| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0446/З |
| Дугаар | 128/ШШ2024/0872 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0872
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/146 дугаартай захирамжаар А******* ХХК-д анх Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24000 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх олгосон,
3. Уг эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгох хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Э***гаас гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/250 дугаар Газар эзэмших эрх баталгаажуулах захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн,
4. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр М.Э***-гаас А.Э******* нь А******* ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх үүргийн бүр мөсөн шилжүүлэхээр харилцан тохиролцож, компанийг анх газар түүний эзэмших эрхийн хамт шилжүүлэн авсан байна.
5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн баталсан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 он, 2022 оны газрын төлбөрийн ногдуулалтад нийслэлийн Дотоод аудитын албаны хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын захирамжтай 43 иргэн, ААНБ-ын газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нийт 11,141,572.2 мянган төгрөгийг аваагүй зөрчил тогтоогдсон ба үүнд нэхэмжлэгч компани багтсанаар тус албаны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 38/11-09 тоот Зөрчил арилгуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлагын жагсаалтын 34-т А******* ХХК, мод үржүүлгийн зориулалттай 64,032.000 мянган төгрөгийн зөрчил тогтоогдсон.
6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-09/7236 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичгээр ...газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 64,032,000 төгрөг (жаран дөрвөн сая гучин хоёр мянга)-ийг Төрийн сан 100******* (НТГ. Газрын дуудлага худалдааны орлого) дугаар дансанд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна уу. Дээрх хугацаанд "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэн.
7. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас 01-05/1983 тоот албан бичгээр А******* ХХК-д хүргүүлсэн байна.
8. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: А.Э******* миний бие компанийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар түүний эзэмших эрхийн хамт шилжүүлэн авч хууль ёсны дагуу эзэмшигч болсон ч худалдсан этгээд нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 01113-А/******* тоот шийдвэр, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын анхны төлбөрийг төлөөгүй тухайн мэдээллийг анх компани түүний эрхийг шилжүүлэх үед мэдэгдэлгүй иргэн А.Э******* намайг их хэмжээний хохиролд оруулж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул ирүүлсэн албан шаардлагын дагуу худалдагчаас газрын анхны төлбөрийг төлүүлэхээр уулзаж эвийн журмаар харилцан тохиролцож төлбөр төлөх үүргийн гүйцэтгэл хангахыг даалгаж шаардлага хүргүүлсэн болов ч худалдагчийн буруугаас төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Дээрх ажиллагаатай холбогдуулан манайхаас албан хүсэлт хүргүүлсэн болов ч бидний санал хүсэлтийг харгалзан үзэлгүй, сонсох ажиллагаа хийлгүй газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Нийслэлийн засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлдээ Газрын тухай хуулийн 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 39 дүгээр зүйлийн 39.1.4 газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно." гэж заасныг тус тус удирдлага болгосон ч газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж. байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрээ, хуулийн хүчин төгөлдөр бөгөөд газрын эрхийг 42 дугаар зүйлийн 42.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно гэж заасныг болон 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно заасан удаа дараа зөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тухайн газрыг ашиглаж гарсан зардал төлбөр түүнийг нөхөн олгох учирсан хохирлыг арилгах арга хэмжээг авалгүй, дээрх маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой байсан боловч оролцогчийг сонсох ажиллагаа хийгээгүй. манайд их хэмжээний хохирол учруулсан.
Иймд, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: А******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Э.******* гэх хүнээс А******* ХХК-ийг газар эзэмших эрхийн хамт худалдаж авсан. Налайх дүүргийн Засаг даргаас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01113-А/******* тоот газар эзэмших захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж хүлээж авсан. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан газрын эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх хүчингүй болгох 7 үндэслэлд дуудлага худалдааны анхны үнэ төлөх гэх үндэслэл байгаагүй учраас газар эзэмших эрхийг хууль бус үндэслэлээр хүчингүй болгосон гэж үзэж байна.
Газар эзэмших эрх хүчингүй болгоход сонсох ажиллагаа хийгдээгүй, зөрчил арилгах сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүлээж аваагүй. Газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамжийг шуудангаар хүлээж авсан.
...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хуулийн зүйл заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт орсон зохицуулалт нь газар эзэмших эрхийг худалдаж авч байх үед хэрэгжээгүй байсан учраас дуудлага худалдааны үнэ төлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
А******* ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/146 дугаартай захирамжаар Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24000 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх олгосон байна.
Уг эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/250 дугаартай Газар эзэмших эрх баталгаажуулах тухай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-09/7236 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
Мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны цахим хуудсанд байршуулан 2024 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 305 дугаар өрөөнд 13-17 цагийн хооронд явагдахыг олон нийтэд мэдээлсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаr дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж заасан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт хууль ёсны дагуу гарсан захиргааны акт гэж үзэж байна. Сонсох ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүргэгдсэн. Тус шуудан буцаагдсан тэмдэглэгээ үйлдэгдээгүй байсныг нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг вайбераар илгээсэн. Вайберын он сарыг харвал 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг мэдэгдье гэж мэдэгдсэн. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий захирамж гарсан. Сонсох ажиллагаа 2 удаа хийгдсэн ч хариу ирүүлээгүй, дуудлага худалдааны үнэ төлөөгүй учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Дуудлага худалдааны анхны үнийн тухайд А******* ХХК нь Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдааны төсөл сонгон шалгаруулах зарчмаар дуудлага худалдааны үнийг төлж газар эзэмших зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч тал дуудлага худалдааны үнэ төлөхгүй газар эзэмших эрхийг олж авсан. Үүнийг дотоод аудитын газраас илрүүлж, дуудлага худалдааны үнэ төлүүлэх шаардлага гаргасан. Тухайн үед газрыг дуудлага худалдааны журмаар олгох ёстой байсныг зөрчсөн гэх утгаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 39.1.4 дэх хэсгийг тус тус баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гарсан. Маргаан бүхий актыг хуульд нийцүүлж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
....Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хэдий ч дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар олгоно гэдэг агуулга өөрчлөгдөөгүй. Газрыг дуудлага худалдаа явуулж, үнийг төлүүлж газар эзэмшүүлдэг байсан нь шинээр нэмэгдэж орсон өөрчлөлт биш юм. Эрх бүхийн албан тушаалтны буруутай үйлдлээс болж тухайн дуудлага худалдааны төсөл шалгаруулалт явагдаагүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...бусдаас худалдаж авсан газар, Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх хүчингүй болгох 7 үндэслэлд дуудлага худалдааны анхны үнэ төлөх гэх үндэслэл байгаагүй учраас газар эзэмших эрхийг хууль бус үндэслэлээр хүчингүй болгосон гэж, хариуцагчаас ...сонсох ажиллагаа 2 удаа хийсэн ч хариу ирүүлээгүй, дуудлага худалдааны үнэ төлөөгүй, анхнаасаа дуудлага худалдааны журмаар олгох ёстой байсан гэж тус тус тайлбарлан маргасан.
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01-06/1128 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Нийслэлийн дотоод аудитын албаны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 38/11-09 дүгээр албан шаардлагын дагуу Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод үржүүлгийн зориулалтаар 24000 м.кв газрыг эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр "А******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл А******* ХХК-д Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24000 м.кв газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар захирамжаар мод үржүүлэг-ийн зориулалтаар 15 жилээр эзэмших эрх олгон, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 0000******* дугаар гэрчилгээг олгон газар эзэмшүүлэх гэрээг 2035 он хүртэл 15 жилийн хугацаатай байгуулсан, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр А******* ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх үүргийг иргэн А.Э******* шилжүүлэн авсан, үүнд тухайн газар эзэмших эрх багтсан болон А.Э******* нь тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч компаниас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 04/01 дүгээр албан бичгээр ...уг эзэмшил газраа Нийслэлийн засаг даргын захирамжтай болгох хүсэлт гаргасныг Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 06 дугаар хурлын тэмдэглэлд зөвшөөрсөн дүгнэлт, мөн оны 7 сарын 09-ны өдрийн 7 дугаар хурлын тэмдэглэлд зөвшөөрсөн, дуудлага худалдааны анхны үнэ төлөх дүгнэлт тус тус гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/250 дугаар захирамжаар А******* ХХК-д газар эзэмших эрх олгож, улмаар гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг холбогдох албанд даалгаж, энэ захирамж гарсантай холбогдуулан Налайх дүүргийн засаг даргын 2020 оны 5 сарын 05-ны А/146 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн баталсан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу Нийслэлийн Дотоод аудитын албанаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 он, 2022 оны газрын төлбөрийн ногдуулалтад хяналт шалгалт хийж Нийслэлийн Засаг даргын захирамжтай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ аваагүй гэх зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байх ба албан шаардлагын хавсралтын 34-д А******* ХХК-ийг 64,032.000 мянган төгрөгийн зөрчилтэй гэж тогтоожээ.
Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-09/7236 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичгийг А******* ХХК-д хүргүүлж ...дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт зарлалгүйгээр олгогдсон гэж үзсэн,...албан шаардлагаар тавигдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 64,032,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-ыг мэдэгдсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж,
Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1-д аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно; 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж, хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасан.
Дээрх хуулийн заалтууд болон хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад шийдвэр гаргасан нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэх үндэслэлийг заасан атлаа тодорхойлох хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж дурдсан нь хоорондоо зөрчилтэйн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэл нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Хариуцагч захиргаа "А******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасанчлан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нөхцөлд тухайн зөрчлийг хангалттай шалган тогтоох шаардлагатай, өөрөөр хэлбэл гэрээний нөхцөл болзлыг хэзээ хэрхэн зөрчсөн уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг тодорхой тогтоосон байхыг хуулиар шаардсан байна.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус зааснаар захиргаа шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч компани газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг хэрхэн зөрчсөн болон дуудлага худалдааны үнийг төлөөгүй зөрчил гаргасан уу эсхүл анхнаасаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар тухайн газрын эзэмших эрхийг олгох журмыг зөрчсөн үү, хэрвээ ийм зөрчил байна гэж үзвэл тухайн зөрчлийг гаргасан этгээд нь захиргаа юу, эсвэл газар эзэмших хүсэлт гаргагч уу гэдгийг тодорхой тогтоосны эцэст шийдвэр гаргах журмаа зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Нийслэлийн дотоод аудитын албаны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 38/11-09 дүгээр албан шаардлагын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, хуульд заавал төлөхөөр заасан гэж маргаж байх боловч уг албан шаардлагын дагуу дуудлага худалдааны үнэ төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох нь хуулиар зөвшөөрөгдөөгүй, нөгөө талаар анхнаасаа захиргаа тухайн газрын эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт-аар олгоогүй нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш.
Түүнчлэн хариуцагчаас, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас захиргааны акт гарсан тул алдааг засаж гаргасан шийдвэр гэж тайлбарласан хэдий ч энэ үндэслэлээ мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой заагаагүй, холбогдох этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж тайлбар нотлох баримт гаргах боломж олголгүйгээр маргаан бүхий захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмын ноцтой зөрчил гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл захиргаа мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгч компанид тайлбар, баримт гаргах боломж олгосон нь тогтоогдоогүй тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн энэ шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон хэдий ч нэхэмжлэгч А******* ХХК нь газар эзэмшигчийн хувьд холбогдох хуулийн дагуу төлбөл зохих төлбөр, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн А/315 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН