Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Шүүгдэгч Б.М

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогтой Б.Г, Х овогтой Б.М нарт холбогдох эрүүгийн 1727000160018 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

                1. Монгол улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогтой Б.Г 

                2. Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогтой Б.М 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Г, Б.М нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Мажаагийн элс” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор нэн ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэн байгаль орчинд 1 491 420 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь мэдүүлэхдээ:

           Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой дүүтэйгээ болон нэг хамт харвасан ах, М-гийн 10 настай охинтой хамт агаарт гарсан. Сансар дээр М-гийн найз таараад би М-г найзтай нь тэнд үлдээгээд өөрөө цаашаа явсан. Маргааш орой нь М дээр ирэхэд манай дүүг арц түүсэн гээд цагдаа нар ирсэн байсан. Тэгээд 4 уут арцыг Өвөрхангай аймгаас ирсэн цагдаагийн машины багажинд хийгээд авч явсан. Үлдсэн ууттай арцыг нь миний машинаар ачсан. Тэгээд Өвөрхангай цагдаагийн хэлтэс орсон гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Мажаагийн элс” гэх газраас жижиг цагаан өнгийн машинтай 2 эмэгтэй хүн арц түүгээд байна гэж малчдаас манай байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд би 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим тус сумын 3 дугаар багийн Мажаагийн элс гэх газар яваад очсон чинь 32-10 УНА улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай Б.Г, Б.М нар 11 шуудай арц түүчихсэн байсан. Машиндаа ачиж байхад нь очсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг биш Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутгаас ямар нэгэн байдлаар түүх зөвшөөрөл гэж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Бүрд суманд ажил дээрээ байж байтал Бүрд сумын байгаль орчны байцаагч Б.Бямбасүрэн ирж Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Мажаагийн элс” гэх газар хүмүүс хууль бусаар арц түүгээд байна гэх мэдээлэл ирсэн хамт явъя гэсэн. Тухайн үед очиход голын зүүн талд 11 ширхэг шуудайтай арц түүгээд бэлдчихсэн байсан. Тухайн арц түүж байгаа газар нь очиход майхан барьчихсан М гэх хүүхэн байж байсан. Тэгээд тухайн хүүхнийг дагуулж нөгөө бэлдсэн шуудайтай арцан дээр очиход цагаан машинтай Гэрэлмаа гэх хүүхэн нөгөө арцыг ачих гээд ирж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад Гэрэлмаа нь Мтай хамт түүсэн гэдгээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тухайн газар цагаан өнгийн машинтай 2 эмэгтэй хүн хайчаар арц түүгээд шуудайлж зөөгөөд байсан. Би тухайн үед морьтой очиж юун хүмүүс бэ гэж асуухад майхан барьчихсан зүгээр явж байна Эрдэнэсант сумаас явж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь шуудайтай арцыг нааш нь зөөгөөд голын эрэг дээр авчирч нөгөө цагаан машиндаа ачих гэж байгаа бололтой байсан. Тэгээд би Бүрд сумын байгаль орчны байцаагч Бямбасүрэн рүү утсаар ярьж Бямбасүрэн сумын цагдаа нар болон багийн даргатай цуг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шинжээч Ю.Ганхуяг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай байгаль орчны газарт 200 гр орчим арцыг ирүүлсэн. Түүнийг үзэхэд хонин арц болох нь батлагдсан. Нөгөө талаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг “Их Монгол” элсний орчим хонин арц ургадаг. Хонин арц нь байгалийн ургамалын тухай хуулийн хавсралтаар нэн ховор ургамалын ангилалд багтдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-138 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 802, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/268 дугаартай албан бичиг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Г-гийн гаргасан хүсэлт, хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/11 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №1/15 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 102, 107 дугаар хуудас/,

11 шуудай арцыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, арцанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 21-27, 105 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Г, Б.М нарын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74, 77 дугаар хуудас/ зэрэг болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Б.Г, Б.М нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багийн нутаг “Мажаагийн элс” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор нэн ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэн байгаль орчинд 1 491 420 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас, гэрч Д.Пүрэвдорж, Ч.Болдбаатар, шинжээч Ю.Ганхуяг нарын мэдүүлгүүд /хх-ийн 37-38, 41-42, 136-138 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/11 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №1/15 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 102, 107 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Мгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г, Б.М нар нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Г, Б.М нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Б.Г, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 шуудай буюу 107 кг 890 гр хонин арцыг /зах зээлийн үнэлгээ болох 377 615 төгрөг/ хохиролд нөхөн төлүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлж, шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан нийт хохирол 7 457 100 төгрөгөөс шүүхийн шатанд 1 500 00 төгрөгийг төлсөн ба үлдэх 5 957 100 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 2 978 550 төгрөг гаргуулж Бүрд сумын Засаг даргын тамгын газарт олгох, Б.Ггийн эзэмшилээс битүүмжилсэн 32-10 улсын дугаартай Ниссан Эдван маркийн 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                     

1.Шүүгдэгч Б овогтой Б.Г, Х овогтой Б.М нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Б.М нарыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Б.Г, Б.М нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, Б.М нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

6. Б.Г, Б.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1-т зааснаар Б.Г, Б.М нараас хохиролд тус бүр 2 978 550 төгрөг, нийт 5 957 100 төгрөгийг гаргуулж хохирогч Бүрд сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 шуудай буюу 107 кг 890 гр хонин арцын зах зээлийн үнэлгээ болох 377 615 төгрөгийг хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Б.Г-гийн 32-10 улсын дугаартай “Ниссан Эдван” маркийн 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г, Б.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА