Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02387

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02274 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ш-ын хариуцагч З- ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин 1 000 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1 000 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 3 сарын 06-ны өдөр З- ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар ажилд орсон. Тус компани нь Дорнод аймгийн Халх гол сум, Сүмбэрийн боомтоос нааш 7 километр зайтай газар Ширэн овоо нэртэй төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Улирлын чанартай ажилладаг. Өвлийн улиралд кэмпийн эд, аж ахуй, машин механизмуудыг харах зорилгоор 2 хүн байршуулан ажиллуулдаг. Би 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 2 сарын 24-ний өдрийг хүртэл байрлаж ажилласан. Энэ үед цаг агаарын хувьд цас ихтэй, маш хүйтэн байсан. Цахилгаан гаргах зориулалтаар бага оврын моторууд ашиглаж байсан. Ашиглалтын явцад 3 мотор эвдэрсэн. 2020 оны 3 сарын 02-ны өдөр мотор эвдэлсэн, сум орон нутаг руу олон дахин явсан гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Дээрх моторууд нь эдэлгээний хугацаа дууссан, байнга л эвдэрч байдаг, хэн дуртай нь задлаад засдаг хуучин моторууд байсан. Ажлаас халсан тушаал гаргасан, тооцоогүй гэж тойрох хуудас бөглүүлсэн мөртлөө миний авах ёстой цалин хөлсийг олгохгүй байна. 2020 оны 2 сарын урьдчилгаа цалинг олгоод сүүлийн цалинг олгоогүй, халагдсан тохиолдолд амралтын мөнгө олгох ёстой боловч түүнийг олгоогүй, ажлаас гарсны дараа ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын газар очиход З- ХХК даатгалаа төлөөгүй гээд ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй. Иймд дутуу олгосон цалин хөлс 1 000 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 000 000 төгрөг, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Д.Ш- нь манай компанитай 2019 оны 3 сарын 06-ны өдрийн 19/02 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, компанид 2019 оны 3 сарын 06-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр 2020 оны 3 сарын 02-ны өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Д.Ш- нь ажиллаж байх хугацаандаа компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг ноцтой зөрчиж ажлын байран дээр архи уух, компанийн эд хогшил, албаны тэргийг хувийн хэрэгцээндээ ашиглах зэргээр олон удаа сануулах хуудас авсан болно. Д.Ш- нь компанийн Дорнод аймагт байрлах уурхайн кэмпийн манаачаар өөрийн хүсэлтээр явах санал тавьж, компаниас томилон явуулсан боловч кэмпийн манаачаар ажиллаж байх хугацаандаа кэмпийн хэрэгцээнд ашигладаг моторуудыг буруу ашигласны улмаас 5 ширхэг моторыг шатааж, кэмпийн хэрэгцээнд ашигладаг Ланд 79 маркын 91-49 УБК улсын дугаартай автомашинд дугуй авсан гэх боловч бодитоор дугуй аваагүй, 130 000 төгрөгийн баримтыг компанид ирүүлээгүй мөн кэмпийн манаачаар ажиллаж байх хугацаандаа /нийт 63 хоногт/ кэмпийн хэрэгцээнд ашигладаг автомашинаар 5 364 км зам туулсан байна. Компанийн уурхайн кэмп болон Халх гол сумын хоорондын зай 80 км ба нэг удаа ирж очиход 160 км юм. Д.Ш- нь компанийн хэрэгцээнд Халх гол сум руу энэ хугацаанд 10 удаа явсан ба энэ нь 1 600 км. Бид Д.Ш-ыг үүнээс гадна хувийн хэрэгцээнд 3 764 км зам зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд 564.6 литр түлш буюу 1 513 120 төгрөгийг, моторны засварт 900 000 төгрөгийг компаниас зарцуулсан ба дахин 2 моторт 3 000 000 төгрөгийн засвар хийлгэхээр байгаа юм. Д.Ш- болон З- ХХК-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.2.9-д зааснаар бүртгэлээр хариуцуулсан үндсэн хөрөнгийн ашиглалтыг хариуцаж, өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн бол тогтоосон үнийн дүнгээр төлж, хохиролгүй болгоно. Хариуцсан эд хогшил, техник хэрэгсэл, бусад зүйлсийг албан бус зориулалтаар ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад хэрэглүүлэх, шилжүүлэх, ажлын байрнаас гадагш авч явахыг хориглоно хэмээн заасныг зөрчсөн тул энэ тухай ажилтанд мэдэгдэж гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн, түүнд олгох цалин хөлснөөс компанид учирсан хохирлыг суутган тооцсон. Мөн Д.Ш- нь ажлаас гарах үедээ ажил хүлээлцэх акт үйлдээгүй, тойрох хуудсаа бөглөөгүй учир компаниас Д.Ш-ын цалинг олгох боломжгүй болсон юм . Д.Ш- нь манай компанид нийт 5 543 120 төгрөгийн хохирол учруулсан ба бид энэхүү хохирлыг төлүүлэхээр гомдол гаргаад байгаа юм. Иймд нэхэмжлэгч Д.Ш-ын гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч З- ХХК-иас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ш-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З- ХХК-иас 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Жишээ нь: шүүгч хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж, дүгнэлт гаргаагүй болох нь шүүхийн шийдвэрийн 6 дах талын дээрээсээ 4 дэх мөрөнд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн дутуу авсан цалингийн хэмжээ, авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ, түүний тооцоололд маргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болох нь шүүхийн шийдвэрийн 2 дах талын дээрээсээ 8 дах мөрнөөс эхлэн хариуцагчийн хариу тайлбараар нотлогдоно. Нэхэмжлэгч нь байгууллагад 1 жил ажиллах хугацаандаа 5 543 120 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 3 000 000 төгрөг төлөх талаар шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагад нийцэхгүй болохыг нотолж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02274 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ш- нь хариуцагч З- ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин 1 000 000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1 000 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн, мөн талуудын маргаж буй үндэслэлийн талаар хангалттай мэтгэлцүүлээгүйгээс хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ш- нь 2020 оны 02 дугаар сарын цалинг дутуу олгосон гэх үндэслэлээр 1 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн 5 дугаар талд авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч байгууллага нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Ш-ын данс руу 1 485 922 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400 000 төгрөг, нийт 1 885 922 төгрөгийг Д.Ш- З- ХХК цалин гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5-д төслийн талбайд ажилласан хугацааны 1 сарын цалин 1 500 000 төгрөг, Улаанбаатар хотод ажиллавал 1 сарын 500 000 төгрөг байна гэж заажээ. /хх-ийн 23-24-р тал/. Нэхэмжлэгч Д.Ш-ын сарын цалин хөлсний хэмжээ нэмэгдсэн эсэх, үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орсон эсэх үйл баримтыг анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна.

 

Түүнчлэн, хэргийн 7 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт гэх хуулбар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт нийцээгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийн 1 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заажээ.

 

Уг хуульд зааснаар нэхэмжлэгч Д.Ш-д ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд хэргийн 58 дугаар талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ