Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

   2023        06           22                                           2023/ДШМ/24

 

 

Д.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Д.Д-,

Шүүгдэгч Д.А-,

Шүүгдэгч С.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А-, С.О-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д-, Д.А-, С.О- нарт холбогдох эрүүгийн 2139000000317 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцэв.

 

 

Д.Д-, Д.А-, С.О- нар нь бүлэглэж 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Т.Э-ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж Т.Э-од 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Д.Д-, Д.А-, С.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Д-, шүүгдэгч Д.А-, шүүгдэгч С.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан машин механизм ашиглаж Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-ид 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.А-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.О-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Д- нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргийнхээ гэм бурууг чин шударгаар хүлээж, учруулсан хохирлоо нөхөж төлж гэм буруугийн хуралдаанд ямар ч маргаангүй, хэргийн талаар эсрэг сонирхолгүй оролцсон.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ", 3 дахь хэсэгт "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно", 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж тус тус заасан байдаг.

Шүүгдэгч Д.Д-, Д.А-, С.О- нар нь гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогч Д.Т.Э-ын 34 ширхэг модыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж бичжээ.

Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Д- нь хохирогч Д.Т.Э-ын 34 тооны модыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 4.420.000 төгрөгний хохирол учруулсан үйлдлээ зөвшөөрсөн буюу гэм буруугаа хүлээж, хохирлоо бүрэн төлж барагдуулж оролцож байхад анхан шатны шүүх Д.Д- нь Д.А-, С.О- нарыг уг гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэж хэргийн бусад байдлыг үгүйсгэж мэдүүлдэг, Д.А-, С.О- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэлж нотолсонгүй, ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах хууль зүйн үндэслэлгүй байна гэж 2 жил 5 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Өөрийн үйлдсэн хэргийг шүүгдэгч нотлох үүрэг хуулиар хүлээдэггүй.

Иймд миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Д-ид оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж, Д.Д-ид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Д.А-, С.О- нарыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д.Д-той бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адрага сумын "Хөтөлийн хуурай" гэх газ газраас хохирогч Т.Э-ын байшингийн шинэс модыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан" гэх хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.О-, Д.А- нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

 Үүнд: 1. Шүүгдэгч С.О-, Д.А- нар нь Д.Д-той бүлэглэн мод хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй тул Д.А-, С.О- нарыг тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Үндэслэл: Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Энэхүү шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд хэрэгт тооцдог бөгөөд эдгээр шинжүүдийн аль нэг нь тогтоогдоогүй тохиолдолд үр дагаварт түшиглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй шинж болох гэм буруу нь үгүйсгэгдвэл гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдоно. Ийм учраас мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн сэдэл болон санаа зорилгыг зайлшгүй шалгаж бодитойгоор тогтоох шаардлагатай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  нотолбол зохих байдалд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр"-ийг зайлшгүй нотолж тогтоохоор хуульчилсан байна.

Хохирогч Т.Э-ын байшингийн мод хулгайлагдсан гэмт хэрэгт Д.Д-, Д.А-, С.О- нар нь хамт яваад машинд ачаад гэрийнхээ гадаа авчирсан үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр"-ийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаагаар Д.А-, С.О- нар нь бусдын эд хөрөнгийг Д.Д-той санаа нийлэн хулгайлах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго байгаагүй болох нь тогтоогддог.

Үүнд: 1. Шүүгдэгч Д.Д-ийн гэрчээр өгсөн "Модонд явсан, шаварт суугаад машин хий эргээд арай гэж явсаар өвөлжөөн дээр очоод байшингийн мод ачсан. би ач гэж хэлсэн, хэний мод гэж хэлээлгүй, өөрийнхөө өвөлжөөний ард буулгасан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 89 хуудас/

2. Шүүгдэгч Д.Д-ийн яллагдагчаар өгсөн "Айлын мод гэж хэлээгүй, намайг ач гэхээр миний үгэнд ороод ачилцсан" гэх мэдүүлэг / 1хх-ийн 155-157 хуудас/

3. Шүүгдэгч Д.Д-ийн дахин ялладагчаар өгсөн "Моднуудыг миний мод гэж Д.А-, С.О- нар бодсон, ямар ч холбоо байхгүй" гэх мэдүүлэг /2 хх-ийн 50 хуудас/

4. Шүүгдэгч Д.А-ын гэрчээр өгсөн "Хүний мод гэж мэдээгүй, Д.Д- ахыг ач гэхээр нь ачсан, өөрийнх мод гэж бодсон" гэх мэдүүлэг / 1 хх-ийн 94 хуудас/

5. Шүүгдэгч С.О-ын гэрчээр өгсөн "Хэний мод гэдгийг мэдээгүй, өөрийнх нь мод юм байх гэж бодоод ачсан" гэх мэдүүлэг / 1хх-ийн 97 хуудас/

6. Шүүгдэгч Д.А-, С.О- нарын яллагдагчаар өгсөн "Хүний мод гэж мэдээгүй. Д.Д- ахын өөрийнх нь мод гэж бодсон, ланд-80 машинтай хүмүүс ирээд Д.Д- ахтай юм яриад байсан гэх мэдүүлэг /1xx-ийн 163, 169 хуудас/

7. Гэрч Г.Б-н шүүх хуралд гэрчээр оролцож өгсөн "Би Ланд-80 маркийн түлшээр явдаг машин болохоор дуу ихтэй машинаа унтраагаагүй "Би юу хийж байгаа юм бэ....." гэж хэлсэн болохоор сонсоогүй байх, наана нь Д.Д-, Д.Д-оос цаана С.О-, Д.А- хоёр нь модон дээр сууж байсан... би зөгий үржүүлгийн газар байж байхад араас 2 машинтайгаа ирээд Д.Д- нь надтай уулзсан, С.О-, Д.А- хоёр нь цаана машинтайгаа зогссон, машинаасаа бууж ирээгүй" гэх мэдүүлэг / шүүх хурлын тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар С.О-, Д.А- нар нь хамтран оролцсон гэх субъектив талын шинж няцаагддаг. Шүүгдэгч С.О-, Д.А- нар нь Д.Д-ийн хүсэлт, гуйлтаар түүнтэй хамт хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг баттай мэдэж байсан, түүнчлэн уг үйлдэлд явж, мод хулгайлахад нь шунахайн сэдэл, ямар нэг эдийн ашиг сонирхолд тулгуурласан субъектив санаа хамт оролцсон байгаа хэдий боловч зорилгоор оролцсон болох, тийм зорилгын хүрээнд хамтарсан гэдгийг хангалттай тогтоогдоогүй болох нь дээрх нотлох баримтуудар нотлогдож байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэж заасан байдаг.

Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн " Би хулгайн мод гэж хэлээгүй, миний мод гэж л ойлгосон, би Б-тай уулзсан, намайг Б-тай юу гэж ярьсныг С.О-, Д.А- нар мэдээгүй" гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч С.О-, Д.А- нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн Д.Д- ахыг мод хулгайлж байгааг мэдээгүй, өөрийнхөө модыг авч байна гэж бодсон, Б-тай Д.Д- ах л уулзсан, юу гэж ярьсаныг мэдэхгүй" гэх мэдүүлэг нь гэрч Г.Б-н шүүхийн шатанд өгсөн "Анх намайг очиход Д.Д- нь наад талд нь, нилээн цаана нөгөө хоёр нь байсан, Д.Д-той ярьчаад явсан, машины дуу чанга болохоор юу гэж хэлж ярьсаныг маань сонсоогүй, намайг зөгийн үржүүлгэн дээр байхад араас ирж надтай зөвхөн Д.Д- нь уулзсан, нөгөө хоёр нь уулзаагүй" гэх мэдүүлгээр давхар нотлогддог тул шүүгдэгч Д.Д-, С.О-, Д.А- нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлж тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-, С.О-, Д.А- нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд, мөн гэрч Г.Б-н шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлж тооцоогүй, эдгээр нотлох баримтууд нь бусад ямар нотлох баримтаар няцаагдаж үгүйсгэгдэж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурьдаагүй байна.

3. Шүүгдэгч Д.Д- нарт холбогдох эрүүгийн 2139000000317 дугаартай хэрэг 2022 оны 06 дугаар сарын 06-ны едрийн 270 дугаартай захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаж шийдвэрлэгдсэн ба тус захирамжийн 2 дахь заалтад "Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэх байдлыг шалгах шаардлагатай яллагдагчаар татах талаар тусгасан байхад гүйцэд шалгаагүй" тухай заасан байна. Прокурорын эсэргүүцлээр хэрэг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд ".. Шүүгчийн захирамжийн 1, 2, 4 дэх заалтуудад заасан ажиллагааг хийх шаардлагагүй" гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж “шүүгдэгч С.О-, Д.А- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Д-, Д.А-, С.О- нар давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв. 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Прокуророос шүүгдэгч нарын санаатай нэгдсэн гэж дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар түлээний болон хэрэглээний гуалинд төлбөр төлдөггүй гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч нарын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Д- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Д.Д-, Д.А-, С.О- нар нь бүлэглэж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хуурай хөтөлж” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Т.Э-ын эзэмшлийн өвөлжөөний ар талд хураалттай байсан бөөрөнхий болгож засаж бэлдсэн “шинэс” төрлийн 34 ширхэг модыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж Т.Э-од 4.420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...модоо хайж сураглаад явсан чинь манай байшингийн модыг Баян-Адарга сумын харьяат Д.Д-, дүүгийнхээ хамт 2 портер маркийн машинтай ирээд хулгайлаад ачаад явж байхыг нь Ж гэх хүн харсан байсан...” гэх мэдүүлэг,

“...Би нийтдээ 34 тооны шинэс модоо хулгайд алдсан. ... Ж гэх залуу манай  моднуудыг Д.Д-, Д.А-, С.О- гэх хүмүүс хулгайлан авч байхыг хараад зургийг нь дарсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 75-81 хуудас/,

 

- Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сард Эрдэнээ ахын өвөлжөөнийх нь ард цагаан, хөх өнгийн 2 портер автомашин зогсож байсан. Тэгэхээр нь би эзгүй өвөлжөөн дээр ямар хүмүүс байдаг юм бол гээд яваад очиход 3 залуу мод хөрөөдөж байсан. Би тэр залууст хандан юу хийж байгаа юм, энэ та нарын мод юм уу гэхэд огт юм дугараагүй. Тэгэхээр нь би машин болон хүмүүсийн зургийг утсаараа дарж авчхаад явсан. Би орой очоод Э ахад утсаар хэлсэн. Тухайн залуучууд цагаан, хөх өнгийн 2 портер машинууд байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 10-102 хуудас/,

 

- Гэрч О.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надаас Т.Э- нь 2019 онд байшингийн модыг нэг тугалтай үнээ, шүдлэн эр үхэр, нэг бяруугаар зарсан юм...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 107-108 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШД-395 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 137-139 хуудас/,

          - 2022 оны 04 дүгээр сарын  13-ны  өдрийн  Хэргийн  газарт  нөхөн  үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 11-16 хуудас/,

 

          - 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 17-20 хуудас/,

 

- Гэрч Н.Ц-н “...тэр үеэр манайх түлээний модгүй болчхоод манай нөхөр Д.Д- нь өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн портер 2 маркийн авто машинтайгаа мод бэлтгэлийн газарт очиж хаягдал, хог болсон моднуудыг мод бэлтгэлийн хүмүүстэй нь очиж уулзаад түүж авчрахаар явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 51-54 хуудас/,

 

- Хэрэг гарсан газар болон яллагдагч Д.Д-ийн зуслан, өвөлжөөний хоорондох зайг харуулсан схем зураг /2 хавтаст хэргийн 78 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 162-163 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хавтаст хэргийн 176-177 хуудас/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, Д.Д-, Д.А-, С.О- нарыг бүлэглэж бусдын өмчийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч нарын бүлэглэж бусдын өмчийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-ид 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.А-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.О-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийн шинжийг Д.Д-, Д.А-, С.О- нарын  үйлдэл хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаярын “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-, Д.А-, С.О- нарын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Б.ДЭНСМАА