| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0081/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Г.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан бичигтэн овогт Гомбосүрэнгийн Пд холбогдох 17290010300006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Цэций-Уулын 8-2 тоотод 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Нарантуяатай “гэрт архи уулаа” гэх асуудлаар маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагт сургуулийн хүүхэд хичээлд нь хүргэж өгөх гээд гэртээ ирэхэд Мөнхцэцэг, Нарантуяа нар манай эхнэртэй архи уугаад сууж байхаар нь орхчоод гараад явсан. 14 цагийн орчимд ирэхэд ууцгааж байсан тэгэхээр нь тал архийг нь барьж гараад асгачхаад явсан. 16 цагийн орчимд ирэхэд нэлээд согтоцгоосон, дуулалдаад сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “Одоо боль, харьцгаа” гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь Мөнхцэцэгийг гэрээсээ чирж гаргаад, Нарантуяаг яв гэсэн чинь надруу хэл амаар доромжлхоор нь би зүүн шанаанд нь нэг цохиход цонхны чулуун тавцан мөргөөд унасан. Тэгээд босоод ирэхдээ толгойноос нь цус гарсан байхаар нь хөлнөөс нь чирээд гаргасан. Уурандаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,
Хохирогч Н.Нарантуяагийн:”...П гаднаас орж ирээд үг дуугүй зогсож байснаа миний зүүн шанаа руу алгадаад авсан. Би газар унаад босоод иртэл толгой руу юмаар цохиод авсан. Миний санаж байгаагаар шил бутраад явчихсан. Толгой руугаа цохиулаад духны орчмоос цу гарч эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Мөнхцэцэгийн: ”...миний санаж байгаагаар П Нарантуяаг цохисон ба тэрээр цаашаа унаад босож ирэхэд нь толгойноос нь цус гарсан харагдсан. Пг цохисны улмаас юм уу эсхүл газар унаад ч юм уу яг юунаас болоод толгойноос нь цус гарсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 08 дугаартай шинжээчийн: ”...Н.Нарантуяагийн биед духны баруун хэсэгт зүсэгдсэн шарх, баруун гуя хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Пгийн яллагдагчаар өгсөн: “...би Нарантуяагийн зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Бас мөр рүү нь нэг удаа гараараа цохиж, хөлөөс нь чирж гэрээс гадагш гаргасан.” гэх мэдүүлэг /хх 26-28 дугаар хуудас/
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 29 дүгээр хуудас/
Г.Пгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 30 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Пгийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 31-32 дугаар хуудас/
“Өгөөмөр Гавилууд” ХХК-ийн захирал М.Хашбаатарын тодорхойлолт /хх-н 39 дүгээр хуудас/
Г.Пгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 38-41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.П нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Цэций-Уулын 8-2 тоотод 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Нарантуяатай “гэрт архи уулаа” гэх асуудлаар маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Н.Нарантуяагийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Пгийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Г.П гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Н.Нарантуяа нь хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлд “...эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна, 500,000 төгрөг нэхэмжилж байна. Надад бол нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй байна.” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн боловч эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан зардлын баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчийн гаргасан 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Г.Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан бичигтэн овогт Гомбосүрэнгийн Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Нарантуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Пгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Пд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН