Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:     

      Улсын яллагч                                                    Д.Нямдэлэг  

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох ******* дугаартай хэргийг шүүх хүлээн авч,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр **** аймагт төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн ***** сумын **** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  ******* овогт *******ийн ******* /РД:****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг замын хажууд гээгдэл эд хөрөнгө болох “Гацуурт" ХХК-ийн хуйлсан өвсийг “Гацуурт” ХХК-ийн өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас “Гацуурт” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогч П.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Энэ жил “Гацуурт” ХХК-ийн “Сайхан толгой” салбар нь Тийрэг нэртэй газар 3 дугаар багт нийт 2300 га газарт тариа, малын тэжээлийн хадлан бэлтгэсэн. Тэгээд манай компани тариан талбай дээрээ урлон өвсийг хадаж бэлтгэсэн ба урлон өвснүүдийг тухайн атлбай дээр нь байлгаж байгаад ачааны том тэргээр тээвэрлэдэг юм. Тэгээд ачааны том тэргээр тээвэрлэж байх хооронд Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар багт амьдардаг нутгийн иргэд тээврийн хэрэгсэл ашиглан зөөж манай урлон өвсийг хулгайлаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

3.Гэрч Ц.*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Сар өдрийг нь санахгүй байна. Манай гэрийн урд талын зам дээр 1 боодол урлон өвс байсан юм. Уг өвсийг авчихдаг юм билүү гэж бодоод очтол ******* аваад явж байсан. Гацуурт ХХК-ийн жолооч өвсөө зөөж байхдаа унагаасан гэж жолооч нь хэлж байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

4.“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээ тогтоосон баримт /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

5.Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 1 сарын 23-нд яллагдагчаар өгсөн...Би 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр гэж санаж байна. Өөрийн эзэмшлийн портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянхангай гэх газраас бууц ачаад өвөлжөө рүүгээ явж байх үед ******* гэх айлын урд зам дагуу 1 боодол урлон өвс байхаар нь тухайн өвсийг ганцаараа ачаад өвөлжөө рүүгээ явсан ба замын хажуу талаас олсон боодол урлон өвсөө өвөлжөөн дээрээ очоод өвсний хашаан дотор буулгаад дээрээс нь өвс тавиад орхисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

6.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/

7.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/

8.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 30 дугаар  хуудас/

9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 43 дугаар  хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* овогт *******ийн *******г 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутагт замын хажууд гээгдсэн гээгдэл эд хөрөнгө болох “Гацуурт” ХХК-ийн хуйлсан өвсийг “Гацуурт” ХХК-ийн өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас “Гацуурт” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 10 дугаар сарын дундуур “Гацуурт” ХХК-ийн хуйлсан өвсийг “Гацуурт” ХХК-ийн өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө ашиглах зорилгоор машиндаа ачиж гэртээ авчран өвсний хашаандаа буулгаж, өвсөн доогуур оруулан дарж, “Гацуурт” ХХК-д 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

      Шүүгдэгч, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын үйлдсэн тогтоол болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

   Гэмт хэрэг гарахад байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанарыг харгалзан Д.*******д Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж Шүүх үзлээ.   

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулсан байхаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ялтан Д.******* нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

 6.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийншийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ