Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

    2023      07          03                                           2023/ДШМ/29

 

 

Ч.Н-, Г.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Ч.Н-, Г.С-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Жавхлан,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарын давж заалдах гомдлоор Ч.Н-, Г.С- нарт холбогдох эрүүгийн 2340000000010 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н-, Г.С- нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Б-гийн хоёр тооны адууг буюу олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарыг “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Н-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Г.С-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн 8 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.С-од буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар багт өөрийн малаа маллаж байхад манай адуунд шарх сорви болсон 2 адуу ирж нийлэхээр нь манайд мал маллаж байсан Г.С-ын хамт барьж аваад зарж борлуулсан.  

Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч цагдаа дээр хэрэг шалгагдсан үеэс эхлэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ч.Н-гийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багаас иргэн С.Б-гийн 2 тооны морийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч цагдаа дээр хэрэг шалгагдсан үеэс эхлэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Миний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа хэрэгт холбогдож байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж  шүүхээс оногдуулсан хорих ялыг маань багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Н-гийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцож байна.

Ч.Н- нь 2000 онд төрсөн 23 настай малчин залуу. Дөнгөж амьдралд хөл тавиад алдаа гаргаж уг гэмт хэргийг үйлдсэн. Ч.Н- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс Ч.Н-г “мал хулгайлах” гэмт хэрэг биш “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэсэн байр суурийг илэрхийлсэн нь Ч.Н-г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг.

Ч.Н-гийн дээрх хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна.  

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэг. Шүүгдэгч Г.С- нь дээд сургууль төгсөөгүй, ерөнхий боловсролын мэдлэгтэй, хуулийн мэдлэггүй. Хэргийн хувьд хүний адуу ажиллаад махалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн махалсан адууг хулгайн мал уу, алдуул мал уу гэдэг дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч Г.С- өөрийн адуунд нийлсэн 2 адууг махалсан үйлдлээ “мал хулгайлах” гэмт хэргээр зүйлчлүүлэх үү, “алдуул мал завших” гэмт хэргээр зүйлчлүүлэх үү гэдгээ хуулийн тусгай мэдлэггүй учир мэдэхгүйн улмаас анхан шатны шүүх хуралдаан дээр хэргээ хүлээн зөвшөөрөөгүй.

2. Г.С-ын үйлдлийг анхан шатны шүүхээс бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, машин механизм ашиглаагүй гэж үзэж тээврийн хэрэгслийг буцаан олгосон байдаг.  Хавтаст хэргийн 33 дугаар талд Ч.Н- “...би хувиараа мал малладаг, туслах малчнаар Г.С- ажилладаг. ...би адуу болон үхрээ хариуцдаг, Г.С- хонь, ямаагаа хариуцдаг. ...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өвөлжөөний ойролцоо байсан манай адуунд 2 адуу ирж нийлсэн. ...уг 2 адууг мөнгө болгох зорилгоор хашаандаа хашиж бугуйлдаж барьсан. ...дараа нь Г.С-од уг 2 адууг хүний адуу болохыг хэлээд 1 адууг нь хамт зарж борлуулсан. Нөгөө адууг нь маргааш нь ганцаараа авч явж борлуулсан. ...2 адууны мөнгийг би өөрөө хэрэглэсэн...” гэж мэдүүлсэн байдаг. Уг 2 адууг мөнгө болгох зорилгоор өөрийн адуундаа нийлүүлж хашаандаа хашиж бугуйлдаж барьж авсан үйлдлийг Ч.Н- ганцаараа хийснийхээ дараа Г.С-од хэлсэн байдаг. Г.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна уу гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Уг 2 адууг мөнгө болгох зорилгоор өөрийн адуундаа нийлүүлж хашаандаа хашиж бугуйлдаж барьж авсан Ч.Н-гийн үйлдэл, адуу махлах үеэс эхлэн гэмт хэрэгт оролцсон Г.С-ын үйлдэл хоорондоо ялгаатай. Иймд Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэх боломжтой гэж үзэж байна.  

3. Шүүгдэгч Г.С- болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн тал дээр маргаагүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол хор уршиг, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Шүүгдэгч Г.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, бусдад бага хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна.

Тухайн хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг. Г.С-ын хувьд тус 2 адууг борлуулаад ашиг олох санаа зорилго байгаагүй, 2 тооны адууг Ч.Н-г бугуйлдаж барьж байхад нь хараад зогсож байсан, махлахад нь хамт махалсан байдаг.

Иймд Г.С-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг нь харгалзан шүүгдэгч Ч.Н-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Г.С-од 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан, үндэслэл бүхий шийдвэр гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэм бурууг шалгаж тодруулсан.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар нь бусдын өмчлөлийн малыг зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй авч захиран зарцуулсан үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч Ч.Н-, Г.С- нар нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгө болох малыг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь шунахайн сэдэлтээр авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангахаас гадна 2 бод малыг бүлэглэн хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан олон тооны малыг, бүлэглэж хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгодог ба хохирогч Батзаяагийн 2 тооны бод малыг хулгайлсан нь “олон тооны мал” гэсэн ойлголтод хамаарч байна.

Шүүгдэгч Г.С- нь “Ч.Н-г гуйхаар нь адууг нь түшиж өгсөн, түүнээс ашиг хонжоо, мөнгө олох зорилгоор адуу ажиллаагүй” гэж, шүүгдэгч Ч.Н-гийн “тухайн хоёр адуу манай адуунд нийлээд нилээд хэд хоног байсан, би хүний адуунаас хулгай хийж авчраагүй болохоор мал хулгайлсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус мэдүүлсэн боловч шүүгдэгч Г.С- нь тухайн гэмт хэргээс өөрт ашиг хонжоо хараагүй байж болох ч тухайн үйлдлээрээ Ч.Н-д тусалж түүнд ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлж буй хамтран буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ч.Н- нь малчин хүний үүднээс хуульд заасан үүрэг болох алдуул мал олсон талаараа цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэлгүйгээр бусдын малыг захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй мэтгэлцдэг болно.

Шүүгдэгч нарын гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн заалтыг хэрэглэх боломжгүй.

Жавхлан өмгөөлөгчийн хувьд “Ч.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.

Ч.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж байна. Ч.Н-гийн үйлдлийг тохиолдын шинжтэй гэж үзэх боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх боловч хохирогчид 2 адууны үнийг төлсөн, 2 тооны адууг биет байдлаар буцаан өгч хохирлыг арилгаагүй.

Мөн Нарангэрэл өмгөөлөгч Г.С-ын үйлдлийг “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна.  

“Мөнгө угаах" гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгодог. Шүүгдэгч Г.С-ын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл тогтоогдоогүй. Ч.Н-тэй үйлдлээрээ нэгдэж ашиг олоход нь тусалсан, хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг
хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Н-, Г.С- нар нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Б-гийн хоёр тооны адууг бүлэглэн хулгайлсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 01 хуудас/,

- Хохирогч С.Б-гийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 02 хуудас/,

- Хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанны шатанд өгсөн: “...Манай адуунаас 2023 оны 01 дүгээр сард 2 унагатай гүү бусад морьд нийлсэн 14 тооны адуу шуурганд уруудаж Б гэх гэх газарт очсон байсан. ....2023 оны 02 сарын 03-ны өдөр тухайн 14 тооны адуугаа татаж хурааж авах гээд очиж үзэхэд тухайн адуунд байсан гурван хөлтэй ширээтэй гал тамгатай хамар цагаан сартай хүрэн халзан зүсмийн морь, зээрд халзан зүсмийн 2 морь алга болсон байсан. ...Надад 2 адууны мөнгийг өгсөн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 8-9, 52 хуудас/,

- Ч.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "Би Ө гэх газарт мал маллан өвөлжиж байсан юм. Би тухайн үед гэртээ туслах малчин Г.С-ын хамтаар амьдарч байсан. Би өөрөө адуу, үхрээ хардаг. Адуугаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр харахад манай адуунд шарх сорви болсон. хамар цагаан хүрэн морь, зээрд халзан хүрэн морь нийт 2 адуу нийлсэн байсан. Тэгэхээр нь би тэр 2 адууг махалж зараад мөнгө болгоё гэж бодоод тэр өдрөө өвөлжөөндөө адуугаа хашаад тэр 2 адууг бугуйлдаж барьж авсан. Тэр үед Г.С- хашааны хаалган дээр зогсож байсан. Г.С-од манай адуунд 2 тооны айлын адуу ирээд нийлсэн байна махлаад аймаг ороод зарчихъя гэж хэлсэн. Тэгээд Г.С-ын хамтаар 2 адууг ажилласан. Эхний өдөр ажилласан 1 адууныхаа махыг Г.С-ын цагаан өнгийн королло маркийн машинд ачаад аймаг ороод махны ченж Б гэх хүнд өгсөн. 221 кг болсон нийт 1,667,000 мянган төгрөг болоод мөнгийг нь өөрийн хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Тэгээд хөдөө гэртээ харьсан. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үлдсэн нөгөө 1 адуугаа ажиллаад аймаг ороод нөгөө ченждээ өгч байгаад цагдаад баригдсан..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 32-33 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч нарыг “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Давж заалдсан гомдлын талаар:

Шүүгдэгч Ч.Н-, Г.С- нар “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч цагдаа дээр хэрэг шалгагдсан үеэс эхлэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Мөн хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж  шүүхээс оногдуулсан хорих ялыг маань багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй...” байгаа талаараа тодорхой мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч С.Нарангэрэл “...Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэх боломжтой...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүгдэгч Ч.Н-гийн “...Би тухайн үед гэртээ туслах малчин Г.С-ын хамтаар амьдарч байсан. ...2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай адуунд шарх сорви болсон. хамар цагаан хүрэн морь, зээрд халзан хүрэн морь нийлсэн байсан. Тэгэхээр нь би ...адуугаа хашаад тэр 2 адууг бугуйлдаж барьж авсан. Тэр үед Г.С- хашааны хаалган дээр зогсож байсан. Г.С-од манай адуунд 2 тооны айлын адуу ирээд нийлсэн байна махлаад аймаг ороод зарчихъя гэж хэлсэн. Тэгээд Г.С-ын хамтаар 2 адууг ажилласан..." гэх /1 хавтаст хэргийн 32-33 хуудас/ мэдүүлгээр няцаагдаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт оролцсоныг хамтран үйлдсэнд тооцдог тул шүүгдэгч нарын гомдол, өмгөөлөгч нарын саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарын гаргасан “ял хөнгөрүүлэх”  агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-, Г.С- нарын цагдан хоригдсон  67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

 

                                ШҮҮГЧИД                                          Б.ДЭНСМАА

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ