Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0216/З |
Дугаар | 221/МА2017/0661 |
Огноо | 2017-09-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2017/0661
2017 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2017/0661 | Улаанбаатар хот |
Л.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Ж-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Л.Ж-д 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 6 сар, 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож Л.Ж-д олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Боловсролын газрын даргад даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У давж заалдах гомдолдоо: “...Л.Ж-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-д заасан үндэслэлээр гомдлыг гаргаж байна.
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ш гуравдагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн:
2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, үүссэн үр дагаврыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан зэрэг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Л.Ж “Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцож бүхэлд нь хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг нөхөн буруутай этгээдээс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ш-г гуравдагч этгээдээр татаагүй, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, илт нэг талыг барьж шийдвэр гаргасан” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар захирамжаар “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Л.Ж-ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.
Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний А/93 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагааг 8 чиглэлээр шалгаж, шалгалтаар 9 төрлийн зөрчил илрүүлж, нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай дүгнэлт гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гээд 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, мөн хуулийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх уг шалгалтаар илэрсэн зөрчил тус бүрд зөв дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүхээс ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй байна.
Нөгөөтээгүүр, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн, Ц.Ш нь Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тушаалтай байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул Ц.Ш-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татах шаардлагагүй.
Мөн шүүхээс Л.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, Сонгуулийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР