Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

   2023        07           03                                           2023/ДШМ/30

 

 

А.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүгдэгч А.Ч-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хишигбаатар нарыг оролцуулан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1830003360046 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Ч- нь П.Г-ай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны орчим "Б" гэх газраас Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглаж хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө "Ү" гэх газраас Х.Э-ын ззэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бурууг машин механизм ашиглан хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Ч- нь П.Г, Х.Э нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө "Ш" гэх газраас С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орчим "А" гэх газраас  Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм ашиглаж хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Ч- нь П.Г, Э.З нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө "Ж" гэх газраас С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, 4.860.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд "О" гэх газраас Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Ч- нь П.Г, Э.Э нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө “Б" гэх газраас Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө "Б" гэх газраас Р.Э-н эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Ч- нь С.Г, Л.А нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр "Х" гэх газраас Б.М-н эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.985.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Ч- нь Э.З, Б.А, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд "Д" гэх газраас С.Б-н эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан, 

 

Мөн шүүгдэгч А.Ч- нь ганцаараа 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Х-н гэрээс Л.М-н эзэмшлийн Samsung Galaxy S7, Samsung Galaxy S9 Plus 2 маркийн rap утсыг "А.Ч- утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр "Х" гэх газарт байрлах Б.С-н улаан өнгийн "Эко Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг, хяналтын прокурор Д.Чулуунпүрэв нараас шүүгдэгч А.Ч-ийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын  ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг, хяналтын прокурор Д.Чулуунпүрэв нараас шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

 -Шүүгдэгч А.Ч-ийг “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ээс:                                                                                                                                                                                                                                                                                                                     

-1.328.333 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д,

-500.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Э-т,

-466.666 төгрөг гаргуулан хохирогч С.А-т,

-1.400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-т,

-276.667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,

-900.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-ад

-789.000 төгрөг гаргуулан хохирогч Л.М-д,

-400.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Э-д,

-200.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,

-560.000  төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,

-70.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Б-д,

-866.667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.О-д,

-350.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-д тус тус олгож,

мөн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.523.000 төгрөгийг хувааж, шүүгдэгч А.Ч-ээс  613.666 төгрөг,

- “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.960.000 төгрөгийг хувааж, шүүгдэгч А.Ч-ээс  1.986.666 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: 1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ мотоцикл эзэндээ эргэн очсон, бярууг Г-с авч эзэнд нь өгсөн байхад хохирол төлсөнд тооцоогүй, төлөхөө илэрхийлсэнд тооцоогүй.

2. “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлийн төлбөрийг 3 хүнд хуваасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдэлд 5 хүн оролцсон тул 5 хүнд хувааж, надаас 800.000 төгрөгийн төлбөр хасагдаж тооцогдох ёстой.

3. Дорнод аймаг руу “Бонго-3” маркийн автомашинаар З, А, Э бид дөрвүүлээ 4 тооны адуу ачаад явсан байхад “Эдван” маркийн машин ашигласан гэж шүүхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Намайг өөрийн үйлдсэн гэмт хэргүүддээ өөрийн гэм буруугаа чин санаанаасаа хүлээж, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж, төлж барагдуулахаа илэрхийлсээр байхад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй 06 жил 06 сарын хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байх тул миний гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах хөнгөн ялаар сольж надад ашигтайгаар шийдвэрлэн өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.Ч-ийн “анхан шатны шүүхээс оногдуулсан 06 жил 06 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Ч- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа тул Өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.

Мөн Дорнод аймаг руу “Бонго-3” маркийн автомашинаар З, А, Э дөрвүүлээ 4 тооны адуу ачаад явсан байхад “Эдван” маркийн машин ашигласан гэж шүүхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гомдолд дурдагдсан мотоцикл болон хохирол төлбөрөө төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. “Эдван” маркийн машинд 4 тооны адууг ачсан гэж үзээгүй, тус машинаар адууг тууж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогдсон. Мөн 8.000.000 гаруй төгрөгийн төлбөр төлөгдөөгүй, яаж төлөх нь тодорхойгүй байгаа тул шүүгдэгч А.Ч-ийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр А.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокурор шүүгдэгч А.Ч-ийг бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд машин механизм ашиглан бусдын нийт 23 бод, 17 бог малыг хулгайлсан,

- мөн бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.М-н чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хулгайлсан, ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.С-н мотоциклийг хулгайлсан,  

- 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Л.М-н гap утсуудыг залилж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Л.М-н гap утсуудыг залилж авсан гэх үйлдлийг залилсан гэх үйл баримт тогтоогдохгүй, харин бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх үйл баримт тогтоогдож байна...” гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилж “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж , 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч А.Ч-ийн хохирогч Л.М-н 2 ширхэг гар утсыг авч 798.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг авч хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.  Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                                        ШҮҮГЧИД                                             Г.БОЛОРМАА

                                                                 Д.ГАНЗОРИГ