Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Монгол овгийн Ганболдын Лд холбогдох 1829000200011 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.Мөнхтулгатай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Мөнхтулгын өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос Цагаанхаданд очсон юм. Тэгээд 14 цагт хил нээхээр нь би өөрийн найз Лхагва-Отгон, Баттогтох нартай хамт БНХАУ-руу гарах санаатай Гашуун сухайт хилийн боомт дээр очсон. Тэгээд гааль дээр гадаад паспортоо үзүүлээ  хил гарах гэхэд миний паспорт бороонд нороод хуучирчихсан байсан болохоор намайг хилийн цэргийн албан хаагчид хил нэвтрүүлээгүй. Тэгээд би эргээд Цагаанхаданд 17 цагийн үед ирээд өөрийн найз Лын гэрт очсон. Намайг Лын гэрт ороход Л Анхаа 2 нэг шил архи ууж дууслаа гээд сууж байсан. Тэгсэн гаднаас миний танихгүй нэг залуу 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд Л, Анхаа нөгөө архи барьж ирсэн залуу бид 4 нийлээд нөгөө архиа хувааж уугаад сууж байтал ганднаас Лхагва-Отгон, Баттогтох 2 орж ирсэн. Түүний дараагаар Лхагва-Отгон гэрт хоол хийж байгаа харагдсан. Тухайн үедээ ууж байсан архиа дуусгаад дахиад нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчраад Анхаа, Л, Баттогтох болон нөгөө миний танихгүй байсан залуу бид хэд нийлээд архиа хувааж уусан. Нилээд хугацаа өнгөрсний дараагаар би Лтай гэрийн баруун талын орон дээр юм яриад,  бусад нь гэрийн хойд талын ор болон зүүн талаар сууцгааж байсан. Тэр үед гаднаас 2 танихгүй залуу орж ирээд сүүлд сонсохнээ Баттөр нэх залуу нь гэрт байсан хүмүүсийг зайлцгаа гөлөгнүүд минь гэх зэргээр агсам тавьсан. Тэгэхээр нь миний уур хүрээд орноос босоод Баттөрийн нүүр лүү баруун гарын алгаараа дарж түлхсэн чинь Л Баттөрийг өмөөрч надтай маргалдсан. Тэгсэн гэнэт Л гартаа 2 талдаа модон хавтастай эвхдэг хутга барьсан харагдаж байсан. Тэгээд Л миний хажууд зогсож байснаа гэнэт миний баруун хөлний гуя хэсэгт нэг удаа хутгалсан. Хутгыг нь авах санаатай Лтай зууралдаж байх байх хооронд дахиад миний хэвлий хэсэгт хутгалснаа залгуулаад миний эрүүний доод хэсгийг хутгалсан. Тэгээд би хутгыг нь булааж авах гээд зууралдаж байхдаа хойшоо газар унасан. Л шооконд орсон байдалтай миний хажууд хараад зогсож байсан. Баттогтох миний хажууд ирээд цусыг тогтоох гээд миний цээжийг сөхөөд шархан дээр минь миний өмсөж байсан подвалкоор дарах үйлдэл хийж байсан. Харин тэнд байсан хэн нэгэн нь цагдаа, түргэн тусламж дуудсаны дараагаар удалгүй цагдаа нар гэрт орж ирсэн. ...Би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

            Мөрдөн байцаалтын шатанд С.Лхагва-Отгоны гэрчээр өгсөн:”...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед Баттогтохын хамтаар Ганц мод гэх газраас Цагаан хаданд байрлах Лхгаважавын гэрт очсон. Гэрт ороход Мөнхтулга, Анхбаяр, Л, Ганзориг, Батхуяг нар 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд Баттогтох бид 2 хувааж уугаад би өлсөөд байхаар нь Батхуяг, Баттогтох нарын хамтаар хоол хийсэн. Хоол хийж байх үед Батхуяг дэлгүүр орж дахиад 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчирсан. Тэгээд нөгөө архиа бид хувааж уугаад сууж байх үед би дэлгүүр явж тамхи авчаад эргээд Лын гэрт ороод ирээд 00 цаас аваад бие засчихаад эргээд ороод ирэхэд Мөнхтулга гэрийн баруун талын орон дээр намайг хутгалчихлаа гээд дээшээ хараад хэвтэж байсан. Харин хажууд нь Лын гарнаас нь цус гарсан байдалтай гараа зангидаад зогсож байсан. ...Баттогтох цагдаа дуудсан...” гэхмэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Н.Батхуягийн гэрчээр өгсөн:”...Би Цагаан хад гэх газар хуурай ах Лын хамтаар нүүрс тээврийн том оврын тээврийн хэрэгсэл янзалдаг юм. 2018 оны 01 сарын 08-ны орой би 18 цагийн үед Лын гэрт ирэхэд Ганаа, Мөнхтулга, Лхагваа гурав 0.75 литрийн Ерөөл нэртэй архи уугаад сууж байсан. Тэгсэн удалгүй гаднаас Лхагва-Отгон, Баттогтох 2 орж ирсэн. Тэгээд би гэрт хоол унд хийж байгаад 20 цаг өнгөрч байхад Цагаан хадны төвд дэлгүүрээс очиж нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчирч уусан. Тухайн үед архи нилээд дундарсан байсан. Тэнд байсан хүмүүс согтоод ууж чадахгүй байхаар нь Баттогтохын хамтаар үлдсэн тал шил архиа гэрийн зүүн хэсэгт хувааж уусан.тэр үед Л, Мөнхтулга 2 гэрийн баруун талын орон дээр юм яриад өөд өөдөөсөө хараад сууж байсан. Тэгтэл гаднаас Баттөр ганцаараа гэрт орж ирээд гэрт байсан хүмүүст агсам тавьсан. Тэгсэн Мөнхтулга орон дээрээс босч ирээд Баттөрийг цохих шиг болсон. Тэгэхэд Баттөр хэсэг орилж агсам тавьж байснаа гэрээс гараад явсан. Түүний дараагаар Мөнхтулга, Л 2 гэрийн баруун талын хэсэгт хоорондоо зодолдсон. Тэгтэл гэрийн гэрэл унтарсан. Баттогтох бид 2 гэрлээ асаагаад хартал Мөнхтулга гэрийн баруун урд талд дээшээ хараад газар хэвтэж байсан. Харин Л хажууд нь зогсож байсан. Яг тэр үед гаднаас Лхагва-Отгон орж ирээд шууд Лыг тэврээд орон дээр хэвтүүлсэн. Баттогтох сандраад эмнэлэг дуудсан. Удалгүй Л тайвшираад босч ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Ганзоригын гэрчээр өгсөн: “...Би нүүрс тээврийн жолооч ажилтай. Тухайн өдөр би найз Лхагваагийн очсон. Анхаа, Мөнхтулга, Л би 4 хамтдаа Лын гэрт архи уусан. Түүний дараагаар би согтоод гэрийн хойд талын орон дээр унтаж байсан. Тэгсэн гэнэт гэрт дотор хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь сэрээд хартал Мөнхтулга гэрийн баруун талын орны хажуу талд дээш хараад хэвтэж байсан. Харин Мөнхтулгын хэвлий хэсгээс цус гараад гэрт байсан хүмүүс цусыг нь тогтоох гээд ямар нэгэн зүйлээр дарж байсан. Дараагаар нь цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Баттогтохын гэрчээр өгсөн: “...Би өөрийн найз Лхагва-Отгоны хамт 2018 оны 01 сарын 08-ны орой 18 цагийн үед Лын гэрт очсон. Гэрт Л, Анхаа, Мөнхтулга, Ганаа нар архи ууж байсан. Гаднаас Хуягаа орж ирсэн. Хуягаа, Лхагва-Отгон бид 3 хоол хийсэн. Мөнхтулга, Л 2 гэрийн баруун талын орон дээр өөд өөдөөсөө хараад юм яриад сууцгааж байсан. Тэгэхэд гаднаас Баттөр гэх залуу орж ирээд “та нар манайхаас зайл, гарцгаа” гэж агсам тавьсан. Тэгэхэд нь Мөнхтулга босч ирээд Баттөрийг цохьсон. Хуягаа бид 2 босоод Баттөр, Мөнхтулга хоёрыг салгаж байх үед гэрэл унтарсан. Тухайн үед гэрлийг залгаж байх хооронд Мөнхтулга, Л нар зодолдсон. Гэрэл асахад Мөнхтулга гэрийн баруун урд талд дээшээ харсан байдалтай хэвтээд, намайг хутгалчихлаа шдээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  26-27-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн

  1. И.Мөнхтулгын биед аюулхай мөгөөрс орчим, баруун гуяны урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүүний баруун доод хэсгийн зүсэгдсэн шарх, баруун дээд зовхи, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Аюулхай мөгөөрс орчим, баруун гуяны урд дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүүний баруун доод хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй, баруун дээд зовхи, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн

  1. Г.Лын биед зүүн эрхий хурууны уг орчмын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Монгол овгийн Ганболдын Л нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.Мөнхтулгатай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Мөнхтулгын өгсөн: “...Тэгсэн гэнэт Л гартаа 2 талдаа модон хавтастай эвхдэг хутга барьсан харагдаж байсан. Тэгээд Л миний хажууд зогсож байснаа гэнэт миний баруун хөлний гуя хэсэгт нэг удаа хутгалсан. Хутгыг нь авах санаатай Лтай зууралдаж байх байх хооронд дахиад миний хэвлий хэсэгт хутгалснаа залгуулаад миний эрүүний доод хэсгийг хутгалсан. Тэгээд би хутгыг нь булааж авах гээд зууралдаж байхдаа хойшоо газар унасан. Л шооконд орсон байдалтай миний хажууд хараад зогсож байсан. Баттогтох миний хажууд ирээд цусыг тогтоох гээд миний цээжийг сөхөөд шархан дээр минь миний өмсөж байсан подвалкоор дарах үйлдэл хийж байсан. Харин тэнд байсан хэн нэгэн нь цагдаа, түргэн тусламж дуудсаны дараагаар удалгүй цагдаа нар гэрт орж ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

            -Мөрдөн байцаалтын шатанд С.Лхагва-Отгоны гэрчээр өгсөн:”... Мөнхтулга гэрийн баруун талын орон дээр намайг хутгалчихлаа гээд дээшээ хараад хэвтэж байсан. Харин хажууд нь Лын гарнаас нь цус гарсан байдалтай гараа зангидаад зогсож байсан. ...Баттогтох цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

-Мөрдөн байцаалтын шатанд Н.Батхуягийн гэрчээр өгсөн:”... Баттогтох бид 2 гэрлээ асаагаад хартал Мөнхтулга гэрийн баруун урд талд дээшээ хараад газар хэвтэж байсан. Харин Л хажууд нь зогсож байсан. Яг тэр үед гаднаас Лхагва-Отгон орж ирээд шууд Лыг тэврээд орон дээр хэвтүүлсэн. Баттогтох сандраад эмнэлэг дуудсан. Удалгүй Л тайвшираад босч ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/

-Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Г.Лт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Г.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Лын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.Мөнхтулга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Г.Л урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол овгийн Ганболдын Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лт оногдуулсан 500 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 / нэг / сарын хугацаанд бүхлээр нь төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Г.Лт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА