Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02337

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Ц-ийн /Chaolumenqiqige/

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/03128 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Ц-ийн /Chaolumenqiqige/ хариуцагч Т.Э-ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 286 539 юань буюу 109 970 802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э- нь БНХАУ-ын Эрээн хот Лүн-Шан барилгын зах Тун хуа /Нараа/ G-6, 7 тоот барилгын дэлгүүр, Ядам овогтой Цолмонцэцэгээс 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 286 539 юань буюу 109 970 802 төгрөгийн үнэ бүхий барилгын материалын бараа материалыг 4 сарын хугацаанд буцааж төлөхөөр тохиролцон зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ талаар удаа дараа шаардлага гаргаж байсан ба энэ шаардлагын дагуу 2015 оны 6 сард төлж барагдуулахаа илэрхийлэн өөрийн гараар бичгээр үйлдэж өгсөн баримт байдаг. Төлөх байх гэж итгэж хүлээсээр аргаа бараад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тогтоосон журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох заалтад хамаарч байна. Иймд Т.Э-аас зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн үүрэгт 286 539 юань буюу 109 970 802 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Я.Ц- гэж хүнийг танихгүй харин Нараа гэж хүнийг танина. Миний бие барилгын компани ажиллуулдаг байсан бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нараагаас буюу Эрээн хотоос барилгын материал худалдан авсан. Намайг бараа материал авах үеэр сайн чанарын бараа үзүүлээд араас ачаа бараа явуулахдаа маш чанаргүй муу бараа явуулсан байсан. Би энэ барилгын материалыг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсад хүлээн авч гаалийн барааны төлбөр хийсэн баримт байгаа. Шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй хавсаргасан баримтууд нь тооны хувьд надад байгаа гаалийн төлбөр хийсэн баримтаас зөрүүтэй байна. 2013 оны 11 сард Цолмонцэцэг Монгол Улсад ирсэн ба намайг барилгын ажилтай байхад ирээд хятад бичгээр бичсэн баримтад надад дуудаж өгч бичүүлсэн бөгөөд гарын үсэг зураагүй юм. Би хятад хэл мэдэхгүй, тухайн үед Цолмонцэцэг орчуулагчгүй ирсэн. Намайг гарын үсэг зурахгүй гэхэд чи надад гарын үсэг зураад өгчих, би хүмүүст үзүүлэх гэсэн юм чамд хамаагүй дараа хоёулаа болно гэж хэлсэн. Мөн би чиний машиныг авчихсан байгаа юм чинь хоёулаа тооцоогоо дараа хийчхэж болно. Манайх танай машинаар тээвэр хийгээд ашиг орлого сайн хийж байгаа гэж хэлж байсан. Мөн Боорчи ХХК-аас очиж зарим бараа материалаа аваарай гэсэн бөгөөд би ойлгохдоо миний үлдэгдэл барааг эдний бараатай хамт явуулсан гэж ойлгож очиход Боорчи компанийн захирал зарлагын баримтаар надад хүлээлгэн өгсөн баримтууд нь надад байгаа. Надад Я.Ц- нь Боорчи компаниас чанарын шаардлага хангахгүй чанаргүй хуучин бараа өгсөн учраас манай компаниас комисс томилогдон акталсан баримтууд нь мөн байгаа болно. Дараа нь би Я.Ц-т чиний явуулсан бараа материал шаардлага хангахгүй, чанаргүй байна гэхэд складандаа хадгалж бай, би очиж авна гээд өнөөдрийг хүртэл ирээгүй бараанууд нь хадгалаастай байгаа. Я.Ц- бидний дунд өглөг авлагын олон асуудал байгаа бөгөөд надаас гологдсон бараагаа ирж авахгүй алга болсон байснаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Миний бие нэхэмжлэгчид өглөг байхгүй, харин авлага байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж өөрийн хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Ингэхдээ бидний дунд хийгдсэн наймаатай холбоотой баримтуудыг гаргаж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 108 019 472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Chaolumenqiqige /Я.Ц-/-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас 698 047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Chaolumenqiqige /Я.Ц-/-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүх маргааны үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй гэж үзэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудад бараа материалыг жагсаалт цаг хугацааны хувьд 2013 оны 8 дугаар сарын 01, болон 2013 оны 8 дугаар сарын 15 гэсэн хоёр баримт байдаг бөгөөд тус баримтуудын 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн баримтад хариуцагчийн гарын үсэг байдаг. Гэвч тэрхүү гарын үсэн зурсан баримт нь хятад хэл дээр бичигдсэн бөгөөд иргэн Т.Э-ыг барилгын ажилтай байхад нь дуудан хятад хэл мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан. Энэ нь 2013 оны 8 сарын 01-ний өдрийн баримтын Монгол хэл дээрх орчуулга дээр хариуцагчийн гарын үсэг байхгүй байгаагаар нотлогддог. Үүнээс гадна 2013 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн хятад хэл дээрх бараа, материалын жагсаалт болон түүний орчуулга дээр хариуцагчийн гарын үсэг байдаггүй. 8 дугаар сарын 01-ний өдрийн баримтад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг эцсийн байдлаар тооцож бодсон зүйл байхгүй ба харин 8 дугаар сарын 15-ны өдрийн баримтад нийт авах мөнгөн гүн хэмээн 286 539 юань хэмээн эцсийн байдлаар бодож гаргасан байдаг. Гэсэн ч хариуцагчийн зүгээс энэхүү баримттай танилцаж гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн ямар баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрхэн үнэлсэн талаарх дүгнэлт огт хийгээгүй байна. Энэ талаарх үүргээ шүүх хангалттай биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудад тухайн 2013 оны 8 дугаар сарын 01, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн бараа, бүтээгдэхүүнүүд Монгол Улсын хилийн аль боомтоор хэзээ, хэрхэн нэвтэрсэн болох, түүнийг хариуцагч Т.Э- хүлээж авсан эсэх, хүлээж авсан бол хэдэн оны хэдний өдөр хэдэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан, энэ талаарх баримт үйлдсэн эсэх, бараа, бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлсэн талаарх гаалийн мэдүүлэг байгаа эсэх зэрэг хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үздэг бөгөөд гэрээний дагуу шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгодог. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 4 сар байхаар талууд тохиролцсон хэмээн нэхэмжлэгч тал үздэг боловч энэ нь хүчин төгөлдөр нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тус тус заасан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үндсэн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна. Хариуцагчийн зүгээс 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн гэх ба баталгаа гаргасантай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шинээр тоологдон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-дэх хэсэгт зааснаар 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар болсон байна. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 04-нийн өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэл гаргасан үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болсон хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан л бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болно хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21053 дугаар бүхий захирамжийн захирамжлах хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-дэх хэсгийг удирдлага болгон тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гаргасан нэхэмжлэл гэж үзэх боломжгүй бөгөөд тогтоосон журмын дагуу гаргасан нэхэмжлэл гэдэг нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, хуульд заасан харьяаллын дагуу гаргасан байхыг ойлгодог. Эдгээр үйл баримтуудаас харахад хэргийн үндсэн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгч Цолмонцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл орчуулсан байна хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн эх хувиа өөрийн төрөлх хэлээр бичин монгол хэл рүү орчуулга хийлгэх байтал нэхэмжлэлийн эх хувиа монгол хэл дээр бичин орчуулга хийлгэсэн байна. Гэтэл шүүх хуулийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн орчуулгыг хуулийн шаардлага хангасан гэж үзэх боломжгүй бөгөөд Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх гэж зааснаар тус нэхэмжлэлийн орчуулгыг гэрчлүүлж, баталгаажуулаагүй нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль эрх зүйн шаардлага хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Я.Ц- /Chaolumenqiqige/ нь хариуцагч Т.Э-ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 286 539 юань буюу 109 970 802 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2013 оны 8 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Я.Ц- /Chaolumenqiqige/ нь барилгын материал худалдах, хариуцагч Т.Э- нь худалдан авсан барилгын материалын үнийг 4 сарын хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, барилгын материалын жагсаалт, шинжээчийн дүгнэлт болон хариуцагч Т.Э-ын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах тухай баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 9, 11, 88-117-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөнгөн дүнг шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт бичээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Талууд дээрх гэрээг бичгээр байгуулаагүй, мөн төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүйгээс үзвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Я.Ц- нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч Т.Э- нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Т.Э- нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Я.Ц-т 63 954 + 222 585 юанийг 2015 оны 6 сарын 01-нд төлж барагдуулах болно гэж бичиж гарын үсгээ зурж, хурууны хээгээ дарсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3065 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч Т.Э- нь тус баримтад бичсэн 222 585 юанийг өөрөө бичээгүй 63 954 юанийн баримтад гарын үсэг зурсан гэж маргаж байна. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. /хх-ийн 88-117-р тал/

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан. Иймд хариуцагч Т.Э-ыг /63 954 +222 585 = 286 539/ / юанийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Т.Э-аас 286 539 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 376.98 төгрөгөөр тооцож, нийт 108 019 472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Ц-т олгож, нэхэмжлэлээс 1 951 330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцэх юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон, нэхэмжлэгч Я.Ц-ээс явуулсан барилгын материал Монгол Улсын хилээр хэзээ нэвтэрсэн, түүнийг хариуцагч Т.Э- хүлээн авсан эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

 

Хариуцагч Т.Э- нь барилгын материалын үнийг 2015 оны 6 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Я.Ц- нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, нотлох баримт бүрдүүлэх боломжтой, энэ эрхээ эдлээгүй байх тул Я.Ц-ээс явуулсан барилгын материал Монгол Улсын хилээр хэзээ нэвтэрсэн, түүнийг хариуцагч Т.Э- хүлээн авсан эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/03128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулий 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-аас 108 019 472 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Я.Ц-т /Chaolumenqiqige/ олгож, нэхэмжлэлээс 1 951 330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 698 047 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 074 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ