| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2024/0030/З |
| Дугаар | 114/ШШ2024/0019 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 114/ШШ2024/0019
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сумын *******ын хороо
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орхон сумын ******* нарын хооронд үүссэн сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
хариуцагчийн төлөөлөгч *******
гуравдагч этгээд *******,*******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ээс гаргасан хүсэлтдээ:Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Орхон сумын ******* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цагт сумын намын байранд хуралдаж “гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эсэх” талаар хэлэлцэж хуралд оролцсон гишүүдээс дараах саналуудыг гаргаж шийдвэрлэлээ. Үүнд:
Сумын *******ноос гаргасан нотлох баримтуудтай танилцахад тус сонгуулийн хороо нь нэр дэвшигч*******, Э.Ууганбаяр нарыг нэр дэвшигчээр бүртгэхдээ баримт материалыг хуулийн дагуу нягтлан шалгасан бөгөөд холбогдох байгууллагуудаас лавлагаа мэдээллийг авсан байна гэдгийг ойлгож хүлээж авлаа.
Г.Ган-Эрдэнэ, Э.Ууганбаяр нар нь энэ нутгийн унаган хүүхдүүд бөгөөд нутаг орноо гэсэн сэтгэлтэй, урлаг соёлоор болон нийгмийн чиглэлийн олон сайхан үйл ажиллагаагаараа залуусаа манлайлан уриалж ажилладаг сэтгэлийг нь үнэлж цаашид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж сум орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад нь боломж олгох, сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, залуучуудаа манлайлж яваа залуу хүмүүсийн итгэл үнэмшил, урам зоригийг нь мохоохгүй байх, Э.Ууганбаяр,******* нарт сонгогч иргэдийн зүгээс өгсөн санал, хүлээлгэсэн итгэл, үүрүүлсэн хариуцлагыг хүндэтгэх үүднээс ******* энэ удаа итгэл, хүндэтгэл үзүүлэх гэсэн саналуудад хуралд оролцсон гишүүд санал нэгдлээ.
Иймд сумын ******* нь орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө улс төржихгүйгээр иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хүндэтгэдэг, эв эеийг хичээгч, ардчилсан зарчимтай нам гэдгээ илэрхийлж, хуралд оролцсон намын гишүүдийн олонхын саналаар Монгол Ардын намаас нэр дэвшиж 620 сонгогчийн санал авч 1 дүгээрт эрэмбэлэгдсэн Э.Ууганбаяр, 537 сонгогчийн санал авч 4 дүгээрт эрэмбэлэгдсэн******* нарыг “Орхон сумын *******ны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Сумын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор батлагдсан нэрсийн жагсаалтаас хасуулах” нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч: Хүсэлтийг нь дэмжиж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын *******ын хорооноос тус аймгийн Орхон сумын *******нд холбогдуулан “Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Ганбатын Ган-Эрдэнэ, нар нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн тул Төлөөлөгчөөс эргүүлэн татах, сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор батлагдсан нэрсийн жагсаалтаас хасуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ ...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заажээ.
Шүүх хуралдаан дээр Орхон сумын *******ын хорооны дарга *******ээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 1 зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын *******ын хорооноос Орхон сумын *******нд холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Ганбатын Ган-Эрдэнэ, нар нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн тул Төлөөлөгчөөс эргүүлэн татах, сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор батлагдсан нэрсийн жагсаалтаас хасуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон сумын *******ын хорооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА