Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                           Шүүх хуралдаанд:      

      Улсын яллагч                                                     Д.Нямдэлэг

       Хохирогч                                                     Д.Мөнхболд

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Л.Доржпүрэв

      Нарийн бичгийн даргаар                       Б.Янжинлхам нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Уаах овогт Аянжавын Оюун-Эрдэнэд холбогдох 1731000000087 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг, 34-р зөрлөг гэх газарт  оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  Уаах овогт Аянжавын Оюун-Эрдэнэ /РД:МО76060217/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Оюун-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг 34-р зөрлөг гэх газарт оршин суух Д.Мөнхболдын хашаанаас 2 тооны үнээ, 2 тооны тугалыг хулгайлан Д.Мөнхболдод 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Он сарыг сайн санахгүй байна. Айлын хашаанаас мал авах нь авсан. Аваад Эрдэнэчулуунд авсан адууныхаа өрөнд аваачиж өгсөн. Эрдэнэчулуунд өөрийн мал гэж өгсөн. Эрдэнэчулуун энэ талаар мэдээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

2. Хохирогч Д.Мөнхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн........2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 4 тооны тугалтай үхэр алдсан. Өглөө нь 2 тугалтай үхэр байхгүй байна шүү хайгаараа гэж манай эхнэр өглөө босоод  хэлсэн. Тэр өдөр хайгаагүй. Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Энэ хүн идэш хийлцээд өгөөч гээд ирээд би очиж идэш хийлцсэн. Тэр өдрийн орой нь үхрийн эзэн ах ирсэн байсан. Тэгээд маргааш нь нөгөөдөр нь гээд 2 өдөр машинтай хайгаад олоогүй. Эдний хамаатантай уулзана гээд Шаамар 6 дээр байж байтал үхрүүдийг машинд ачаад явж байхыг харсан. Тэгээд цагдаад хэлсэн. Үхрийн зураг байсан. Зургаар нь хайгаад мөн байсан гэв.

 

3.Хохирогч Д.Мөнхболдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 11 сарын 10-наас 11-нд шилжих шөнө манай малын хашааны хаалгыг уяагаар нь тайлаад хашаанд байсан улаан алаг зүсмийн охин тугалтай улаан үнээ, хоёр муу улаан алаг охин тугалтай улаан алаг үнээ нийт 4 тооны үхэр алга болсон. Бид нар тухайн үед шөнө хаалга үүдийг нь дутуу уяж орхиод гараад явчихаж гэж бодоод тоогоогүй. Маргааш нь айлуудын ногооны хашаа болон бэлчээрээр хайгаад олоогүй. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандсан юм. .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

4.Гэрч Т.Хосбаярын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... 2017 оны 11 сарын 12-ны өдөр Сэлэнгэд байдаг махны ченж Өлзий гэдэг хүний хүүхэд манайд ирээд ааваас худалдаж авсан. Эрээн нүүртэй эр шүдлэн үхрээ очиж авсан. Тэгэхдээ тугалтай үхэр байна насных нь үхрээр “наймаа хийх үү” гэхээр нь тэгье та тэгвэл эндээс 2 шүдлэнгээ ачаад явчих маргааш Бүрэнгээс тугалтай үхрээ авчихъя гээд улаан халзан шүдлэн бух, өрөөсөн эвэр нь хугархай цулгай улаан зүсмийн эр шүдлэнгээ барьж өгч ачуулаад явуулсан. Тэгээд өнөөдөр 12 цаг 30 минутын үед Зүүнбүрэн ороод малаа тосож аваад гэртээ авч ирсэн. Манай хоёр шүдлэнгийн оронд улаан халзан тугалтай улаан халзан үнээ, алаг тугалтай ягаан халзан үнээ зэрэг нийт 4 толгой үхэр авч ирсэн бөгөөд тэдгээр үхрүүд нь одоо манай гадаа байгаа. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

5.Гэрч Д.Цэцэгмаагийн 2017 оны 11 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан баг буюу 34-р тоочик гэх газарт хувийн малтайгаа амьдардаг. 2017 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө гэрийнхээ урд задгай хашаанд үхрээ хашаад, тугалаа уг хашаанд байдаг жижиг хашаанд хашаад хоносон. Ингээд маргааш өглөө үхрээ саахаар гаргахад гэрийн урд талын хашаанд байсан үхэр тугал алга болсон хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд үхэр маань тугалаа дагуулаад гараад явчихсан юм байх гэж бодоод ойр орчимдоо хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаагийн газарт хандсан ба хэд хоногийн дараа үхэр маань Зүүнбүрэн суманд байгааг мэдсэн.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

6.Гэрч Ө.Мөнхзулын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би өнөөдөр буюу 2017 оны 11 сарын 13-ны өдөр Хосбаяр улаан халзан зүсмийн хоёр үнээг хоёр тугалын хамт Зүүнбүрэн сумын төв хүргэж өгсөн. Уг 4 тооны үхрийг манай дүү Эрдэнэчулуун Шаамар сумын Оюун-Эрдэнэ гэх хүнээс 2 адууныхаа оронд авсан гэсэн. Би тэр 4 үхрийг хэзээ хаанаас авчирсан болохыг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2 хоногийн өмнө Оюун-Эрдэнэ уг үхрүүдийг манай ах Мэдэхгүйгийн хашаанд өөрөө хүргэсэн байсан бөгөөд ачиж очсон тууж очсон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

7.Гэрч Ө.Эрдэнэчулууны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Т.Хосбаяр гэх залууг зүс танина. Аавтай нь малын наймаа хийдэг юм. Би өнөөдөр буюу 2017 оны 11 сарын 13-ны өдөр Хосбаяр улаан халзан зүсмийн 2 үнээг 2 тугалын хамт хүргэж өгсөн. Уг 4 тооны үхрийг би Оюун-Эрдэнэд зарсан 2 адууныхаа оронд авсан юм. Оюун-Эрдэнэ уг үхрүүдийг манай ах Мэдэхгүйгийн хашаанд өөрөө хүргэсэн байсан бөгөөд хавар надаас адуу авахдаа уг хашаанаас очиж авч байсан бөгөөд манай хуучин хашаанд очиж Мэдэхгүйнд Эркагаас авсан 2 адууны өртөг байгаа юм гэж хэлээд .үлдээсэн байсан. Ахын хашаанд аваачихдаа ачиж очсон тууж очсон эсэхийг нь би асуугаагүй. ..гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

8.Гэрч Л.Өлзийсайханы  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би А.Оюун-Эрдэнэ үхэр авчирсан өглөө Эрдэнэчулуун, Мөнхзул нар дэлгүүр дээрээ байж байхад манай хүү Мэдэхгүй утсаар яриад А.Оюун-Эрдэнэ адууны өртөг гээд 2 тугалтай үхэр авчираад үлдээгээд явсан гэж хэлсэн үед манай хүү Эрдэнэчулуун Зүүнбүрэн сумаас үхэр худалдаж авахаар явсан. Хосбаяртай утсаар яриад тугалтай үхрээр наймаа хийх үү гэхэд зөвшөөрсөн ба манай хүү Эрдэнэчулуун 2 шүдлэн үхэр авчирсан. Түүнийг алаад мах болгоод зарчихсан. Ингээд маргааш нь манай хүү Эрдэнэчулуун тугалтай үхрийг Зүүнбүрэн суманд байдаг Хосбаярт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

9.Гэрч Ө.Мэдэхгүйгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 11 сарын 10-11-ний шөнө гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь би босоод хаалга онгойлгосон чинь нэг танихгүй би танай дүүгээс хоёр адуу авсан юм өрөндөө 2 тугалтай үхэр өгөх ёстой юм. Түүнийг аваад ирлээ. Танай хашаанд хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд би наймаанд ирж байгаа мал юм байна гэж бодоод өглөө босоод харахад манай хашаанд улаан халзан тугалтай хоёр үхэр байсан. Тэгээд би өөрийн төрсөн дүү Эрдэнэчулуунд адууны өртөг гээд хоёр тугалтай үхэр хүн авчирч өгсөн шүү гэж хэлсэн. Тэгээд нэг хоноод маргааш нь манай хоёр дүү Зүүнбүрэн сум руу хүн наймаа хийж байгаа гээд аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,     

10.Шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын  23-нд яллагдагчаар өгсөн...Би 2016 онд Сэлэнгэ аймагт байдаг Эрдэнэчулуун гэж залуугаас 4 тооны адууг тугалтай үхрээр солино гэж хэлээд худалдаж авсан. Тухайн үед үхрээ өгөөгүй байсан юм. Ингээд худалдаж авсан 2 тооны адууныхаа оронд өгөх ёстой байсан 2 тугалтай үхрээ өгье гэж бодоод ойролцоо саахалт айлын Мөнхболд гэх залуугийн хашаанаас 2017 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн үед улаан халзан хоёр үнээ 2 тугалын хамт хашааных нь хаалгыг онгойлгон хулгай хийж авсан. Тэгээд  хулгай хийсэн тугалтай үхрээ явганаар туугаад 3-4 цагийн үед Сэлэнгэ амгийн төвд 25-р тоочикт байдаг Эрдэнэчулууны хашаанд оруулж уясан. Тэгээд Эрдэнэчулууны утас руу нь залгаад 2 үхрийг чинь авчирсан шүү гээд гэрт нь оролгүй буцаад явганаар гэр рүүгээ явсан. Би тухайн үед Эрдэнэчулуунд хулгай хийж үхэр авчирсан гэж хэлээгүй өөрийнхөө үхрийг өгч байгаа гэж худлаа хэлж ойлгуулсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

11.Мал хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас/,

12.Яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/

13.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн / хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

14.Шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн гэм буруу, хохирогчийн эд хөрөнгийн

хохирлын талаар:

         Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Оюун-Эрдэнийг 2017 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг 34 дүгээр зөрлөг гэх газар байдаг иргэн Д.Мөнхболдын хашаанаас 2 үнээ, 2 тугалын хамт нийт 4 тооны мал хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

 -Хохирогч Д.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шаамар сумын үнэлгээ тогтоох комиссын акт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мал хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд гэрч Г.Хосбаяр, Д.Цэцэгмаа, Ө.Мөнхзул, Ө.Эрдэнэчулуун нарын мэдүүлгүүд зэрэг баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцэхэд:

Шүүгдэгч А.Оюун-Эрдэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1-р баг 34-р зөрлөг гэх газарт оршин суух Д.Мөнхболдын хашаанаас 2 тооны үнээ, 2 тооны тугалын хамт хулгайлж, Д.Мөнхболдод 2.300.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.     

 Шүүгдэгч гэм буруугийн талаар  маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

    Иймд шүүгдэгч А.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв. 

Хохирогч Д.Мөнхболд нь 4 тооны үхрээ буцаан авсан тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцов. Харин хохирогч алдсан малаа эрж хайж явахдаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн стартерийг эвдсэн ба 150.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээвэл зохино. Учир нь: Хохирогч статерийн үнийг өөрөө тогтоосон бөгөөд зах зээлд ямар үнэтэй болохыг тогтоолгоогүй байна.

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах”  гэмт хэрэгт “...240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, заасан ялаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  6 сарын хугацаагаар хорих ялыг үндсэн ялаар сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Уаах овогт Аянжавын Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Уаах овогт Аянжавын Оюун-Эрдэнэд 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Оюун-Эрдэнэд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ялтан А.Оюун-Эрдэнэ нь  төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.А.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч стартерийн үнэлгээг тогтоолгож, Иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шүүгдэгч А.Оюун-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.НАЦАГДОРЖ