Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00188

 

 

 

 

 

“ӨЭБЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02380 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК-ийн хариуцагч Н.Бд холбогдуулан хохиролд 20 786 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани Н.Бтай 2018.2.4-ний өдөр №47 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж тус барилгын 47 тоот 115.48 м 2-3 өрөө  сууцыг 294 474 000 төгрөгөөр худалдахаар  болж, Н.Б нь /хавсралт 1/ 2019.2.2-ны өдрийн дотор 100 хувь төлөхөөр график гаргасан. Захиалагч гэрээний  үүргээ ноцтой зөрчиж урьдчилгаа 45 000 000 төгрөг төлж үлдэх  249 474 000 төгрөгийг төлөөгүй. Бид 2019 оны 7 -р сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талуудын байгуулсан гэрээг цуцалж, амьдарсан хугацааны төлбөр, гэрээний дагуу алданги, торгууль зэргийг шаардсан. Мөн байрнаас албадан гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, байрыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Давж заалдах шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгосон, харин бусад хэсгийг нь хэвээр үлдээсэн. Хэрэг одоо Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа, хурал нь ороогүй байна. Манайх 2020.4.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зөвхөн амьдарсан хугацааны төлбөрийг нэмж шаардаж байна. Учир нь анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 7 дугаар сарын эхээр нэхэмжлэл гаргахдаа бид 2019.6.15-ны өдрийн 143 тоот албан бичгээр “...гэрээний 4.10.1-т заасны дагуу 15 сар амьдарсны түрээсийн төлбөр 34 644 000 төгрөгийг шаардсан” билээ.

Хариуцагч Н.Б нь анх шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2019.7.2-ны өдрөөс хойш орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул 2020.4.29-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдарсан хугацааны төлбөр, түрээсийг  шаардаж байна. Гэрээгээр болон энэхүү маргасан хугацаанд хариуцагч манай өмчлөлийн байранд амьдарсан нь үнэн. Иймд Н.Бтай 2018.2.4-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 4.10.1-т заасны дагуу 9 сар амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 20 786 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ӨЭБЭ” ХХК-тай 2018.2.4-ний өдөр №47 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан.  Ингээд Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах тоот хаягт байршилтай, 115.48 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Хариуцагч 294 474 000 төгрөгийг 2019.2.4-ний өдөр төлөх ёстой байсан. Уг мөнгөнөөс 45 000 000 төгрөгийг нь хариуцагч гэрээ байгуулахад нь үүргээ биелүүлээд бүрэн төлсөн. Гэвч тухайн байранд нүүж орсноос эхлээд уг сууц нь хүн амьдрах боломжгүй, элдэв янзын доголдол, эвдрэлтэй байсан. Энэ талаар нэхэмжлэгчид сануулж, тайлбарлаж, янзалж өгөхийг шаардахад тус компани “2019.5.10-ны дотор багтааж засвар үйлчилгээг хийнэ” гэсэн амлалт өгсөн ч өнөөдрийг хүртэл энэ амлалтаа биелүүлээгүй. Амьдарч суухад ийм олон шаардлага хангахгүй бодит байдлууд байгаа, мөн бидний хүсэлтийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалаад хариуцагч нь гэрээг биелүүлэхээс татгалзсан болно. Тэгээд ч уг орон сууц захиалгаар бариулах гэрээ нь өөрөө хуульд нийцээгүй. Нэр нь орон сууц захиалга гэсэн мөртлөө дотор нь түрээсийн гэрээний заалтыг халхавчлан оруулсан байгаа нь өөрөө хүчин төгөлдөр бус юм. Уг гэрээ нь стандарт бишээс гадна нэхэмжлэгч нь бидний төлсөн 45 000 000 төгрөгийг 3 дахь жилдээ үнэгүй, хүүгүй ашиглаж байгаа. Тэгсэн атлаа одоо уг мөнгөнөөс түрээс хэлбэрээр суутган авч байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Б-гаас 19 323 646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гаас 254 568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 болон хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл өмчлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн. Амьдралд нийцсэн шийдвэр гараагүй. Манай орны нөхцөлд 45 000 000 төгрөгийг зээлдүүлээд  ямар ч хаусанд хүүд нь амьдраад эргүүлээд үндсэн мөнгөө буцааж авна.  Учир нь тухайн манай 45 000 000 төгрөгийг авсан "ӨЭБЭ” ХХК өнөөдрийг хүртэл эргэлтэд оруулж мөнгийг маань ашигласан. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн стандарт бус гэрээ байгуулагдсан. Улсын дээд шүүхийн тайлбаруудыг тусгаагүй зэргийг үндэслэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэрээ цуцлагдсаны хохиролд 20 786 400 төгрөг буюу 2019 оны 7 дугаар сард анх Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш одоо энэ шүүхэд хандсан 2020 оны 4 дүгээр сар хүртэл нийт 9 сарын түрээс 20 786 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан./хх 1-2/

 

Хэрэгт “ӨЭБЭ” ХХК нь Баянгол дүүргийн 6 хорооны нутаг дэвгэрт орон сууц барьж ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 47 тоот гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, тоотод байршилтай, 115,48 м.кв талбай бүхий сууцыг 294 474 000 төгрөгөөр хариуцагчид худалдсан. Хариуцагч гэрээний дагуу урьдчилгаа 45 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 249 474 000 төгрөгийг төлөөгүй байна. /хх 8-12, 28/

 

Хариуцагч нь 47 тоот сууцыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс өөрийн эзэмшилд хүлээн авч, өнөөдрийг хүртэл уг сууцанд амьдарч  байгаад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сард  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг цуцалж, хариуцагчийн амьдарсан хугацааны төлбөр, алданги, торгууль шаардсан бөгөөд тухайн хэргийн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. “ӨЭБЭ” ХХК нь анх Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш одоо энэ шүүхэд хандсан  2020 оны 4 дүгээр сар хүртэл нийт 9 сарын түрээс 20 786 400  төгрөг гаргуулна, өмнөх хугацааны түрээсийг шүүхийн шийдвэрээр гаргуулчихсан гэж тайлбарласан бол хариуцагч “  доголдолтой сууц шилжүүлсэн, сууцанд их хэмжээний цууралт өгсөн, одоо болтол цахилгаан шат нь ажилладаггүй, удаа дараа шаардсан ч 2019 оны 5 дугаар сарын 10 ны дотор багтааж засна гэчихээд засаагүй тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж сууцны үнийг төлөөгүй” гэж маргажээ.

 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

Мөн зохигч 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 47 тоот гэрээ захиалагч талын буруугаас цуцлагдсан буюу дуусгавар болсон тохиолдолд орон сууцыг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох тухай заалтын талаар, гэрээ цуцлагдсан эсэх хэний буруугаас цуцлагдсан талаар маргажээ. Өөрөөр хэлвэл захиалагч буюу хариуцагч гэрээ цуцлагдсанд гэм буруугүй гэж маргаж байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэсэн заалтаар худалдан авсан хөрөнгийн үнийг төлөхөөс татгалзсан гэжээ.

 

Талууд хэний буруугаас гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсантай холбоотой  хохирлыг аль тал хариуцах асуудлаар маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь “Н.Б нь 47 тоот орон сууц захиалгаар барих гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж, хохирлыг түүнээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Одоо гаргаж буй нэхэмжлэлээр хариуцагчийн амьдарсан хугацааны төлбөрийг шаардаж байна” гэх боловч, нэрлэн зааж байгаа шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

 

Анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2380 дугаар шийдвэрт “ӨЭБЭ” ХХК -ийн өмнөх хэргийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Н.Б-гийн буруугаас гэрээ цуцлагдсан гэж шууд дүгнэжээ. /хх 70-72/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй юм.

 

Хэдий нэхэмжлэгч түрээсийн төлбөр  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон  ч шаардлага гэрээ цуцлагдсаны үр дагавар, хохиролтой холбоотой  байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан өгөөгүй саатуулсан тул хариуцагчаас түрээс хэлбэрээр хохирол шаардсан гэх тайлбар гаргасан. Гэвч маргаан бүхий орон сууцыг Н.Бгийн эзэмшлээс буцаан гаргуулах, гэрээ цуцлагдсан шалтгаан, гэм буруугийн тухай шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг зөрчсөн, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх 1-2, 13-16,46-49/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02380 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч Н.Б-д холбогдох 20 786 400 төгрөг гаргуулах тухай “ӨЭБЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

           

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ                               

                                               

                                             ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                         Ш.ОЮУНХАНД