Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн   шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:        

 

      Прокурор                                                  А.Энхтуяа

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Буучийнхан овогт Энхбатын Нямдэлгэрцэцэг, Шаргалзуут овогт Тулгын Хулан нарт холбогдох 1731001530117 дугаартай Эрүүгийн хэргийг   эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 11-нд Сэлэнгэ аймаг Хүдэр суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Хүдэр сумын 1-р баг Тарвагатай Согоот 3 шудамж 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Буучийнхан овогт Энхбатын Нямдэлгэрцэцэг /РД:МП84031165/

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 21-нд Улаанбаатар төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо, Эрдэнэ толгой 50 гудамж 334 б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Шаргалзуут овогт Тулгын Хулан /РД:ЕП84062101/

Холбогдсон хэргийни талаар:

 

  Шүүгдэгч Э.Нямдэлгэрцэцэг, Т.Хулан нар Сэлэнгэ аймаг Хүдэр сум Монгол алт гэх газарт  2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө харилцан зодолдож, бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Э.Нямдэлгэрцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Т.Хулан бид хоёр нөхрүүдтэйгээ гар аргаах алт олборлох гээд нэг газар хамт очцгоосон юм. Манай ах надаас 10.000 төгрөг байна уу гэхээр нь би хэлсэн мөнгийг нь өгчихсөн юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны 07 цагийн орчим Т.Хулан манайд орж ирээд 10.000 төгрөг ахдаа яах гэж өгч байгаа юм бэ? тэр мөнгөөр чинь ах чинь архи уучихсан байна гэж ууртай орж ирэхээр нь би өөдөөс нь маргалдаж улмаар ноцолдож үснээсээ зулгаалцсан. Тийм л зүйл болсон гэв.

  2.Шүүгдэгч Т.Хулангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 05-нд би эгчийнд очоод яах гэж ахдаа мөнгө өгчихсөн юм бэ гэж хэлсэн чинь өөдөөс уурлаад хэрэлдээд үсдэлцээд маргалдаж ноцолдож байсан чинь Э.Нямдэлгэрцэцэгийн нөхөр нь бид хоёрыг салгасан. Би гараад нөхөр рүүгээ очоод танай дүү намайг зодчихлоо гэж хэлчихээд цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгчихөөд Улаанбаатар хот руу явчихсан гэв.

3. Хохирогч Т.Хулангын 2017 оны 10 дугаар сарын 31-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр надад баысан 25000 төгрөгийг гуйгаад байхаар нь би өгөөгүй юм. Тэгсэн манай нөхөр өөрийн төрсөн дүү Нямдэлгэрцэцэгээс мөнгө гуйхаар нь би “битгий өгөөрэй” гэж хэлтэл Нямдэлгэрцэцэг манай нөхөрт мөнгө өгчихсөн юм. Яг хэдэн төгрөг өгсөн талаар нь хараагүй. Тэгсэн манай нөхөр дүүгээсээ авсан мөнгөөрөө хэдэн хүмүүстэй хөзөр тоглоод байхаар нь би тэр хүмүүсийн дундуур ороод наад тоглоомоо болихгүй бол Улаанбаатар хот руу явлаа гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр ямар нэгэн зүйл хэлэлгүй тоглоод суугаад байсан. Бид нарын байрлаж байсан газрын хажуу талын нэг уурхай руу би охиноо дагуулж ороод Хүдэр сумын төв рүү орох машин байгаа эсэх талаар асуухад ямар нэг машин байгаагүй. Тэгээд би тэр уурхайд нь охинтойгоо хамт зурагт үзэж байхдаа унтчихсан байсан. Шөнийн 3 цагийн үед манай нөхөр орж ирээд надад ярих юм байна гараад ир гэхээр нь би дагаад гарсан. Тэгээд нөхөр хүүхдийнхээ хамт байрладаг майхан руугаа дагаад ортол нөхөр 1 шил 0.5 литрийн архи болон 1 ундаа тавьчихсан тухайн архиныхаа хагасыг нь уучихсан байсан. Тэгээд би юу ярих гэж байгаа талаар нь асуухад “нөхөр чи нээрээ явах гэж байгаа юм уу” гэхээр нь би явах гэж байгаа талаараа хэлтэл намайг “чи тэгвэл тэр чигээрээ хүүхдээ аваад зайлаарай” гэж хэлэхээр нь би “том охиноо аваад явна бага охиноо өөрөө аваад яв” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөхөр орондоо ороод унтаад өгсөн. Миний бодлоор тухайн архийг түүний дүү Нямдэлгэрцэцэг ахдаа өгсөн байх нь гарцаагүй гэж бодоод дургүй хүрсэн. Тэр шөнө нөхөртөө болон түүний дүүд уур хүрээд нойр хүрэхгүй сууж хоносон. Тэгээд би өглөө 7 цагийн үед хажууханд байрлах Нямдэлгэрцэцэгийн байрлах гэр рүү орсон. Тэгсэн тэдний гэрт түүний нөхөр болон охин нь байсан. Тэгээд би 20000 төгрөг гаргаад шар айраг байна уу гэхэд Нямдэлгэрцэцэг шар айраг байхгүй 0.5, 0.75 литрийн архи байна алийг нь авах юм гэхээр нь би нэг шил 0.5 литрийн архийг нь худалдаж аваад гэр рүүгээ буцаж ороод тухайн архиа задалж өөртөө хоёр хийж уугаад эргээд Нямдэлгэрцэцэгийн гэрт орж түүнд хандаж “чи ахынхаа амьдралаар тоглож байгаа юм шиг мөрийтэй тоглох мөнгийг нь өгөөд мөн уух архийг нь өгдөг яаж байгаа юм” гэж хэлээд уурлатал над руу ирээд “тэгээд чи яах юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү түлхээд миний үснээс баруун гараараа бариад доошоо дарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний үснээс мөн баруун гараараа бариад доошоо дарсан. Тэр үед Нямдэлгэрцэцэг миний ард гараад намайг тонгойлгоод нуруун дээр өвдгөөрөө дараад нэг гараараа миний нүүрийг маажаад байсан. Тэгээд хэсэг ноцолдож байх үед намайг үснээс тавь гэхээр нь би үснээс нь тавихгүй байж байтал нэг гараа миний хоёр дотор тал болон баруун гуяны ард хэсгээс олон удаа базаад байсан. Тэгж байх үед түүний нөхөр нь гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би шууд тэдний гэрээс гараад гэртээ хариад нөхрөө сэрээгээд “дүү чинь нүүр маажчихлаа” гэж хэлтэл “хохь чинь пизда минь зайл “гэж хэлээд миний эрүүний баруун хэсэгт гараараа нэг удаа цохичихоод эргээд хэвтээд өгсөн. Тэгээд би өөрийн хэдэн хувцсаа цүнхэндээ хийж аваад гарч Хүдэр сумын төв рүү алхаж байх үед нэг мотоцикльтой хүнтэй таараад Хүдэр сумын төвд орж эрүүл мэндийн төвд очиж  болсон зүйлийн талаар хэлээд эмчийн бичиг хийлгэсэн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

4.Хохирогч Э.Нямдэлгэрцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би 2017 оны 10 дугаар сарын 5-ны өглөө 07 цагийн үед босоод байж байх үед манай төрсөн ах Уламбаярбаатарын эхнэр Хулан манай гэрт орж ирсэн. Тухайн үед манай гэрийнхэн босоогүй хэвтэж байсан. Хулан манайхаас нэг хайрцаг тамхи, коко кола ундаа аваад гараад явсан. Тэгээд бага зэрэг халамцуу байх шиг байсан. Түүний гарч явсантай зэрэгцээд шахуу босоод галаа түлчихээд  сууж байхад Хулан манай гэрт эргэж орж ирээд гэрийн хойморт суугаад “наашир ганц хоёр үг хэлчихье” гэхээр нь би түүнд хандаж “та ярих юм байгаа бол хэлж бай би хийх юм аа хийж байя” гэж хэлтэл Хулан “чи ахдаа 10.000 төгрөг өгдөг хэн юм. Наад хүн чинь 10000 төгрөгөөр тоглох байхаар архиа уугаад сууж байсан нь хавьгүй дээр” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “за сүртэй юм 10000 төгрөг өгөхөд юундаа тийм зүйл ярьдаг юм “ гэхэд Хулан би тэр ахын чинь тоглоомын хар мөрийг архиар харилж явна танайхан муу архичид гэхээр нь миний уур хүрээд түүнтэй хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд би Хуланг цээж рүү нь түлхтэл Хулан миний үснээс гараараа бариад авахаар нь би зөрүүлээд түүний үснээс бариад доошоо татсан. Тэгсэн Хулан миний үснээс гараараа татсан хэвээрээ арагш гэдрэг унасан. Тэгээд тэр миний доороос хөлөөрөө жийж өшиглөөд байсан. Тэр үед манай нөхөр бид хоёрыг салгах гэж оролдоод больсон. Тэгж хэсэг зууралдаж байгаад би түүнийг миний үснээс тавь гэж хэлтэл тавихгүй байхаар нь би түүний үснээс баруун гараа аваад тэр гараараа гуяных нь дотор талаас базаад чимхтэл ямар нэг зүйл мэдэрсэн зүйлгүй миний үснээс тавихгүй байсан. Тэгэхээр нь нөгөө гуянаас нь мөн адил базсан боловч ямар нэгэн нэмэр болоогүй. Тэгэхээр нь би түүний өмдийг нь өгзөгнийх нь хойноос шувтлах маягаар таттал миний үснээс тавьсан. Тэгээд бид хоёр хоёр тийшээ болоод би үсээ боож байх зуур тэр намайг “чи муу тэр ахыгаа эхнэр шиг нь аваад яваарай би тэр ахаас чинь сална“ гэж хэлээд хэрүүл маргаанаа үргэлжлүүлээд байсан. Би ч мөн адил хэрүүл маргаан хийсэн. Тэгээд хэсэг байж байгаад гараад явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар  хуудас/

5.Гэрч Э.Уламбаярбаатарын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 сарын 4-ний орой манай гэрийн ойролцоо байх Нямдэлгэрцэцэгийн гэрт эхнэр охин бид гурав очоод би дүүгээсээ 10000 төгрөг гуйж авсан. Миний хувьд чөлөөт цагаараа тэнд байх найз нөхөдтэйгээ хөзөр тоглодог юм. Тэгээд би тэр орой ойролцоо байх гар аргаар алт олбордодог хүмүүсийн майханд хөзөр тоглож байгаад орой 00 цагийн үед гэртээ харьж амарсан. Тухайн үед манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тэр хавиар байсан уурхайнуудаар архи уугаад явж байсан байх. Тэр шөнө 2 цагийн үед манай эхнэр гэртээ орж ирэхээр нь би унтаж амар гэж хэлсэн боловч миний үгэнд оролгүй эргээд гараад явсан. Тэрнээс хойш өглөөний 7 цагийн үед Хулан гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд Хулан “танай дүү Нямдэлгэрцэцэг намайг зодчихлоо” гэж над руу уурлахаар нь би “яахаараа манай дүү чамайг зоддог юм чи зүгээр нэг бол Улаанбаатар хот руу яв, нэг бол Хүдэр сум руу гэр рүүгээ харь” гэж хэлсэн. Тэгсэн Хулан “явлаа” гэж хэлээд хувцас хунараа аваад гараад явсан. Араас нь гараад хартал Хулан зам дагаад алхаж байхад нь Улаанаа гэх Хүдэр сумын залуу мотоциклийнхээ араар суулгаад аваад явсан. Тэгээд би гэртээ байж байгаад 9 цагийн үед дүү Нямдэлгэрцэцэгийн гэрт очих үед манай дүү танай эхнэр гэрт орж ирээд надтай зодолдоод намайг үстсэн. Мөн “танай гэр бүлийнхнийг голомтоор нь самарна” гэсэн зүйл ярьсан гэсэн. Манай дүүгийн хүзүү цээжний хэсэгт маажсан гэмээр хумсны сорив харагдсан. Харин манай эхнэр Хулангийн нүднийх нь дор, хүзүүнийх нь хэсэгт маажсан шарх харагдсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

6.Гэрч Р.Батбаярын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 сарын 05-ны өглөө 7 цаг өнгөрч байх үед манай эхнэрийн төрсөн ахынх нь эхнэр Хулан манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд манай эхнэрт “чи ахдаа 10000 төгрөг өгч тоглуулдаг хэн бэ” гэж тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Манай эхнэр Хуланг “” гэж хэлээд байсан. Нэг мэдсэн тэр хоёр нэгнийхээ үснээс гараараа зууралдаад байхаар нь би тэр хоёрыг салгах гэж оролдох үед тэр хоёр салах шинжгүй байсан. Тэгээд тэр хоёр хэсэг ноцолдож байгаад Хулан манай эхнэрийн үснээс татсан хэвээрээ арагш гэдрэг унаад доороос нь хөлөөрөө жийгээд байсан. Тэр хоёр хэсэг зууралдаж байгаад салсан юм. Манай эхнэр надад хэлэхдээ Хуланг үснээс нь тавихгүй байхаар нь гуяны дотор талаас нь базсан гэж хэлсэн. Тэр хоёр эхлээд хэрүүл маргаан хийгээд байх үед хэвтэж байгаад зодоон хийгээд унахаар нь орноосоо боссон. Зодооны дараа Хулангийн нүүр нь маажигдсан манай эхнэрийн цээж нь маажигдсан байдалтай харагдсан. Өөр ямар нэг гэмтэл байгааг анзаарч хараагүй......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

7.Гэрч М.Ганзаяагийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би 2017 оны 10 сарын 05-ны өдөр 16 цагийн үед өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байх үед манай ажил дээр Т.Хулан гэх эмэгтэй хүнд зодуулсан гэсэн байдалтай ирсэн. Тухайн хүн хэн гэж хүнд зодуулсан гэмтэл авсан тухайгаа хэлээгүй. Тэр эмэгтэй хүний нутагт алуулах юм байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний биед үзлэг хийхэд биеийн байдал дунд , ухаан санаа саруул, чөлөөтэй явж хөдөлж чадаж байсан. Тухайн эмэгтэйн нүүрний баруун, нүдний доод хэсэгт 5 см орчим урттай хумсны шархтай, баруун шанаанд зулгарсан шархтай, хөхрөлттэй, завжны дотор салст гэмтсэн цус гарсан, хүзүүний баруун урд хэсэгт зулгарсан шархтай, 2 гуяны дотор хэсэгт хөхрөллтэй зэрэг олон тооны жижиг гэмтлүүд байсан. мөн тухайн эмэгтэйн зүрх дэлссэн байдалтай байсан. Ямар учраас зүрх нь дэлссэн юм бэ гэхээр тухайн эмэгтэй ямар нэг зүйлээс айсан түгшсэн уурласан бухимдсаны улмаас юм. Мөн тухайн эмэгтэй надад хэлэхдпээ үсдүүлсэн гэж хэлсэн......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 12713 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Т.Хулангийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацарт шарх, эрүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун завьжны салст доод уруулын дотор салстад шарх толгойн духны орой баруун зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал үсний халцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт цус хуралт, баруун гуя өвдөг, зүүн гуя баруун өгзөгт, шилбэнд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон уддаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 353 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Э.Нямдэлгэрцэцэгийн биед тархи доргилт, тархины хаван бүхий гэмтэл  тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

 

 

10.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

11.Шүүгдэгч Э.Нямдэлгэрцэцэгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар  хуудас/,

12.Шүүгдэгч Т.Хулангийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр  хуудас/,

13.Шүүгдэгч Т.Хулангийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар  мөрдөн байцаалтын шатанд өгсөн......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

14.Шүүгдэгч Э.Нямдэлгэрцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72  дугаар  хуудас/,

15.Шүүгдэгч Э.Нямдэлгэрцэцэг, Т.Хулан нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 84-85 дугаар  хуудас/,

16.Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 75, 80 дугаар хуудас/,

17.Шүүгдэгч нарын  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

18. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 49 дүгээр  хуудас/

19.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

                Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Буучийнхан овгийн Энхбатын Нямдэлгэрцэцэг, Шаргалзуут овгийн Тулгын Хулан нарыг Сэлэнгэ аймаг Хүдэр сум “Монгол алт” гэх газарт  2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө харилцан зодолдож, хэн хэн нь бие биенийхээ     эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Э.Нямдэлгэрцэцэг, Т.Хулан нар нь харилцан зодолдож, Т.Хулангийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацарт шарх, эрүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун завьжны салст, доод уруулын дотор салстад шарх толгойн духны орой, баруун зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үсний халцрал, баруун чихний дэлбээнд зулгаралт цус хуралт, баруун гуя өвдөг, зүүн гуя баруун өгзөг, шилбэнд зулгаралт,

Э.Нямдэлгэрцэцэгийн биед тархи доргилт, тархины хаван бүхий гэмтлүүд тус тус учирсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нарын хэн хэн нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор тус тус 450 нэгжээр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг  харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас тус тус 450 нэгжээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас бусдад төлөха төлбөргүй байна. Шүүгдэгч нарын санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Буучийнхан овгийн Энхбатын Нямдэлгэрцэцэг, Шаргалзуут овгийн Тулгын Хулан нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхбатын Нямдэлгэрцэцэг, Тулгын Хулан нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ялтан Э.Нямдэлгэрцэцэг, Т.Хулан нар нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6.Ялтан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ