Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

   2023        07           03                                           2023/ДШМ/31

 

 

Ц.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Өнөбат,  

Хохирогч Ч.Т-,

Шүүгдэгч Ц.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хишигбаатар нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-өд холбогдох эрүүгийн 2339000290023 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Ц.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд өөрийн эхнэр болох хохирогч Ч.Т-тай маргалдаж, улмаар түүнийг цохих болон тохойлдох идэвхтэй үйлдлээр халдан довтолж зодсоны улмаас хохирогч Ч.Т-ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбатаас шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

- Хохирогч Ч.Т- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Г- салгах гэж орж ирээд хоолойноос гараараа шахаж боохоор нь би “чи муу айлын зарц хийж яваа биз дээ” гэхэд намайг гараараа нүүр рүү маань 3 удаа цохисон, тэгээд би эмч А- эмчийг дуудсан тэгээд сумын эмнэлэг дээр ирж хоноод маргааш өглөө нь босоход толинд харахад нүүр ам маань хөдөлж болохгүй хавдаж хөхөрсөн байсан...” гэж /1 хавтаст хэргийн 9 хуудас/ анхны мэдүүлэгтээ Г- гэх хүнд зодуулсан тухайгаа хэлдэг.

- Холбогдогч Ц.Б-: “...О- чанга дуугаар Г Ч.Т-ыг цохичихлоо ш дээ...” гэж хашгирч байсан, тэгээд урд гэрт орж ирэхэд миний эхнэр Ч.Т- гэрийн баруун хойд талд шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан, харин Г- зүүн талын хэсэгт О- хорьсон байдалтай зогсож байсан...” гэж мэдүүлсэн /1 хавтаст хэргийн 22 хуудас/.

- Хохирогч Ч.Т- өөрийг нь нөхөр Ц.Б- зодоогүй, Г- гэх хүн хөнгөн гэмтэл учруулсан тухай хавтаст хэргийн 30, 31, 32, 33, 34 дүгээр хуудсанд маш дэлгэрэнгүй мэдүүлсэн.

- Хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2339000290023 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тэмдэглэлд Ц.Б- нь тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа бичсэн байдаг.

- Хавтаст хэргийн 81, 82, 83, 84 дүгээр хуудсанд Ц.Б- нь болсон хэргийн талаар болон хохирогч Ч.Т-ыг Г- гэх хүн зодож биед нь гэмтэл хохирол учруулсан тухай дэлгэрэнгүй мэдүүлсэн.

- Хавтаст хэргийн 93, 94, 95, 96 дугаар хуудсанд Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт хохирогч Ч.Т- нь болсон хэргийн талаар дэлгэрэнгүй бичиж,  миний биед хөнгөн хохирол учраагүй, тул дахин шинжилгээ томилж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү, намайг Г- гэх хүн зодсон гэж гомдол гаргасан.

- Хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолыг хохирогч болон яллагдагч нарт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй байна.

- Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч эмчийн 767 дугаартай дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд Ц.Б- нь “....би эхнэр Ч.Т-ын биед хүндэвтэр гэмтэл учруулаагүй...” гэж мэдүүлсэн байна.

- Хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд Ц.Б- нь 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 14 дугаартай "Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичсэн.

- Хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд Б нь “...би эхнэр Ч.Т-ын биед гэмтэл учруулаагүй, манай эхнэрийн биед Г- гэмтэл учруулсан...” гэж мэдүүлсэн.

- Хавтаст хэргийн 139 дугээр хуудсанд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд Ц.Б- нь “би эхнэрийнхээ биед гэмтэл учруулаагүй” гэж бичсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дахь хэсгийн 4-т заасны дагуу баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхээ Баямөнх нь эдэлж чадсангүй, эрхийг нь хязгаарласаар байгаад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт шинжлэн судлах, хохирогчоос дахин мэдүүлэг авах, яллагдагчийн мэдүүлэг, аймгийн прокурорын газарт гаргасан гомдол, мөрдөн байцаалтын шатанд хэлж, мэдүүлэг өгч, удаа дараа гомдол гаргаж, хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хариу өгөхгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл ангиар Ц.Б-ийн ялыг хүндрүүлж байгаад гомдолтой байна.

Хохирогч Ч.Т- нь “...намайг миний нөхөр Ц.Б- зодоогүй, Г- гэх хүн намайг зодож миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан...” гэдгийг удаа дараа мэдүүлсэн, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгаа тохиолдолд гэрч Г-, хохирогч Ч.Т- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч энэ ажиллагааг хийгээгүй.

Ц.Б- нь өөрийн эхнэр Ч.Т-ын биед хүндэвтэр хохирол учруулаагүй, ямар ч гэм буруугүй хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаа тул Ц.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үйлдлийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ч.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчим Г- гэдэг хүнд зодуулж биедээ гэмтэл авсан. Түүнээс хойш би цагдаад мэдэгдэж цагдаагаар шийдүүлэх гээд өргөдөл гомдлоо өгөөд цагдаа нар мөрдөх шатандаа явж байна гээд нилээд хугацааг өнгөрөөсний дараа намайг Г- гэх хүн зодоогүй, миний нөхөр Ц.Б-ийг зодсон байна гэж цагдаагаас дуудаж эрүү үүсгэж шалгаж байгаад 05 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан болж 1 жилийн хорих ял авсан тул хэргийн үнэн зөвийг олуулах хүсэлттэй байна. Намайг манай нөхөр Ц.Б- зодоогүй Г- гэх хүн зодсон гэж хэлээд байхад гэрчгүй гэх үндэслэлээр тоохгүй байгаад гомдолтой байна. Иймд намайг зодож гэмтээсэн Г- гэх хүний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн нөхөр Ц.Б-ийн гэм буруугүйг тогтоож цагаатгаж өгнө үү. Гэрч Н, О, О- нар худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэжээ.

 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Г- гэх хүнд зодуулсан гэдэг. Прокурорт шүүгдэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, дахин шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан. Прокурор биечлэн очиж 4 гэрчээс мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад гэрч нар өмнө нь өгч байсан мэдүүлгээ тогтвортой мэдүүлдэг. Г- Ч.Т-ыг зодоогүй, Ч.Т- гаднаас орж ирэхдээ хоёр хацар шанаа нь хавдсан, нүд нь хөхөрсөн байдалтай орж ирдэг гэдгийг 2, 3 удаа мэдүүлдэг. Хохирогч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар  өөрийн гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ эрхээ эдлээд өөрийн нөхөр Ц.Б-ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байна гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, хохирогч Ч.Т- нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Ц.Б-өд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг
хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Ц.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд өөрийн эхнэр болох хохирогч Ч.Т-тай маргалдаж, улмаар түүнийг цохих болон тохойлдох идэвхтэй үйлдлээр халдан довтолж зодсоны улмаас хохирогч Ч.Т-ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн  гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 хавтаст хэргийн 07 хуудас/,

 

- Хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Ц.Б- бид хоёр хөдөө явах замдаа хоорондоо маргалдаж ...Ц.Б- нь миний нүүр рүү нэг удаа тохойгоороо цохисон, тэгээд миний хамраас цус гарсан..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 08-09 хуудас/,

 

-Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр манай найз Ч.Т-, нөхөр Ц.Б-ийн хамт манайд ирсэн. ...бид гурав “нийслэл” нэртэй 2,5 гр пиво ууж дуусаад Ц.Б-ийн машинтай сумын төв орохоор хөдөлсөн, замд Ч.Т- Ц.Б- хоёр гэнэт маргаад эхэлсэн. ...Ч.Т- гэнэт   Ц.Б-ийг үсдэж цохиод байсан, тэгсэн Ц.Б- машинаа зогсоож байгаад авгайгаа машинаас буулгаж ирээд цохисон, харанхуй байсан учир яг хаана цохьсныг хараагүй. Би бууж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан болохоор хүнд хэлнэ гээд буцаад замаараа алхаж байхад араас машинтайгаа ирээд О- гэх хүргэн ахынд нь очсон. Гэрт ороод харахад Ч.Т-ын хамрын цус гарсан байсан. ...Айлд очоод Ч.Т- нь Ц.Б-ийг ална гээд дайрсан тэгсэн Ц.Б- цохих гэхэд нь О бид 2 Ц.Б-ийг аваад залгаа гэрт орсон..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 14-15 хуудас/,

 

-Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 11-ны орой нөхөр О-, 4 дүгээр багийн иргэн Г- нарын хамт гэртээ байж байтал 17:00 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүү Ц.Б- түүний эхнэр Ч.Т-, найз Н- нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тухайн үед ирэхдээ Ч.Т- нь хамраас нь цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан байдалтай ирсэн. Манайд ирэхдээ Ч.Т-, Ц.Б- нар хоорондоо хэрэлдэж байсан. Ч.Т- Ц.Б-ийн нүүр рүү нь маажих гэж дайраад байсан. Ц.Б- уурлаж Ч.Т-ын зодох гээд дайраад байхаар нь манай нөхөр О-, Н- нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон. Ч.Т- араас нь орж ирээд Ц.Б-ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж Ч.Т-ийг урд гэр рүү оруулсан чинь урд гэрт байсан манай нөхрийн найз Г-ыг “... гуйлгачин минь чи айлын барлаг биз дээ...” гээд нэг удаа алгадаж зууралдахаар нь Г- цээж рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Ч.Т- машинаа унаж явна гээд халааснаасаа машиныхаа түлхүүрийг гаргаад ирэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад нуучихсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 10-12, 129-130 хуудас/,

 

-Гэрч А.О-ийн мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн:  “...2022 оны 11 дүгээр сарын 11-ны орой 17:00 цагийн үед хадам дүү Ц.Б-, эхнэр Ч.Т-, найз Н- нарын хамт архи уусан байдалтай ирсэн. ...ирэхдээ Ч.Т-ын хамраас цус гарсан, зүүн шанааны хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай байсан. Ч.Т- Ц.Б- намайг зодсон гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 16-17 хуудас/,

 

-Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр ...О-ийнд түүний эхнэр болох О- нарын хамт байж байхад Н- гэх эмэгтэй зүүн урд зүгээс явган гүйж ирсэн, араас нь Ц.Б-, Ч.Т- хоёр машинтайгаа ирсэн. ...Ч.Т-ын хамраас цус гарсан, хоёр шанаа,  баруун нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай ирсэн. Ч.Т- Ц.Б- намайг ийм болтол зодчихлоо гэж хэлж байсан. ...Ч.Т- нөхөр Ц.Б- рүүгээ дайрч давшлаад намайг ийм болтол зодож нүдсэн чамайг ална гээд агсраад ноцолдоод байсан. ....Ц.Б-, Ч.Т- нарыг О-, бид хоёр салгах гээд дийлдэхгүй, бараг нэг цаг орчим ноцолдсон байх...надад Ч.Т-ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 18-20, 121-122 хуудас/,

 

 

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 99-101 хуудас/,

 

-Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 767 дугаартай "...С.Ч.Т-ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх эрүүний ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 114-118 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, хохирогч Ч.Т- нарын гаргасан “Ц.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Гэрч Д.Н-гийн “...машинд Ч.Т-, Ц.Б- хоёр гэнэт маргаад эхэлсэн. Ч.Т- гэнэт Ц.Б-ийг үсдэж цохиод байсан, Ц.Б- машинаа зогсоож байгаад авгайгаа машинаас буулгаж ирээд цохисон... " гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 14-15 хуудас/,

-Гэрч Ц.О-ийн "...манайд ирэхдээ Ч.Т-ын хамраас цус гарсан, зүүн шанааны хэсэгтээ хавдсан, баруун нүд улайсан цус хурсан байдалтай байсан. Анх ирэхдээ Ч.Т- нэлээн согтуу Ц.Б- намайг зодсон гэж ярьж байсан...Ч.Т- манай нөхрийн найз Г-ыг “...гуйлгачин минь чи айлын барлаг биз дээ...” гээд нэг удаа алгадаж зууралдахаар нь Г- цээж рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

- “...Ц.Б- эхнэр Ч.Т-, найз Н- нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн...тухайн үед ирэхдээ Ч.Т- нь хамраас нь цус гарсан,  зүүн шанааны хэсэгтээ хавдсан,  нүд нь цус хурж улаан болсон байдалтай,Ч.Т-, Ц.Б- нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Ч.Т- нь нөхөр Ц.Б-ийн үснээс 2 удаа зулгаагаад, нуур руу нь маажих гэж дайраад, ойр хавьд байсан эд зүйлсийг авч шидээд байсан. Ц.Б- уурлаж Ч.Т-ыг зодох гэж дайраад байхаар нь манай нөхөр О- болон найз Н- нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон. Ч.Т- араас нь орж ирээд Ц.Б-ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж Ч.Т-ыг урд гэр рүү оруулсан чинь миний халаасанд байсан Ц.Б-ийн унаж ирсэн машины түлхүүрийг надаас авах гэж ноцолдоод байсан.  Ч.Т- миний халааснаас түлхүүрээ аваад гараад зугтсан. ...би Г-т “....яваад түлхүүрийг нь аваарай, согтуу машин барьж явах гээд байна...” гэж хэлтэл Г- араас нь гараад тэврээд орж ирсэн. Ч.Т- нь Г-ыг “...чи муу намайг машин барьж явах гэж байхад хорьдог хэн бэ, чи муу ямар сайндаа айлын барлаг хийгээд явж байдаг юм бэ, арчаагүйдээ ингэж явж байгаа биз дээ...” гэж хэлээд Г-ын ардаас дайрах үед Г- тэвэрч аваад гэрийн хоймор хэсэгт дараад сууж байсан. Ч.Т- нь тухайн үед хөлөөрөө болон гараараа Г-ын биед халдаад, мөн сандал авч шидэж байсан. ...Г- Ч.Т-ыг түлхэж өөрөөсөө түлхэж холдуулж байсан, цохиж зодсон асуудал бол байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 129-130 хуудас/,

-Гэрч А.О-ийн “...орой 17:00 цагийн үед Ц.Б- нь эхнэр Ч.Т-, найз Н- нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Тухайн үед ирэхдээ Ч.Т-ын хамраас цус гарсан, зүүн шанааны хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай орж ирсэн...манайд ирэхдээ Ч.Т- нэлээн согтуу байсан юу болсон талаар асуухад Ц.Б- намайг зодсон гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 16-17 хуудас/,

-Гэрч Г.Г-ын “...Ч.Т- нь нөхөр Ц.Б- рүү дайрч давшлаад намайг ийм болтол зодож нүдсэн “чамайг ална” гээд агсраад ноцолдсон, Ч.Т-ын хамраас цус гарсан, мөн хоёр шанаа, баруун нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай, Ц.Б- намайг ийм болтол зодчихлоо гэж хэлж ирсэн...Би тухайн үед Ц.Б-, түүний эхнэр Ч.Т- нар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар дундуур нь салгах гэж орсон, Ч.Т- дийлдэхгүй орилж хашхираад миний өөдөөс чи гуйлгачин айлын барлаг хийдэг, хөгийн амьдарч яваа биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод гартаа таарсан зүйлээр цохиж балбаад байсан, би өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлээгүй харин өөрөөсөө холдуулах гээд баруун гарын хаа алгаар цээж рүү нь нэг удаа түлхсэн. Түүнээс өөр би иргэн Ч.Т-ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 18-20, 121-122 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, харин Г.Г-  хохирогч С.Ч.Т-ыг  зодсоны улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх  хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй бөгөөд харин анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эмчийн тодорхойлолт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан баримтад хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хүлээн авч үнэлээгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, хохирогч Ч.Т- нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/119 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, хохирогч Ч.Т- нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

 

                                                                                             Г.БОЛОРМАА