Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оод холбогдох 1729000950012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, нүүрс тээврийн авто замын 156 дахь километрт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн орчимд иргэн С.Өлзийбаттай “очер дайрлаа” гэх асуудлаар маргаж, улмаар зүүн хөлийн ташаа хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал /хх-н 7-9-р хуудас/,

Хохирогч С.Өлзийбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгсэн урсгал сөрөөд нүүрс тээврийн 3 машин хойноос давж орж ирээд намайг гүйцэд түрүүлэх гэхээр нь би сүүлийн 2 машиныг нь шахан хөдөлгөөнийг нь хаатал миний урд хэсэгт зам дээр эвдэрчихсэн нүүрс тээврийн автомашин зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлээд эгнээндээ орж зогссон. Харин надад хашуулсан тээврийн хэрэгсэл нь миний машины ард тулж зогссон. Тухайн үед би машинаа өөрийн зорчих хэсэгтээ гүйцэд оруулж тавиагүй байсан юм. Тэгээд би машинаасаа буугаад урд талд зогсож байсан нүүрс тээврийн 3 машины жолоочид тээврийн хэрэгслээ урагшаа шах гэж хэлээд эргээд машин дээрээ очин машинаа эгнээндээ гүйцэд оруулж байрлуулаад машинаасаа буун Батаагийн машины хажууд очтол одоо би нэргийг нь мэдэж байна О гэх жолооч ах зогсож байсан. Тухайн үед Отгонтогтогтох нь хар өнгийн юүдэнтэй малгайтай  цамц өмсчихсөн мөн саравчтай малгай өмсчихсөн зогсож байсан. Тэгээд надаас ахын дүү яаж байнаа гэхээр нь би яагаачгүй ээ эх яасан юм бэ гэхэд намайг шууд заамдаад авсан. Тэгэхлээр нь би зөрүүлээд заамдаад автал миний зүүн талын гуя руу нэг юмаар хатгах шиг болсон. Тухайн үед би намайг хутгалчихлаа гэж мэдээгүй. Тэгээд Отой заамдалцаад зогсож байсан чинь миний араас миний араас миний баруун талын гуя руу нэг хүн лапаткаар цохисон. Тухайн үед би шууд газар унасан. Харин газар унасаны дараагаар дээрээс нэг хүн цохиод байх шиг байсан. Би тухайн үед ухаан алдаад хэсэг хугацааны зүйлсийг санахгүй байгаад байгаа юм. Тэгээд нэг сэрсэн цаанаас Бумбаяр, Түвшнээ Пүүжээ 2 хүүе хүн аллаа ш дээ гэж хэлээд гүйгээд ирсэн. Харин нөгөө 2 хүн цаашаагаа яваад өгсөн. Тэгтэл миний хажууд зогсож байсан Пүүжээ надад хэлэхдээ “хөөе чамайг хутгалчихсан байна ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би машины гэрэлд очоод хөлөө хартал миний зүүн талын хөлний гуя хэсгийг хүн хутгалчихсан байсан...” /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Б.Бумбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би тухайн өдөр Батбаяр, Түвшинбаяр, Өлзийбат нарын хамтаар нүүрс тээврийн оочирт зогсож байсан юм. Би одоо цагийн нь сайн санахгүй байна ямар ч байсан  нэлээд харанхуй болчихсон байсан юм. Тухайн үед миний машины ард Батбаяр машинтайгаа зогсож байсан. Харин миний урд нэлээд зайтай Түвшинбаяр зогсож байсан. Би машинаа тухайн газарт байрлуулж зогсоочхоод машинаасаа буугаад хойшоо хартал Батбаяр ах нэг эрэгтэй хүнтэй зууралдаад зогсож байсан. тэгэхээр нь би хүрээд очтол Батбаяр ахтай зууралдаж байсан хүн гартаа барьчихсан зогсож байсан. Тэгээд байгаад огт ойртоогүй. Тэгсэн Түвшинбаяр ирээд тэр хоёрыг нэг салгах гэж оролдоод дийлээгүй. Түүний дараагаар хойноос нэг ах нүүрс тээврийн автомашинтайгаа гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд ороод ирэхээр нь би машиных нь урдуур орж зогсоосон. Тэгээд тухайн жолоочоос би “та одоо яагаад чичрээд байгаа юм бэ” гэхэд чи зогсоол гэж юм мэдэх үү гэсэн. Тэгээд нөгөө ах машинаа баруун засмал замын зүүн гар талын зогсоол руу оруулж тавьсан. Тэгээд би шууд өөрийнхөө машин дээрээ иртэл миний урд Өлзийбат машинтайгаа ирээд зогсчихсон байсан. Тэгээд би Өлзийбатын машины араас өөрийн машинаа шахаж тавьсан Тэгээд би машин дотроо хэсэг хугацаанд сууж байтал ард хүмүүс шуугилдаад байхаар нь би машинаасаа буугаад очтол Өлзийбат зүүн талын гуяндаа хутгалуулчихсан байдалтай байж байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан... /хх-ийн 18-р хуудас/

Гэрч Ш.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Батзол машинаасаа бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхлээр нь би зөрүүлээд нэг гараараа заамдаж аваад цааш нь машин руу нь шахаж түлхсэн. Тэгтэл намайг зөрүүлээд түлхэн чирч засмал замын гол хэсэгт очсон. Тэгсэн гэнэт Батзол баруун гартаа хутга барьчихсан ална гээд зогсож байсан. Тэгэхлээр нь би айгаад яаж ч чадалгүй зогсож байсан чинь Түвшинбаяр ирээд салгах гэсэн чинь хутгатай гараа эргүүлж татаад ална үү гэсэн чинь Түвшинбаяр зугтаагаад явчихсан. Тэгтэл хойноос О ирээд Батзолын гарт байсан хутгыг булааж аваад Батзол бид хоёрыг салгасан. Тэгээд О над дээр ирээд заа хөгшөөн бид хэдийг уучлаарай энэ жоохон согтуу байгаа юм гээд гар бариад салцгаасан. Тухайн үед харин Өлзийбат бид хэдийг гүйцэд түрүүлэн Бумбаярын машины урд хэсэгт очиж зогссон. Тэр үед би хэдий нь машиныхаа кабинд орчихсон сууж байсан. Тэгсэн Батзол машинаа асаагаад урсгал сөрөөд миний машиныг өнгөрөн явж байх үед Өлзийбат нь Батзолын машин руу чулуу шидсэн. Яг тэр үед О нь миний машины урд хэсэгт зогсож байсан юм. Тэгээд Огтонтогтох нь миний машины урд хэсэгт зогсож байсан юм. Тэгээд О нь Өлзийбатыг чулуу шидэж байхыг харчихаад шууд Өлзийбат дээр очоод заамдаж аваад газар унагаасан. Тэр үед Өлзийбат О хоёрын хажууд хэн нэгэн байгаагүй. Харин удалгүй нилээн хэдэн жолооч нар ирчихсэн байсан. Тэгтэл Батзол лапатак төмөр бариад машинаасаа гарч ирээд Өлзийбатыг цохих гээд гараа далайж байгаа харагдсан. Яг тэр үед жолооч нар Батзолыг хорьж О Өлзийбат хоёрыг салгасан. Тэгээд би машинаас бууж очоод хартал Өлзийбатын зүүн талын гуяыг хутгалчихсан байсан... /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Д.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Батбаяр, Бумбаяр, Түвшинбаяр, Өлзийбат нарын хамтаар нүүрс тээврийн оочирт явж байсан юм. ...тухайн үед бид дөрвийн хамгийн урд талд би явж байсан миний ард Бумбаяр явж байсан түүний ард Түвшинбаяр, харин ард нь Батбаяр явж байсан. Өлзийбат хамгийн сүүлд явж байсан юм. ...Би машинаас буугаад очтол Өлзийбат өөрийнхөө машины дэргэд ганцаараа зогсож байсан. Тэр үед Өлзийбат өөрийнхөө зүүн талын хөлний гуя хэсгийг бариад нэлээд зовуурласан байдалтай байсан. харин Түвшинбаяр, Бумбаяр, Батбаяр 3 хойноос гүйж ирээд “наадахыг чинь хутгалчихсан юм биш үү, цагдаа дууд гэхээр нь би өөрийн 88107603 дугаарын утаснаас цагдаа дуудсан юм. Тэгээд бид хэд Өлзийбатыг өргөөд машинд нь суулгасан...” /хх-ийн 22-23-р хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 252 дугаартай шинжээчийн

  1. С.Өлзийбатын биед зүүн хөлийн ташаа хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 28-р хавтаст/

Б.Оын яллагдагчаар өгсөн: ”...Би ч тэнд байсан залуусаас уучлалт гуйгаад нэгнийх нь машины өмнө зогсож байтал Батзол машинаа хөдөлгөөд урсгал сөрөөд урагшаа явсан. Би түүнийг яваад хэрэггүй гэж хашхирсан боловч тэр сонсолгүй явчихсан, тэгж байтал Өлзийбат /нэрийг нь сүүлд мэдсэн/ чулуу аваад Батзолын машин руу шидэхээр нь би “наадах чинь түрээсийн тэрэг. Та нар яаж байгаан” гээд миний уур хүрээд Өлзийбатын дэргэд очоод барилцаж авсан. Тэгээд би түүнтэй ноцолдох явцдаа өмнө нь халаасандаа хийсэн байсан Батзолын хутгыг гаргаж ирээд Өлзийбатын гуя руу нэг удаа хатгасан. Тэгээд л гэнэт хүн хутгалснаа ойлгоод хутгыг нэг машины доогуур шидчихээд ард байсан нэг машины кабинд очоод суусан. Түүнээс хойш зодоон цохион болоогүй. Дараа нь дуудлагаар цагдаа нар ирээд хутгалсан хүн хаана байсан гэхээр нь би өөрөө очиж уулзсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гадаад паспортын хуулбарууд, /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч Б.Оын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 47-51-р хуудас/,

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5-р багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/

Шүүгдэгч Б.Оын гурван талаас нь харуулсан гэрэл зураг болон түүний товч мэдээлэл /хх-ийн 53-54-р хуудас/

Шүүгдэгч  Б.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,

“Дорны Өртөө” ХХК-ийн жолоочийн зан байдлын тодорхойлолт “ Бат-Очир овогтой О нь 2016 оны 11 дүгээр сараас тус компаний хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байгаа 65-38 ӨМҮ улсын дугаартай автомашин түрээсээр авч унасан ба ажиллах хугацаандаа төлөв даруу, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болохыг тодорхойлов” гэх /хх-ийн 56-р хуудас/,

Тугч овогт Оын Учралын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-р хуудас/,

Хохирогч С.Өлзийбатын хүсэлт “... С.Өлзийбат би 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдолд ямар нэгэн гомдол санал байхгүй болно. О, Батзул нар нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Мөн би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. Би хохирол төлбөрт 4,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Үүнд эмчилгээний зардал болох 500,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох 4,000,000 төгрөгийн авсан...” /хх-ийн 59, 61-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг, нүүрс тээврийн авто замын 156 дахь километрт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн орчимд иргэн С.Өлзийбаттай “очер дайрлаа” гэх асуудлаар маргаж, улмаар зүүн хөлийн ташаа хэсэгт хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Өлзийбат нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Оод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тугч овогт Бат-Очирын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/ зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан 600 /зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/ зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5.Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА