Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/01091

 

Б.Болормаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03974 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1309 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох,

6.236.083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Болормаа би Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 926 дугаар магадлал, 2014 оны 778 тогтоолоор 3-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Миний бие өнөөдрийг хүртэл ажилдаа ороогүй байна. Анхан шатны шүүхийн 2015 оны 6350 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн шүүхийн 2015 оны 1480 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 23 тоот тогтоол мөн гарсан байгаа. Иймд 2015 оны 9-р сарын 23-ны өдрөөс хойш 7 сарын цалинтай тэнцэх олговорт 6.236.083 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015-03-31 өдрийн Б/33 дугаар захирамж гарч Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн захирлаар томилж, мөн өдөр Б/31 дугаар захирамжаар В.Хоролгаравыг халсан. Гэвч В.Хоролгарав нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б/31 дугаартай захирамжийн биелэлт түдгэлзсэн бөгөөд уг хэрэгт нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Б.Болормаа ажилгүй байгаа нь хариуцагчаас үл хамаарч байгаа  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03974 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн засаг даргаас 6.236.083 төгрөгийг гаргуулж Б.Болормаад олгосож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1309 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Болормааг ажилд нь эгүүлэн тогтоосон, гэхдээ түүний оронд томилогдож ажиллаж байсан В.Хоролгарав нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.11-ний өдрийн 8285 дугаар захирамжаар В.Хоролгаравыг ажлаас чөлөөлсөн захирамжийн биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90.1-д зааснаар захирамжийг биелүүлж, Б.Болормаад ажлыг хүлээлцээгүй болно. Иймд ИХШХШТХуулийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчин төгөлдөр байгаагаас шалтгаалж Б.Болормаа нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байгаа нь нийслэлийн Засаг даргаас үл хамаарах юм. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 8285 дугаар захирамжаар В.Хоролгаравыг ажлаас нь чөлөөлсөн Б/31 дүгээр захирамжийн биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нийслэлийн Засаг даргын 2015.02.05-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хэрэгт авагдаагүй гэж шийдвэрлэсэн. Шүүгчийн зүгээс тайлбарлахдаа 02 дугаар сарын 05-ны өдрийн захирамж байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгт авагдаагүй гэж үзсэн. Гэвч нийслэлийн Засаг даргын Б/31 дүгээр захирамж нь тухайн ондоо нэг л удаа гарах ба давхардаж дугаарлагдахгүй байдаг. Хавтаст хэрэгт тус захирамж байгаа ба хэрэгт хамааралтай шийдвэр юм. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 3116 дугаар шийдвэр /хх 8-10/ гаргаж Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллага болох Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл  хугацаанд ажилгүй байсан нөхөх олговорт нийт 2.759.266 төгрөг гаргуулсан бөгөөд уг шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 926 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүх 2014 оны 11 дүгээр сарын  27-ны өдөр 778 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх 8-14/

Анхан шатны шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэр биелэгдээгүй тул Б.Болормаа шүүхэд хандаж 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан нөхөх олговорт 11.864.742 төгрөг шаардсаныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 6350 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэлийг бүрэн хангасан нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1480 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/0023 дугаар тогтоолоор хэвээр /хх 41-47/ үлдсэн байна. 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэр биелэгдээгүй буюу Б.Болормаа Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн захирлын ажлыг хийгээгүй байгаа тул нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч байгууллагаас 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан нөхөх олговорт 6.236.083 төгрөг гаргуулах, үүнтэй холбоотой бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг /хх 1, 16, 59/ хүссэн ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг биелүүлэх үүднээс хариуцагч байгууллага 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/33 дугаар захирамж гаргасан боловч нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн захирлын ажлыг хүлээн аваагүй, ажлаа гүйцэтгээгүй байх тул Б.Болормаа 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугар сарын 03-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийн биелэлт түдгэлзсэн нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй учир шүүх 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд нийцжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8285 дугаар захирамж хэрэгт авагдсан /хх 33/ тул Нийслэлийн Засаг даргын  2015 оны Б/31 дүгээр захирамжтай холбоотой хариуцагчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй тул энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллага болох Нийслэлийн Засаг даргын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/03974 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1309 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ