Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

   2023        06           30                                           2023/ДШМ/27

 

 

Б.М-эд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Хохирогч Б.Б-,

Шүүгдэгч Б.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хишигбаатар нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.М- нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.М-эд холбогдох эрүүгийн 2239000760230 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

 

Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн 2 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-эд оногдуулсан 5 (тав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:. Анхан шатны шүүх намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн. Тухайн үед би шүүгчийн ярьж байгаа зүйлийг сайн ойлгоогүй буруу зүйл ярьсан. Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.М-эд оногдуулсан ял хүнд байна. Би өөрийн үеэл дүү болох Б.М-тэй мөсөн дээр хальтирч унасны улмаас гэмтэл авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.М- эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Түүнээс гадна 6.000.000 төгрөгийн төлбөр төлсөн. Бид хоёрын энэ болчимгүй явдлаас болж дүүгийнхээ залуу насыг үрж байгаадаа маш их харамсаж, гэмшиж байна. Гомдлыг минь хүлээн авч Б.М-эд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Б.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудас болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал мөн гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд даруу төлөв зантай, айлын хамгийн бага хүү, амьдрал зохиогоогүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхээс Б.М-эд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн болгоомжгүй, Б.М- эхний удаа хутгалчхаад хохирогчийн араас нь 100 орчим метр газар очиж дахиж хутгалсан үйл баримт тогтоогддог. Хохирогчийн мэдүүлэгт “...хоёр гараас нь барьчхаад байхад над руу дайраад байсан...” гэдэг нь өөрөө субьектив санаа зорилгыг буюу санаатай үйлдлийг илэрхийлж байна.

Б.М-ийн гэр рүүгээ орж хутга авч хүнийг хутгалчхаад  араас нь хөөж очиж ахиж хутгалж байгаа нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан санаатай хэлбэр мөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- болон хохирогч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Б.М-эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн 2 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 08 хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 10-21 хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох  тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 26-28 хуудас/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 149 хуудас/,

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 25, 152 хуудас/, 

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Ж-н 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай:

“...Б.Б-ийн биед цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо...

...Дээрх цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн доод хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, танилцуулсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 123-127 хуудас/,

 

-Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:  “...би 2022  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ойролцоогоор 23 цагийн орчимд ...би Б.М-ийн найз болох О-тай муудалцсан, гэтэл Б.М- хажуугаас гэнэт орж ирээд миний хэвлий рүү цохих шиг болсон, тэгэхэд харин хутгалсан байсан. ...Б.М- машинаасаа буугаад намайг “ална” гээд хутгаа бариад над дээр хүрээд ирэхээр нь би өөдөөс нь бариад авсан, мөн Б.М- намайг зүүн гараараа бариад авсан, Б.М-ийн баруун гарт нь хутга байсан, бид хоёр ноцолдож байгаад халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон, Б.М- миний дээрээс ойчсон, тэгэхэд би хутгалагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 61-64 хуудас/,

 

-Гэрч З.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яваад очтол Б.Б-э зүүн хавирган доогуураа хутгалуулсан байдалтай мөсөн дээр хэвтчихсэн Б.М- хажууд нь хутгагүй зогсож байснаа намайг ирэнгүүт “одоо надад ганц сум байгаа, би одоо явлаа” гээд машиндаа суугаад яваад өгсөн...Б.Б-ийг хутгалснаас хойш Марал, Б.Б-э дээр ирсэн, цусыг нь тогтоох гэж байх үед байх Б.М- буу бариад өөрийгөө ална гээд эрүүн доороо буугаа тулгаад байсан, мөн Б.М- арагшаа ухраад дээшээ нэг удаа хий буудсан, тэгээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42 хуудас/,

 

-Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М- орж ирэхээр нь Б.Б-э яасан бэ гэхэд би одоо аваад ороод ирье гээд гарсан ба гарт нь хутганы үзүүр харагдах шиг болохоор нь санаа зовоод дээл аваад гартал машиндаа суугаад яваад өгсөн. ...намайг очиход мөсөн дээр Б.Б-э дээгүүрээ нүцгэн атиралдаад Б.М-эд хутгалуулсан гээд сууж байсан. Би барьж явсан дээлээ Б.Б-эд нөмрүүлээд байж байтал Б.М- буу гаргаж ирээд өөрийгөө ална гээд байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 46-48 хуудас/,

 

-Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаднаас нь харахад бол гурвуулаа л архи уусан гэдэг нь мэдэгдэж байсан ярьж байгааг нь сонсоход Б.Б-э нь арай илүү согтчихсон, Б.М-, О нар нь арай гайгүй согтолттой байсан. Тэгэхдээ гурвуулаа болж байгаа асуудлыг санах хэмжээнд биеэ удирдан авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 51-52 хуудас/,

 

 

-Гэрч Б.Х-н мөрдөн шалгах  ажиллагаанд  өгсөн:  “...чамайг  цагдаа хайж байгаа, Б.Б-ийн бие гайгүй, одоо хоёулаа цагдаа дээр очъё” гэхэд “за” гээд эг их юм яриагүй явсаар бид хоёр шууд сумын эмнэлэг дээр ирэхэд цагдаа нар ирж уулзаад Б.М-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 64-65 хуудас/,

 

- Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед нэлээн согтуу байсан, Б.Б-э ах, О нарыг муудалцаад байхад голд нь зогсож байснаа санаж байна. Тэгээд Б.Б-э ах цаашаа гүйж байсан, дараа нь мөсөн дээр очоод гэнэт гартаа хутга барьсан байснаа мэдээд цааш нь шидээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 199 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Б.М-ийг “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хохирогчийн цээж болон хэвлийн хэсэгт 2 удаа санаатай хутгалсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Б.М-, хохирогч Б.Б- нарын гаргасан “хөнгөн ял оногдуулж өгнө үү, мөсөн дээр хальтирч унасны улмаас гэмтэл авсан, гомдолгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

- хохирогч Б.Б-ийн:  “...Б.М- хажуугаас гэнэт орж ирээд миний хэвлий рүү цохих шиг болсон, тэгэхэд  хутгалсан байсан. Б.М- машинаасаа буугаад намайг “ална” гээд хутгаа бариад ирэхээр нь би бариад авсан,  Б.М-ийн баруун гарт  хутга байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 61-64 хуудас/,

-гэрч З.О-н: “...Б.Б-э зүүн хавирган доогуураа хутгалуулсан байдалтай мөсөн дээр хэвтчихсэн Б.М- хажууд нь хутгагүй зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42 хуудас/,

-гэрч Ц.Маралын: “...намайг очиход мөсөн дээр Б.Б-э дээгүүрээ нүцгэн атиралдаад Б.М-эд хутгалуулсан гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 46-48 хуудас/,

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №104 дугаартай “Б.Б-ийн биед цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн доод хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 123-127 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж  Б.Б-ийн цээж , хэвлийд 2 удаа хутгалж, хүнд болон хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Харин мөсөн дээр хальтирч унасны улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, хохирогчийн мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэрэгт тооцох ба Б.М- гэрээс хутга авч гараад Б.Б-ийг хутгалсан, Б.Б-ийг зугтаахад машинтай араас нь хөөж очоод ”чамайг гүйцээчихье, алнаа” гэж хэлээд дахин хутгалсан үйлдэл нь шүүгдэгч тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, Б.М-ийн Б.Б-ийг 2 удаа хутгалсан хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед  хүнд болон хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хооронд шалтгаант холбоотой байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

             Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  тохиолдолд  хуульд заасан  хорих ялыг хөнгөрүүлж болохыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтаар зохицуулсан ба шүүгдэгч Б.М- гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглэх үндэслэл байхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан хорих ялаас анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Б.М-эд  5 жил 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас хүний биед учирсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдалд нь  тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн  байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-, шүүгдэгч Б.М- нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-, хохирогч Б.Б-ийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Д.ГАНЗОРИГ

 

                                                                                             Г.БОЛОРМАА