| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2021/0571/З |
| Дугаар | 128/ШШ2024/0905 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М*******” ХХК, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, өмгөөлөгч Г.Э*******,
Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарын хоорондын “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, түүний өмгөөлөгч Г.Э*******, хариуцагч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/хуучин нэрээр/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “М*******” ХХК-ийн бүтээгдэхүүн хадгалж байсан агуулах болон худалдан борлуулж байсан шатахуун түгээх станцаас АИ-92 автобензин, дизель түлшний дээж авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлсэн.
1.2. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 тоот дүгнэлтэд “...Шинжилгээний сорилтын GT018/210710/, … GT037/210800/, … GT089/518357/ дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж,
1.3. Мөн улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтэд “... Шинжилгээний сорилтын СШ21/124/210748/, ... СШ21/166/210822/ ... дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна ... Шинжилгээний сорилтын ... СШ21/123/210748/, ... СШ21/165/210822/ дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м3 буюу дунджаар 820.5 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэжээ.
1.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсаар “М*******” ХХК-ийг 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
1.4. “М*******” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.
Хоёр. Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай компанийн Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-163 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 авто бензин, дизелийн түлшнээс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах агуулахаас АИ-92 авто бензин, дизелийн түлш, вагоны АИ-92 авто бензинээс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус шинжлүүлсэн байсан бөгөөд дээрх 2 лабораторийн шинжилгээний үр дүн эрс зөрүүтэй байсан боловч улсын байцаагч Л.А******* нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн “Хөдөлгүүрийн түлш”. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандарт, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандарт, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй гэж гаргасан дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.
Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нь лабораторийн хариутай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танилцан, улсын байцаагчид мэдүүлэг өгөх явцдаа шинжилгээ авсан лабораториудын шинжилгээний хариу эрс зөрүүтэй байгаа тул илүү авдаг дээжид дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, компанийн эрх ашгийг хохироосон үйлдэл юм. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч шийтгэлийн хуудас ноогдуулахдаа манай компанийн шатахуун түгээх станцаас А92 түлш, дизелийн түлш мөн агуулахаас А92 түлш, дизелийн түлш, вагон цистернээс А92 шатахууны дээж авч 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус дээжээ Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын төрийн оношилгоо хэмжил зүйн лабораториудад шинжлүүлэхээр тус тус хүргүүлсэн. Тухайн хоёр лабораторийн шинжилгээний хариунууд нь эрс зөрөөтэй гарсан. Гэвч энэхүү хоёр шинжилгээний хариунуудын зөрөөтэй байдлыг үл харгалзаж шийтгэлийн хуудас ногдуулсан байгаа. Ингэхдээ MNS0217:2017 стандарт мөн MNS0216:2017 стандарт MNS68612020 стандартуудыг зөрчсөн байна. Үүнд тавигдсан шаардлагуудыг хангаагүй байна гэж үзээд шийтгэлийн хуудсыг ноогдуулж манай компанид торгууль ноогдуулсан. Энэ нь зөрүүтэй шинжилгээний хариуг үндэслээд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж шийтгэлийн хуудас ноогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байгаа. Түүнчлэн манай зүгээс тус шийтгэлийн хуудастай танилцаад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шинжилгээний хариу зөрүүтэй байна. Тийм учраас гуравдагч лабораториор шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг хангаагүйгээр зөрөөтэй шинжилгээний хариунуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
2.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт удирдамж нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж мөрдөх хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байдаг. Энэхүү хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас томилогдсон бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг эхэлдэг. Эхлээд дээж авах ажиллагаа явагдаж байгаад 30 хоногийн хугацаа дуусахад 04 дүгээр сард 30 хоногоор дахин сунгасан. Дахин сунгасан талаар хэрэгт баримт байхгүй. Хариуцагч талын өмнөх хурал дээр тайлбарлаж хэлснээр ар талд нь 30 гэсэн тоог тавьснаараа сунгагдаж байгаа гэж ойлгоно гэдэг. Ингээд сунгасан гэж ойлгож 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл удирдамжийн хугацаа үргэлжилж байгаа. Үүнээс хойш удирдамжийн хугацаа дууссанаар шалгалтын ажиллагаа дуусах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч аливаа хяналт шалгалтыг удирдамжгүй хийхийг хориглоно гэж заасан. Мөн аливаа дүгнэлт урьдчилан гаргачхаад түүнийгээ батлах зорилгоор шалгалтын ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан заалт байгаа.
Гэтэл удирдамжийн хугацаа бүрэн дуусчихаад байхад шинжилгээ хийлгээд, шинжилгээ нь 4 дүгээр сард гарсан ч 6 дугаар сард мэргэжлийн хяналтын байгууллага руу бичиг явуулж дүгнэлт гаргуулж байгаа нь хууль зөрчиж, нотлох баримтыг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Л.А******* байцаагчийн дүгнэлт гаргуулахаар өгч байгаа үйлдэл нь өөрөө хууль бус болчхоод байгаа юм. Тэгэхээр хууль зөрчиж хийсэн дүгнэлтийг үндэслээд торгуулийн арга хэмжээ аваад байгаа юм. Торгуулийн арга хэмжээ авах дээр түүнийгээ тайлбарлахдаа зөрчил шууд тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдээд байгаа юм. Гэтэл нотлох баримт судлахад өгсөн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг анх авсан. Тэр мэдүүлгийг сая уншихад миний юу гэж байгаа нь, өмнө нь ямар хэрэг зөрчлийн хүрээнд шалгагдаж байгаа гэдгийг огт мэдэхгүй байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дуудаж байна гэхээр нь очсон. Тэр үед л стандарт зөрчсөн гэдэг агуулгаар шалгаж байгаа юм байна гэдгийг анх ойлгож байгаа юм. Тэр явцдаа хэрэг дотор цугларсан баримтуудыг үзэхэд 2 эрс зөрүүтэй дүгнэлтүүд байдаг. Нэг нь шаардлага хангасан, нөгөөд нь хангаагүй. Шаардлага хангаж байгаа 92.7, 92.3 гэдэг тоо гарахаар тэрийгээ стандарт зөрчсөн гэж сая тайлбарлаад байна. Гэтэл 0217, 2017 гэдэг А92 шатахууны стандартаар гартаа ноот 92-оос багагүй гэж заасан байгаа. Дээшээ байж болно, эргэж орохдоо шатаар болно гэж заасан байгаа. Гэтэл бүрэн нотлогдоогүй, хоорондоо ярьж зөрүүтэй бие биеийгээ үгүйсгэсэн нотлох баримтууд байхад, мөн хэрэгт холбогдогч тухайн үед мэдүүлэг өгөхдөө ч гэсэн үүнийг зөвшөөрөхгүй, дахиж үнэлгээ хийе гэдэг эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргаад байгаагаас нэгийг нь ч хангаж үздэггүй. Шууд тэр өдөртөө торгууль гаргаж өгсөн байдаг. 07 дугаар сарын 20-ны өдрөө шийдвэр нь яваад дууссан. Мөн шийдвэрийн нэг гол үндэслэл болоод байгаа дүгнэлт байгаа. Тэр дүгнэлтийн эхний хэсэгт бүгд шаардлага хангасан байна гэж байгаа. Хоёр дахь хэсэгт дурдсанаар шаардлага хангаагүй гэсэн сорилын дүнгүүдийг түүж аваад, бичээд энэ нь шаардлага хангаагүй гэж бичсэн. Энэ дүгнэлтийг хүчингүй болгуулах шүүх хурал болох хүртэл тэрхүү дүгнэлтийг нарийн ойлгохгүй байсан.
н.Б байцаагч өмнө хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл дээр ярьсан зүйлээрээ шаардлага хангаагүйгээс бусад нь хангасан гэж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн болон бусад хийсэн дүгнэлтүүд нь шаардлага хангаж байна. Нэгдүгээр хэсэг дээр шаардлага хангасан гээд гаргачихсан байгаа. Хоёр дахь хэсэг дээрээ нэг нь шаардлага хангаагүй буюу түргэвчлээд хангаагүй гэж ярьсан. Өөрөөр хэлбэл дүгнэлтийн нэг, хоёр дахь заалт хоорондоо бие биеэ үгүйсгэгдэхээр нөхцөл байдлыг хариуцагч талаас шууд хүлээж авч, тэрийгээ органик компани хүлээн зөвшөөрсөн мэтээр, хөдөлшгүй нотлогдсон мэтээр тайлбарлаж хэлээд хялбаршуулсан журмаар шийдвэр ногдуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж процессын хувьд ч гэсэн, хариуцагч нэхэмжлэгчийн зохих эрх үүргийг огт эдлүүлэхгүй, уншиж өгсөн төдий. Торгуулийн шийтгэл ноогдуулаад байгаа Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заавал мөрдөх стандарт болон техникийн шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авна гэсэн заалт байна. Хариуцагчаас энэ талаар асуухад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1 дэх хэсгийг ярьдаг. Гэтэл үүнд хэнд, хэзээ, хаана, яаж хохирол учруулснаа огт байхгүй. Байгаль хохирол учруулчихсан юм уу, иргэнд хохирол учруулсан юм уу? Гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл цаад зорилго нь ямар нэгэн байдлаар торгох арга хэмжээ авах зорилго агуулагдаж байсан гэж харагдаж байгаа. Тухайн шатахуун зарагдаж дууссаны дараа буюу 07 дугаар сард шийтгэл ногдуулж байгаа нь ажил хийсэн болж харагдах л зорилготой гэж харж байгаа. н.Б байцаагчийн дүгнэлтийг буруу үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Мөн удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Тийм учраас энэхүү шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2 лабораторийн шинжилгээний үр дүн эрс зөрүүтэй байсан боловч стандартын шаардлага хангахгүй гэж гаргасан дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна” гэх талаар:
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 01/16 дугаартай удирдамжаар хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторитой хамтарсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.
Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “М*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-163 салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизель түлш, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах гаалийн баталгаат агуулахаас АИ-92 автобензин, дизелийн түлш, хилээр орж ирсэн вагоны АИ-92 автобензинээс тус тус дээж авсан. Ингэхдээ тус байгууллагын ШТС-163-ийн эрхлэгч ажилтай Э.Н, түгээгч Г.Ц*******, баталгаат агуулахын дарга Э.Д******* нарын тус тус байлцуулан дээж авсан. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” стандартын дагуу авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.
Лабораторийн дүнгүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Дүгнэлт гаргуулах тухай” 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу явуулж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шатахууны чанарын тухай” 07/1577 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260, 259 дугаартай дүгнэлт ирсэн. Дүгнэлтээр “М*******” ХХК-ийн ШТС-аар борлуулж байсан АИ-92 автобензин, агуулахын АИ-92 автобензин, Вагоны АИ-92 автобензин нь тус тус “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангаагүй, мөн ШТС-аар борлуулж байсан дизель түлш, агуулахын дизелийн түлш нь тус тус “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 686152020 стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон буюу хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн.
Тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд “М*******” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байгаа. Тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополын эсрэг газар тухайн үед 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 агентлагийн даргын баталсан удирдамжаар шатахууны бууны болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Ингэхдээ дангаараа биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо хэмжил зүйн лабораторитой хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “М*******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороонд байрлах гаалийн баталгаат агуулахаас А92 авто бензин, дизелийн түлш хилээр орж ирсэн вагоны А92 бензинээс дээж авсан. Мөн 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх 163 дугаар салбарт жижиглэнгээр борлуулж байсан А92 болон дизель түлшний дээжийг авсан. Уг дээжийг авахдаа тухайн шатахуун түгээх станцын 163 дугаар салбарын эрхлэгч н.Н, түгээгч н.Ц******* мөн баталгаат агуулахын н.Д******* гэсэн хүмүүсийг байлцуулсан. Мөн ажлын хэсэгт орсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэхүү дээжийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS0218:2008 газрын тосны бүтээгдэхүүнээс дээж авах арга стандартын дагуу дээжийг авсан. Энэхүү дээжийг стандартад заасны дагуу шилэн саванд аваад хоёр лабораторид буюу Ашигт малтмал газрын тосны лаборатори болон Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо зүйн лабораторид тус тус дүгнэлт гаргуулахаар тухайн дээж авсан өдрөө хүргүүлсэн. Уг лабораторийн дүнгүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 06 дугаар сарын 15-ны 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, Улсын байцаагчийн дүгнэлт мэргэжлийн байгууллагын дүгнэлт зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Эрчим хүч газрын тосны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04-07106/259260 дугаартай авто бензин болон дизель түлшний дүгнэлтийг лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн байцаагчийн дүгнэлтийг гаргуулж ирсэн. Энэхүү дүгнэлтийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргэгдэж ирсэн. Үүний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байгаа. Улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчилд нотлох баримт бүрдүүлэх шалгаж тодруулах шаардлагагүй гэж үзээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахгүйгээр хялбаршуулах журмаар шийдвэрлэсэн. Учир нь мэргэжлийн байгууллагаас үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг мэргэжлийн улсын байцаагч дүгнэлт гаргасан байгаа учраас үүнийг цаашид дахин нотлох шаардлагагүй гэж үзэн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, тус аж ахуй нэгжид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийг тус тус баримтлан 9.000.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэ нь үйлдвэрлэгч худалдагч гүйцэтгэгч нь зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэдэг энэхүү шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Лабораторийн дүнгээр дээж авахад стандарт заасан болон газрын тосны бүтээгдэхүүний стандартад заасан шаардлагуудыг тухайн бүтээгдэхүүний дээж хангаагүй байгаа учраас энэ хуулийг зөрчсөн гэж үзсэн. Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “М*******” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А******* холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/хуучин нэршил/-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “Шинжилгээний хариу эрс зөрүүтэй, холбогдогчийн зүгээс уг зөрүүг арилгах талаар хүсэлт гаргасан байдлыг үл харгалзан торгууль оногдуулсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/хуучин нэрээр/-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “М*******” ХХК-ийн бүтээгдэхүүн хадгалж байсан агуулах болон вагон, жижиглэнгээр худалдан борлуулж байсан шатахуун түгээх станц/163/-аас АИ-92 автобензин, дизель түлшний дээж авч, дээж тус бүрийг тоогоор кодолж, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид тус тус шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн байна.
4. Лаборатори тус бүрийн сорилтын дүнг нэгтгэвэл:
|
| MNS 0217:2017 | MNS 0216:2017, MNS 6861:2020 | |||||||
| Октаны тоо | Шинжилгээний аргаар-92, Мот/аргаар-80 | Цетаны тоо 47(ө), 51(з) Нягт 200С-д 840-860 | |||||||
| Код | 518357 | 210710 | 210800 | 210748 | 210822 | ||||
| АМГТГ лаборатори | GT089 | GT018 | GT037 | GT047 | GT075 | ||||
| 91.5 | 80.9 | 91.2 | 80.8 | 91.2 | 80.4 | 45.5 | 46.2 | ||
| ИНҮТ лаборатори | СШ21/214 | СШ21/60 | СШ21/86 | СШ21/123 | СШ21/165 | ||||
| 94.4+0.1 | 92.3+0.1 | 92.7+0.1 | 817.3+0.1 | 819.8+0.1 | |||||
| СШ21/213 | СШ21/59 | СШ21/85 | СШ21/124 | СШ21/166 | |||||
| + | + | + | 44.5+0.1 | 44.2+0.1 | |||||
|
| |||||||||
5. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн:
5.1. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 тоот дүгнэлтийн 2 дахь заалтад “Шинжилгээний сорилтын GT018, … GT037, … GT089 дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна”,
5.2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтийн 2 дахь заалтад “Шинжилгээний сорилтын ...СШ21/124, ... СШ21/166 ... дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна”, 3 дахь заалтад “Шинжилгээний сорилтын ... СШ21/123, ... СШ21/165 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м3 буюу дунджаар 820.5 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэжээ.
6. Хариуцагч улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 тоот шийтгэлийн хуудсаар “М*******” ХХК-ийг 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
7. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “… худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, … нь … заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол … хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, заавал хэрэглэгч хохирсон байхыг шаардахгүй байна.
8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж заасныг хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал,
8.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр хуульчилсан байх ба “М*******” ХХК-иас худалдан борлуулж байсан дизель түлшнээс авсан 210748, 210822 кодтой дээжүүдэд,
8.1.1. Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн сорилтын дүнгээр “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын 5.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна”, Түлшинд тавигдах шаардлага 1-р хүснэгтийн 1-д “Цетаны тоо, 45-аас багагүй” гэсэн шаардлагыг, мөн 17-д “200С дахь хувийн жин 840-860 кг/м3” гэж заасан шаардлагыг,
8.1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хийсэн сорилтын дүнгээр “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017 стандартын 4.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна”, Түлшний физик-химийн болон ашиглалтын үзүүлэлт 1-р хүснэгтийн 1-д 1-д “Цетон тоо, 51-ээс багагүй” гэж заасан цетоны тоо хэмжээний шаардлагыг тус тус хангахгүй байсан нь тодорхойлогдсон байна.
8.2. Энэ тохиолдолд дээр дурьдсан заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй дизель түлшийг худалдан борлуулсан зөрчил үйлдэгдсэн гэж үзнэ.
8.3. Хэдийгээр 210748 кодтой GT047, 210822 кодтой GT075 дугаартай сорилтын үр дүнгүүдийг стандартын шаардлага хангасан гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас дүгнэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хийсэн сорилтын дүнд уг түлшний цетаны тоо 45,5 болон 46,2 байгаа нь “норм MNS 0216:2017 стандартад 47(ө), 51(з)” гэж бичсэн шаардлагад хүрэхгүй байх тул шинжилгээний дүнгээр зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй.
9. Харин АИ-92 автобензиний тухайд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “шинжилгээ авсан лабораториудын шинжилгээний хариу эрс зөрүүтэй байгаа тул илүү авдаг дээжид дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, хяналт шалгалт явуулах хугацаа дууссан байхад хариуцлага хүлээлгэсэн” гэсэн тайлбар үндэслэлтэй. Учир нь:
9.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй”, 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар зөрчлийн нөхцөл байдлыг тогтоохтой холбоотойгоор холбогдогчоос гаргасан хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлэж хариу өгөх үүрэг хүлээсэн үүрэгтэй атал хариуцагч нь гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинжилгээний хариу зөрүүтэй гэж тайлбарлаж дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан уг хүсэлтийг хүлээн авсан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлээгүй нь маргаан бүхий шийтгэлийн хуудас гарснаас хойш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан бичгээр хариу өгчээ.
9.2. Хариуцагчаас “тухайн хүсэлтийг хүлээн авах үед 3 дахь дээжид шинжилгээ хийх 45 хоногийн хугацаа өнгөрсөн байсан тул уг хүсэлтийг хангах боломжгүй байсан” хэмээн тайлбарлах боловч лабораториуд 2021 оны 04 дүгээр сарын 01-16-ны хооронд шинжилгээ хийж, сорилтын дүнг тодорхойлсон байсан байх тул хяналт шалгалтын хугацаанд сорилтын дүнг шаардан авах, холбогдогчид танилцуулах боломжтой байсан байна.
9.3. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлд хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг нийт 90 хоногт багтаан хэрэгжүүлэхээр, дүнг ажлын 5 хоногийн дотор газрын даргад танилцуулахаар заажээ.
9.4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 01/16 тоот хяналт шалгалтын удирдамжийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталж, 30 хоногийн хугацаагаар сунгасан байхад хариуцагч нь “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга”-ыг 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байгаагаас үзвэл, өмгөөлөгчийн “...шинжилгээ нь 4 дүгээр сард гарсан ч 6 дугаар сард мэргэжлийн хяналтын байгууллага руу бичиг явуулж дүгнэлт гаргуулж байгаа нь хууль зөрчиж, нотлох баримтыг бүрдүүлсэн” гэх тайлбар үндэслэлтэй.
10. Гэвч дээр дурьдсан процессын алдаа нь маргаан бүхий 000 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй, тодруулбал, дахин шинжилгээ нь зөрүүтэй дүн бүхий АИ-92 автобензиний дээжид хийгдэхээр, улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаа хуульд заасан хугацаанд хэрэгжсэн эсэхээс үл хамааран Өрсөлдөөний тухай хуулийн 23.5-д “Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж заасан хугацаа тоологдохоор байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эцсийн үр дүнд нөлөөлөхөөргүй байна.
11. Иймд “М*******” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А******* холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан “М*******” ХХК-иас Монополын эсрэг газрын улсын байцаагч Л.А******* холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ