслэл болсон гэмт хэргийн шинж болох байнгын гэх шинж үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж ярьдаг. Гэмт хэргийн шинжийг байнгын буюу зодсон 2 удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр тогтоогдож байгаа. Сэтгэл зүйн үйлдлийг анхан шатны шүүх авч үзээгүй. Дарамтад байсан, сэтгэл зүйн хямралд байсан талаар сая тайлбарласан. Ийм учраас энэ үйлдэл нэгдмэл нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнээр авч үзэх нь зүйтэй учир гэмт хэргийн давтамжид хамаардаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй учир хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан энэ хэргийг 4-н жил шахам шалгаж байна. Миний хувьд сэтгэл санаа, бие мах бодоороо хохирч байна. Надад шууд хилс хэрэг дохож байна. Шууд бусаар эрүү шүүлт тулган шаналгаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч, прокурор баримттайгаа танилцдаггүй. Цалин авч байсан дэвтэр байна шүү гэхээр нэг ч удаа харж үзээгүй хураагаад авчихсан. Талийгаачийн өөрийнх нь амьд байхдаа өгсөн мэдүүлэг байдаг. Би өдөр тутмынхаа орлогыг авчихдаг байсан. Тооцоо тулгаад 60 гаран сая төгрөгийн хохирол учирсан. Мөн 1630000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл өртэй гээд надаас урьдчилаад авсан талаар хавтаст хэрэгт байгаа. Тэрийг нэг ч удаа сөхөж хардаггүй. Би сэтгэл санаа, эдийн засаг, бүх байдлаараа хохирч байна. Би ямар хэрэг хийсэн болоод ингээд яллуулаад суугаад байгаагаа ойлгохгүй байгаа. Жинхэнэ байнгын дарамттай, тамлан зовоосон гэдэг чинь надад тулгарч байгаа асуудал. Анх завших гэмт хэрэг дээр прокурор шалгаж байсан. Энэ хэрэг анх гарахад мөрдөн байцаагч нь шалгаж байхад талийгаач амьд байсан. Тав хоног цагдаа дээр байцаагдахдаа бүх юмаа хэлдэг байсан. 01 дүгээр сарын 26-наас 27-ны шилжих шөнө би Хархорин сумаас мах ачиж ирээд хашаанд нь портертой махаа үлдээчихээд машин эвдрээд тэр айлд очсон. Энийг зүгээр баримттай ярих юмыг уянгын сэдэлд оруулаад харанхуй шөнө айлд очиж хүн дарамталсан гээд байгаа. Би зүгээр л сайн найз нөхөд болохоор хашаанд нь эвдэрсэн машин, махаа  тавих гэж л очсон. Тэгсэн ломбардны бичиг гэрт нь байсан. Тэгээд тэр хүн өөрөө согтуу орж ирээд энэ юу вэ? гэхэд хутга шөвөг аваад өөрийгөө алах гэж оролдсон. Маш түргэн хугацаанд л тийм зүйл болсон. Гаднаас такси дуудсан 2 залуу орж ирсэн, би хутгыг нь булааж авах гэж байгаад гараа зүсүүлсэн. Цагдаа дээр очоод мөрдөн байцаагчдаа энэ талаараа хэлсэн ч намайг гараа зүсүүлчихсэн болохоор та хоёр хоёулаа Шүүх шинжилгээний алба явчихаад ир гэсэн. Тэгэхээр нь би зүгээрээ гэсэн. 01 дүгээр сарын 27-ны шөнө талийгаачийн охин нь намайг хана мөргүүлсэн, зодсон гээд байгаа. Тэр охин яагаад тэгж худлаа ярьж байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Тэр шөнө би согтуу хүнийг гэрт нь хонуулж чадаагүй цагдаа дуудаж өгөөд эрүүлжүүлэхэд хоносон. Эрүүлжүүлэхийн эмч нь шалгасан. Манай нөхөр тэгэхэд байсан. Тухайн үед зодсон гээд мэдүүлж байхад яагаад энэ хүнийг шалгаагүй юм бэ? Хэрвээ зодсон байсан бол Батсайхан гэх хүнд хэрэг үүсгээд шалгах ёстой. Бүр сүүлд нь охин нь гаргаж ирж яриад, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч яриад байна. Тэр хүн чинь эрүүлжүүлэхэд очоод эрүүлжүүлэхийн эмчийн үзлэгээр ороход зодсон, цохисон зүйл байхгүй гэдэг. Маргааш өглөө нь мөрдөн байцаагч та хоёр шүүх эмнэлэг дээрээ оч, гараа зүсүүлсэн байна гэмтлийн зэргээ тогтоолго гэж байсан. Тэгэхэд нь би зүгээр, явахгүй гэсэн. Тэр мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа. Бид хоёр тэр 5 хоногийн дотор данс тооцоогоо гаргаж байсан. Хамт тооцоогоо тулгаад энэ дээр ийм юм дутаасан байна, хуучин ажиллаж байсан худалдагчийгаа дуудаад гурвуулаа тооцоо тулгасан. За ийм төгрөгийн юм дутчихлаа, цалингийн зээлийн үлдэгдэлтэй байна, энэ ингээд үлдсэн байна гэсэн. Ийм л асуудал болсон. Тэр хүнийг нэг ч удаа зодсон, цохисон зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ээжтэй нь хүртэл би ярьж байсан. Тэгэхэд нөхөр нь хүртэл өчнөөн банкны зээлийн өрөнд ороод завших гэмт хэргээр ял авсан. Миний эд материалыг ломбардад тавиад өр зээлээ төлүүлж байсан нөхөр нь энгэрийн халааснаас нь гэрээслэл гарч ирэхэд дагаад явахгүй яасан юм бэ. Нэг удаа араас нь гуйгаад миний ханиа гээд гүйхгүй яасан юм бэ зүгээр л ганцаараа гараад явчихсан. Тэр бичлэгийг би CD-нд хуулаад өгчихсөн байгаа. Дарамталдаг байсан, үхмээр байна гээд ярьж байсан гээд байгаа. Хамаг өр ширээ төлүүлчихээд, завших гэмт хэрэг дээр өөр нэг юм яриад, энэ хэрэг дээр өөр нэг юм яриад байгаа. Мэдүүлэг нь дандаа зөрдөг. Тэр хүн чинь амиа хорломоор байна гэж байхад нь яагаад хань ижлээ дагаж яваад байж болдоггүй юм бэ. Энгэрийнх нь халааснаас гэрээслэл гарч ирэхэд тэр гэрээслэлийг авсан уу гээд намайг яллаад байгаа. Цаасанд боосон юм байхаар нь хутга гэж л бодсон. Тэгсэн гэрээслэл гэсэн толгойтой бичиг байсан. Би 2 хүүхдээ бодооч ээ, өр шир юу юм хэлсэн.

Цагдаа дээр очоод хоол идэж сууж байхдаа хөлс нь цуваад, куртикээ тайлахгүй суугаад байсан. Тэгээд тонгойсон чинь олс гарч ирэхээр нь олсоо аваад ир гэж аваад, цаана нь цаасанд боолттой зүйл байхаар нь хутга гэж л ойлгосон. Би тэр гэрээслэлийг авсан хүн мэдээж цагдаад л мэдэгдэнэ шүү дээ. Энэ хүн чинь 3 дахь удаагаа амиа хорлох гээд гэрээслэл барьчихсан байна гэж хэлсэн. Би мөрдөн байцаагч Лхагвасүрэн рүү гэрээслэлийг авсан цагаасаа хойш байнга залгасан. Тэр залгасныгаа нотлох баримтаар хэрэгт өгчихсөн байгаа. Энэ хүнээс гэрээслэл, олс гараад ирлээ шүү гээд иргэнийхээ үүргийг биелүүлээд амиа хорлох гэж байхад нь зогсоосон. Тэр үед нөхөр нь чадаагүй шүү дээ. Халааснаас нь гэрээслэл, олс гарч ирээд байхад хараад сууж байсан хэр нь дагаад яваад байж чадаагүй. Ээж нь ажил явдал дээр хүний ярианаас хов жив, хүний таамаглалыг л сонссон. Талийгаач мөнгөний өрөнд орчихсон байсан гэсэн, Э л зодоо биз, урд нь өшиглөж байсан гэж нэг хүн хэлээд, ээж нь худал мэдүүлэг өгөөд 80 000 000 төгрөг салгаад авчихъя гэсэн бодолтой байсан. Шүүх, прокурор арай л булхайтай. Надаас тулгаж, хөтөлж асууна гэдэг нь болсон. Би Баярчимэг гээд прокурор дээр ороод танай энэ мөрдөгч чинь надаас тулгаж асуугаад байна гэж хэлж байсан. Надаас та гэрээслэлийг авсан уу? гэхэд нь би иргэний үүргээ биелүүлсэн гэсэн. Тэгсэн та гэрээслэлийг нь авсан аваагүй гэдгээ л хэл гэж тулгана. Би Баярчимэг прокурор дээр ороод ч миний үгийг аваагүй. Мөн мөрдөгч нь яахав дээ зайлуул ядарсан хүмүүс байна хэдэн цаас өгчихөөч гэж байсан. Би нээх баян харагдаад байна уу. Хэрвээ би дарамталж байсан бол өдөр болгон шалгана шүү дээ. Хамаг эд хөрөнгөө хариуцуулсан хүн. Миний банкны өрийг хэн төлөх үү? Үр хүүхдийнхээ идэх хоолыг, өв дамжиж ирсэн эцэг эхийнхээ эд зүйл, цалин хөлс, хуримтлуулсан зүйлээ хүртэл тэр хүнд хариуцуулаад өгчихсөн хүн. Тоолж чадаагүй нь миний буруу. Хэрвээ би дарамталж байсан бол өдөр болгон шалгаад, данс тооцоог нь хөтлөөд явах ёстой байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр миний арыг дааж байгаа найздаа баярлаж байгаа шүү гээд .... төвийнхөө 12-н ажилтнаас байгууллагын аварга болгож байсан. Тооцоог нь тулгаагүй. Нэг ч удаа тоолоогүй, юм дутаасныг нь мэдээгүй. Би дарамталж байсан хүнээ тэгэх үү? Дарамталж байсан бол тэр их эд хөрөнгөө хариуцуулж өгөхгүй. Би ямар гэм хийснээ ч ойлгохгүй байгаа. Би өнөөдөр хүн цалинжуулаад, хүнд сайн санаж явсандаа энэ хэрэгт 4-н жил тамлагдлаа. Би тэр хүнд нэг ч удаа гар хүрч үзээгүй. Тэгээд насанд хүрээгүй хүүхдээр худлаа мэдүүлэг өгүүлсэн. Зодсон, цохисон гээд байгаа. Тийм л юм бол маргааш нь тэр цагдаа шалгах нь яасан юм. Тэр хүн чинь согтуу байсан. Амиа хорлочих вий гэж бодоод эрүүлжүүлэхэд өгч явуулсан. Миний эд зүйлээс ломбардад тавиад завших гэмт хэрэг үйлдсэнийг нь 3 ,4 сарын дараа мэдээд тэр хүнд амиа хорлох үйлдэл хийсэн болохоор нь аргадангуй байсан. Тэр үед хэрвээ цагдаа хамгаалалтдаа авсан бол өнөөдөр хохирогч амьд байх боломжтой байсан. Миний хувьд амиа хорлох гээд байна гэж хэлсэн. Төр нь иргэнээ хамгаалсан бол тэр хүн өнөөдөр амьд байх ёстой. Төр нь иргэнээ хамгаалж чадаагүй, цагдаа хамгаалж чадаагүй. Ээж нь, нөхөр нь, хань ижил нь хамгаалж чадаагүй байхад би ялд унах ёсгүй. Миний хувьд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, мөн өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутай гэж үзэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокуророос анхан шатны шүүх нь С.Эд холбогдох хэргийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудын агуулга, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтэд үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч С.Эг “Эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлд нь байсан иргэн А.Б-г байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн “...эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг” гэх шинжийг тодорхойлсон нь үндэслэлгүй, амь хохирогч А.Б-г шүүгдэгч С.Э нь өөрийн эрхшээлдээ байлгах ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдохгүй, ямар нэг байдлаар амь хохирогч А.Б-г эрхшээлдээ байлгах талаар бодит аюул занал тулгасан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, уг гэмт хэргийн дээрх шинжийг хангахгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон шинж хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч С.Э нь амь хохирогч А.Б-ын гэрт нь очиход барьцаалан зээлдүүлэх газрын бичиг байсныг харсны улмаас миний эд хөрөнгийг зарж үрээд дуусгачихлаа. Орлого тушаахгүй байна. Гэрийнх нь эд зүйлсийг өрөндөө авна гэх нэрийдлээр загнаж, өшиглөсөн нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа ч дээрх нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн “байнгын” гэх шинжид хамаарахгүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, санал үндэслэлтэй, прокурорын анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон  давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.