Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 418

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.З

Хариуцагч: Нийслэлийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, Б.Б, Д.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Э-н З нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны орон нутгийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгснөөр Нийслэлийн сонгуулийн хорооноос дэмжигч 501 хүний гарын үсгийг цуглуулах нийт маягтаа авсан юм. 

Ингээд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хороонуудын буюу Нийслэлийн сонгуулийн 25 дугаар тойргийн иргэдээс намайг нэр дэвшихийг дэмжсэн нийт 584 иргэний гарын үсгийг хуульд заасан журмын дагуу цуглуулсан. 

Цуглуулсан гарын үсгийн жагсаалтаа хуульд заасан хугацаанаас өмнө Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. 

Гэтэл Нийслэлийн Сонгуулийн хорооноос 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Гарын үсэг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан байх тул” гэсэн үндэслэлээр миний биеийг бүртгэхээс татгалзсан 27 дугаартай тогтоолыг надад өгсөн. 

Нийслэлийн Сонгуулийн хорооноос “Сонгогчдын гарын үсгийг үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүн” болон холбогдох баримтуудыг надад албан ёсоор танилцуулаагүй, яг ямар шалгалт, зөрчлийг үндэслэн намайг бүртгэхээс татгалзсан эсэхээ тайлбарлахаас татгалзсан болно. 

Иймд миний бие Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг минь Нийслэлийн Сонгуулийн хороо ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа тул Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Г шүүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Сонгуулийн хороо нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Э.Зыг нэр дэвшигчээр бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзсан. 

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлэх ёстой. 

Э.Зын ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухайн хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгахад нэр дэвшигчийн намтрыг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны “Маягт батлах тухай” 13 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Аймаг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн намтар”-ыг маягтын дагуу ирүүлээгүй. 

Сонгуулийн тухайн хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороогоор Э.Зын бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнээ зөв эсэхийг түүвэрлэн нягтлан шалгуулсан.

Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэгч Э.Зын цуглуулсан сонгогчдын гарын үсгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүнгээр нийт 584 хүний нэр бичигдсэн боловч гарын үсэг огт зураагүй 6, өөр хүний өмнөөс гарын үсэг зурсан 4, зөрчилтэй буюу өөр дүүрэг, орон нутгийн хаягтай 118, сар өдөр тэмдэглээгүй 19, регистрийн дугаар бичигдээгүй 1, нэрнээс өөр ямарч мэдээлэл байхгүй 1, сар өдөр буруу тэмдэглэсэн 1 гэж дүгнэсэн.

Тэгэхээр сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангасан иргэн нь орон нутгийн хурлын сонгуулийн 1 тойрогт нэрээ дэвшүүлж сонгогчдын гарын үсэг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны маягт батлах тухай 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дугаар, тойрог, бие даан нэр дэвшүүлэгчийн эцэг, эхийн нэр, дэмжигч сонгогчдын бүртгэлийн маягтаар сонгогчийн эцэг эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин сугаа хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаар гэсэн мэдээллийг тодорхой тусгасан байхыг шаардсан. 

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж үзэн Нийслэлийн сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг гаргасан:

- Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардах мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.5 дахь хэсэгт заасан баримт бичиг дутуу;

- Бие даан нэр дэвшигчийн сонгогчийн гарын үсгийг цуглуулахдаа Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр албан бичгээр ирүүлсэн дүнгээр дээр дурдагдсан зөрчлийг гаргасан.

Нийслэлийн сонгуулийн хорооны нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн нийтэд мэдээлсний дагуу нэр бүхий бие даан нэр дэвшигчдээс гомдол гаргасныг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлын Төрийн байгууллагын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо Сонгуулийн ерөнхий хороонд хандаж зөвлөмж авахыг хүссэн. 

Мөн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын хуралдааны тэмдэглэлтэй танилцсан. 

Эдгээр ажиллагааны үр дүнд  “бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчдын бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь ... хуульд заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан үндэслэл болохгүй” гэсэн Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан журмыг баримтлан бүх бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан сонгогчдын гарын үсгийг дахин нягтлан шалгахаар шийдвэрлэсэн.

Ингээд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулсан баримт бичгийг дүүргийн сонгуулийн хоороодоор нягтлан шалгуулсан.

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар албан бичгээр ирүүлсэн дүнгээр Э.Зын цуглуулсан сонгогчдын гарын үсгийг нягтлахад дараах зөрчил гарсан:

- Тойргийн бус сонгогдсоор гарын үсэг зуруулсан 158;

- Гарын үсэг хуурамчаар зурсан /огт зураагүй/ 14;

- Оршин суугаа хаягаа бичээгүй 10;

- Он, сар бичээгүй 10;

- Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан 4;

- Мэдээлэл дутуу /давхардсан тоогоор/ 375 байгаа.

Мэдээлэл дутуу давхардсан тоогоор 375 дотор эцэг эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 287, регистрийн дугаар дутуу, эсхүл буруу бичсэн 43, хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу бичсэн 45 байна.

Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны ирүүлсэн сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг дахин шалгасан дүнгээр зөрчилгүй гарын үсгийн тоо 74 буюу Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т “Нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг цуглуулсан байх” шаардлагыг хангахгүй байсан тул Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 27 дугаар тогтоолыг дахин хянаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн тухайн хуулийн 158 дугаар зүйлд “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” гэж байгаа. Гэтэл 158 дугаар зүйлд тухайн нэр дэвшигч 3 үеийн намтрыг дутуу өгсөн тохиолдолд татгалзах үндэслэл болно гэсэн үг байхгүй. Мөн 19 бие даан нэр дэвшигч миний гаргасан зөрчилтэй ижилхэн зөрчил гаргасан байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос 1 зөрчил гаргасан тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн. Гэтэл тухайн 4 нэр дэвшигчийг 1 тогтоолоор хүчингүй болгож, энэ хүчингүй болгосон тогтоолоороо нийслэлд нэр дэвших эрхийг нь олгосон байгаа. Тэгэхээр хуулийн тухайн нэр бүхий 19 бие даагчид тэгш үйлчлээгүй гэж үзэж байгаа. Ийм учраас нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Үнсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймаг, нийслэлийн иргэдийн хуралд бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийг 1 зөрчил хүчингүй болгох үндэслэлгүй. Хуулийн шаардлага хангаагүй иргэдийн гарын үсгийг цуглуулсан гарын тоон дүнгээс хасч үлдсэн дүнгээр нь тооцно. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх хэсэг заасны дагуу 32 иргэний гарын үсгийн зөрчил гарсан байгаа. Энэ 32 иргэний гарын үсгийг зөрчилтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг тодорхой зохицуулж өгсөн. Харин аймаг, нийслэлийн сонгуулийг Сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор тодорхой зохицуулж өгөөгүй байхад 118 иргэний гарын үсгийг зөрчил гэж үзэж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн эхэлж явуулсан хяналт шалгалтаар иргэний нийт гарын үсгийн 60 хувийг шалгаж маягт дээр эцэг, эхийн нэр гэдгийг тооцоогүй. Гэтэл 2 дахь хяналт шалгалтаар эцэг, эхийн нэр гэдгийг зөрчил гэж авч үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм ураас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна” гэж заасан. Тэгэхээр батлагдсан маягтын дагуу бөглөх ёстой. Мөн хуулийн 156.1-т “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ” гэж заасан байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын үндэслэх хэсэгт нь байгаа. Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн албан бичигт зөрчлийг нь тодотгож өгсөн.

Сонгуулийн хороо 1 талыг барьж үйлчилсэн утгатай зүйл ярьж байна. Ийм асуудал байхгүй. Сонгуулийн тухай хууль болох холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилласан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх хэсгийг яаж ойлгох бэ гэдэг асуудал үүссэн учраас нэр бүхий 4 нэр дэвшигчийг бүртгэх асуудал яригдсан байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157 дахь хэсэгт заасны дагуу дүүргийн сонгуулийн хороогоор тухайн нэр дэвшигчийн гарын үсэг цуглуулсан материалыг шалгуулсан. Эхлээд шалгахад гэрчийн мэдүүлгээр 60 хүртэл хувь шалгасан ийм учраас хаягийн бүртгэл нь өөр өмнө нь ийм сонгогч дэмжигчид байсан гэсэн. Мөн 2 удаагаар нэг бүрчлэн 100 хувь шалгасантай холбоотойгоор зөрчлийн тоо нь нэмэгдсэн байгаа. Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч Э.З маягтын дагуу бөглөөгүй. Энэ юугаар нотлогдох бэ гэхээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд ирсэн албан бичгийн хавсралт дээр тайлбар байгаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.а, 158.1.4.ё дэх хэсэгт заасан хууль заасан бусад шаардлагыг хангаж гарын үсэг зуруулаагүй байгаа. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан загварын дагуу гарын үсэг зуглуулна уу гэсэн шаардлагыг тавихад энэ маягтын дагуу цуглуулж чадаагүй. Ийм учраас Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.ё дахь заалтыг зөрчсөн учраас Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 27 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Сонгуулийн хороо нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Э.Зыг нэр дэвшигчээр бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзсан. Бие даан нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг Нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлэх ёстой. Э.Зын ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухайн хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгахад нэр дэвшигчийн намтрыг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны Маягт батлах тухай 13 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Аймаг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн намтар”-ыг маягтын дагуу ирүүлээгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.З  нь “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна:”, 156.2.2-т “нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй” гэж тус хуульчилсан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Нийслэлийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч нь 501-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулахаар хуульчилсан байх ба тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэж шууд, тодорхой хуульчлан заагаагүй, харин сонгогчдын гарын үсгийг гэж ерөнхий байдлаар хуульчилсан байна.

Харин Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулахаар тухайлан, шууд зааж  дараахь байдлаар хуульчилсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн ... сонгогчдын гарын үсгийг ... зуруулна”, 127.4-т “Бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, ..., оршин суугаа газрын хаяг, ... утасны дугаарыг тодорхой бичсэн байна” гэж тус тус заажээ.

Шүүх нотлох үүргийн дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас дээрх Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.2.2 дахь заалтуудад холбогдох хууль тогтоогчийн хүсэл зориг буюу хуулийн төслийн үзэл баримтлал, хуралдааны тэмдэглэлүүдийг гаргуулахаар албан бичиг  явуулсан ба Улсын Их Хурлын Тамгын газраас “дээрх хуулийн заалтуудын талаар хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тухайлан хэлэлцээгүй байна” гэсэн албан бичгийг  тус шүүхэд ирүүлсэн болно.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг хуульчилсан ба 158.1.4-д “бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа дор дурдсан зөрчлийг гаргасан бол:”, 158.1.4.а-д “гарын үсэг хуурамчаар үйлдэх”, 158.1.4.б-д “хүч хэрэглэх”, 158.1.4.в-д “хуурч мэхлэх”, 158.1.4.г-д “эд мөнгөөр татах”, 158.1.4.д-д “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах”, 158.1.4.е-д “батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулах”, 158.1.4.ё-д “энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар тодорхой нэрлэн зааж хуульчилсан байна.

Дээрх хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д нэрлэж заасан зөрчлүүдэд “тухайн сонгуулийн тойргийн бус сонгогчдын гарын үсгийг цуглуулсан” зөрчил гаргасан бол гэж тухайлан нэрлэн зааж хуульчлаагүй, уг зөрчлүүдэд тойргийн бус сонгогчдын гарын үсгийг цуглуулсан зөрчил хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулсан.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Сонгуулийн тухай хуульд нийслэлийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулна гэж шууд тодорхой, нарийвчлан хуульчлан заагаагүй байх тул Э.Зыг Бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоол нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох сонгогдох эрхийг хязгаарласан шинжтэй байна.

Мөн хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “нэр дэвшигчийн намтрыг Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан “Аймаг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн намтар”-ын маягтын дагуу ирүүлээгүй” энэ нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болсон гэж тайлбарлан маргаж байх хэдий ч Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолд намтрыг маягтын дагуу ирүүлээгүй гэсэн үндэслэл, шалтгааныг заагаагүй байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э.З нь 501-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан болох нь нотлогдож байна.

Хариуцагч нь гарын үсэг хуурамчаар зурсан /огт зураагүй/, оршин суугаа хаягаа бичээгүй, он, сар бичээгүй, сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан, эцэг эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу, регистрийн дугаар дутуу, эсхүл буруу бичсэн, хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу бичсэн гэх мэт зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч байх боловч эдгээр зөрчлийг нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хязгаарлах хэмжээний зөрчил биш гэж шүүх үзэв. 

Эрх зүйт төр буюу хуулийг дээдэлсэн, хуулийн засаглал бүхий ардчилсан төрийн үед иргэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчилдэг бол төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг бусдыг хориглох зарчим үйлчилдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, ... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж эрх зүйт, ардчилсан төрийн үндэс, суурийг хуульчлан заажээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, ..., хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан.

Дээрх эрх зүйт төрийн үндсэн зарчмын үүднээс авч үзвэл орон нутгийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрхийг сонгуулийн хороонд хуулиар олгоогүй л бол бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахыг албан тушаалтанд хориглоно, харин өөр сонгуулийн тойргийн сонгогчдын гарын үсгийг цуглуулахыг хориглосон зохицуулалт хуульд байхгүй л  бол иргэнд зөвшөөрнө” гэсэн агуулгаар хуулийг хэрэглэх нь зүйтэй. 

Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “хууль дээдлэх”, 5.1.5-д “маргааныг ... үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэж тус тус заасан ба дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоол нь хууль дээдлэх, маргааныг үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчимд мөн нийцэхгүй байна.   

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 156 дугаар зүйлийн 156.2, 156.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Зын нэхэмжлэлийг хангаж  “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 27 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ