| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2239000000059 |
| Дугаар | 226/ДШМ/26 |
| Огноо | 2023-06-27 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Г, З.Н |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 226/ДШМ/26
2023 06 27 226/ДШМ/26
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Б.Ганзориг, З.Наранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Л.Батжав,
Шүүгдэгч Б.Ц-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигбаатар нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М- нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ц-д холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Ц- нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс Б.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундаа өөрийн гэртээ ууж 44 жил ханилсан, хүүхдүүдийнхээ эцгийг алсан гэж үзсэн. Намайг өвгөнөө “хүүхдээ алах гэлээ” гэж хутгалж алсан гэж үзсэн нь буруу. Учир нь тэр хүүхэд нь Ц.Э-ын өөрийнх нь төрсөн хүү, хүүтэйгээ юу ярьсныг би мэдэхгүй, надтай бол юунд уусан юм гэж загинах маягтай ярихаар нь би салгачихсан. Би шинийн 2-нд ...үхрийн баасанд бүдрээд хацраа шалбалсан. ...Шинийн гурванд тэр гаднаас орж ирээд муу новшийг буудчихъя л даа гэх шиг болсон. Би бурханы сайн өдөр буу шийдэм гэрт оруулж ирлээ, сумтай юмуу надад үзүүлдээ гэхэд, дотор нь хоосон хонгио байсан. Тэгсэн буу булаацалдаж байгаад хутгалчихсан гэж ярьсан.
2022 оны 02 дугаар сарын 06-ны өглөө миний нойр хүрдэггүй өвчин хөдлөөд, 2 хоног унтаж чадаагүй. Би өвчин намдаах эм уугаад унтах гэж байтал, өвгөн ганц 2 пиво уугаад унтчихаач гэхэд, нээрээ тэгдэг ч юм бил үү гэж бодоод уусан. Тэгээд пиво уугаад сууж байтал өвгөн маань уусан бололтой найзаа дагуулаад орж ирсэн. Тэр хоёр архи уугаад, би хоёр дахь пивоо ууж дуусаад дарс уугаад сууж байтал тэр 2 гараад явах шиг болохоор нь араас нь гартал Б- ойччихсон, улбар шар цамцтай, юүдэнтэй малгайтай өндөр хүү, манай өвгөн 2 өргөөд босгож байсан... хойшоо хартал Б-ийн авгай хойноос ирж явсан. Өвгөөн О- ирж явна гэхэд миний гараас хөтлөөд гэртээ орсон. ...Би “чи битгий гараарай” гэхэд би ч бас унтлаа гэж ханиасаа сонссон сүүлийн үг байсан. Унтаж байгаад түжигнэсэн чимээгээр сэрэхэд орны хөлний тэнд дээшээ хараад хэвтэж байсан. Өө нэмээд уучихаж ингээд үгэнд ордоггүй хүн шүү гээд уцаартай босож очоод орон дээр гаргатал хутганы сорви байсан. Сайн хартал яг хутганы сорви байсан. Миний өвгөөн гэж дуудаад орилоод ямар ч хариу сонсоогүй. Тэгээд хүүхдүүдээ дуудсан. Манай гэрт дусал ч цус байгаагүй. Өвгөн ч цусгүй байсан. Энэ талаар огт шалгаагүй.
Би шүүхэд очиход хэргийг үзэхэд миний хань бандааш байхгүй, дотуур өмсдөг хөвөнтэй өмдтэй байсан. Хөвөнтэй өмд нь шороо тоос болчихсон, хутганы сорвиноос гадна өчнөөн цоорхойтой пудволктой болсон байсан. Би өвгөнийхөө ямар хувцастай байсан талаар хэлэхэд шалгахгүй, шууд шүүхэд шилжүүлнэ гэсэн. Манай өвгөн тухайн үед саарал ноосон цамц, шар пудволк, хөх сааралтай турсик, дотуур саарал ноосон өмд, гялгар саарал брюк, хээтэй хүрэн гутал, гадагш гарахдаа хар куртик углаж гарсан.
Манай хэсгийн төлөөлөгч энд зур, тэнд зур, үнэн гэж бич гээд бичүүлээд байсан, нүдний шил байхгүй харахгүй байсан. ...Би Монгол улсынхаа хуулинд итгэж 1 жил 3 сар хүлээсэн боловч үнэний хууль надад үйлчилсэнгүй, ийм учраас би үнэний төлөө давж заалдах гомдол гаргаж байна. Энэ хэргийг би хийгээгүй учир хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...ээж Б.Ц- аавын амь насанд хүрэх ямар ч шалтаг шалтгаан байгаагүй. Манай ээж аав хоёр хэрэг болохоос хэд хоногийн өмнө айлаас гарч яваад ээж маань хальтирч унаад нүүрээ шалбалсаныг дүү М- мэдээд утсаар аавыг загнасан юм билээ, тэгэхэд аав уурлаад аавдаа авгай авахыг заах нь уу, гээд буудна барина гэж буу авахад нь ээж загнаад бууг нь орон доогуур шидсэн асуудал байсныг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу хэрэг болдог өдөр болсон мэтээр болгоод ээжийн хэрэг үйлдсэн шалтгааныг “Хүүгээ алах гэлээ" гэх шалтгаанаар маргалдаад амь насыг нь хөнөөсөн мэтээр прокурор, шүүхийн байгууллага дүгнэсэн байна.
Хэрэг болдог өдөр ээж, аав хоёрын хооронд ямар ч маргаан тэмцэл болоогүй, тийм ул мөр ч тогтоогдоогүй. Хэргийн газар ээж маань өөрийн ухаантай ухаангүй шокийн байдалтай байхдаа хэлсэн ярьсан үгэн дээр нь дөрөөлөөд Ц.Э-ыг Б.Ц- алсан байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг цагдаагийн байгууллага хийж, дүгнэлтэндээ тааруулж ажиллагаа явуулсан тул гэрт алагдсан бол гэр нь яагаад цэвэрхэн, цусаар бохирлогдоогүй байна, үнэхээр цагдаа ирэхээс өмнө цусыг нь цэвэрлэсэн бол цэвэрлэсэн гэх ул мөрийг тогтоох ажиллагааг хийхийг хүсээгүй, хэрэгт ач холбогдолтой шалгах зүйлүүдийг шалгахгүй орхигдуулсан.
Аав Ц.Э- 2 гар утастай байсан, нэг нь жи мобайлын ухаалаг биш жижиг хар утас, нөгөө утас нь ухаалаг юнителийн дугаартай утас байсан. Хэрэг болдог өдөр ухаалаг юнителийн дугаартай утас нь алга болсон байсан. Энэ утасны ярианы биллийг аваад шалгаад өгөөч гэхээр хүлээж авахгүй, шалгах ажиллагааг явуулаагүй ...Хэрэг болсон газар тодорхойгүй, хэрэг болсон гэх газар нь цус байхгүй, хутгалсан хутга нь аавын өмсөж байсан подволконд үүссэн гэмтлүүдтэй тохирдоггүй, гэрээс хураасан хутга нь гэрт байдаггүй, ахуйн хэрэглээнд хэрэглэдэггүй, гадаа аавын багажны хайрцганд байдаг хутга байгаа юм, гэрт байсан экс нэртэй архи нь манайд огт байгаагүй архи байдаг, хэн нэгэн хүн гаднаас авчирсан архи байгаа, тэр архины шилэн дээр илэрсэн хурууны хээ хэнийх болох нь тогтоодоогүй, гэрийн эзэд болох манай ээж аавын хурууны хээ, аавтай архи хамт уусан Б-н хэнийх нь ч хурууны хээ биш байдаг, сүүлдээ шүүхээс заавал тогтоо гэхэд эхлээд аав Ц.Э- байснаа сүүлдээ цагдаа М-х болж таараад, хурууны хээ шинжлэх үед ачаалал ихтэй программ гацаад Ц.Э-, М нарын хурууны хээ гарч ирээгүй юмаа гэсэн.
...эд мөрийн баримт болох хутгыг манай өмгөөлөгч шинжлэн судалмаар байна гэхэд хутгыг судалж яах гээд байгаа юм бэ гэж хүртэл хэлж байсан, ...Шүүх хурал дээр хэлж ярьж байгаа хүмүүсийн үгийг хүлээж авч, тэмдэглэл бичих зэрэг анхаарал хандуулахгүй байгаа нь илт надад мэдрэгдэж байсан. Энэ хэргийн үнэн зөвийг нь олж ээж Б.Ц-д холбогдох хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсон даруйд цагдаагийн байгууллага гэрийг битүүмжилж орох гарах бүх хөдөлгөөнийг хааж үзлэг хийж гэрийн шалан дээр байсан хутгыг хураан авч гэмт хэрэг үйлдсэн хутга гэж эд мөрийн баримтаар тооцсон атлаа Э.М- болон Э.М нараас хутга хаана байгааг асуусан байдаг. Хутгыг хэргийн газраас хураан авсан атлаа хутган дээр үзлэг огт хийгдээгүй байдаг.
Амь хохирогчийн өмсөж байсан саарал өнгийн ханцуйгүй фудболкон дээр хэргийн газраас хураан авсан хутганы мөр илэрсэн эсэх, мөн хутгаар үүссэн байх боломжтой эсэхийг тогтоолгох шинжилгээнүүд өөр өөрөөр гарсан ба шинжилгээ зөрүүтэй гарсныг мухарлаж шалгах ажиллагааг явуулаагүй байна.
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1090 дугаартай кримниластик дүгнэлтээр "2х1 мм, 2х2 мм, 3х2мм хэмээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, 14 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна" гээд 4 гэмтлийн 1 гэмтэл нь хурц иртэй зүйлээр үүсгэгдсэн байна гэдэг. /1 xx-ийн 164 хуудас/
Тус саарал өнгийн ханцуйгүй фудболкон дээр дахин шинжээч томилж хийлгэсэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 232104102 дугаартай дүгнэлтээр "Ар талд 15х5 мм, 35х30 мм, 40х30 мм хэмжээтэй гэмтлүүд нь нэгэн жигд зүсэгдсэн, мөн хурц иртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байна, дээрх хувцсан дээр гарсан гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно" гэдэг. Тус дүгнэлтээр 3 гэмтэл үүссэн байна, 3 гэмтэл 3-уулаа хэргийн газраас үүссэн хутгаар үүсгэгдсэн гэсэн байгаа нь 1090 тоот дүгнэлтээс эрс зөрүүтэй дүгнэлт гарсан байна. /2 ххийн 122 хуудас/
- Хэргийн газрын үзлэгээр гэрээс “Хар чингис” шошготой архи, “Экс” нэртэй архи хураан авч тус архины шилэн дээрээс хурууны хээ илрүүлэх ажиллагааг явуулсны дүнд “Экс” нэртэй архины шилэн дээрээс 3 ширхэг хурууны хээ 2, 3, 4 гэсэн дугаараар тэмдэглэж шинжилгээнд тэнцэж эдгээр хурууны хээг бэхжүүлэн авсан байна. /1 хх-ийн 7-12 хуудас/
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад "Экс нэртэй архи амь хохирогч П.Ц.Э-ынд байгаагүй архи байна, тус архинаас илэрсэн хурууны хээ хэнийх болохыг тогтоох ажиллагаа явуулж өгөөч" гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэг мөрдөн байцаалтад буцаж тус ажиллагааг мөрдөгч явуулсан боловч шинжилгээнүүд өөр өөрөөр гарсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 106 тоот дүгнэлтээр "2, 3, 4 дугаартай мөрнүүдээс 2 дугаартай мөр нь цагдаа М-ийн ядам хурууны дардастай тохирч байна" гэж шинжилгээний хариу гарсан /2хх-ийн 140-143 хуудас/ атлаа дахин хурууны хээг шинжилсэн 218 тоот дүгнэлтээр "2 гэж дугаарласан 1 ширхэг мөр нь амь хохирогч Ц.Э-ын дунд хурууны дардастай тохирч байна, 3, 4 дугаартай 2 ширхэг мөр нь М-ийн зүүн гарын дунд болон ядам хурууны дардастай тохирч байна" гэсэн өмнөхөөсөө эрс зөрүүтэй дүгнэлт гарсан байна.
Хэргийн газраас илрүүлсэн хурууны хээг шинжилсэн 3 удаагийн шинжилгээ нь 3 янзаар гарсан байдаг ба энэ талаар шинжээчээс мэдүүлэг авсан боловч "2 дугаартай хурууны хээ нь эхлээд М-ийх гэж гарчаад дараа нь дахин шинжлүүлэхэд 2 дугаартай мөр нь яагаад амь хохирогч болох Ц.Э-ынх болж гарсан талаар нарийвчилж тодруулж асуугаагүй, ерөнхий байдлаар эхлээд хурууны хээ хэнийх болох нь тогтоодоогүй гэсэн мөртлөө яагаад М-ийх болсон гэдэг байдлаар ойлгомжгүй" байдлаар мэдүүлэг авсан байна.
Ийнхүү эхний дүгнэлтээр 2, 3, 4 дугаартай хурууны хээ нь П.Ц.Э-ын хурууны хээтэй тохирохгүй байна гэдэг, 2 дахь удаагийн дүгнэлтээр 2 дугаартай хурууны хээ нь М-ий хурууны хээ байна гэдэг, 3 дахь удаагийн дүгнэлтээр 2 дугаартай дүгнэлт нь амь хохирогч П.Ц.Э-ын хурууны хээ болж гарсан байна.
...задлан шинжилгээний дүгнэлтээр "амь хохирогч П.Ц.Э- нь уушги хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ" гэж үхлийн онош тогтоогдсон байдаг. Амь хохирогч П.Ц.Э-ын биеэс гарсан цус хэргийн газарт байдаггүй. Энэ нөхцөл байдлын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэг үйлдэгдсэн газар гэр биш байна, гэрт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол цус алдаж нас барсан хүний цус яасан байх уу" гэсэн хүсэлтийг тавьдаг боловч “цагдаа ирэхээс өмнө цусыг цэвэрлэчихсэн байсан, анх хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн байна, цэвэрлэсэн ул мөрийг олж тогтоох байсан, одоо боломжгүй” гэсэн хариуг хэлдэг.
Хэрэг үйлдэгдсэн газрыг олж тогтоох ажиллагааг явуулаагүй, амь хохирогчийн олдсон газрыг хэрэг үйлдэгдсэн газраар тогтоон, хэргийн газрыг цэвэрлэсэн гэж үзэж байгаа бол цэвэрлэсэн ул мөрийг олж тогтоох, гэрт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол амь хохирогчийн тэр их цус яасан болохыг олж тогтоох ажиллагааг огт хийгээгүй,
...Амь хохирогч П.Ц.Э- нь жи мобайлын хар жижиг утас, мөн юнителийн дугаартай ухаалаг самсунгийн утастай байсан ба амь насаа алдах үед нь юнителийн дугаартай самсунгийн утас олдоогүй.
Цагдаагийн байгууллага хэрэг болсон даруйд шүүгдэгч Б.Ц-ын гар утас, түүний охин Э.М-н гар утас, П.Ц.Э-ын жи мобайлын гар утсыг хураан авч энэ тухай тэмдэглэл үйлдсэн атлаа талийгаач П.Ц.Э-ын утсанд үзлэг огт хийгээгүй, одоог хүртэл ч хийгээгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагаас 18 цагийн хооронд амь хохирогч П.Ц.Э- нь хаана байсан нь тодорхойгүй, маршрутыг тогтоох ажиллагаагаар гэртээ байсан уу, гэрээсээ гараад явсан уу гэдэг нь тогтоогдоогүй байдаг тул П.Ц.Э-ын хэрэг болох үед барьж байсан жимобайлын гар утсанд үзлэг хийж дээрх цаг хугацаанд нэгэнтэй холбогдсон байна уу гэдгийг шалгах зайлшгүй хийх ёстой ажиллагааны нэг байсан, огт хийгээгүй, хийлгэх хүсэлт гаргасан боловч хийж өгөөгүй.
Мөн амь хохирогчийн алдагдсан гар утсыг олж тогтоох ажиллагааг огт явуулаагүй, тус утасных нь юнителийн дугаараар хэрэг болох цаг хугацаанд хэн нэгэнтэй холбогдсон талаарх утасных нь биллийг авч шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч шалгаж өгөөгүй.
Ийнхүү хэргийн газраас олдсон хурууны хээний шинжилгээнүүд зөрүүтэй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутганы мөр нь амь хохирогчийн өмсөн явсан хувцаснаас илэрсэн шинжилгээний хариунууд зөрүүтэй, хутган дээр Б.Ц-ын хурууны хээ илэрдэггүй, мөн хутганы ажлын хэсгээр амь хохирогчийн цус илрээгүй, нотолбол зохих ажиллагаа болох хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоогоогүй, хохирогч амь насаа алдсан цаг хугацааны маршрутыг шалгах зайлшгүй ажиллагаануудыг хийгээгүй зэргээр мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн газрыг прокурор гэртээ гэж тогтоосон. Бидний зүгээс гэрт гэж үзэхэд санал нийлэхгүй байна. Үүнийг хөтөлбөргүй тогтоох хэрэгтэй. Шүүгдэгч маань энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж хэлдэг. Прокурор энэ гэмт хэрэгт гэрч байхгүй гэж хэлдэг.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг уншиж үзэхээр цээжний хөндийд 2,4 л цус байна гэж байдаг. Хүний биед 4-5 л цус байх ёстой. Үүнээс үзэхэд тухайн гэрт энэ гэмт хэргүүд үлйдэгдээгүй байна. Магадгүй өөр газар үйлдэгдээд зөөвөрлөгдөж ирсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд чимээ гарах үед би сэрсэн, би сэрээд харахад манай хүн ороод ирсэн байсан гэж ярьдаг. Прокурорын хувьд энэ хутгаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж ярьдаг. Тусгай мэргэжилтэй хүн энэ хутгыг шинжлээд энэ хутгаар Б.Ц-а гэх хүн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт үйлдээгүй.
Хутган дээр Б.Ц-ын болон амь хохирогчийнх гэдэг нь тодорхойгүй цус байна гэдэг. Шүүгдэгч хэлэхдээ би нөхрийгөө хамгаалж чадсангүй гэж өөрийгөө дүрсэн, улмаар гуя хэсгээс нь цус гарсан гэж мэдүүлдэг. Бид зөвхөн энэ хэргийг нотлох баримт дээр тулгуурлан шийдэх ёстой. Хүн аминий хэргийг эргэлзээгүйгээр шийдэх ёстой. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, хэрэв энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй бол гэмт хэрэг үйлдсэн этгээд сул чөлөөтэй алхаж явна. Шүүгдэгч хэргээ өөрөө хүлээхгүй бол үүнийг нотлох үүрэг нь прокурорт байгаа ба нотолж чадахгүй бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэхээр хуульд заасан. Юнителийн дугаартай утастай байсан талаар хүүхдүүд нь нотолдог. Тэр дугаарыг нь олсноор маршрутыг шалгаж, хэнтэй холбогдоод хаашаа явсан талаар тогтоох ёстой байсан. Цагаан сарын шинийн 3-ны өдөр гэртээ дотуур өмдгүй байж байх уу? Цагаалаад явахдаа дотуур өмдгүй байх уу? гэх зэрэг асуудлууд байна. 3 удаа хурц ирмэгтэй зүйлээр цамцанд гэмтэл үүссэн. Гэтэл бие дээр нь 3 гэмтэл үүсээгүй. Фудволк хэдхэн мм-ийн зузаантай байдаг. Энэ мэтчилэн хэргийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй гэх тайлбарыг гаргаж байна...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзориг, З.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хүмүүс хоорондын харилцаа нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчиж хүний халдашгүй байдалд халдсан, бусдын амь насыг хохироосон үйлдлийг шүүгдэгч Б.Ц-а гэх хүн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Б.Ц-а гэдэг хүн энэ хэрэгтэй шалтгаант холбоотой. Өмгөөлөгч нарын зүгээс хөтөлбөргүйгээр тогтоо гэж байна. Энэ хэргийн хувьд онцлогтой. Харсан гэрч байдаггүй. Мөрдөгчийн зүгээс хийвэл зохих бүх ажиллагааг хийсэн.
Ноцтой мэдүүлгийн зөрүү энэ хэрэг дээр байхгүй. Мөн хэргийн газрын үзлэг нөхөн хийлгэх хүсэлт гаргаж байгаа боловч тухайн хэрэг гараад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тийм учраас хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд ач холбогдолтой нотлох баримт гарч ирэхгүй. Хэргийн газрын үзлэгээр бүх ул мөр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол ... анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ...” хэмээн хуульчилжээ.
Хэрэгт хавсаргагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г-н 2022 оны 03 дугаар сарын 23-ны 1090 дугаартай дүгнэлтэд “...ард талдаа ...14 мм хэмжээтэй гэмтэлтэй саарал өнгийн футболка...” /1 хх-ийн 164 хуудас/ гэж, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Цэнгүүний 2022 оны 05 дугаар сарын 16-ны 232104102 дугаартай дүгнэлтэд “...битүү энгэртэй, дугуй захтай, хагас ханцуйтай, саарал өнгийн даавуун цамцны... ар талд... 15х5 мм, ...35х30 мм, ...40х30 мм хэмжээтэй гэмтэл байна... Дээрх гэмтлүүд нь хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно...” гэж /2хх-ийн 123 хуудас/ дурдагдсан нь тооны болон хэмжээний талаар харилцан зөрүүтэй байхад шүүх чухам аль дүгнэлтийг нь үндэслэл болгож, алийг нь хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй байна.
Түүнчлэн Ц.О-баатарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон /1хх-ийн 47 хуудас/ бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 09-нд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хандан “...уг хэрэгт шүүхийн шатанд оролцохгүй... Тус хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа нь үнэн болно...” гэсэн /2хх-ийн 106 хуудас/ хүсэлт, 2022 оны 04 дүгээр сарын 12-нд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Одоо миний бие өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас очих боломжгүй байна...” гэсэн /2хх-ийн 107 хуудас/ хүсэлт гаргасан ба мөрдөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...тус хэрэгт шүүхийн шатанд оролцохгүй...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, түүний хүсэл сонирхлыг гүйцэд тодруулалгүй тогтоол гаргасан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд хандах эрх /ЭХХШТХ-ийн 1.13 зүйл/-ийг хязгаарласан мэт ойлгогдохоор байна. Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-баатарыг шүүх хуралдаанд дуудаагүй, тов мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...Хохирогч ...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” эрхийг зөрчсөн байна.
Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол болон оролцогчдын тайлбарт дурдсан бусад асуудлаар тус шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Д.ГАНЗОРИГ