| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0734/З |
| Дугаар | 128/ШШ2024/0884 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овгийн Н*******ийн Ө*******, РД:*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Х*******,
Хариуцагч: Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Н.Э нарын хоорондын “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдрийн 14/329 болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн 06/1665 тоот захиргааны актуудыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар захирамжаар тус дүүргийн *******р хороо, Хт 11000 мкв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
1.2. Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/413 дугаар захирамжаар Ц.Нгаас Н.Ө*******д тус дүүргийн *******р хороо, Хт 15000 мкв газрыг шилжүүлж, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгожээ.
1.3. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдрийн 14/329 дугаартай албан бичгээр “...тус дүүргийн хилийн цэсэд хамаарч буй 5000 мкв газар нь ... хууль, ... тушаал, ... тогтоолын дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд байх тул дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах боломжгүй” гэсэн,
1.4. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн 06/1665 тоот албан бичгээр “... газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөл ирүүлсэн байна ... дээрх шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул ... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг тус тус өгсөн байна.
1.5. Н.Ө*******гаас Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Эзэмшигчийн газар эзэмших эрхийг хамгаалж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргаж өгөхийг даалгах” тухай, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Эзэмшигчийн газар эзэмших эрхийг хамгаалж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.6. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/7870 дугаар захирамжаар 128/2024/0734/З, 128/2024/0782/З индекстэй захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.
1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Налайх дүүргийн газрын албаны 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдрийн 14/329 болон Баянзүрх дүүргийн газрын албаны 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн 06/1665 тоот захиргааны актуудыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Н.Ө******* нь Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Х******* хэмээх газарт байрлах 18 тоот нэгж талбарын дугаар бүхий 11000 метр квадрат талбай газар, мөн 18672 тоот нэгж талбарын дугаар бүхий 15000 метр квадрат талбай бүхий тус тус газруудыг 2013 оноос хойш хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн. Уг хоёр газар нь уртаараа залгаа, сунаж тогтсон тэгш өнцөгт талбайтай газар юм.
Гэтэл 2020 оноос Нийслэлийн зарим дүүргийн хилийн цэсийг тодорхой болгох тухай шийдвэр, тогтоол гарч, Нийслэлд ажлын хэсэг зохион байгуулагдан ажиллаж эхэлсэнтэй холбогдож миний эзэмшлийн дээр дурдсан газруудын 21000 метр квадрат газар маань одоогийн Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Э болон Д******* хэмээх нэртэй 1 байршилд, харин үлдсэн 5000 метр квадрат газрыг өмнөх харьяаллаар хамаатуулан үлдээсэн байдлаарх хилийн цэсийг тогтоосон бөгөөд улмаар миний эзэмшлийн газар нь хаягийн болоод хэмжээний өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. Учир иймд бид 2021 оноос эхлэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг цахимжуулан, шинэчлэн олгох тухай асуудлаар Налайх дүүргийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт хандаж удаа дараа холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан ч Нийслэл дэх Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт албажиж гараагүй гэх үндэслэлээр хойшлогдсоор энэ онтой золгосон.
Ингээд дээр дурдсан Нийслэл дэх ажлын хэсэг байгуулагдан удаан хугацаанд ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1/4823 тоот “Дүгнэлт”-ийг эцэслэн гаргасан байдаг. Тус дүгнэлтийн 8 дугаар зүйлийн 8.1 “Ерөнхий дүгнэлт” хэсэгт: “Цаашид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолыг баримталж, хилийн гадна олгогдсон нэгж талбарын судалгааг нарийвчлан гаргаж тухайн газруудыг харьяалах дүүрэгт нь баталгаажуулах нь шаардлагатай” гэж дүгнэсэн. Гэвч зөвхөн хилийн цэсийг тогтоох, тодорхой болгох үйл ажиллагаа хийгдсэн байтал миний хууль ёсны дагуу олж авсан дээрх газар/Налайх дүүрэгт үлдсэн хэсэг/-н гэрчилгээг шинэчилж олгох боломжгүй гэсэн 14/329 тоот албан хариу бичгийг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас бидэнд 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдөр өгсөн.
Улмаар Налайх дүүргийн газрын албанаас ирүүлсэн хариу бичигт холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 06 сарын 26-ний өдөр гомдол гаргахад “хамгаалалтын бүсэд бүхэлдээ өртсөн байх тул талбайн хэмжээг өөрчлөх боломжгүй” гэх 0*******04/4838 тоот хариу бичгийг бидэнд хүргүүлээд байна. Энэ нь шинээр Баянзүрх дүүрэгт хамаатуулан таслагдаж, харьяалагдаж үлдсэн 21000 метр квадрат газрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 0*******04/4433 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” бичгээр “Ажлын хэсгийн дүгнэлтийн 8.1 дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллана уу” гэсэн үүрэг даалгавар бий болгосон нэг газарт, нэг байгууллагаас гаргасан захиргааны актын утга, агуулгатай эрс зөрж, хоёр өөр шийдвэр гаргаж буй нь газрыг шударгаар эзэмших миний эрхэд хууль бусаар халдаж байна гэж үзэж байна. Ийнхүү захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйн улмаас миний Үндсэн Хуулиар олгогдсон газар эзэмшиж, ашиглах эрх маань зөрчигдөөд байна.
Бид Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж дээд шатны эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тул тус шийдвэр дүгнэлтийг үндэслэн газрын гэрчилгээ шинэчлэн олгохыг хүссэнд бидэнд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 06/638 тоот эс зөвшөөрсөн хариу өгсөн. Иймээс шийдвэрлэх эх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийг огт хэрэгсэхгүй байгаад нь холбогдуулан бид Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасанд бидэнд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0*******04/4433 тоот албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү чиглэл өгч шийдвэрлэхдээ сайд нарын хамтарсан тушаал, мөн ажлын хэсгийн дүгнэлтийн холбогдох журмуудыг үндэслэлээ болгосон байна. Ингээд эрх бүхий байгууллагын ажлын хэсгийн дүгнэлт болон дээд шатны захиргааны байгууллагын чиглэл өгсөн актуудыг үндэслэн дүүргийнхээ газрын албанд дахин хүсэлтээ өгөхөд бидэнд 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдөр 06/1665 тоот бичгээр дээд шатны байгууллагуудын шийдвэрүүдийг үл биелүүлэх тухай эс зөвшөөрсөн хариу өгөөд байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8.“хууль ёсны итгэлийг хамгаалах”, 26 дугаар зүйлийн 26.*******т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, 98 дугаар зүйлийн 98.1.3-т “Захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн A-230/127 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар зүйл 2.3.“Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:”, 2.3.2.“гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж” мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар нийслэлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн 8.1“Ерөнхий дүгнэлт” хэсэгт: “Цаашид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолыг баримталж, хилийн гадна олгогдсон нэгж талбарын судалгааг нарийвчлан гаргаж тухайн газруудыг харьяалах дүүрэгт нь баталгаажуулах нь шаардлагатай” гэж заасныг тус тус үндэслэн газар эзэмших хууль ёсны эрхийг хамгаалж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргах ажиллагаа хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Н*******ийн Ө******* нь анх хоёр 2013 оны12 дугаар сард тус маргаан бүхий газарт 11000, 15000 м.кв бүхий газрыг хууль ёсны дагуу захирамж болон газар эзэмших гэрээ байгуулан эрх шилжүүлэн авсан. Үүнтэй холбоотойгоор 2020 онд Засгийн газрын 110 дугаар тогтоолоор газрын нэгдмэл санг цахимжуулах бүртгэл эхлэх үеэр Төв аймгийн Эрдэнэ болон нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргүүдийн газар нутагт хариуцагч нарын илэрхийлж буйгаар 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрыг хилийн цэс дамнуулан олгосонтой холбоотойгоор шинэчлэн бүртгэл цахимжуулах үйл ажиллагаа зогссон. Барилга, хот байгуулалтын сайд 2022 оны тушаалаар ажлын хэсгийг байгуулж тухайн газарт харьяалах дүүргүүдэд нь баталгаажуулах шаардлагатай буюу анх олгосон газруудыг тус бүрийн дүүрэгт хамруулан олгох тухай шийдвэр гарсан байдаг. Энэ үндэслэлээр бид Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэгт тус бүрчлэн хүсэлтүүдээ өгсөн боловч маргаан бүхий актуудыг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү.
...Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж хэвээрээ байгаа. гэтэл цахимжсан мэдээллийн санд хүсэлтээ өгөхөөр манай хүсэлтийг эс зөвшөөрсөн акт гаргадаг. Эс үйлдэхүй гэж үзэж даалгах шаардлага гаргаж байсан.
... Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хариу өгсөн. Захиргааны ерөнхий хуульд иргэний итгэлийг хамгаалах, хуульд үндэслэх гэсэн зарчмыг маш тодорхой заасан байдаг. Дээд шатны захиргааны байгууллагууд нь холбогдох шийдвэрүүдийг удаа дараа гаргаад байхад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу дээд шатын захиргааны шийдвэрийг биелүүлээгүй. Мөн тухайн ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь хилийн цэсийн наана, цаана байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг ажилласан. Гэтэл тухайн зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа нь нэгэнт тодорхой болж шийдвэр нь гарсан байхад түүнийгээ хэрэгжүүлэхгүй дахин өөр зүйлийг шалтгаан болгон санамсаргүй үйл ажиллагаа хийж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 69 дүгээр тогтоолд голын дагуух 50 метр, 100 метрийг маш тодорхой, ойлгомжтой зурж гаргасан байна. Харин 50 дугаар тогтоолд хамгаалалтын бүсийг тэр чигт нь улаан өнгөөр тодруулсан байдаг. Иймд хариуцагч байгууллагууд цаашид онцгой хамгаалалтын бүсийн зурвас газар гэдгийг хуулийн дагуу баримтлан ажиллаасай гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай А/413 дугаар захирамжаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Хт байрлах сувиллын зориулалттай 15000 м2 газрыг иргэн Ц.Нгаас эрх шилжүүлэн олгосон байна. Улмаар уг газрын байршил нь нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Налайх дүүргийн хилийн цэсийн маргаантай хэсэгт байх бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 24 дүгээр тушаалаар “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг судалж тогтоох, түүнийг шийдвэрлэх талаар санал дүгнэлтийг гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Уг ажлын хэсгийн дүгнэлтээр цаашид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолыг баримталж хилийн гадна олгогдсон нэгж талбарын судалгааг нарийвчлан гаргаж, тухайн газруудыг харьяалах дүүрэгт нь баталгаажуулах шаардлагатай гэх дүгнэлт гарсан бөгөөд таны эзэмшил бүхий газрын координат цэг тэмдэгтээр 10000 мкв газар нь Баянзүрх дүүргийн хилийн цэсэд, 5000 мкв газар нь Налайх дүүргийн хилийн цэсэд хамаарч байна. Дээрх дүгнэлтийн дагуу хилийн цэсийн маргаантай хэсэгт олгосон нэгж талбаруудыг харьяалах дүүргийн Засаг даргын захирамжаар эцэслэн шийдвэрлэх арга хэмжээг зохион байгуулах ажилтай зэрэгцэн нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” А/343 дугаар захирамж гарсан.
Уг захирамжаар Газрын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, нийслэлийн 2024 оны төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дах хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу нөхөн төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газрын эрхийг цуцлах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Манай албанаас Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон иргэн хуулийн этгээдүүдийн дуудлага худалдааны анхны үнэ төлсөн эсэх судалгааг гарган, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүргүүлж ажилласан болно.
Мөн тус дүүргийн хилийн цэсэд хамаарч буй 5000 мкв газар нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд байх тул ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах боломжгүй байна” гэв.
3.2. Хариуцагч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өртсөн тул Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу тайлбарыг дэмжиж байна” гэв.
3.3. Хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэхүү хилийн цэсийн маргаантай асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 онд ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хилийн цэсийн маргаантай байсан, ямар нэгэн хориглолтын бүсэд орсон нэгж талбарын дугаар бүхий газруудыг хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн байдаг. Иргэн Н.Ө*******гийн газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтад бүсэд өртсөн байдаг. Газрын тухай хуулийг зөрчиж байгаа асуудал учраас сэргээх боломжгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.Ө*******гаас Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Эзэмшигчийн газар эзэмших эрхийг хамгаалж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлүүдийг анх гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Налайх дүүргийн газрын албаны 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдрийн 14/329 болон Баянзүрх дүүргийн газрын албаны 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн 06/1665 тоот захиргааны актуудыг хүчингүй болгуулах” хэмээн тодруулж, шүүх хуралдааны явцад анх гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэлийн анх гаргасан, тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
3. Улмаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд нэхэмжлэгчийн “... газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр байхад гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль бус бөгөөд хариуцагч байгууллагууд онцгой хамгаалалтын бүсийн зурвас газар гэдгийг хуулийн дагуу баримтлан ажиллах ёстой” гэх агуулга бүхий нэхэмжлэл үндэслэлгүй байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
4.1. Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар захирамжаар тус дүүргийн *******р хороо, Хт 11000 мкв газрыг зуслангийн зориулалтаар, мөн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/413 дугаар захирамжаар Ц.Нгаас Н.Ө*******д тус дүүргийн *******р хороо, Хт 15000 мкв газрыг шилжүүлж, сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,
4.2. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн тодотгосон эргэлтийн цэгүүдийн жагсаалтыг, хилийн цэсийг солбицолжуулсан жагсаалтыг, хилийн цэсийн хил, нэрлэлтийн зургийг тус тус баталсан,
4.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаантай эргэлтийн цэгийг шалгасан ажлын хэсгээс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “... Налайх дүүргийн зааж буй Д*******д байрлах 1552.0 тоот өндөрлөг цэг нь архивын баримт материалтай таарахгүй зөрүүтэй байна. Цаашид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолыг баримталж хилийн гадна олгогдсон нэгж талбарын судалгааг нарийвчлан гаргаж тухайн газруудыг харьяалах дүүрэгт нь баталгаажуулах нь шаардлагатай” гэсэн 24 дугаартай дүгнэлт гарсан байх боловч,
4.3.1. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдрийн 14/329 дугаартай албан бичгээр “...тус дүүргийн хилийн цэсэд хамаарч буй 5000 мкв газар нь ... хууль, ... тушаал, ... тогтоолын дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд байх тул дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах боломжгүй” гэсэн,
4.3.2. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн 06/1665 тоот албан бичгээр “... газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөл ирүүлсэн байна ... дээрх шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул ... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг тус тус өгсөн,
4.4. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0*******08/5829 тоот албан бичгээр “Ундны усан сан бүхий газрын онцгой ... хамаарах нэгж талбаруудын эзэмших эрхийг хүчингүй болгох, ...” гэж Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0*******04/4433 тоот албан бичгээр “... Н.Ө*******гийн 18 тоот нэгж талбарын дугаар бүхий 11000 мкв, 18672 нэгж талбарын дугаар бүхий 15000 мкв газруудын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд өртөж буй хэсгийг хасаж, хассан талбайн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судлан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн 8.1 дэх заалтын дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллана уу” гэж Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хүргүүлсэн нөхцөл байдал тус тус тогтоогдов.
5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т зааснаар нийслэлийн Засаг дарга нь “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”-ээр, 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар дүүргийн Газрын алба нь “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”-аар зохицуулжээ.
6. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/451 дүгээр захирамжаар газар эзэмших, ашиглах, эрхийг хүчингүй болгох, эрхийг дуусгавар болгох, хэмжээг хасах болон байршил, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.
7. Хууль болон нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжаас үзвэл, нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагууд болох 2 дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн, эсхүл харьяалах дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн өөрийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах газрын эзэмших эрхийг мэдээллийн системд бүртгэх, гэрчилгээ олгох эрх хэмжээтэй байна.
8. Гэтэл маргааны тохиолдолд нэхэмжлэгч Н.Ө*******гийн Налайх дүүргийн Засаг даргын шийдвэрээр 2013 оноос хойш эзэмшиж буй 15000мкв болон 11000мкв газрууд нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хорооны хилийн цэсийг тус тус дамнан байрлаж байгаа болох нь хариуцагч нараас нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хүргүүлсэн албан бичгүүд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0*******05/6545 тоот лавлагаа, зургаар тогтоогдож байх ба тухайн дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлаж буй газар тус бүр дээр тусад нь нэгж талбар үүсээгүй, нийслэлийн болон холбогдох дүүргийн Засаг даргын шийдвэрүүд гараагүй байх тул хариуцагч нарын “гэрчилгээ шинэчилж олгохоос татгалзсан татгалзал”-ыг хууль бус гэж үзэх боломжгүй.
9. Хэдийгээр Баянзүрх, Налайх дүүргийн хилийн цэс нь дээрх 4.3-т дурьсан 24 дүгээр дүгнэлт гарснаар тодорхой болсон, мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй байх хэдий ч засаг захиргааны тодорхой нэгжид, тухайлбал, тодорхой дүүрэгт хамаарах газрын эзэмших эрхийг дүүргийн, эсхүл нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулж, эзэмшүүлэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч нь тухайн дүүрэгт байрших газарт тусад нь Засаг даргын шийдвэр гарсан байх шаардлагатай байжээ.
10. Өөрөөр хэлбэл, Н.Ө*******д Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон газарт Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, газрын мэдээллийн санд бүртгэх үүрэг хүлээхгүй буюу Налайх дүүргийн Засаг даргын захирамж бүхий газрыг хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Налайх дүүргийн болон Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан, эрх бүхий этгээдийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай.
11. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг газар нутгийн харьяаллын дагуу баталгаажуулах эсэх талаар эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн зэрэгцээ тухайн тохиолдолд буюу өмнө олгогдсон байсан газар эзэмших эрхийн хувьд ч дээрх 5 дахь хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалтын хүрээнд дүүргийн Засаг дарга баталгаажуулах боломжгүй, 6 дахь хэсэгт дурьдсан захирамжаар нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлсэн эрхэд хамаарахгүй байна.
12. Түүнчлэн нэхэмжлэгчийн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжуудаар эзэмшиж буй нийт 26000 мкв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн бүсийн онцгой хамгаалалтын Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн бүсийн онцгой хамгаалалтын бүсэд тус тус хамаарч байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/2537 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн газар нь бүхэлдээ усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Усны тухай хуульд усан сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд хамгаалалтын бүс тогтоохоор заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч нараас буруу тайлбарлан хэрэглэж байна” хэмээн маргах боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн агаар сансрын зураг(1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх талд), болон фото зургууд(мөн 18-19 дэх талд), дээрх албан бичгийн хавсралт зургууд(1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх талд), нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 0*******05/6545 тоот албан бичиг(2 дугаар хавтаст хэргийн 52 дахь талд)-ийн хавсралтаар ирүүлсэн зургуудаас үзвэл, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь Туул голын 2 салааны хооронд, эрэг дагуу байршилтай, хамгаалалтын бүс нь голын хамгийн захын салаанаас гадагш 50 метр хүртэл тогтоогдох тул дээрх тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
14. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.*******22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” нь Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарахаар зохицуулсны зэрэгцээ 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж усан сан бүхий газарт холбогдох дэглэмийг тогтоосон.
15. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагуудаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлж маргаан бүхий актуудаар газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргаас баталгаажуулахаас, гэрээ байгуулж гэрчилгээ олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн буюу хуулиар эрх олгогдоогүй асуудлаар гэрчилгээ олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.
16. Мөн нэхэмжлэгч талаас “... Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны шийдвэрийг биелүүлээгүй, ... хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой” гэх агуулгаар маргах боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Налайх болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичгүүд(дээрх 4.4 дэх хэсэгт)-ийн агуулга нь хуулиар хориглосон газар эзэмших эрх олгосныг баталгаажуулах агуулгагүй, харин Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд багтаж байгаа хэсгийг хасаж, өөр тийш нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжийг судлах агуулгатай байх тул дээрх тайлбарын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
17. Нэхэмжлэгчээс газрын байршлыг өөрчлүүлэх, баталгаажуулахаар холбогдох Засаг даргад хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 23 дугаар сарын 23.4.2, 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ө*******гаас Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 2*******ний өдрийн 14/329 болон Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн 06/1665 тоот захиргааны актуудыг хүчингүй болгуулах, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.*******д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.*******д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ