Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунз цагаан овогт Хүүгийн Тд холбогдох 1829000040013 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг нүүрс тээвэрлэлтийн 185 дахь километрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө иргэн Э.Анхбаяртай маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

 Хохирогч Э.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд би тэр оройдоо Жавхлант баг ороод очер Жавхлант өнгөрчихсөн байхаар  нь тэндээс баруун гар талруугаа шороон зам руу буугаад төмөр замын далан дагаад сайжруулсан шороон замаар давхиж явахад гэнэт урд талд 3 мотоциклтой хүмүүс зам хаагаад чулуу нүүрс зам дээр овоолоод зогсож байсан. Би тэд нарыг хараад замаасаа буух гэтэл тэр хүмүүс миний машин руу чулуу нүүлгэж цонх шил хагалж эхэлсэн. Би чигээрээ зугтаагаад 2 км орчим замгүй явахад тэр хүмүүс хажууд дагаад чулуу шидээд яваад байсан. Би тэгж яваад элсэнд суугаад зогстол нэг өндөр, халзан толгойтой 40 орчим насны хүн миний машины жолооч талын хаалгыг онгойлгож орж ирээд үг дуугүй миний хамар руу цохиж цус гаргаад, толгой руу, тархи руу цохиж, Пүрэвбаатарыг 2-3 удаа цохиод авч байхад араас нь намхан туранхай биетэй, халимаг үстэй шаравтар царайтай залуу жолооч талын хаалгаар орж ирэхэд эхлээд орж ирсэн халзан залуу намайг толгой дээрээс дараад суудал налуулахад нөгөө залуу нь хойшоо ор руу гарч миний ар, хажуу талаас толгой руу цохиж, Пүрэвбаатарыг мөн цохиж зодож байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр хүн Пүрэвбаатар бид хоёрыг зодож байгаад машинаас буун миний машины 2 аккумулятор, миний гар утсыг аваад явчихсан. Пүрэвбаатар бид хоёр тэр хүмүүсийн араас алхаж гэрт нь очиж аккумулятор, гар утсаа авсан. ...тэр хоёр хүн хоёулаа намайг цохисон. Яг хэн нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Эхэлж орж ирсэн халзан толгойтой хүн миний хамар руу цохиж цус гаргаад гэмтэл учруулсан. Би тэр хоёрт зодуулчхаад араас нь буухад дараа нь орж ирсэн туранхай залуу нь миний эрүү рүү өшиглөсөн. Миний эрүү тэрнээс хойш хэд хоног өвдсөн. Одоо эрүү гайгүй болсон. Толгой өвдөөд байгаа. ...би тухайн үед 2 удаагийн рэйс алдсан. Нэг рэйсийг 450,000 төгрөгийн цалингаар явдаг. Эм тариа эмчилгээний зардалд 360,000 төгрөг төлсөн. Би энэ хүмүүсээс дээрх мөнгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 11-14-р хуудас/

Гэрч С.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг Улаанбаатар хотод явж байхад манай хойд эцэг Эрдэнэбилэг над руу утсаар яриад 65-64 ӨМҮ улсын дугаартай Нордбенц маркийн тээврийн хэрэгслийн жолооч Анхбаяр шороон замаар нүүрс тээвэрлэлт хийж яваад хөдөөний малчдад зодуулсан байна гэсэн. Тухайн асуудал болох үед манай кемп дээр байдаг хүмүүс тэр айлд нь очоод уулзахад зодсон хүнийх нь эхнэр гэх эмэгтэй манай хүмүүс рүү салаавч гаргаад явдаг газраар нь яв гээд доромжлоод, нөхөр нь би зодсон нь үнэн гээд байсан талаар хэлсэн... /хх-ийн 22-р хуудас/

Гэрч Ч.Базаррагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд Т ах, тэдний гэрт байсан дүү нь болох Цогтоо бид гурав тэднийхээс хойш 40-50 м зайтай байдаг шороон зам руу алхаж очоод зам дээр зогсож байхад тэр машин замаас гараад бид нарыг дайрах шахаад явчхаар нь бид гурав тэднийд очиж би Т ахын мотоциклыг жолоодож Т эх миний араар сундлаад, Цогтоо өөрийнхөө мотоциклтой бид гурав тэр машины араас хөөгөөд гүйцэж түрүүлж урдуур нь хашихаар буцааж шахаад дайрчих гээд байсан. Тэгээд би зогсож Т ах газраас чулуу аваад машины араас нь хөөж очоод Т ах тэр машин руу чулуу шидэж буруу талынх нь хаалганы цонхыг нь хагалсан. Тэгээд хөөгөөд явж байтал мотоциклын гинж мултраад зогсож байтал Цогтоо араас ирээд би Тогтохдэлбэрэл ахын мотоциклыг нь үлдээчхээд Цогтоогийн араар нь сундлаад бид хоёр тэр машиныг гүйцэж түрүүлж байгаад би урд талынх нь цонх руу чулуу шидэж хагалсан. Тэгээд тэр машин цаашаа нэг их хол явалгүй элсэнд хүч алдаад зогссон. Тэр үед Т ах араас нь ирсэн. Цогтоо бид хоёр тэр машиныг явуулахгүй гэж бодоод аккумуляторыг нь тайлж байх хооронд Т ах машин дотор орсон. Бид хоёрыг аккумулятор салгаад дуусахд кабин дотроос 2 залуу гараад ирэхээр нь Т ах араас очоод аккумулятороо аваарай гэж хэлчихээд би 2 аккумуляторыг нь дундуураа хийгээд Т ахынд очоод байж байхад Цогтоо гэр рүүгээ явсан... /хх-ийн 26-р хуудас/

Гэрч Б.Цогт-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Т ах нэг чулуу газраас аваад араар нь мордоод тэр хоёр шаланзны араас давхиад явсан. Би тэндээс гэрийн гадаа байсан мотоциклоо асаагаад араас нь явж байхад тэр хоёрын мотоциклын гинж нь мултраад зогсчихсон байсан. Би тэндээс Базаррагчааг араараа сундлаад шаланзны араас хөөсөн. Тэр үед шаланз болон би замгүй газраар давхиад Базаррагчаа машин руу чулуу шидэж жолооч талын толь, буруу талын хаалганы цонхыг нь хагалсан. Тэгээд цаашаа явж байгаа шаланз бут сайранд суугаад зогссон. Тэр үед Т ах мотоциклынхоо гинжийг нь хийчихээд араас хүрч ирээд шаланзны зөв талын хаалгаар ороод араас нь Базаррагчаа араас нь орох гэж авирч байгаад буцаад буугаад ирсэн. Т ах шаланзан дотор 10 орчим минут болсон. Машин дотор байхдаа Базаррагчаа бид хоёрыг аккумуляторыг нь салгаадах гэхээр нь бид хоёр машины 2 аккумуляторыг салгаж авсан хойно бууж ирсэн...” /хх-ийн 28-29-р хуудас/ 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 18 дугаартай шинжээчийн

  1. Э.Анхбаярын биед тархины доргилт, эрүү, зүүн шанаа, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын зулгаралт гэмтэл үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-ийн 31-р хавтаст/

Х.Тийн яллагдагчаар өгсөн: ”...Тэгтэл энэ хэрэг явдал болсон буюу 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн үед шалаанзны дуу гараад нэг машин манай гэрийн хажуугийн шороон замаар явахаар нь зогсоож уулзаж энүүгээр явж болохгүй гэдгийг нь хэлэх гэхэд тэр машин биднийг хараад / би Базаррагчаатай хамт очсон/ замаас буугаад чиглэлээ өөрчлөөд зугтаасан. Би мотоциклоо асаагаад араас нь хөөсөн. Манай дүү Цогт-Очир мөн өөрийнхөө мотоциклыг асаагаад надтай хамт хөөсөн. Нөгөө машин замгүй газраар хэсэг зугтааж яваад манайхаас зүүнтэй зооны ар орой дээр жалганд суусан. Тэр машиныг зугтааж явахад нь би зогсоох санаатай кабин руу нь чулуу шидсэн. Тэр машин зогсолгүй явсаар жалганд очоод суусан. Би тэр машины жолоочийн хаалгыг нээхэд дотор нь хоёр залуу байсан. Би жолоочийн нүүр рүү гараараа нэг удаа цохичхоод хоёр дүүгээрээ машины аккумуляторыг нь тайлуулж, мөн жолоочийн гар утсыг аваад араас ирж уулз гэж хэлчхээд гэр рүүгээ харьсан. Нөгөө хоёр  залуу араас ирж манайд зурагт үзэж сууж байгаад машин руугаа явсан. ...би тэр жолооч залууг цохисон болохоор миний үйлдлийн улмаас тэр залууд учирсан гэмтлүүд гэж бодож байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/

Шүүгдэгч Х.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч  Х.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг дарга М.Цэвээнравдангийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/

Шүүгдэгч Х.Тийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг болон түүний товч мэдээлэл /хх-ийн 46-47-р хуудас/

Шүүгдэгч Х.Тийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 50-54-р хуудас/,

Хохирогч Э.Анхбаярын “миний бие Анхбаяр нь Х.Тд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Х.Т нь учруулсан хохирлоо барагдуулсан болохыг тодорхойлов ” гэжээ /хх-ийн 58-р хуудас/,

 “Би Эс Кэй” ХХК-ийн захирал Б.Баярсайнханы 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөрийн 52 дугаартай “тус компанийн эзэмшлийн 65-64 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн ослын талаар компанийн зүгээс гомдолгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг нүүрс тээвэрлэлтийн 185 дахь километрт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө иргэн Э.Анхбаяртай маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Анхбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хунз цагаан овогт Хүүгийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тийг 500 /таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан 500 /таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5.Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Тийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА