Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 432

 

Н.Эрдэнэтунгалаг, Б.Золжаргал, П.Батзаяа нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Ялтан Б.Золжаргалын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

          Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

         

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Эрдэнэтунгалаг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Эрдэнэтунгалаг, Б.Золжаргал, П.Батзаяа нарт холбогдох эрүүгийн 2015 2603 1198 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Чорос овгийн Нямдаваагийн Эрдэнэтунгалаг, 1979 оны 8 дугаар сарын 30-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 28 дугаар гудамжны 5А тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 1 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух,

- 2000 оны 6 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, /РД:ШГ79083016/,

 

2. Заяа овгийн Баяраагийн Золжаргал, 1991 оны 5 дугаар сарын 27-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто машины засвар ашиглалт оношлогооны механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 2 дугаар гудамжны 01 тоотод оршин суух,

- 2012 оны 11 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2015 оны 9 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УУ91052737/,

 

3. Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Батзаяа, 1985 оны 6 дугаар сарын 5-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 258 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 12 дугаар гудамжны 97 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВЮ85060514/,

 

Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа нар нь Б.Золжаргалтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 18 тоотод Энэтхэг улсын иргэн Кунга Чопэлийг /Kunga Chophel/ гэртээ байхад нь “слесарь байна” гэж хэлэн хаалгыг нь онгойлгуулж ороод скочоор гарыг нь ард нь хүлэх, амыг нь скочдох зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэж гэрт нь байсан Замбала бурхан 2 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, Дамдин бурхан 1 ширхэг, Ногоон дарь эх бурхан 1 ширхэг, Манзушир бурхан 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Сони загварын жижиг гар камер, гэрэл зургийн аппарат, хард диск 2 ширхэг, бэлэн 500,000 төгрөг, “I рhоnе 6” загварын гар утас зэрэг эд зүйлүүдийг дээрэмдэж 4.985.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Золжаргал ялтай байхдаа Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 18 тоотод Энэтхэг улсын иргэн Кунга Чопэлийг /Kunga Chophel/ гэртээ байхад нь хаалгыг нь “слесарь байна” гэж хэлэн онгойлгуулж ороод скочоор гарыг нь ард нь хүлэх, амыг нь скочдох, нүүр рүү нь цохих зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэж гэрт нь байсан Замбала бурхан 2 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, Дамдин бурхан 1 ширхэг, Ногоон дарь эх бурхан 1 ширхэг, Манзушир бурхан 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Сони загварын жижиг гар камер, гэрэл зургийн аппарат, хард диск 2 ширхэг, бэлэн 500,000 төгрөг, “I рhоnе 6” загварын гар утас зэрэг эд зүйлүүдийг дээрэмдэж 4.985.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Эрдэнэтунгалаг, Б.Золжаргал, П.Батзаяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа, Б.Золжаргал нарыг бүлэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дах хэсэгт зааснаар Б.Золжаргалын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 889 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгож, Н.Эрдэнэтунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил хорих ялаар, Б.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хорих ялаар, П.Батзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа, Б.Золжаргал нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Н.Эрдэнэтунгалагийн 138 хоног, Б.Золжаргалын 117 хоног, П.Батзаяагийн 52 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа, Б.Золжаргал нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгож, Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа, Б.Золжаргал нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан скоч 1 ширхэг, цэнхэр өнгийн “Samsonite” гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, ногоон өнгийн гялгар уут 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгаж, хэрэгт “Toyota Raum” загварын 38-60 УНК улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, “Toyota prius-20” загварын 83-76 УНГ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Н.Эрдэнэтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие бусдад учруулсан гэм хорын хохирлын төлбөрөө барагдуулж, хохирол гомдолгүй болгосон. Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань 06-16 насны, ерөнхий боловсролын сургуульд сурдаг, хүүхдүүд маань амьдралын нэн ядуу түвшинд хамрагддаг. Би хүүхдүүдийнхээ өсөж, сурч боловсроход нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цаашид үр хүүхдийнхээ төлөө ажиллаж амьдрах гэсэн эрмэлзлийг минь хүлээн авч оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Эрдэнэтунгалагийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийн шүүгдэгч Н.Эрдэнэтунгалагт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 7 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Гэвч шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол гомдлыг барагдуулсан, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Золжаргалын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ялтан Б.Золжаргалд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Ялтан Б.Золжаргал нь гэмт хэргийг үйлдэхдээ санамсар болгоомжгүйгээр үйлдсэн. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа нар нь Б.Золжаргалтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 18 тоотод Энэтхэг улсын иргэн Кунга Чопэлийг /Kunga Chophel/ гэртээ байхад нь “слесарь байна” гэж хэлэн хаалгыг нь онгойлгуулж ороод скочоор гарыг  ард нь хүлэх, амыг нь скочдох зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэж гэрт нь байсан Замбала бурхан 2 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, Дамдин бурхан 1 ширхэг, Ногоон дарь эх бурхан 1 ширхэг, Манзушир бурхан 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Сони загварын жижиг гар камер, гэрэл зургийн аппарат, хард диск 2 ширхэг, бэлэн 500,000 төгрөг, “I рhоnе 6” загварын гар утас зэрэг эд зүйлүүдийг дээрэмдэж 4.985.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Золжаргал ялтай байхдаа Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 18 тоотод Энэтхэг улсын иргэн Кунга Чопэлийг /Kunga Chophel/ гэртээ байхад нь хаалгыг нь “слесарь байна” гэж хэлэн онгойлгуулж ороод скочоор гарыг нь ард нь хүлэх, амыг нь скочдох, нүүр рүү нь цохих зэргээр амь биед аюултайгаар хүч хэрэглэж гэрт нь байсан Замбала бурхан 2 ширхэг, Бурхан багш 1 ширхэг, Дамдин бурхан 1 ширхэг, Ногоон дарь эх бурхан 1 ширхэг, Манзушир бурхан 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Сони загварын жижиг гар камер, гэрэл зургийн аппарат, хард диск 2 ширхэг, бэлэн 500,000 төгрөг, “I рhоnе 6” загварын гар утас зэрэг эд зүйлүүдийг дээрэмдэж 4.985.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

           

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-15/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 17/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 19-23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 24-25/, эд зүйлс таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 26-31/, мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 32-39/,        

 

            Хохирогч Кунга Чопэлийн /Kunga Chopel/ “...манай гэрийн хаалгыг хүмүүс ширүүхэн тогшихоор нь онгойлгож өгөөгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад хаалга цохихоор нь хэн бэ гээд асуухад “доор” гэсэн үг монголоор хэлэх шиг болохоор нь “доод айлд ус алдаад байна” гэж ойлгоод хаалгаа онгойлготол нүүрэндээ цагаан маск зүүсэн эрэгтэй хүн миний гарыг мушгиад хамт явсан залуу нь миний зүүн талын нүд рүү цохиод өөр нэг залуу нь миний толгойг дараад, гар мушгиад цохиод байсан. Ингээд миний гарыг ар талд нь скочоор хүлээд, мөн ам руу ариун цэврийн цаас чихэж байгаад скочоор таглаж бие засах өрөө рүү оруулж, хаалгыг нь гаднаас нэг хүн дараад зогсоод байсан. Тэр хүмүүс манай гэрт 15-20 минут орчмын дараа гэрийн хаалга хаагаад гарах шиг болсон...” /1 хх 45-49/,

 

            Гэрч Д.Долгорын “...манай хаалгыг нэг хүн хүчтэй цохихоор нь очоод “хэн бэ” гээд асуухад дуу нь манай хажуу айлын ламын дуу сонсогдохоор нь хаалгаа тайлж өгсөн. Ингээд гэрт орж ирэхэд ламын хоёр гарыг нь ард нь скочоор боосон байхаар нь хүлээсийг тайлсан. Мөн амыг нь скочоор дараад боосон байсныг нь тайлахад амнаас нь юм уу хаанаас юм цус гарсан байдалтай байсан. Намайг гэртээ байхад юм шидээд байгаа юм шиг чимээ, шуугиан сонсогдож байсан...” /1 хх 57-58/,

 

            Гэрч Б.Бат-Оргилын “...Эрдэнэтунгалаг намайг гэртээ байж байхад “хэд хоног юм хадгалчихъя” гэхээр нь би “юу юм бэ” гэж асуухад “цүнхтэй юм байгаа” гээд гаднаас цэнхэр өнгийн цүнхтэй эд зүйл оруулаад ирсэн. Тэгээд тэрийг нь үзэхэд цүнхэн дотроос нэг ширхэг бурхан гаргаж ирээд үзүүлэхээр нь “чи наадхаа далд хий” гэж хэлсэн. Өөр цаана нь юу байгааг гүйцэд хараагүй. Тэгээд Эрдэнэтунгалаг цүнхтэй эд зүйлсээ манай гэрийн үүдний амбаарт гаргаад тавьсан. Үүдний амбаарт бурхан байгаад байхаар нь эвгүй санагдаад Эрдэнэтунгалаг руу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь тэр бурханыг гэрээс аваад аав Балжиннямын төрсөн дүү болох Дашмягмар ахынд очиж “машинаа өгч байгаач, халтуур хийж байгаад ирье” гэж хэлээд түлхүүрийг нь авч гараад ахын машины арын тээшинд хийгээд маргаашнаас Эрдэнэтунгалагт өгье гэж бодсон. Тэгээд гэртээ оруулах гэхэд эвгүй санагдаад байхаар нь ахын машины арын тээшинд хийгээд түлхүүрийг нь өгсөн. Эрдэнэтунгалаг надад хэлэхдээ 5-6 ширхэг бурхан байгаа гэж хэлсэн. Надад хэлэхдээ “хүнээс авсан юм, хэд хоног хадгалаад өг” гээд гуйгаад байхаар нь гэртээ байлгасан...” /1 хх 59-60/,

 

            Гэрч О.Шинэбаярын “...2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг залуу дэлгүүрт орж ирээд 650 төгрөгийн үнэтэй скоч худалдан авсан. Өнөөдөр өөр скоч зараагүй, ганцхан скоч зарсан...” /1 хх 63-64/,

 

            Гэрч Р.Дашмягмарын “...манай том ах Балжиннямын хүү Бат-Оргил гэрт ирээд “машины түлхүүрээ өгч байгаач, гадуур халтуур хийж байгаа ирье” гэхээр нь би машины түлхүүрээ өгсөн. Ингээд машинтай гэрээс гараад нэг их удаагүй 20 орчим минутын дараа Бат-Оргил орж ирээд машины түлхүүрийг өгчихөөд “би таны машиныг маргааш ирээд авч явъя” гээд явсан...” /1 хх 65-66/,

 

Шинжээч эмч Т.Сэлэнгийн “...үзлэгээр хохирогчийн хамрын орчимд хөхрөлт цус хуралт хаван, хавдар зэрэг гэмтэл байхгүй байсан. Хамар ясанд хугарал тодорхойлогдохгүй, тийм учраас хамрын таславч хэсэгт мурийсныг тогтоох боломжгүй...” /1 хх 231/ гэх мэдүүлгүүд,

 

            Хохирогч Кунга Чопэлийн /Kunga Chopel/ биед “...уруулын салст, зүүн нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 79-80/,

 

            Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 85-90, 2 хх 7/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2 хх 1-2/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 3-6, 8-11/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /2 хх 183/, ялтан Н.Эрдэнэтунгалаг, Б.Золжаргал, П.Батзаяа нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ялтан Н.Эрдэнэтунгалаг, Б.Золжаргал, П.Батзаяа нарын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Н.Эрдэнэтунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил хорих ялаар, Б.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хорих ялаар, П.Батзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялтнуудын гэм буруу, хувийн байдалд  ял шийтгэл тохирсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн гэмт хэргийн улмаас хохирогч  Замбала бурхан 2 ширхэг, бурхан багш 1 ширхэг, Дамдин бурхан 1 ширхэг, Ногоон дарь эх бурхан 1 ширхэг, Манзушир бурхан 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, Сони загварын жижиг гар камер, гэрэл зургийн аппарат, хард диск 2 ширхэг, бэлэн 500,000 төгрөг, “I рhоnе 6” загварын гар утас зэрэг эд зүйлсээ бусдад дээрэмдүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Харин яллах дүгнэлт /2 хх 151-157/ болон эд зүйлд шинжилгээ хийх, шинжээч томилох тухай мөрдөн байцаагчийн тогтоолд /1 хх 85/ тус тус 2 ширхэг мөнгөн аяга гэж бичсэн, хохирогч 2 мөнгөн аягыг тус бүрийг нь 150000 төгрөгөөр үнэлнэ /1 хх 46-49/ гэж мэдүүлжээ. Харин эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн баримтуудад /1 хх 19-25/ 1 ширхэг мөнгөн аяга хураан авч хүлээлгэн өгсөн байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайланд /1 хх 86-90/ 1 ширхэг мөнгөн аягыг 110000 төгрөгөөр үнэлсэн зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх дүгнэлт хийгээгүй байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд хохирогч  Кунга Чопэл /Kunga Chopel/ “...алдсан эд зүйлээсээ бурханаа олж авсан, бусад эд зүйлийг шүүгдэгч нар мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй,  ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэж /2 хх 190-202/ мэдүүлсэн байх тул хохирогчийг гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзлээ. 

 

Ялтан Н.Эрдэнэтунгалаг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар давж заалдах шатны шүүхэд “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлууд тус тус гаргаж байгаа боловч Н.Эрдэнэтунгалаг, П.Батзаяа, Б.Золжаргал нар урьдаас төлөвлөж, бүлэглэн бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлүүдийг дээрэмдэж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, ялтан Н.Эрдэнэтунгалагийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл зөв, ялтнуудын гэм бурууг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Н.Эрдэнэтунгалаг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэж, довтолгоо хийсэн байдаг бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамааран хүч хэрэглэсэн буюу довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог онцлогтой.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Эрдэнэтунгалаг, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЧМАНДАХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ