Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                  Д.Нямдэлэг

       Хохирогч                                                  Х.Нарантуяа  

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Мэргэд овогт Санжаагийн Гэрэлчулуунд холбогдох 1731000000111 дугаартай  Эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 27-нд өдөр Сэлэнгэ  аймгийн Сүхбаатарын суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1-58 тоотод  оршин суух хаягтай, урьд 2008 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 09 сарын 02-ны өдрийн 122 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 5 жил 01 сарын хорих ял авч байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Мэргэд овгийн Санжаагийн Гэрэлчулуун /РД:МЬ65022714/

 

  Шүүгдэгч  С.Гэрэлчулуун нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ардчилсан намын байранд Х.Нарантуяаг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч С.Гэрэлчулууны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... 2017 оны 12 дугаар сарын 03-нд Ардчилсан намын даргыг сонгох сонгууль болсон юм. Тэр өглөө 10 цагт сонгууль эхлэхэд эсэргүүцэгчид гэх хэдэн хүмүүсийн дотор Х.Нарантуяа байсан. Би энэ хүнийг огт танихгүй харин энэ хүн намайг таньдаг юм байна лээ. Манай төрсөн дүү энэ хүний нөхөртэй өмнө нь маргаж муудаж байсан юм. Тэгээд надад өс санаж явдаг юм шиг санагдаад байна. Би энэ хүнд гар хүрч өшиглөсөн зүйл огт байхгүй, харин энэ хүн тухайн үед гар утастай гараараа миний толгой руу цохисон гэв.

 

2. Хохирогч Х.Нарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2001 онд С.Гэрэлчулууны дүү болох С.Баатарчулуун нь манай нөхрийн нүдийг гэмтээсэн. Тэр үеэс хойш энэ хүнийг мэддэг болсон юм. Сонгуулийн үеэр би С.Гэрэлчулуун руу нөхрийг минь тийм болгосонд уурлаад мессеж бичиж байсан нь үнэн гэв.

 

3.Хохирогч Х.Нарантуяагийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний нүүрний баруун талын хацар руу Гэрэлчулуун алгадсан. Зүүн хөлний шилбэ рүү өшиглөөд унахдаа хана мөргөсөн. Хана мөргөөд толгойн ар хэсэг буюу дагз хавдсан. Миний зүүн гарын бугалга хэсэг, зүүн бугуйн зулгаралтыг С.Гэрэлчулуун учруулсан.Тухайн цаг хугацаанд С.Гэрэлчулуунтай маргалдаж муудалцах үед үүссэн гэмтлүүд С.Гэрэлчулууны төрсөн дүү нь миний нөхрийн нүдийг гэмтээж байсан юм. С.Гэрэлчулуун нь  намайг энэ талаар хүмүүст хэлчих вий гэж айн эмээсэндээ намайг хөөж гаргах гэж улайрч дайрч байсан юм. Би болохоор С.Гэрэлчулуун нь надад хандаж “чи юугаа ярьж хэлдэг юм гэж анх маргалдаж, муудалцсан юм. С.Гэрэлчулуун нь намайг ална хуучны өс хонзонтой, байгаа юм гэж хэлээд дайраад байсан. Намын сонгууль болоод олон хүнтэй С.Гэрэлчулуун нь маргалдаж хэрэлдэж байсан мөртлөө ганцхан над руу дайраад байсан нь ямар учиртай юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

4.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

5.Гэрч Б.Уламбаярын  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ардчилсан намын сонгуулийн байранд дотоод сонгууль явагдаж байсан. С.Гэрэлчулуун нь дотоод сонгуулийн хорооны гишүүний ажлыг хийж байсан. Хуваарын дагуу зохион байгуулалтын ажлыг хийж байсан. Би дээр 2 давхарт ажлаа хийж байхад гэнэт хүмүүс бужигналдаад Гэрэлчулуун ах орж ирсэн чинь араас нь Нарантуяа орж ирээд “Гэрэлчулуунаа чи манай нөхрийн нүдийг ухаж идсэн биз дээ” гэх мэт орилж хашгирсан бадалтай орж ирцгээсэн. Би Гэрэлчулуун, Нарантуяа нарын хооронд ямар нэгэн зүйл болсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

6.Гэрч Э.Болор-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 сарын 03-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгууль явагдаж байсан. Би сонгуульд сонгууль өгөх хүмүүсийг бүртгэж байгаад дотогшоо байр руугаа орсон чинь Х.Нарантуяа нь СГэрэлчулууныг “чи манай нөхрийн нүдийг залгисан” гэж хэлээд Гэрэлчулуунтай маргалдаж байсан. Би Гэрэлчулуун, Нарантуяа нарыг ямар учраас маргалдсан талаар мэдэхгүй байна. Нарантуяа нь сонгууль өгөх гэж ирсэн байсан. Гэрэлчулуун нь сонгуулийн хороонд ажиллаж байсан. Гаднаас орж ирсэн чинь нэг мэдсэн Гэрэлчулуун, Нарантуяа нар хэрэлдэж маргалдсан байсан. Тухайн үед хэдэн цагт хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

7.Гэрч С.Баатархүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 сарын 03-ны өдөр Гэрэлчулуун ах над руу утасдаж чи Ардчилсан намын байран дээр хүрээд ир энд нэг эмэгтэй намайг дарамталаад чиний тэр 2000 онд болсон асуудлын талаар надтай холбож яриад байна гэж ярьсан. Гэрэлчулуун ахтай маргалдаж муудалцсан Нарантуяа гэх эмэгтэйн нөхөртэй би 2000 онд маргалдаж муудалцаж байгаад гэмтэл учруулаад тухайн үедээ хүлээх хариуцлагаа хүлээсэн. Тэр асуудлыг Нарантуяа гэх эмэгтэй Гэрэлчулуун ахтай холбож яриад  байгаа юм байна лээ.  .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

8.Гэрч Ч.Саранчимэгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 сарын 03-ны өдөр Ардчилсан намын сонгууль болсон юм. С.Гэрэлчулуун тухайн үед намын байранд ажиглагч хийж байсан. Х.Нарантуяа нь гаднаас орж ирэхдээ Гэрэлчулуунд хандаж “та нар хууль бус зүйл хийхээ боль” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Би тухайн үед 2 давхар руу гарчихсан юм. Удаагүй доошоо нэг давхар руу буугаад зогсож байхад С.Гэрэлчулуун нь Нарантуяаг цохих шиг болоод Нарантуяа нь хана руу унаад газар унаад босож ирэхдээ “чи намайг цохидог өшиглөдөг хэн бэ” гэж хэлээд орилж хашгираад байсан. Ингээд хүмүүс бужигналдаад эхэлсэн. Хүмүүс Гэрэлчулууныг хоёр давхар руу гар гэж хэлээд гаргахад араас нь Нарантуяа нь гараад өрөөнд орж өргөдөл бичиж байхдаа ухаан алдаад унасан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

9.Гэрч Ж.Батсүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 сарын 03-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгууль болсон юм. Тухайн үед 2 нэр дэвшигч байсан. Нэгийг нь хасчихсан байсан байна лээ. Ингээд хүмүүс ганц хүний сонгууль гэж байхгүй гэж хэлж маргаан гарсан. Гэрэлчулуун нь дотоод сонгуулийг хариуцан ажиллаж 2 давхарт байсан. 2 давхараас бууж ирээд одоо энэ Нарантуяа гэх эмэгтэйтэй маргалдсан. Нарантуяа нь Гэрэлчулуунд хандаж “танай дүү чинь миний нөхрийг зодсон” гэх шиг хувийн маргаантай зүйл ярьж хэлж хэрэлдэж байсан. Гэрэлчулуун болохоор Нарантуяа гэх эмэгтэйг гаргах гээд түлхэж харагдсан. Тэгээд хүмүүс “больцгоо” гэж хэлээд Гэрэлчулууныг хүмүүс “дээшээ гар” гэж хэлээд дээшээ гаргасан. Араас нь 2 давхар руу Нарантуяа гэх эмэгтэй “чамтай нэгийгээ үзнээ” гэх мэт зүйл ярьж хэлээд гарсан. Доор нэг давхарт С.Гэрэлчулуун, Х.Нарантуяа нар нь нэгийгээ үгээр идсэн, намын маргаан биш гэр бүлийн юм уу дээр үеийн зүйлийг ярьж байсан. Хувийн өс хонзонгийн маргаан байдаг юм шиг байна лээ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

10.Гэрч Б.Оюунцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 12 сарын 3-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хурал болсон. Би сонгуулийн үйл ажиллагааг хянаад байж байтал нэр дэвшигчийн нэгийг нь больчихсон байсан. Гэрэлчулуун болохоор дотоод сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Тэгсэн 2 давхараас бууж ирээд “2 нэр дэвшигчийн нэгийг хасчихсан, нэг нэр дэвшигчийн саналын хуудас нь гэнэт л маргаан үүссэн. Би нэг давхарт сууж байгаад бие засах гээд явчихсан хойгуур Нарантуяа Гэрэлчулуун нар хоорондоо маргалдаж 2 давхар руу гарчихсан байсан. Бие засаад ирсэн чинь С.Гэрэлчулуун, Нарантуяа нар хоорондоо хэрэлдэж маргалдчихсан байсан. Гэрэлчулуун, Нарантуяаг цохиж зодохыг бол би хараагүй. Нэг нэг рүүгээ орилж хашгираад Нарантуяа нь 10 жилийн өмнө болсон явдлын талаар яриад байх шиг байсан. Миний нөхрийн нүдийг гэмтээсэн гэх мэт зүйлийг Гэрэлчулуунд хандаж хэлж яриад байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

   11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 01 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:

       1. Х.Нарантуяагийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдаганд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

12.Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

13.Шинжээч Т.Насанжаргалын  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 12 сарын 05-ны өдөр үзлэг хийж дүгнэлт гаргасан. Х.Нарантуяагийн толгойн баруун хэсэг овойж хавдсан, зүүн бугалга, овойж хавдсан, зүүн бугуйнд зулгаралт зүүн өвдөг овойж хавдсан байсан. Мөн Нарантуагийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдаганд зөөлөн эдийн няцрал, зүүг бугуйд зулгаралт бүхий гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохиулах, цохиулах зэрэгт уг гэмтэл үүсэх болмжтой....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

14.Шүүгдэгч С.Гэрэлчулууны 2017 оны 12 дугаар сарын 18-ны2017 оны 12 өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2017 оны 12 сарын 03-ны Ардчилсан намын даргыг сонгох сонгууль болсон Би аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүний хувьд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ардчилсан намын байранд эсэргүүцэгч нар хурал явуулахгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүс байсан. Би хүмүүст хандаж дүрэм журамтай байцгаая гэж хэлж ярьж байсан. Тэгсэн гаднаас хар малгай шубатай хүүхэн орж ирээд тэнд байсан хүмүүстэй мэндлээд сонгууль эсэргүүцэх өнгө аястай зүйл яриад байсан. Тэгсэн тэр хүүхэн надад хандаж “Чи намайг таньж байна уу, чи миний нөхрийн нүдийг залиснаа мэдэж байна уу” гэх зэрэг зүйл яриад байхаар нь би тэр эмэгтэйд хандаж “энд хувийн чанартай зүйл ярихгүй шүү” ажил явагдаж байна та бүхэн ойлгоорой гэж хэлсэн. Тэр эмэгтэй намайг “чи дарга юм уу чи юу юм бэ” гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Би тухайн эмэгтэйг намын байрнаас гаргах гээд барих гэтэл гар утастай гараараа миний толгой руу цохьсон. Ингээд би дээшээ 2 давхар руу гарсан. 2 давхарт байж байхад араас нөгөө эмэгтэй гарч ирээд надад хандаж “би чамайг зүгээр байлгахгүй, би өргөдөл бичнэ” гээд өргөдөл бичиж байхдаа намайг элдвээр хэлээд “өрөөнд багтараад, дотор сонин болоод байна” гэж хэлээд 5-6 минут орчим ухаан алдсан юм уу сандал дээрээс унасан. .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

15.Шүүгдэгч С.Гэрэлчулууны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55, 50-54 дугаар хуудас/,

12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

13.Хохиролын баримт /хавтаст хэргийн 65-70 дугаар хуудас/  зэрэг болно.

 

                     Хэрэгт цугларсан нотлох баримтуудад Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Мэргэд овог, Санжаагийн Гэрэлчулууныг 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ардчилсан намын байранд тус сумын иргэн Х.Нарантуяаг зодож тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

      Учир нь: Шүүгдэгч С.Гэрэлчулуун нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ардчилсан намын байранд Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн үеэр хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн маргаанаас үүдэн иргэн Х.Нарантуяаг алгадаж, гуяны орчим нь өшиглөснөөс,  тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдөгөнд зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байна. 

      Шүүгдэгч дээрхи гэмтлийг учруулаагүй, би Нарантуяаг зодоогүй гэж байгаа ч гэрч Б.Уламбаяр, Э.Болор-Эрдэнэ, Ч.Саранчимэг, Ж.Батсүх, Б.Оюунчимэг нарын “намын байранд Гэрэлчулуун, Нарантуяа нарын хооронд зодоон болсон, зодоон болоход хохирогч Нарантуяа гэр бүлийн шинжтэй, дээр үеийн болж өнгөрсөн асуудлын талаар маргаан үүсгэсэн, хувийн өш хонзон байсан, Гэрэлчулуун Нарантуяаг зодох шиг болсон, Нарантуяа нь хана мөргөж унасан” гэсэн адил төстэй мэдүүлгүүд,  шинжээч Ж.Насанжаргалын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж байгаа ч гэм буруутай нь баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлж гэмт хэргийн хор уршгийг арилгасан байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хохирогчийн хууль бус үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэх нь зүйтэй гэж үзээд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг сонгов.

      Хохирогч Х.Нарантуяа нь эмчилгээний зардалд 405.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Гэрэлчулуунаас гаргуулж хохирогч Х.Нарантуяад олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор гэмт хэргийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүгдэгч С.Гэрэлчулуун цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мэргэд овогт Санжаагийн Гэрэлчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Санжаагийн Гэрэлчулууныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар С.Гэрэлчулуунд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2-155 тоотод оршин суух Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяад олгосугай.

 6.Ялтан С.Гэрэлчулуун энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ