| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0196/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 01
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Алаг адуу овогт Баярхүүгийн Нэргүйд холбогдох 17310001350079 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Найлайх дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 4-109 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Баярхүүгийн Нэргүй /РД:МЬ79102712/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Нэргүй нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын өвсөн цех гэх газраас Ө.Жамганы 1 тооны хүрэн зүсмийн морийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Б.Нэргүйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Идэшний үе болж байсан тул сул морийг мяндсан бугуйлаар бугуйлдаж барьж аваад өөрийн аав Баярхүүгийн хашаанд оруулж аав Баярхүүтэй цуг алаад махыг нь шуудайлж байгаад цагдаад баригдсан, аавдаа худалдаж авсан гэж худлаа хэлсэн байсан, хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэв.
2.Хохирогч Ө.Жамганы 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 10 саырн 17-ны орой 19 цагийн үед хээр, хүрэн морио аргамжаад хулгайд алдсан. Хүрэн морио хажууд нь сул тавиад гэртээ орсон. Ингээд маргааш өглөө аргамжаатай 2 морио авахаар очтол аргамжаатай морь нь байгаад сул морь нь алга болсон байсан. Ингээд гэрийнхээ ойр орчмоор хайсан боловч олдоогүй цагдаагийн газар бүртгүүлэхээр ирэхэд манай хүрэн морины арьсийг үзүүлэхэд мөн байсан. Миний хулгайд алдсан морь хүрэн зүсмийн зүүн талын гуяандаа танзан тамгатай тэр тамга нь үсэндээ уусаад үл мэдэгдэх гэдсэндээ оломны олон тооны цагаан үстэй байсан. Хуучин дармал дэлтэй 5 настай их номхон морь байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/
3.Гэрч П.Баярхүүгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 10 сарын 17-ны өглөө 07 цагийн үед босоход манай гэрийн хашаанд морины шонгоос хар хүрэн зүсмийн морь уяатай байсан. Манай том хүү Нэргүй гаднаас орж ирээд энэ адууг алаад өгөөч гэхээр нь би Нэргүйтэй хамт уг адууг өөрийн хашаанд байдаг өвөлжөөнд хийж байгаад алсан. Би тухайн үед Нэргүйгээс ямар учиртай морь юм гэж асуугаагүй.Тэгээд алсан мориныхоо махыг эвдэж жижиглээд 2 хэсэг шуудайнд хийж зарим махыг нь цэнхэр өнгийн уут дэвсэн дээр нь тавиад өвөлжөөндөө үлдээсэн ба удалгүй цагдаа нар ирсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
4.Шүүгдэгч Б.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 10 дугаар сарын 27-нд сэжигтнээр өгсөн...Би Сэлэнгэ аймгийн “Бойны тохой” гэх нэртэй газарт аав Баярхүүгийн адууг маллаж байдаг юм. 2017 оны 10 сарын 17-ны өглөө 7 цагийн үед адуундаа очиход манай адуунд танихгүй хар хүрэн зүсмийн морь нийлчихсэн байсан. Тухайн үед манай адуунд нийлсэн танихгүй морийг мяндсан бугуйлаар бугуйлдаж барьж аваад аав Баярхүүгийн хашаанд оруулаад уясан юм. Тухайн үед манай аав Баярхүү “ямар учиртай морь вэ” гэхээр нь хүнээс морь худалдаж авсан юм худлаа хэлээд уг морийг аавтай хамт гэрийнх нь хашаанд алаад махыг нь шуудайд хийгээд байж байхад цагдаа нар орж ирээд шалгасан. ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
5.Шүүгдэгч Б.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 сарын 15-нд яллагдагчаар өгсөн...Би Сэлэнгэ аймгийн “Бойны тохой” гэх нэртэй газарт аав Баярхүүгийн адууг маллаж байдаг юм. 2017 оны 10 сарын 17-ны өглөө 7 цагийн үед адуундаа очиход манай адуунд танихгүй хар хүрэн зүсмийн морь нийлчихсэн байсан. Тухайн үед манай адуунд нийлсэн танихгүй морийг идшинд хэрэглэхээр морийг мяндсан бугуйлаар бугуйлдаж барьж аваад аав Баярхүүгийн хашаанд оруулаад уясан юм. Тухайн үед манай аав Баярхүү “ямар учиртай морь вэ” гэхээр нь хүнээс морь худалдаж авсан юм худлаа хэлээд уг морийг аавтай хамт гэрийнх нь хашаанд алаад махыг нь шуудайд хийгээд байж байхад цагдаа нар орж ирээд шалгасан. ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр дугаар хуудас/,
6.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 03-06 дугаар хуудас/
7.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэн /хавтаст хэргийн 07-09 дүгээр хуудас/
8.Шүүгдэгч Б.Нэргүйн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Нэргүйн гэм буруу, хохирогчийн эд хөрөнгийн
хохирлын талаар:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Баярхүүгийн Нэргүйг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын өвсөн цех гэх газраас Ө.Жамганы 1 тооны хүрэн зүсмийн морийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж, “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 97 дугаартай яллах дүгнэлтийг 2017 оны 12 сарын 13-ны өдөр үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Хохирогч Ө.Жамганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 10 сарын 17-ны орой 19 цагийн үед хээр, хүрэн морио аргамжаад хулгайд алдсан. Хүрэн морио хажууд нь сул тавиад гэртээ орсон. Ингээд маргааш өглөө аргамжаатай 2 морио авахаар очтол аргамжаатай морь нь байгаад сул морь нь алга болсон байсан” гэх, шүүгдэгч Б.Нэргүйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Идэшний үе болж байсан тул сул морийг мяндсан бугуйлаар бугуйлдаж барьж аваад өөрийн аав Баярхүүгийн хашаанд оруулж аав Баярхүүтэй цуг алаад махыг нь шуудайлж байгаад цагдаад баригдсан, аавдаа худалдаж авсан гэж худлаа хэлсэн байсан, хохиролыг бүрэн төлж барагдуулсан...” гэх, хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд байгаа гэрч П.Баярхүүгийн мэдүүлэг, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа гэрч Б.Балбурамын мэдүүлэг, /хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд байгаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 4-6 дүгээр хуудсанд байгаа гэрэл зургийн үзүүлэн, хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нэргүй нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэр “Өвсөн цех” гэх газраас мөн иргэн Ө.Жамганы 1 тооны хүрэн зүсмийн морийг бусдын мал гэдгийг мэдсээр байж идшэндээ хэрэглэх зорилгоор завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан байна.
Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Иймээс шүүгдэгч Б.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг бүрэн төлж гэм хорыг арилгасан нь хохирогч Ө.Жамганы “Өсөхбаяр овогтой Жамган нь хүрэн зүсмийн морио хулгайд алдсан, Б.Нэргүйгээс хохиролоо бүрэн төлж барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж прокурорт гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал хулгайлах” гэмт хэрэгт “...450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 140 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, заасан ялаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Нэргүй нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. Б.Нэргүйн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Алаг адуу овогт Баярхүүгийн Нэргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овогт Баярхүүгийн Нэргүйд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нэргүйн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтан Б.Нэргүй нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.Нэргүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ