Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

   2023        06           30                                           2023/ДШМ/28

 

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Т-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хишигбаатар нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Ж.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-т холбогдох эрүүгийн 2139003570180  дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578.246.4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга ) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13.200.000 (арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод, битүүмжлэгдсэн 4м3 урттай, 8 см диаметртэй, 114 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн Хэнтий аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалах төрийн сангийн дансанд экологи эдийн засгийн хохиролд нөхөн төлсөн 3.640.788 төгрөгөөс илүү төлсөн 3.062.542 (гурван сая жаран хоёр мянга таван зуун далан найм) төгрөгийг улсын төсвөөс гаргуулж шүүгдэгч Б.Т-т буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №02715084 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.Б-ад буцаан олгож, 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг сүх, 7000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг метр, 140.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан "Mөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэх хуулийн заалтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангаж ажиллаагүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон гэж хууль зүйн дүгнэлт хийсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаанууд тогтоогдоогүй байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг буюу “Гэмт үйлдсэн байдал, гэмт хэрэг хаана, хэрхэн үйлдэгдсэнийг тогтоох, мөн зүйл хэсгийн 1.5 дахь хэсэг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоох” гэх ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож ирүүлээгүй тул шүүх гэм буруугийн хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих ажиллагаануудыг гүйцэтгүүлэхээр 59 хоногоор шүүх хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн дүүрэн хангаж ирүүлээгүй байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих ажиллагааг шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, үүнийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Б.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах үндэслэлээр хангаагүй гэж үзэж байна.

Үүнд:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт “эрүүгийн 2139003570180 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ", "Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578.246 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь" гэснийг тус тус зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн 2139003570180 дугаар хэрэгт нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бус, хууль зөрчиж нотлох баримтыг цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтыг анхан шатны шүүх хууль ёс, шударга байдлын талаас үнэлээгүй, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.

Эрүүгийн 2139003570180 дугаар хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 4 м3 хэмжээтэй шинэс мод тайрч бэлтгэсэн үйлдлийг үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, шинжээч нарын дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар хэргийн бодит байдал тогтоогдсон тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэртэй маргахгүй байгаа боловч байгаль орчинд хортой нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтэд саад учруулаагүй, байгаль орчныг доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ойн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9.2-т “иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зөвхөн зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй” болохыг заасан. Гэхдээ Б.Т-ийн хууль бусаар мод бэлтгэсэн нь "зөвшөөрөлгүй эрхэлвэл "зөрчил"-д тооцож хариуцлага хүлээлгэхээр хуульчилсанд хамаарч байгааг шүүх анхаарах шаардлагатай байна.

Мөрдөн байцаалтаар цуглуулсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан нотлох баримтуудаар Б.Т-т нь 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 4 м3 хэмжээтэй бэлгэсэн шинэс тээврийн хэрэгслээр тээвэрлэж, зөөвөрлөсөн үйлдэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын "тодорхойлох" хэсэгт заасан "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 15-20 хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 хавтаст хэргийн 15-29 хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 21-26, 35-40 хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 хавтаст хэргийн 42-47 хуудас), хохирогч Н.Б-н (1 хавтаст хэргийн 55-56, 60-61 хуудас, 3 хавтаст хэргийн 33-34 хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б-ын (3 хавтаст хэргийн 38 хуудас), гэрч Г.Н-н (1 хавтаст хэргийн 69-70 хуудас), гэрч Ч.Оюунбатын (1 хавтаст хэргийн 73 хуудас), гэрч Б.О-н (1 хавтаст хэргийн 81-82 хуудас), гэрч Ө.Г-н (1 хавтаст хэргийн 86 хуудас), шинжээч Э.С-н (3 хавтаст хэргийн 43-44 хуудас), гэрч Р.Гончигсүрэнгийн (3 хавтаст хэргийн 48 хуудас), шинжээч Б.Д-н (1 хавтаст хэргийн 227-228 хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсэн мэдүүлэг, ойн ангийн инженер Б.Д-н 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай: “...экологи эдийн засгийн үнэлгээ 4м3 x82312x1.8= 578246.4 төгрөг..." дүгнэлт (1 хавтаст хэргиын 218-219 хуудас), “Фэйр Валуешн” ХХК-ний шинжээчийн 2022/шд172 дугаартай дугнэлт: “..51-97 УБИ улсын дугаартай “Kai Bongo-3” маркийн тээврийн хэрэгслэл 13.200.000 төгрөг, сүх 30.000 төгрөг, метр 7000 төгрөг, цахилгаан хөрөө зэрэг 140.000 төгрөг нийт 13.440.000 төгрөг байх боломжтой” гэх үнэлгээний тайлан (1 хавтаст хэргийн 31-33 хуудас), Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (1 хавтаст хэргийн 118 хуудас), шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 05 дугаар сарын 25, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус Биндэр сумын Байгаль хамгаалах санд нийт 3.640.788 төгрөгийг "модны нөхөн төлбөр" гэх утгатай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт (1 хавтаст хэргийн 131 хуудас), мод бэлтгэх эрхийн бичиг (1 хавтаст хэргийн 124 хуудас), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бэлэн малын тодорхойлолт (1 хавтаст хэргийн 108, 110-112 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж шийтгэх тогтоолын үндэс болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн гэрчийн мэдүүлэг, яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Б.Т-ийн эхнэр О-н гэрчээр өгсэн мэдүүлгээс өөр нотлох баримтаар хууль бусаар бэлтгэсэн модыг автомашинаар зөөж тээвэрлэсэн тухай нотлох баримт тогтоодоогүй, хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-аас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа асуулт: Та гэрчийн эрх, үүрэгтэйгээ уншиж танилцсан уу, танд асууж тодруулах зүйл байна уу” гэхэд хариулт: би гэрчийн эрх, үүрэгтэйгээ уншиж танилцлаа, надад асууж тодоруулах зүйл байхгүй, би эрх үүргээ ойлгосон, асуулт: та өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, танд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу, мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулах уу гэхэд хариулт: надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэсэн хариулт авч мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан "Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байх эрхийг, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн "Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишууд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ..." гэснийг зөрчиж хууль эрх зүйн мэдлэггүй хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь тайлбарлаагүй, энэхүү хууль зөрчиж авсан мэдүүлэг нь Б.Т-ийг яллагдагчаар татах улмаар шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон, үүний дараа түүнээс удаа дараа авсан мэдүүлгүүдэд дээрх зөрчлүүд давтагдаж Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр хамгаалагдсан "Хүний эрх" зөрчигдсөн байна.

Б.Т-аас гэрчийн мэдүүлэг авах цаг хугацаанд түүний хууль зөрчиж мод бэлтгэсэн үйлдэл илэрхий болсон, хэргийн газарт үзлэг хийгдсэн, хууль ёсны төлөөлөгч томилогдсон, ойн ангийн 2021 оны 22 дугаартай дугнэлт, хохирогч тогтоогдсон, мэдүүлэг өгсөн, гэрч Н мэдүүлэг өгсөн зэрэг баримтат мэдээлэл хангалттай авагдсан, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон үед Б.Т-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан "гэрч"-ийн эрх зүйн байдлыг танилцуулахдаа "гэрчийн эрх, үүрэг" гэж ямар хуулийн ямар заалтыг танилцуулсан нь тодорхойгүй атлаа үүрэг хүлээлгэн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоx боломжгүй болно.

Б.Т- болон түүний эхнэр О-с гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй байж Б.Т-, О нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Б.Т-, О нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэснийг зөрчиж авсан тул “гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулах шахалт үзүүлсэн" арга хэрэгсэл болсон байна.

Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д зааснаар "яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд түүний мэдүүлгүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө”, 14 дүгээр зүйлийн 14 дэх заалтыг ... .өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно" зөрчиж авсан гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг шүүхийн практикт хэрэгжүүлэх явцад хууль хэрэглээний талаар тодорхой хэрэг дээр тайлбар хийсэн байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 222 дугаар тогтоолд "... гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцож болохгүй.

Шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно" гэж зааж тайлбарласан байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ийг 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578.246.4 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын "тогтоох нь" хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2139003570180 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Воngо-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13.200.000 (арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод ... оруулахыг ..." гэснийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б.Т- нь мод бэлтгэх эрхийн гэрчилгээ авсан боловч өөр газраас авсан гэсэн өмгөөлөгчийн тайлбараар зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн нь тогтоогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллгааны явцад Б.Т- зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн, “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг ашигласнаа хүлээдэг, гэмт хэргийг бүрэн нотлож тогтоосон. Хэргийн газрын үзлэгээр модны диаметрийг тогтоосон. Шинжээчийн зүгээс модны диаметруудыг дунджилж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан.

Хэнтий аймгийн Биндэр сумын ойн ангид 578.244 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу хохиролыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож төлүүлэн, илүү төлсөн мөнгийг улсын төсвөөс гаргуулж шүүгдэгчид буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. “Бонго 3” машиныг ашигласан тухайд худал мэдүүлэг өгсөн үүндээ гэмшиж байна” гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Ж.Эрдэнэбаатарын нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Б.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 578.246,4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 13 хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 15-20 хуудас),

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 22-26, 36-40 хуудас/,

- “Фэйр Валушн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШД172 дугаартай: “...2007 онд үйлдвэрлэгдэж 2019 онд Монгол улсад орж ирсэн “Киа Бонго 3” маркийн ачааны автомашины зах зээлийн үнэлгээ 13.200.000 төгрөг, метр, сүх, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийн үнэлгээ 240.000 төгрөг, нийт 13.440.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 31-33 хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 41 хуудас/, 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 44-46 хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 47 хуудас/,

- ойн ангийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дүгнэлт /1хавтаст хэргийн 95 хуудас/,

 

- ойн ангийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /1 хавтаст хэргийн 191-197 хуудас/,

 

-  ойн ангийн инженер Б.Д-н  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай: “...экологи эдийн засгийн үнэлгээ 4м3 х82312х1.8= 578246.4  төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 218-219-р хуудас),

 

- Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай “ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал /2 хавтаст хэргийн 19-22 хуудас/,

 

- Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 05 дугаар сарын 25, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус Байгаль хамгаалах санд нийт 3,640,788 төгрөгийг “ модны нөхөн төлбөр”гэх утгатай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 131-р хуудас),       

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 15-29-р хуудас),

 

- Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 118-р хуудас),

  • Мод бэлтгэх эрхийн бичиг (1-р хх-ийн 124-р хуудас),

 

- Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын дундуур малын саравч барих зориулалтаар 110 ширхэг буюу 4 метр куб нарийн шургааг мод бэлтгэж тус газраа өвөлжөө барьсан байсан. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сумын экологийн байцаагчийн хамтаар Б.Т-ийн өвөлжөө барьсан газарт нь очиж газар дээр нь модыг нь тоолж, фото зургаар баримтжуулсан. Тус иргэний хууль бусаар мод бэлтгэсэн гэх үндэслэл нь тус багийн “Рт” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан боловч “Я” гэх газраас мод бэлтгэсэн байсан.

...Б.Т- нийтдээ 114 ширхэг шургааг мод бэлтгэсэн байсан. Уг моднууд нь бүгд шинэ хөрөөдөж унагасан моднууд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 55-56, 60-61 хуудас, 3 хавтаст хэргийн 33-34 хуудас),

 

- Гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Г гэх хүн надаас ...”Р” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 69-70 хуудас),

 

- Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг “Я” гэх газарт шинэ өвөлжөөний газар авч тус газартаа малын саравч барих зорилгоор ойн ангиас 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний хооронд тус 3 дугаар багийн “Р” гэх газраас ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх 22-000518 дугаартай эрхийн бичгийг авсан. Эрхийн бичигт заасан “Р” гэх газраас ойн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх гэсэн боловч газар нь холдоод байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авах үедээ ойн ангиас “Я” гэх газарт цэвэрлэгээний ажлаар 8 метр куб мод бэлтгэж болох эсэх талаар асуухад ойн анги дээрх газарт дүгнэлт хийж байж мод бэлтгэх эрхийн бичиг өгнө, шууд эрхийн бичиг өгөх боломжгүй, иргэдэд 5 метр кубээс илүүг өгөхгүй байгаа гэж тайлбар өгсөн. Түүнээс хойш нөхөр Б.Т- нь гэрийн ойролцоо “Я” газраас хуурай шинэс модыг бэлтгээд уулнаас нь тээврийн хэрэгслээр тээвэрлэн саравч барих өвөлжөөн дээрээ буулгасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 81-82 хуудас),

 

- Гэрч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сард ...сумын ойн анги дээр очиж ...”Р гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85-86 хуудас),

 

Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээрх хэргийн хувьд тухайн модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн. Хоёрт тухайн 4 метр куб модны хэдийг нь түүж бэлтгэсэн хэдийг нь огтолж бэлтгэсэн нь тогтоогдох боломжгүй байх тул ойн нөхөн сэргээлтийн зардлыг тогтоох боломжгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 227-228-р хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Би өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сард Улаанбаатар хот “Д” захаас 15 сая төгрөгөөр худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 38 хуудас),

 

- Шинжээч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие ажил үүргийн дагуу экологийн байцаагч Г, байгаль хамгаалагч О нарын хамтаар Б.Т-ын мод бэлтгэсэн гэх “Я” гэх газарт очиж үзлэг шалгалт хийхэд Б.Т- нь 4,6 метрийн урттай нарийн үзүүрийн диаметр нь 8-12 см-ийн хэмжээтэй хэрэглээний бөөрөнхий модыг ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан. ...2023 он 02 дугаар сарын 12-ны өдрийн “Я” гэх газарт мөрдөгч болон экологийн байцаагч нарын хамт нөхөн үзлэг хийхэд миний бие оролцсон ба Б.Т-ийн 114 ширхэг 4м3 мод бэлтгэсэн гэх газарт очиж үзлэг хийхэд цаг агаарын байдал цас ихтэй байсан тул Б.Т-ийн босоо мод унагасан гэх модны хожуулууд цасанд дарагдсан олж хэмжилт хийх боломжгүй байсан. Хэргийн газарт очсон бүрэлдэхүүн тэр хавин газарт цас ухаж 5 ширхэг унагаасан байх боломжтой босоо модны хожуулын олж диаметрыг хэмжиж үзэхэд 1 дүгээр модны хожуул нь 14 см-ийн диаметртэй, 2 дахь нь 12 см, 3 дахь нь 10 см, 4 дэх нь 12 см, 5 дахь нь 9 см-ийн диаметертэй хожуулууд байсныг хэмжиж гэрэл зургаар баримтжуулан авсан. Түүний дараа үзлэгийг цааш үргэлжлүүлэн Б.Т-ын бэлтгэсэн модоор малын саравч барьсан гэх газарт очиж хэмжилт хийхэд тухайн 5 ширхэг огтолж унагасан модны диаметр нь огтолж авсан модны диаметртэй зургаар баталгаажуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн А/176 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан бэлтгэсэн мод модон материалын ашиглалтын гарцын дагуу экологий эдийн засгийн нийт үнэлгээг тооцож тогтоосон. Үүний дагуу Б.Т-ын бэлтгэсэн 4м3 модоор дээрх үнэлгээгээр үржүүлж, мод модон материалын ашиглалтын гарцын дагуух итгэлцүүр болох 1,8-р үржүүлж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 43-44 хуудас),

 

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сард “Я” гэх газарт байх өөрийн өвөлжөөнийхөө хашааны дээврийн хэсэгт цаснаас хамгаалж, хучлага маягаар шургааг мод бэлтгэж тавихаар болсон. ...Г ах “Рт” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд мод бэлтгэх эрхийн бичиг аваад явуулсан. ...тухайн үед цас ороод газар шавар, шалбааг ихтэй болчихсон дээр нь Р гэх газар манайхаас бага зэрэг зайтай болохоор 2021 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Я” гэх газраас мод бэлтгэчихсэн юм.

Тухайн үед би цагаан автомашинтай явсан. “Янгиа ам” газраас шинээр 21 ширхэг хуурай шинэс модыг хөрөөдөж бэлтгэсэн ба бусад нь унасан моднуудыг түүж бэлтгэсэн, нийтдээ уг газраас 114 тооны шургааг модыг хууль бусаар бэлтгэсэн. Би зөвшөөрөлд заасан газраас өөр газарт мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Б.Т-ийг “хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн  байна. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт  зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “тээврийн хэрэгслийн үнэ 13.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар, битүүмжлэгдсэн  4м3 урттай 8 см диаметртэй 114 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгон шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох”,  өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай  давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: 

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох ба Б.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 12-ноос 14-ний өдөр ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 114 ширхэг, 4 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

 

Мод бэлтгэх эрхийн бичиг авсан Р гэх газраас бус, зөвшөөрөл аваагүй “Я” гэх газраас шинэс мод бэлтгэсэн шүүгдэгчийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг хангасан, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  байх тул Б.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал  уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.

Шүүгдэгч Б.Т Б-н өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, хууль бусаар бэлтгэсэн шинэс модыг тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Б.Б-н өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 13.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

- Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ  578246.4  төгрөг болох нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт (1хх-18-219хуудас)-ээр тогтоогдсон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн  экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох тул /578246х3=1734738/ ойн санд учирсан хохирол 1734738 төгрөг байна. Шүүгдэгч  ойн сангийн хохиролд 3640788 төгрөг төлсөн байна. Иймд илүү төлсөн 1906050 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, шүүгдэгчид олгох нь зүйтэй байх тул дээрх байдлаар  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаарс арын 24-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн Хэнтий аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалах төрийн сангийн 100181055408 тоот дансанд экологи эдийн засгийн хохиролд нөхөн төлсөн 3.640.788 төгрөгөөс илүү төлсөн 3.062.542 (гурван сая жаран хоёр мянга таван зуун далан найм) төгрөгийг улсын төсвөөс гаргуулж шүүгдэгч Б.Т-т буцаан олгосугай” гэснийг “ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн Хэнтий аймгийн Биндэр сумын Байгаль хамгаалах төрийн сангийн дансанд  илүү төлсөн 1.906.050 /нэг сая есөн зуун зургаан мянга тэг тавь/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Б.Т-т олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Д.ГАНЗОРИГ

 

                                                                                             Г.БОЛОРМАА