| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0192/З |
| Дугаар | 128/ШШ2024/0842 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э*******
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн мэргэшлийн хороо
Маргааны төрөл: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дахин үнэлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Мэргэшлийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
“Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дахин үнэлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Мэргэшлийн хороонд даалгах”
Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Э******* миний бие Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны байгуулсан Шалгалтын комиссоос 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан Өмгөөлөгчийн шалгалтад оролцсон бөгөөд тус шалгалтын нэгдсэн дүн 2023 оны 12 сарын 13-ны өдөр гарч, холбогдох журмын дагуу шалгалтын бодлогын даалгавар болон эссэг дахин шалгуулах хүсэлт өгсөн боловч зөвхөн өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил шийдвэрлэх даалгаврыг шалгаж бүтэн оноог өгсөн байсан бөгөөд харин бусад даалгаврыг шалгаагүй. Тиймээс миний шалгалтын материалыг дахин шалгах хүсэлт болон тус шалгалтын үнэлгээтэй холбоотойгоор өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил шийдвэрлэх даалгавраас бусад материалыг хэрхэн шалгасан тухай, эхний болон 2 дахь комиссын эсээ дүгнэсэн аргачлалыг, хэрвээ дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн бол ямар үндэслэлээр тэгж дүгнэсэн талаарх 2 дахь комиссын дүгнэлттэй танилцах боломжоор хангах, мөн миний бичсэн эсээг хуулбарлан өгөх, шалгалтад ирсэн захиргаа, эрүү, иргэний бодлогын бодолт, эссэг дүгнэсэн аргачлалаа эсвэл тэнцсэн хүмүүсийн хамгийн сайн бичсэн нэг эссэг пэйж хуудас болон сайтдаа байршуулах тухай хүсэлтүүдийг шалгалтын даалгавар дүгнэх комисст 2023 оны 12 сарын 20-ны өдөр гаргасан боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй байна. Өмгөөлөгчийн шалгалт 2022, 2023 онуудад тус тус зохион байгуулагдсан бөгөөд Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 3 дугаар зүйл буюу Шалгалт зохион байгуулах зарчим /Шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, хараат бус байх зарчмыг баримтална/ 2023 онд өмгөөлөгчийн шалгалтад оролцогч миний хувьд зөрчигдсөн гэж үзэж байна Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 26 дугаар зүйл. /Шалгалтад хэрэглэх программ, хангамж/-ийн 26.2-т "Оролцогч тус бүр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, /www.legalinfo.mn/-ийг ашиглах боломжоор хангаж болно" гэж заасан. Энэ заалт эссэ бичлэгийн шалгалт буюу мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох шалгалтад "болохгүй" гэдэг утгаар нь хэрэгжсэн. Өмгөөлөгчийн шалгалтын эхний зохион байгуулалт буюу 2022 оны шалгалтад оролцогчдод дээрх заалт "болно" гэдэг утгаараа хэрэгжиж шалгалтад оролцогчдын 90 хувь нь тэнцэж, 2023 онд оролцогчдын 10 хувь нь тэнцсэн. Ингэж журмын 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг 2022, 2023 онд нэг мөр биш, эсрэг утгаар нь хэрэглэж, өөр цаг хугацаанд шалгалт өгч байгаа шалгалтад оролцогчдод шударга бус хандлаа. www.legalinfo.mn-д Улсын дээд шүүхийн бүх тайлбарууд байдаг. Мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох эссэ бичлэгийн шалгалтыг Үндэслэлээ тодорхойлж, нотолсон байдал-30 хүртэл оноо, Монгол хэлний бичгийн чадвар-10 оноо гэсэн 2 бүрдэл хэсэгтэй байна гэж журамдаа заасан байдаг. Миний бие 24.33 оноо авсан. Монгол хэл бичгийн чадварын 10 оноог бүтэн авсан гэж үзвэл 14.33 оноо буюу 50 хувьд нь хүрэхгүй оноог мэтгэлцэх ур чадварын шалгалтад авчээ. Википедиа нэвтэрхий толь /https://mn.wikipedia.org/wiki/ дахь эсээний тодорхойлолт: "Хүн ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримт дээр тулгуурлан олон талаас нь шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, томьёолон таамаглах, адилтган зүйрлэх зэрэг оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл” гэж, эсээг үндэслэгч, эсээ бичлэгийн гол төлөөлөгч Францын зохиолч Монтень эсээг тодорхойлохдоо "Ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн чанар тэдгээрийн учир холбогдлын тухай бусдаас хараат бус хүний давтагдашгүй өвөрмөц байр суурь, үзэл санааг дагнан илэрхийлэх боломжтой богино хэмжээний бичвэр байж болно" гэжээ Эссэ нь бичвэр болохын хувьд мэтгэлцэх ур чадварыг тогтоох боломжгүй юм. Мэтгэлцээн бол тухай нөхцөл байдал дахь сэтгэлгээний хурдыг шаардсан, мөн тухайн хэрэг маргаантай танилцаж, судалж, нотлох баримт бүрдүүлснийхээ үндсэн дээр, бэлдсэн хэмжээндээ үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж оролцдог зүйл. 2023 оны өмгөөлөгчийн шалгалтын эссэний сэдэв "Гэм буруугийн зарчим, түүнийг хангах баталгаа "байсан. Миний хувьд тус сэдвээр өвөрмөц байр суурь, үзэл санааг өөрийн ажлын онцлог, туршлага дээр үндэслэн илэрхийлсэн. Түүнчлэн учир шалтгаан ба үр дагаврын, ухуулсан хэлбэрүүдийг агуулсан, санал болгох зорилготой, хүлээн авч унших хүмүүсийн хувьд тусгай бүлэг буюу сонирхол, мэргэжил нэгтнүүддээ хандан бичсэн. Өөрөөр хэлбэл эссэнд тавигдах бүхий л шалгуурыг ханган бичсэн гэж өөрийгөө дүгнэж байгаа бөгөөд дахин шалгуулах хүсэлтдээ үүнийгээ дурдсан. Хуульчийн мэргэшлийн шалгалтад оролцогчид шалгалтын даалгавруудын бодолт нийтлэгдсэний дараа гомдлоо гаргадаг. 2023 оны өмгөөлөгчийн шалгалтад оролцогчдод өөрийгөө ямар хэмжээнд хийснээ, аль даалгаварт нь гомдол бичихээ шийдэх боломж байгаагүй буюу даалгавруудын бодолтууд, эссэ бичлэгийн шалгалтын хариу нийтлэгдээгүй, хэрхэн хийх байсан талаар харж, үзэх өөрийгөө дүгнэх боломж байхгүй байсан тул миний бие бүх даалгаврыг дахин хянуулахаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.3-т "гомдол гаргагч нь гомдолдоо шаардлага, түүний үндэслэлийг тодорхой дурдаж, шаардлагын нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана" гэж заасан. Тохиолдол шинжлэх даалгаврууд шүүхээр шийдэгдсэн кэйсүүд байсан учраас шийдвэрүүдийг хавсаргах боломж байсан, харин эссэ бичлэгийн шалгалтад ямар нотолгоо хавсаргах нь тодорхойгүй. Миний бие 2023 оны 12 сарын 20-ны өдөр шалгалт дүгнэх комисст хүсэлт гаргахдаа тухайн үед өөрийн бичсэн эссэг хуулбарлан өгөхийг хүссэн, учир нь тухайн үед бичсэн үг, найруулга одоо надаас гарах боломжгүй юм. Миний бие шүүхийн системд 13 дахь жилдээ ажиллаж байгаад өмгөөлөгчийн шалгалтад орохын тулд төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны Шалгалтын комиссын хууль бус шийдвэрээс болж эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтойгоор зөрчигдөж байна. Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны Шалгалтын комиссоос миний гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, миний шалгалтын бодлогын даалгавар болон эссэг дахин шалгаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тодруулсан нэхэмжлэлдээ: “Миний бие Г******* овогтой Э******* 2023 оны 12 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд өмгөөлөгчийн мэргэшлийн шалгалтыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах АСЕ тоглоомын төвд өгсөн. Захиргаа, иргэн, эрүү, өмгөөлөгчийн ёс зүйн бодлогын бодолтоо дахин шалгуулах хүсэлтэй байна. Үндэслэл нь: Тус холбооноос зохион байгуулан 2023.12.02-03-ны өдрүүдэд явуулсан өмгөөлөгчийн шалгалтад бэлтгэх сургалтаар орсон багш нарын заасан бүхий л арга, техникийг бүрэн ашиглаж бодлогуудыг бодсон бөгөөд захиргааны бодлогыг аргачлалын дагуу, хамаарахуйц байдлыг бүтэн шалгасан болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас хандан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Иргэний бодлогыг мөн бодлого бодох аргачлалын дагуу, асуултуудад товч бөгөөд тодорхой хариулсан. Эрүүгийн бодлогын хувьд сургалтаар заасны дагуу аль болох хөнгөрүүлэх, цагаатгах байр сууринаас хандсан. Өмгөөлөгчийн ёс зүйн бодлого нь шүүхийн шийдвэрийн цахим сангийнhttps://shuukh.mn/single_case/5799?start_date=&end_date=&id=2&court_cat=3&b b=1 холбоосоор нийтлэгдсэн 2023 оны 05 сарын 15-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэрэг байсан. Өмгөөлөгчийн ёс зүйн бодлогын өмнө зохион байгуулах комиссын нэгнийх нь зүгээс шинэ, хуучин Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм байгаа тул анхаарахыг сануулж байсан. Шалгалт эхлэхэд дээрх магадлалаар шийдвэрлэсэн бодлого орж ирсэн ба бодлогын өгөгдөл 2022 оны огноотой байсан. Магадлалаар маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн байсан ба энэ маргааныг хянан шийдвэрлэх үед Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 45.1-д өөрчлөлт ороогүй буюу "гомдлыг үндэслэн" шалгана гэсэн заалт байсан. 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Дүрмийн 45.1-ийг Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн, гомдлын хүрээнд шалгана" гэж өөрчлөн найруулсан. Бодлогын асуулт өмгөөлөгч В.Ч-ийн үйлдэл, эс үйлдэхүйг дүгнэнэ үү гэсэн байсан тул ӨМЁЗД-ийн өөрчлөн найруулсан заалтаар, шалгалт болж байгаа цаг хугацаанд өмгөөлөгч В.Ч-ийн үйлдлийг дүгнэсэн. Бодлогод ямар ёс зүйн зөрчил оногдуулах тухай асуулт байхгүй байсан болно. Иймд өмгөөлөгчийн ёс зүйн бодлогыг бодлогын нөхцөлийн хүрээнд, асуултад бүтэн оноо авахаар хариулсан гэж бодож байна. Дээрх үндэслэлүүдээр 4 бодлогын бодолтоо дахин шалгуулах хүсэлтэй байна. 2. Эсээ нь "ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн чанар тэдгээрийн учир холбогдлын тухай бусдаас хараат бус хүний давтагдашгүй өвөрмөц байр суурь, үзэл санааг дагнан илэрхийлэх боломжтой богино хэмжээний бичвэр байж болно" гэж Дээрх үндэслэлүүдээр 4 бодлогын бодолтоо дахин шалгуулах хүсэлтэй байна. 2. Эсээ нь "ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн чанар тэдгээрийн учир холбогдлын тухай бусдаас хараат бус хүний давтагдашгүй өвөрмөц байр суурь, үзэл санааг дагнан илэрхийлэх боломжтой богино хэмжээний бичвэр байж болно" гэж тодорхойлсон байдаг. Миний хувьд Гэм буруугийн зарчим, түүнийг хангах баталгаа гэсэн сэдвээр өвөрмөц байр суурь, үзэл санааг өөрийн ажиллаж буй албан тушаалын туршлага дээр үндэслэн гарган ирсэн. Түүнчлэн учир шалтгаан ба үр дагаврын, ухуулсан хэлбэрүүдийг агуулсан, санал болгох зорилготой, хүлээн авч унших хүмүүсийн хувьд тусгай бүлэг буюу сонирхол, мэргэжил нэгтнүүддээ хандан бичсэн эсээ юм. Иймд миний шалгалтын бүх материалын дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Э******* миний бие Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны байгуулсан Шалгалтын комиссоос 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан Өмгөөлөгчийн шалгалтад оролцсон бөгөөд нийт 100 оноо авахаас 64.33 оноо авсан. Үүнээс ур чадварыг шалгах эссэ бичлэгийн шалгалтыг дутуу үнэлсэн гэж үзэж маргаж байгаа. Эссэ бичлэгийн үнэлгээ нийт 40 оноо байсан. Үүнээс монгол хэл бичгийн 10 оноог бүтэн авсан гэсэн ойлголттой болсон. 24,33 оноог мэргэжил нэгт хуульч, өмгөөлөгчид шалгаж өгсөн юм байна гэж ойлголоо. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсээд бараг жил орчим болж байна. Хэргийн материалтай танилцахад шалгалтын явц итгэл төрүүлэх биш анхнаасаа миний өгсөн эссэг биш буруу эссэг хэрэг өгсөн байсан. Би өмгөөлөгчийн ёс зүйн шалгалтад дутуу оноо авсан гэж маргаж өмгөөлөгчийн ёс зүйн бодлогыг мөн минийх биш буруу бодлогыг өгсөн байсан. Эдгээрээс шалтгаалан би өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй. Миний хүсэлтээр шалгалт комисст томилогдсон Монгол хэл бичгийн профессор болох 3 гэрчийг асуусан. Гэрч нараас яагаад надад ийм оноо өгсөн бэ, ямар шалгуураар шалгасан гэдгийг тодруулах зорилготой байсан боловч гэрч нар 40 онооны 10 оноог өгсөн байсан. Гэрч нар Монгол хэлний доктор, профессор багш нар байсан ба хэл бичгийн ур чадвар, монгол хэлний дүрмийг шалган 10 хүртэлх оноог өгсөн байдаг нь гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Харин 30 оноог ямар хүмүүс өгсөн болох талаар тодруулахаар хүсэлт гаргахад миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Бусад эссэ бичлэгийг шалгасан шалгагч нар яагаад надад 30 онооноос 14.33 оноо өгсөн болохыг тодруулах шаардлагатай байсан. Эссэ ямар, ямар шаардлагатай байдаг гэдгийг өмнөх 3 гэрч тодорхой хэлж өгсөн. Эхний шалгалтын дараа гомдол гарган 2 дахь шалгалтыг дүгнэхэд өмнөх 3 гэрч гурвуулаа дахин шалгалтад дуудаагүй гэсэн мэдүүлэг өгсөн. Хэрэгт яагаад худлаа баримт хэрэгт хавсрагдав гэдгийг ойлгохгүй байгаа юм. За хэргийн 25 дугаар хуудсанд миний хүсэлт гаргасан хүмүүс томилогдсон нь харагдаж байгаа. Дахин шалгалтын оноо 127 дугаар хуудсанд байна. Эсээ бичлэгийн гомдлын үнэлгээний 134-т миний код байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар хэлэх боломж өгнө үү.” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1 Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна" гэсний дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комиссоос Өмгөөлөгчийн шалгалтад оролцогчдын шалгалтын материалыг дүгнэх комиссыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталж. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дүгнэх комисс шалгалтад оролцогчдын нийт материалыг үнэлж дүгнэсэн болно. Энэхүү дүгнэх комисс нь Г.Э*******гийн, шалгалтын материалыг анхны үнэлгээгээр дараах байдлаар үнэлсэн байна. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах комисс шалгалтын нэгдсэн дүнг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны цахим хуудсаар нийтэд мэдээлсэн болно. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.1-д "Өргөдөл гаргагч болон оролцогч нь шалгалттай холбоотой дор дурдсан асуудлаар гомдол гаргаж болно" гэж, 31.1.5-д "шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой" гэж, 31.5-д "Энэ журмын 31.1.2-31.1.3-m заасан гомдлыг тухай бүр ажлын цагт багтаан, 31.1.5-д заасан гомдлыг шалгалтын нэгдсэн дүнг мэдээлснээс хойш ажлын гурав хоногийн дотор гаргана" гэж заасны дагуу шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авсан. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 20.8-д "Шалгуулагч шалгалтын дүнгийн талаар гомдол гаргасан тохиолдолд анхны даалгавар зассан бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хянаж үнэлнэ" гэж заасны дагуу дахин өөр бүрэлдэхүүнээр дүгнэх комиссыг байгуулж гомдол гаргасан нийт шалгуулагчдын шалгалтын материалыг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин дүгнэжээ. Энэхүү дүгнэх комиссын бүрэлдэхүүнээр нэхэмжлэгч Г.Э******* нь дараах үнэлгээг авсан байна. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлийн 31.13.4-т "Гомдол гаргагчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 31.13.3-т заасан үнэлгээний аль өндөр авсан үнэлгээгээр эцсийн үнэлгээг тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Э*******гийн эрх зүйн байдлыг нь дордуулалгүйгээр аль өндөр авсан оноог нь шалгалтын программд оруулсан болно. 2. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 28.2 дахь хэсэгт - Тохиолдол шинжлэх шалгалтын бүрдэл хэсэг тус бүрийг дор дурдсан оноогоор үнэлнэ:" 28.2.1. Үндсэн хууль, захиргааны эрх зүй 15 хүртэл оноо 28.2.2. Иргэний эрх зүй 15 хүртэл оноо, 28.2.3. Эрүүгийн эрх зүй 15 хүртэл оноо; 28.2.4. Өмгөөлөгчийн ёс зүй 15 хүртэл оноо" гэж заасан байдаг Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 31 дүгээр зүйлд "Шалгалттай холбоотой гомдол гаргах түүнийг шийдвэрлэх" тухай зохицуулсан байх бөгөөд тус журмын 31.1.5 дахь хэсэгт "Шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой" гомдлыг 31.2 дахь хэсэгт зааснаар Дүгнэх комисст бичгээр гаргах зохицуулалтын дагуу Г.Э*******гийн гаргасан гомдлын дагуу холбогдох шалгалтын материалыг нь дахин хянаж, дүнг нь гаргаж, гомдол гаргагч /нэхэмжлэгч/ Г.Э*******д мэдэгдсэн байна. 3. Нэхэмжлэгч Г.Э******* нь нэхэмжлэлдээ "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 26 дугаар зүйл /Шалгалтанд хэрэглэх программ хангамж/-ийн 26.2-т "Оролцогч тус бүр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ийг ашиглах боломжоор хангаж болно" гэж заасан. Энэ заалт эссэ бичлэгийн шалгалт буюу мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох шалгалтанд "болохгүй" гэсэн утгаар хэрэгжсэн" гэжээ. Журмын дээрх заалтын дагуу тохиолдол шинжлэх шалгалт буюу Эрүүгийн эрх зүй. Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Өмгөөлөгчийн ёс зүйн шалгалтад тус эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг ашиглуулсан. Харин мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох буюу эссэ бичлэгийн шалгалтад эх сурвалж ашиглуулах нь зохисгүй, эх сурвалж ашиглуулсан тохиолдолд тухайн шалгуулагчид бусдын бэлэн эссэ, ишлэл санаа бодол, дүгнэлт, бэлэн материалыг хуулж тавих магадлалтай гэж үзсэний үндсэн дээр ямар нэгэн эх сурвалж ашиглуулаагүй байна. Нэхэмжлэгч ГЭ*******гийн нэхэмжлэлд дурдсан асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журамд заасны дагуу бүхий л талаас нь авч үзэж, шалгалтын материалуудад үндэслэж, гомдол гаргагчид ашигтай байдлаар нь дүгнэн шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар, Г.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Э*******гийн хувьд Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хороонд холбогдуулж анх 2 шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад нэг шаардлагаасаа татгалзаж, эссэ бичлэгийн даалгаврын гүйцэтгэлийг дахин шалгахыг хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хороонд даалгах шаардлагыг гаргасан гэж ингэж ойлголоо. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь жилд нэгээс доошгүй удаа өмгөөлөгчдийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Үүний дагуу Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор өмгөөлөгчийн шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Ийнхүү шалгалт болон дүгнэх комиссыг мөн оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталж 2023 оны 12 сарын 11-ний өдөр дүгнэх комисс шалгалтад оролцогчдын нийт материалын дүнг гаргасан байдаг юм. Нийт 200 гаран хүмүүс шалгалтад оролцсон байдаг. Шалгалт дотроо 5 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, өмгөөлөгчийн ёс зүй, мэтгэлцэх ур чадвар тогтоох шалгалт, эссэ бичлэг гэсэн 5 шалгалтаар дүгнэж, босго оноогоор 70 буюу түүнээс дээш оноо авсан шалгуулагч өмгөөлөгчийн шалгалтад тэнцэхээр журамлагдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд шалгалтын дүнгээс шүүж үзэхэд захиргааны эрх зүйн 10 оноо, иргэний эрх зүй 8 оноо, эрүүгийн эрх зүй 7 оноо, өмгөөлөгчийн ёс зүй 11.16 оноо, мэтгэлцэх ур чадварыг тогтоох шалгалт эсээ бичлэг 24.33 оноо, нийт 60.49 оноо авсан байсан. Журмын дагуу оролцогчид тухайн анхны оноотой холбоотойгоор гомдол гаргах эрхтэй байдаг. Гомдлын дагуу Г.Э*******гийн оноог 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ахин дүгнэсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн дурдсанчлан дахин шалгаагүй байна гэдгийг тодруулахад тухайн анхны шалгасан шалгагч багш журмаараа гомдлын дагуу дахин шалгах эрхгүй. Өөрөөр хэлбэл сонголтын зарчмаар хоорондоо зөрж давтагдахгүйгээр нэгнийхээ үйл ажиллагаанд хяналт тавих байдлаар шалгадаг. Нийлбэр оноогоо сая дурдсан 5 шалгалтын нийлбэр оноо 53.76 болсон. Эссэ бичлэг нь 23 буюу анхны шалгалтаар 24.33 авснаас 1,33 оноогоор буурсан байдаг юм. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журамд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс анхны оноогоор нь буюу 64.33 оноогоор тогтоосон. Нэгэнт одоо тухайн үед ажиллаж байсан комисс ийм байдлаар дүгнэж, дүгнэлтээ гаргаж баталгаажуулсан байгаа. Нийт 200 гаруй хуульчид оролцсоноос 80 орчим хуульч тэнцсэн тоон мэдээ байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын 3 дугаар зүйл буюу шалгалт зохион байгуулах зарчмын дагуу 2023 онд өмгөөлөгчийн шалгалтад оролцогч миний эдлэх ижил тэгш байх эрх эсээ бичих даалгаврыг гүйцэтгэхэд зөрчигдсөн гэж үзэж байгаа тул эсээ бичих даалгаврын гүйцэтгэлийг дахин шалгахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дахин үнэлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Мэргэшлийн хороонд даалгах” гэж тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Өмгөөлөгчийн эсээ бичих шалгалтын даалгаврыг дүгнэх комиссын гишүүдийн бүрэлдэхүүнийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Дүгнэх комисс байгуулах тухай” №25 дугаар тогтоолоор баталсан байна.
Дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг яагаад Шалгалтын комиссоос биш Мэргэшлийн хорооноос баталсан талаарх тайлбарыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* тоот албан бичгээр ирүүлсэн байна.
Шалгуулагчийн Эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг буюу шалгуулагчийн шалгалтын материалыг үнэлж дүгнээд үнэлгээ өгсөн байдлыг шүүх хянахгүй, өөрөөр хэлбэл тухайн асуудлаар мэргэшсэн Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах боломжгүй, шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн гэж шүүх үзлээ.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан.
Иймд тухайн асуудлаар мэргэшсэн Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах нь шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шүүх “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дахин үнэлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Мэргэшлийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах нь шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагуудтай шууд уялдаа холбоо бүхий “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дахин үнэлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Мэргэшлийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “эсээ бичлэгийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг шалгасан хэл шинжлэх ухааны докторууд шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “бид нэг л удаа очиж үнэлгээ хийсэн, оролцогчид гомдол гаргасны дараа шалгалтын материалыг дахин засах бүрэлдэхүүнд ороогүй” гэж тайлбарласан байтал Г.Э******* миний эсээ бичлэгийн онооны гомдлын дараах үнэлгээг гаргахдаа өмнө нь авсан 10 оноог 8 оноо болгож бууруулсан ноцтой алдаа гаргасан, эсээ бичлэгийн шалгалтын оноог эс зөвшөөрөн гомдол гаргасны дагуу уг шалгалтын даалгаврын гүйцэтгэлд дахин үнэлгээ өгөхдөө өмнө нь үнэлгээ өгсөн гишүүд дахин орсон, энэ нь Өмгөөлөгчийн мэргэжлийн шалгалтын журмын 31.13.2-т заасантай нийцэхгүй, гомдол гаргасны дагуу шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх комиссын гишүүдийг томилсон албан ёсны шийдвэр байхгүй нь журамд нийцэхгүй” гэх зэрэг үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй байх хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээний үндэслэл болохгүй.
Учир нь “Дүгнэх комиссын гишүүний дотоод итгэл үнэмшлээрээ үнэлсэн үнэлгээг шүүх хянах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн маргаж байгаа эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороонд холбогдуулан гаргасан “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлд өгсөн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, “Г.Э******* миний эсээ бичих шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг дахин үнэлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Мэргэшлийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ