Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02386

 

 

 

 

 

 

 

 

 

В- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03209 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В- ХХК-ийн хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч Ц.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В- ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын холбооны төрийн өмчит нэгдлийн газартай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 60 айлын орон сууц бүхий Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар бичил хороолол, 10 дугаар байрыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Тус байр нь ОХУ-ын өмч бөгөөд В- ХХК нь түрээсээр амьдрах хүсэлтэй иргэдтэй албан ёсны түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг ОХУ-ын эрх бүхий байгууллага болох үл хөдлөх хөрөнгө хариуцсан төлөөлөгчийн газарт шилжүүлдэг журамтай. Иргэдтэй байгуулах гэрээг 1 жилийн хугацаатай хийдэг ба гэрээнд өөрчлөлт ороогүй, гэрээний үүрэг зөрчигдөөгүй тохиолдолд гэрээг сунгадаг. Манай компани тус байрны оршин суугчдад түрээсийн төлбөрийг зах зээлийн ханшаас доогуур үнээр түрээсэлдэг ба тог цахилгаан, СӨХ зэрэг төлбөр авдаггүй компани өөрөө бүрэн хариуцдаг. Оршин суугчид зөвхөн түрээсийн төлбөрийг л төлдөг. Ийм хөнгөлөлттэй нөхцөлөөр оршин суугчидтай гэрээ байгуулдаг учир оршин суугчид түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж барагдуулдаг ба ямар нэгэн маргаан үүсдэггүй. Гэтэл иргэн Ц.Ц- нь ямар ч шалтгаангүйгээр 2018 оноос эхлэн байрны түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс болж манай компани ОХУ-ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байх нөхцөл байдалд хүрээд байна. Ц.Ц-тэй түрээсийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд тэрээр 50 тоот 4 өрөө орон сууцыг 660 000 төгрөгөөр түрээслэн амьдардаг. Гэрээний 4.1-т түрээслэгч тал түрээсийн төлбөрөө нэг сараас илүү хугацаанд төлөөгүй нөхцөлд түрээслүүлэгч тал орон сууцны үйлчилгээг таслан гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Ийм үндэслэлээр 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрээг албан ёсоор цуцалсан. Цагаанхүү овогтой Цээпил нь 2018 оноос өнөөдрийг хүртэл компанид нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр төлөхгүйгээр амьдарч байгаа тул 10 дугаар байрны 50 тоот, 4 өрөө орон сууцыг Ц.Ц- болон түүнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнх нь хамт хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгөхийг Ц.Ц-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ц- миний бие нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байранд 2012 оноос одоог хүртэл амьдарч байна. Оросын Холбооны улсын 100 хувь хөрөнгө оруулалттай Ү- ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор 14 жил ажилласан. 2015 онд Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай гэрээ хийсэн. 2017 онд түрээсэнд сард 303$, хэрэгцээнд 140 000 төгрөг төлөх нь их байсан учир тодорхой хэмжээгээр буулгах, төлбөрийг Монгол Улсын, хуулийн дагуу төгрөгөөр хийх талаар тус байгууллагын даргад санал бодлоо илэрхийлсэн боловч хариу өгөөгүй, гэрээ сунгах тухай ч яриагүй таг чиг болсон. Харин В- ХХК байрны гэрээ хийх гэж Орос хэл дээр гэрээ үзүүлсэн. Би Орос хэл сайн мэдэхгүй гэхэд надад гэрээ өгөөгүй. Би В- ХХК-тай гэрээ хийгээгүй тул надаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ц-д холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байр 50 тоот байрыг албадан чөлөөлүүлэх тухай В- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хариуцагч Ц.Ц- нь өөрийн хариу тайлбарт Ү- ХХК-д ажиллаж байсан тухайгаа дурьдаж, харин 2017 оноос хойш Сангийн яамны Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөлд мэргэжилтэнээр ажиллаж байгаа талаарх нотлох баримтыг өөрөө гарган өгч, хэрэгт хавсаргуулсан. Түүнчлэн В- ХХК болон Ү- ХХК-ийн хооронд 2014 онд нэг жилийн хугацаатай байгуулж байсан, одоо хүчингүй болж, үйлчлэл нь дууссан гэрээг хариуцагч тал нотлох баримтаар хэрэгт өгч хавсаргуулсан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байрны 50 тоот хаягтай 4 өрөө байрыг Ц.Ц- нь ямар ч гэрээ хэлцэлгүйгээр, өөрийн эзэмшилдээ хууль бусаар байлгаж байна. Гэтэл шүүх хүчингүй болж, үйлчлэл нь дууссан дээрх гэрээг үндэслэн В- ХХК болон Ү- ХХК-ийн хооронд одоо хүртэл эрх зүйн харилцаа байгаа мэтээр, мөн Ц.Ц- нь компаниудын хооронд байгуулсан гэрээний дагуу түрээслэн оршин суугч мэтээр тухайн маргаан бүхий хэрэгт огт хамааралгүй, хүчингүй болсон нотлох баримтыг тус тус буруу үнэлж шийдвэр гаргасан. Хариуцагч Ц.Ц-ийн хууль бусаар өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа орон сууц нь ОХУ-ын Гадаад дахь төрийн өмчийг удирдах газрын хөрөнгө болохыг Монгол Улсын бүртгэлийн газраас баталгаажуулан гэрчилгээ олгосон. ОХУ-ын гадаад дахь төрийн өмчийг удирдах газартай В- ХХК нь 2014 онд №993 тоот түрээсийн гэрээг байгуулсан, гэхдээ энэ гэрээ нь Монгол Улсын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй байсан тул 2019 онд түрээсийн гэрээг талууд байгуулж, баталгаажуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн нотлох баримтаар хэрэгт өгч хавсаргуулсан. Гэвч шүүх хуульд заасны дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр түрээсийн гэрээг үнэлэхгүйгээр, улсын бүртгэлд бүртгэгдээгүй түрээсийн гэрээг буруу үнэлж, хууль бус шийдвэр гаргасан. ОХУ-ын Гадаад дахь төрийн өмчийг удирдах газар (Холбооны төрийн өмчит нэгдлийн газар) нь түрээсийн гэрээ хэлцэл байгуулаагүй, хууль бусаар өөрийн эзэмшилдээ орон сууцыг байлгаж байгаа Ц.Ц-д холбогдуулан түүнийг орон сууцнаас албадан гаргах, чөлөөлүүлэх өмчлөгчийн шаардлагыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар В- ХХК-тай 2019 онд түрээсийн гэрээг байгуулан, В- ХХК-иар дамжуулан хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байна. ОХУ-ын Гадаад дахь төрийн өмчийг удирдах газар (Холбооны төрийн өмчит нэгдлийн газар)-ын Иргэний хуульд заасан эрх болон 2019 оны түрээсийн гэрээний 4.3.7-д хөрөнгө хамгаалах боломжтой бүх арга хэмжээг авах эрх үүргийг тохиролцон заасны дагуу В- ХХК нь орон сууцыг Ц.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, албадан суллах шаардлагыг гаргасан байхад хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хууль зөрчсөн алдаатай шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч В- ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 10 дугаар байр, 50 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Ц- нь 2018 оноос эхлэн түрээсийн төлбөр төлөөгүйгээс манай компани түрээслүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн бол хариуцагч татгалзалдаа би өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тус орон сууцанд 2012 оноос хойш амьдарч байна, нэхэмжлэгч В- ХХК-тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 10 дугаар байр хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008825 дугаарт бүртгэлтэй, 3190.25 м.кв талбай бүхий орон сууц нь Оросын Холбооны Улсын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 5-р тал/

 

Нэхэмжлэгч В- ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай түрээсийн гэрээ байгуулж, орон сууцыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний дагуу эзэмшихээр тохиролцсон ба талууд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Уг гэрээгээр түрээслүүлэгч нь хариуцагчийн оршин сууж байгаа орон сууцыг бүхэлд нь нэхэмжлэгч В- ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч В- ХХК нь зориулалтын дагуу ашиглах, бусдад хөлслүүлэх, төлбөрийг гэрээнд зааснаар төлөх зэргийг тохиролцсон байгаагаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг мөн хуулийн 305 дугаар зүйлд заасан дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан гэж үзнэ. /хх-ийн 160-172-р тал/

Тодруулбал, Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч В- ХХК-ийн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай байгуулсан гэрээний 1.2-т орон сууцыг хувь хүмүүс оршин суух зориулалтаар ашиглуулна гэж, 4.3.7-д түрээслэгч хөрөнгө хамгаалах бүх арга хэмжээг авах эрхтэй гэж зааснаас гадна хөлслүүлэгч нь орон сууцыг дамжуулан хөлслөх эрхийг нэхэмжлэгч В- ХХК-д олгосон болох нь хэргийн 13 дугаар талд авагдсан тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх-ийн 160-172-р тал/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хуулийн энэ зохицуулалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах тул нэхэмжлэгч В- ХХК нь орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Нөгөө талаар орон сууцны түрээсийн төлбөрийг 2018 оноос эхлэн төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч Ц.Ц- нь няцаагаагүй, мөн тухайн орон сууцанд хууль ёсоор оршин суудаг болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 10 дугаар байр, 50 тоот орон сууцыг хариуцагч Ц.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03209 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 10 дугаар байр, 50 тоот орон сууцыг хариуцагч Ц.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс 70 200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ