| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0644/З |
| Дугаар | 128/ШШ2024/0881 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0881
2024 11 11 128/ШШ2024/0881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД:5*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М******* нарын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч компани нь Д******* аймгийн Д сумын Ө т******* нэртэй газарт орших 22841,61 га талбайд XV-0 тоот тусгай зөвшөөрлийг 2009 оноос эзэмшиж эхэлсэн.
2.2.Үүний дараа Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн дагуу нэхэмжлэгч компанийн MV-0 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Д******* аймгийн Д сумын нутагт орших Ө т******* нэртэй газарт 5, гектар ашиглалтын талбайгаас 46,70 гектар талбайг буцаан өгөх өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авч, үлдсэн 1, гектар талбайг ашигт малтмалын ашиглалтын MV-0 тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийсэн байна.
2.3.2015 онд нэхэмжлэгч компани дээрх нөөц тогтоогдсон талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүсэж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр Д******* аймгийн Д суманд Ө т******* нэртэй газарт 5, гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгожээ.
2.4.Нэхэмжлэгч компанийн нэр дээр бүртгэлтэй ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан байна.
2.5.Нэхэмжлэгч компаниас уг тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Манай "Э*******" ХХК нь Д******* аймгийн Д сумын нутагт орших Ө т******* нэртэй 2 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар (хуучин нэрээр)- аас холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан. Улмаар компанийн зүгээс хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайдаа 2009-2013 оны хооронд өөрийн хөрөнгөөр геологийн эрэл хайгуул, өрөмдлөг, нарийвчилсан хайгуулын ажлуудыг явуулсан бөгөөд уг талбайд тухайн үеийн үнэлгээгээр хайгуулын ажлын зардалд нийтдээ 4,347,470,700.00 (Дөрвөн тэрбум гурван зуун дөчин долоон сая дөрвөн зуун далан мянга долоон зуун) төгрөг зарцуулсан болно. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр ордын нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай мөн өдрийн ХХ-1 тоот Дүгнэлт гарсан.
Манай компани нөөц тогтоолгосон хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2015 онд өргөдөл гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05-р сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр Д******* аймгийн Д сумын нутагт орших Ө т******* нэртэй 5. гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон. "Э*******" ХХК нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсан бөгөөд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлсээр ирсэн, зөвхөн хайгуулын үйл ажиллагааны зардалд дээрх дурдсан 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зардал гаргаж, улмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон. Бид компанийн үйл ажиллагааг цаашид үр ашигтай явуулж, холбогдох төслүүдээ хөгжүүлэхээр тодорхой ажлууд хийж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хэрхэн урьдчилан төлөх талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ажилтнаас тодруулахад, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр MV-0 дугаартай манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр анх мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 27.2-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ" гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж тус тус заасан боловч хариуцагчийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай "Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акт нь хууль ёсны байхын тулд шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагатай. Захиргааны үйл ажиллагааны зарчмыг ерөнхий нэг шинж нь "Захиргааны шийдвэрээр эрх нь хөндөгдөх иргэд, захиргааны үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг аль болох хангахад чиглэгдсэн зарчмууд байдаг. Тийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дэх хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлд "тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн хуульчилсан байдаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1 тоот албан бичгээр хандсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1 тоот албан бичгээр "Гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариуг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд манай компанийн Д******* аймгийн Д сумын нутагт орших Ө т******* нэртэй 5. гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Э*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай буюу Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгаа. Манай компани нь анх 2009 онд Д******* аймгийн Д сумын нутагт орших 22841 га талбайд ашигт малтмалын хайгуулын 7 дугаартай тусгай зөвшөөрлийг тухайн үед эзэмшигч “Э” ХХК-аас холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авсан. Тодруулж хэлбэл тухайн үед “Э” ХХК-аас 7 дугаартай тусгай зөвшөөрлийг 2 сая ам долларын хөрөнгө оруулалт буюу хувьцаа шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон. Гэхдээ нэхэмжлэлд хувьцаа шилжүүлж авахтай холбоотой 2 сая долларын зардлыг дурдаагүй. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаар уг Д******* аймгийн талбай дээр 2009-2013 оны хооронд өөрийн хөрөнгө оруулалтаар геологийн эрэл хайгуул, өрөмдлөг, нарийвчилсан хайгуулын ажлуудыг явуулсан. Уг талбай манай компанид шилжин ирснээс хойш нийт 4.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Тодруулбал хэрэгт авагдсан Үндэсний геологийн албаны хариа Геологийн төв архиваас авсан баримтаар “Э*******” ХХК 2009, 2010, 2011 онуудад хийсэн хайгуулын ажлын тайланд дурдсанаар 2009 онд буюу тухайн газрын шилжүүлэн авснаас хойш 6 дахь жилдээрээ “Э*******” ХХК нь 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Үүнээс 1.6 тэрбум төгрөг нь зөвхөн өрөмдлөгийн ажилд, бусад суурин боловсруулалт, дээж сорьцлолт гэх мэт ажилд 600 сая нийт 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан. 2010 онд нийт 1.8 тэрбум төгрөгийн зардал гаргаснаас өрөмдлөгийн ажилд 1 тэрбум, бусад соронзон болон суурин боловсруулалтын ажилд 8 тэрбум орчим төгрөг зарцуулсан. 2011 онд суурин боловсруулалтын ажилд 400 орчим сая төгрөг зарцуулсан. Хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийсний үндсэн дээр 2013 онд уг хайгуулын ажлын тайланг Монгол улсын Эрдэс баялгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Эрдэс баялгийн хөгжлийн зөвлөлийн 1107 дугаар дүгнэлтээр тайланг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл “Э*******” ХХК-ийн хийсэн уг хайгуулын ажлын үр дүнгээр тухайн талбайд боломжтой буюу “цэ/C/” нөөцөөр алтны 1.1149 кг-аар тооцож хүлээн авсан. Үүнийг Үндэсний Геологийн архивд бүртгэж авсан байдаг. Улмаар Ашигт малтмалын газрын даргын тусгай зөвшөөрлөөр энэ нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл манай компанийн тухайд 2009 онд шилжүүлж авснаасаа хойш 2013 оныг хүртэл, мөн мөн 2016 онд Ашигт малтмалын газраас ашигт малтмалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүртлээ нийтдээ зарцуулсан зардал, бусад тооцогдоогүй зардлуудтайгаа нийлээд 10 тэрбум орчим төгрөгийг яг энэ төсөлтэй холбоотой зарцуулсан байдаг. Нэхэмжлэлд зөвхөн энэ хайгуулын ажлын үйл ажиллагаатай холбоотой мөн Ашигт малтмалын газрын геологийн фондод байгаа дүнтэй уялдуулж 4.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын зардлыг тооцож хүргүүлсэн байдаг.
Ингээд 2016 оны 05 дугаар сарын 11-нд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар энэ талбай дээр ашиглалтын лиценз буюу лицензийг 30 жилийн хугацаатай 2046 он хүртэл ашиглах эрхийг авсан. Ийнхүү их хэмжээний хөрөнгө оруулалт, зардал гаргаад нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоолгоод ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан компанийн хувьд хайгуулын лиценз дөнгөж аваад түүнийгээ сунгуулахгүй орхих, төлбөрөө төлөхгүй орхих гэх мэт үйлдэл гаргах ямар ч хүсэл зориг гаргаагүй. Тийм хүсэл зориг гаргах ч боломжгүй гэдгийг ойлгоно байх гэж үзэж байгаа.
“Э*******” ХХК нь Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай, бүх удирдлага, өмчлөгч нь Оросын холбооны улсын иргэд байгаа. Монгол улсад энэ компанийг удирдаад, төлөөлөөд явж байгаа нь бол Гын хувьд 2021 онд ковид цар тахлын нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор ковидоос үүсэлтэй уушгины хүнд хатгалгаа оноштойгоор тухайн үед Орос Монголын хамтарсан ганц эмнэлэг болох Ула төмөр замын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байдаг. Энэ оношоороо 2 ч удаа эмнэлэгт хүргэгдэж өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн төрийн байгууллагаар явж ажил хөөцөлдөх, шүүхэд хандах ямар ч боломжгүй байдалтай байгаа. Уг хүн нь одоогоор Д хотын нэгдсэн эмнэлэгт байнгын эмчилгээ сувилгаа хийлгээд өөрийн танил дээрээ асаргаагаар байгаа. Уг баримт нь хэрэгт авагдсан байгаа.
Гын хувьд иймэрхүү хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд тухайн үед яг энэ “Э*******” ХХК-д Дын удирдлага дор Монгол геологичтой хамтраад ажиллаж байсан 2 Орос хүн байсан. Тэдгээр хүмүүс 2022 онд болсон Орос Украйны дайнтай холбоотойгоор нутаг буцсан байдаг. Компанийн удирдлага болох Дын хувьд 2021 онд туссан хүнд өвчний улмаас компани дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас дээрх 2 Орос залууд компанийн бүх баримт бичиг байсан. Уг 2 залуу нутаг буцахдаа компанийн бүхий л хавтастай материалуудыг файлаар нь хүртэл аваад явчихсан байдаг. Нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш зарим нотлох баримтууд цугларч ирж чадахгүй хүлээлгэх нөхцөл байдал үүсээд байсан. Одоо ч зарим нотлох баримтууд ирж чадаагүй, ирэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
2 геологичийн нэг Дын нагац дүү гэх залуу албан дайчилгаанд хамрагдан дайнд явсан бөгөөд тэндээ амиа алдсан гэх, нөгөө геологич залуугийн хувьд дайнаас зугтаад Казакстан руу гарсан гэх мэдээлэл байгаа.
Хэргийн нотлох баримтад хавсаргаж болох нотлох баримт олон байсан боловч дээрх шалтгааны улмаас Орос улсаас ирэх боломжгүй болсны улмаас нотлох баримт энэ хэмжээнд л цугларсан байна. Иймэрхүү нөхцөл байдал бий болсон талаар шүүх бүрэлдэхүүн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дурдаж байна. Яагаад гэвэл энэ компани өөрөө 30 жилийн хугацаатай 2046 он хүртэл ашиглалтын лицензээ аваад нөөцөө тогтоолгочихсон, ашиглахад бэлэн уг төсөл дээрээ төлбөрөө төлөхгүй орхих юм уу ямар нэгэн хайхрамжгүй байдлаар хандах хүсэл зориг байгаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан гэдгийг даруй дурдахыг хүсэж байгаа юм.
Компанийн удирдлага болох Дыч эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан, 2 геологичийн хувьд нутаг буцсан тул тухайн компанийг 2023 оны 08 дугаар сард өөрийн таньдаг н.Г гэх уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй залуутай “манай компанийн асуудлыг шийдээд өгөөч” гэж гуйн ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр шилжүүлэн өгөх гэрээг байгуулсан байдаг. Ингээд н.Г гэх залуу нь “Э*******” ХХК-ийн ганц өмчлөгч, гүйцэтгэх захирал гэж явж байгаа.
Ингээд н.Г компанитай холбоотой нийгмийн даатгал, татвар дээр үүссэн өр төлбөрийн асуудлыг нь шийдээд явж байгаад сүүлд тусгай зөвшөөрлийн асуудлууд төлбөр яасан юм бэ гэтэл төлөгдөөд явж байсан Григоровын нагац дүү тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан гэх хариуг өгсөн байдаг.
Энэ асуудал тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр 2024 оны 05 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газарт лицензтэй холбоотой асуудлаар албан бичгээр хандсан байдаг. Ашигт малтмал газрын тосны газраас 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 1 гэх албан тоотоор “Танай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүйн улмаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан байна” гэх хариуг өгсөн байдаг.
Уг хариуг авснаасаа хойш нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 30 хоногийн хугацаанд нэхэмжлэлийг гаргасан. Үүнээс өмнө буюу тухайн албан тоотыг гардаж авахаас өмнө тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой асуудлыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Хэрэгт авагдсан баримтаар Ашигт малтмалын газраас шуудангаар хүргүүлсэн гэсэн байгаа. Харин цуцлахын өмнөх мэдэгдэл болон цуцалсан шийдвэрийн аль аль нь компани дээр очоогүй байдаг. Тухайн үед ямар хэрэг үзлэг явсан нь мэтгэлцээний, явцад асуулт хариултыг тодруулах явцад мэдэгдэх байх гэж бодож байна. Компанийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буюу анх мэдсэн өдрөөсөө эхлээд 06 дугаар сард албан ёсоор Ашигт малтмал, газрын тосны газраас хариуг бичгээр авсны дараа шүүхэд хандаад явж байна. Өмнөх мэдэгдэлтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан байх ёстой байдаг. Сонсох ажиллагаа гэдэг нь тухайн компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг аль болох зөрчихгүйгээр асуудлыг шийдвэрлэх, тодруулбал хуулийн этгээдийн оролцоог нь бүрэн хангасны үндсэн дээр шийдвэр гаргах нөхцөл байдлыг тодорхойлсон байдаг Манай компанийн тухайд уг цуцлахын өмнөх мэдэгдэл болон цуцалсан тухай мэдэгдлийг хүлээн авсан үйл баримт байхгүй. Ийм учраас уг төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан ажлаа бүрэн гүйцэд явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Э*******" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу Д******* аймгийн Д сумын нутагт орших "Ө т*******" нэртэй газарт 5. гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-0 дугаap тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр "Э*******" ХХК-нд олгосон. Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн SU-002138 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу "Э*******" ХХК-ийн МВ-0 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Д******* аймгийн Д сумын нутагт орших "Ө т*******" нэртэй газарт 5. гектар ашиглалтын талбайгаас 46.70 гектар талбайг буцаан өгөх өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авч, үлдсэн 1. гектар талбайг ашигт малтмалын ашиглалтын МВ-0 тусгай зөвшөөрлийн /гэрчилгээний/ хавсралтад бичилт хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө", гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө", гэж 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", гэж 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж хуульчилсан.
Гэтэл "Э*******" ХХК ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөр тооцож 6 дахь жилийн төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28- ны өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол төлбөрийг хойшлуулах тусгай, тухайлсан зохицуулалтыг хуульчилж өгөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." гэж заасны дагуу "Цуцлах үндэслэл бүрдсэн тухай" мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/34 дугаар албан бичгээр, "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/4317 дугаар албан бичгээр тус тус "Э*******" ХХК-д мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдлүүдийг нэхэмжлэгчийн АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн систем /СМСЅ/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Ула хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, *******-******* хаягаар хүргүүлсэн байна Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ." гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй..." гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана." Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдээ, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлэх болон 2021, 2022, 2023, 2024 оны төлбөр төлөх үе шатанд тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэх бүрэн боломжтой болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана" гэж, 54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж заасны дагуу "Э*******" ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу Д******* аймгийн Д сумын нутагт орших Ө Тогтвор нэртэй ашигт малтмалын ашиглалтын 5. м.кв талбайг Ашигт малтмал газрын тосны болон кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанид анх олгосон. Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 32, , 34 дүгээр зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлээгүй буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тухайн зөвшөөрлийг бүхэлд нь цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Урьдчилсан тооцооллоор төлөгдөөгүй төлбөр болох 25 сая орчим төгрөг алдангийн нэмэгдэл нийт 30 гаруй сая төгрөгийн төлбөр төлөгдөөгүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу тусгай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Сонсох ажиллагаатай холбоотой асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн системд бүртгэлтэй хаягаар нь сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг, утасны дугаар, факс өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногт төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч компанийн зүгээс уг үүргээ биелүүлээгүй бөгөөд манай манай зүгээс бүртгэлтэй хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг илгээсэн хэдий ч “нүүгээд удаж байна” гэсэн хариу монгол шуудангаар буцаж ирсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газрын тосны газраас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтад баталгаат шууданд хийснээс хойш нийслэлд 5 хоногийн дотор мэдэгдсэнд тооцно гэж заасан. Мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллагын хувьд хууль журмын дагуу хийсэн.
Хөөн хэлэлцэх хугацаа ярих нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна. ийм
Тусгай зөвшөөрлийн төлбөрийг заавал мэдэгдэж байж төлөх үүргийг хүлээхгүй. Дараа жилийн төлбөрийг анх олгогдсон өдрөөр тооцож жил болгон урьдчилан төлнө гэж хуульд заасны дагуу тухайн төлбөрийг бөөнд нь эсхүл урьдчилан төлөх бүрэн боломжтой байдаг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь 7Х тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Д******* аймгийн Д сумын нутаг, Ө т******* нэртэй газарт хайгуулын ажиллагаа явуулж 2010 онд 2,240,001,100 төгрөгийн, 2011 онд 597,012,000 төгрөгийн зардал гаргасан болох нь эдгээр онуудын Хайгуулын ажлын тайлангаар тогтоогдож байна. /ХХ-2-ын 1, 144 дэх тал/
2.2.Ингээд 2013 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-1 дугаартай дүгнэлтээр Д******* аймгийн Д сумын нутаг, Ө т******* нэртэй 7Х тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах Ө т*******ын алтны үндсэн ордын хүдрийн боломжтой (С) нөөцийг 15641.9 тонноор, 0,76 г/тн-ын дундаж агуулгатай алтны нөөцийг 1149.04 кг-аар хүлээн авахаар шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 71-75 дахь тал/
2.3.Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар дээрх нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 78 дахь тал/
2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар тушаалаар “Э*******” ХХК-д 5. гектар талбайд уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож, MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. /ХХ-1-ийн 53-56 дахь тал/
2.5.Нэхэмжлэгч нь MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2016-2021 оны төлбөрөө төлсөн болох нь уг тусгай зөвшөөрлийн хавсралтад хийсэн тэмдэглээгээр тогтоогдлоо.
2.6.Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрөө 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч, уг хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байна.
2.7.Энэ хугацаанаас хойш 1 сар гаруйн дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ******* дугаартай шийдвэрээрээ “Э*******” ХХК нь MV-0 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 40 дэх тал/
2.8.Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтэс уг шийдвэрийн дагуу мэдэгдлийг “Э*******” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/4317 дугаар албан бичгээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, *******, ******* тоот хаягаар хүргүүлсэн боловч тус компани гардан аваагүй болох нь “нүүгээд удаж байна” гэх шуудангийн тэмдэглэгээгээр нотлогдлоо. /ХХ-1-ийн 41, 50-51 дэх тал/
2.9.“Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрөөс хойш төлбөр төлөөгүй болохоо зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү шалтгаанаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргасан.
2.10.Тухайлбал, “Э*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Оросын Холбооны Улсын иргэн Г.В.Д байсан бөгөөд дэлхийг хамарсан цар тахлын үед ковид өвчнөөр өвчилсөн, өнөөдрийг хүртэл хүний асрамжид байгаа гэж тайлбарлан, үүнийгээ нотлох баримтаар Г.В.Дын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ула төмөр замын төв эмнэлгийн 2 ширхэг магадалгаа болон Амбулаториор эмчлүүлэгчийн картыг гаргаж өгсөн байна. /Эх хувиар/
2.11.Уг эмнэлгийн магадалгаагаар Г.В.Д 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 19 хоног “уушгины хурц хэлбэрийн хатгалгаа” оноштой, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 23 хоног “уушгины архаг хатгалгаа дахилтат хэлбэр” оноштойгоор тус тус ажлаас чөлөөлөгдөж байсан болох нь тогтоогдсон болно.
2.12.Амбулаториор эмчлүүлэгчийн картыг тэрээр сахарын өвчин, даралт ихдэх өвчин, зүрх судасны өвчин, гастрит өвчний оноштойгоор “хөдөлгөөнөө хязгаарлах” гэсэн эмчийн зааварчилгаатай байна. /Эх хувиар/
2.13.“Э*******” ХХК тухайн үеийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага байсан Г.В.Д нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараагүй болохоо тайлбарлаж байгаа бөгөөд тэрээр Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хойшлуулах талаар аливаа нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, ийм баримт гаргасан талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлоогүй, нотлох баримт цуглулах хүсэлт гаргаж байгаагүй болно.
2.14.Харин уг хугацаанд тус компанийн 2 геологич нь Оросын Холбооны Улсын иргэд байсан бөгөөд ковидын үед Монгол Улсын хилээр гарч явахдаа компанийн баримт бичгийг бүгдийг авч явсан, нэг нь Орос-Украйны дайнд амь үрэгдсэн, нөгөөх нь Казахстан руу дүрвэсэн гэж тайлбарлаж байгаа ч эдгээр иргэд нь хэн гэх хүмүүс байсан талаар нэр, хувийн мэдээллийг шүүхэд тодорхой тайлбарлаагүй, уг ярьсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
2.15.“Э*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр өөрчлөгдөж, П.Г тус компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлж, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон өөрчлөлтийг мөн бүртгэлд бүртгүүлжээ. /ХХ-1-ийн 139 дэх тал/
2.14.“Э*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, П.Г нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр тус компанид холбогдох хувьцааны эрх болон гүйцэтгэх удирдлагын эрхийг бүрэн шилжүүлж авснаас хойш 9 сарын хугацаанд буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан “тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлт гаргасан” 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хүртэлх хугацаанд уг тусгай зөвшөөрөлд холбогдох асуудлаар хариуцагчид хандаж байгаагүй зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж, мөн зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж зааж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа, төлсөнд тооцох хугацаа зэргийг тус тус тогтоосон байна.
3.2.Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэжээ.
3.3.Дээрх хуулийн зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, төлөх боломжгүй нөхцөлд байсан бол алданги тооцох замаар нэг удаа 30 хоногоор хойшлуулж, нөхөн төлүүлэх боломж олгосон зохицуулалт юм.
3.4.Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсан Г.В.Д 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөх үүрэг үүссэн байсан, харин түүний өвчтэй байсан хугацаа нь 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлсэн болох нь эмнэлгийн магадалгаагаар нотлогдсон тул үүрэг үүссэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
3.5.Түүнчлэн “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсан Г.В.Д хүндэтгэн үзэх шалтгаантай, хүнд өвчтэй, энэ нь төрийн байгууллагад хүрэлцэн очих боломжгүй байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх өөр бусад хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзсэн бол энэ талаар хариуцагч байгууллага, түүний удирдлагад бичгээр мэдэгдэж, аливаа хүсэлт гаргаж байгаагүй, нөгөө талаас үзвэл, тэрээр өвчтэйн улмаас өөрөө үйлдлийг хийх боломжгүй бол бусдаар дамжуулан хүсэлт, үйлдлээ гүйцэтгүүлэх боломжгүй байсан гэх нөхцөл нь нотлогдоогүй гэж үзлээ.
3.6.Энэ цаг хугацаа нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе тул энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй боловч, тус компани нь үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлд байсан гэдэг нь ийнхүү нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул ийнхүү дүгнэсэн болно.
3.7.Нөгөө талаас 2020, 2021, 2022 он нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг үр нөлөөнд орсон үе байсан гэж үзсэн ч, 2023 оныг ийнхүү үзэх боломжгүй юм.
3.8.Учир нь Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон учраас төрөөс уг цар тахлын хүчин зүйл арилсан гэж үзсэн болно.
3.9.Ийнхүү “Э*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр өөрчлөгдөж, П.Г болсноор тус компанийн эд хөрөнгө, эрх, үүргийг хянах, түүнд үүссэн нөлөөллийг арилгах хугацаа байсан байхад ийнхүү тусгай зөвшөөрөлд холбогдох эрхээ хэрэгжүүлэх талаар үйлдэл хийгээгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг зөвтгөх нотолгоо хууль зүйн хувьд байхгүй байна.
3.10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, хууль зөрчсөн гэж маргаж байгааг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй байна.
3.11.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд мөн зүйлд сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад гэж тус тус заасан байна.
3.12.Хуулийн дээрх зохицуулалтын зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны актыг гаргахдаа “захиргааны акт үндэслэл бүхий байх, бодит байдалд нийцсэн байх” зэрэг зарчмын дагуу акт чиглэсэн этгээдийн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтооход чиглэсэн байдаг.
3.13.Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд хугацаанд төлөөгүй гэх бодит байдлыг алдагдуулаагүй байна.
3.14.Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулсан бол бодит байдал өөрчлөгдөхгүй байсан болох нь шүүхэд тогтоогдсон үйл баримтаар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сонсох ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгч төлбөрөө төлөх байсан” гэдэг тайлбар нь түүний “Д хүнд өвчтэй байсан, хүний асаргаанд байсан учраас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан” гэдэг тайлбартай уялдахгүй байгаа тул үндэслэлгүй гэж үзсэн.
3.15.Дээр тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь нотлогдсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Э*******” ХХК-ийн хайгуулын ажилд зарцуулсан 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг харгалзан үзэх, Захиргааны ерөнхий хуульд заасан “итгэл хамгаалах зарчмыг” хангаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан.
3.17.Шүүх нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болон түүгээр зохицуулсан харилцаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг хянаж, дүгнэлт өгөх үүрэгтэй, эрх зүйн маргаан шийдвэрлэх механизм юм.
3.18.Ийм учраас иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор захиргааны хуульд нийцсэн актыг буруутгах эрхгүй, харин “Э*******” ХХК-ийн хайгуулын ажилд зарцуулсан гэх 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг харгалзан, итгэл хамгаалах зарчмыг хангуулах хүсэлтээ зохих этгээдэд хандаж гаргах, захиргааны байгууллага, түүний албан тушаалтан нь “итгэл хамгаалах” зарчмыг хангаж болно гэж үзвэл уг асуудлыг шийдвэрлэх арга замаа өөрөө тодорхойлж, шийдвэрлэх нь зүйтэй болохыг тэмдэглэж байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан үйл баримттай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүйн дээр шүүхэд ийм хүсэлт гаргаагүй, нотлох баримтад холбогдох эх сурвалжаа нэрлээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7 дахь хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн “Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ